Хайх

Mongolia
Mongolia

2018 онд заавал унших хэрэгтэй шинэ номууд

Жоан Роулингийн детектив зохиол, Стивен Кинг ба түүний хүүгийн шинэ бүтээл, гэр цэвэрлэх Скандинав арга барил болон бусад

2018 онд заавал унших хэрэгтэй шинэ номууд
Бид тун удахгүй хэвлэгдэн гарах эсвэл худалдаанд гараад удаагүй байгаа уран зохиолын ба уран зохиолын бус номуудыг сонгон цуглууллаа. Та маш их хүлээлттэй байгаа эдгээр бүтээлүүдийг өөрийн шинэчлэгдсэн номын жагсаалтандаа заавал оруулаарай

Уран зохиол

"The Winds of Winter", Жорж Р.Р.Мартин

2018 онд заавал унших хэрэгтэй шинэ номууд (фото 1)

Бидэнд "Game of Thrones" цувралыг бэлэглэсэн алдарт зохиолч Жорж Р.Р.Мартины шинэ ном бүрийг дэлхий нийт тэсэн ядан хүлээдэг нь нууц биш юм. Хэдийгээр "A Song of Ice and Fire" цувралын зургаа дах боть болох "The Winds of Winter" ном "Game of Thrones" цувралын долоодугаар улирал нээлтээ хийхээс өмнө хэвлэгдэн гарах ёстой байсан ч Жорж Р.Р. Мартин тодорхойгүй шалтгааны улмаас номын товыг төлөвлөгдсөн хугацаанаас (2016 он) хойшлуулсаар ирсэн билээ. Тэгвэл өнгөрсөн зун алдарт зохиолч шинэ номоо гаргахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн бөгөөд 2018 онд худалдаанд гарах өндөр магадлалтай хэмээн онцолсон байгаа.

"Lethal White", Роберт Гэлбрейт (Жоан Роулинг)

2018 онд заавал унших хэрэгтэй шинэ номууд (фото 2)

Алдарт Харри Поттер цуврал номын зохиолч Жоан Роулинг 2013 онд Роберт Гэлбрейт гэх нууц нэрийн дор "Cormoran Strike" гэх гэмт хэргийн сэдэвтэй цуврал зохиолоо хэвлэн гаргаж эхэлсэн юм. Зохиолын үйл явдалд Корморан Страйк нэртэй хувийн мөрдөгчийн адал явдлын тухай өгүүлдэг бөгөөд энэ хугацаанд нийт "The Cuckoo's Calling", "The Silkworm", "Career of Evil" нэртэй гурван ном уншигчдын хүртээл болоод амжжээ. Харин энэ жил "Lethal White" гэх цувралын дөрөв дэх ном нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байгаа.

"Sleeping Beauties", Стивен ба Оуэн Кинг

2018 онд заавал унших хэрэгтэй шинэ номууд (фото 3)

Аймшгийн зохиолын хаан гэгддэг Стивен Кинг болон түүний хүү Оуэн нарын хамтран бичсэн энэхүү ном нь өнгөрсөн намар хэвлэгдэн гарсан хэдий ч уг зохиолыг уншиж амжаагүй олон хүн байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Зохиолын үйл явдал эмэгтэйчүүдийн шоронд өрнөх бөгөөд хоригдол бүсгүйчүүдийг унтаж байх явцад янз бүрийн хачирхалтай, ер бусын явдлууд тохиолдох болно. Харин тэднийг сэрээх төдийд л эмэгтэйчүүд огт өөр зан араншинтай болж, танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөнө. Аав хүү хоёрын бичсэн уг ном нь шинэ үеийн феминист нийгэмд бичигдсэн анхны аймшгийн зохиол болж байна.

"When Life Gives You Lululemons", Лорен Вайсбергер

2018 онд заавал унших хэрэгтэй шинэ номууд (фото 4)

Алдарт "Devil Wears Prada" номын дараагийн боть болох "When Life Gives You Lululemons" зохиол нь ирэх зургаадугаар сард худалдаанд гарахаар болсон байгаа. Гэхдээ энэ удаад ном хэцүүхэн зан араншинтай ерөнхий редактор Миранда Пристлигийн хуучин туслах Эмили Чарлтоны шинэ амьдрал дээр төвлөрнө. Тодруулбал Эмили алдартнуудын имиджийг бүрдүүлдэг маш амжилттай зөвлөх болсон байдаг. Тэгвэл түүний дараагийн үйлчлүүлэгч шуугианд өртсөн супермодель, сенаторын гэргий Каролина Хартвелл гэх нэгэн байх бөгөөд залуу бүсгүй түүнд туслахаар Гринвич хот руу явснаар адал явдал эхэлнэ.

Уран зохиолын бус

"The Gentle Art of Swedish Death Cleaning: How to Free Yourself and Your Family from a Lifetime of Clutter", Маргарета Магнуссон

2018 онд заавал унших хэрэгтэй шинэ номууд (фото 5)

Шведийн зохиолч Маргарета Магнуссоны шинэ ном нь сүүлийн үед дэлгэрээд байгаа "döstädning" гэх Скандинавын шинэ трендээс санаа авсан байгаа. Энэхүү урт нэртэй номонд таалал төгсөхөөсөө өмнө, өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийнхээ амьдралыг хөнгөвчлөхийн тулд хэрхэн гэрээ цэвэрлэж, хогноосоо салах тухай маш хөгжилтэй байдлаар өгүүлжээ. Зохиолч зөвхөн гэр цэвэрлэх үйл явцын талаар хуваалцаад зогсохгүй бүр мөсөн хаях хэрэгтэй эд зүйлсийн талаар зөвлөгөө өгсөн байна.

"DIY Rules for a WTF World: How to Speak Up, Get Creative, and Change the World", Криста Су

2018 онд заавал унших хэрэгтэй шинэ номууд (фото 6)

Кино зохиолч, феминист Криста Су нь өмнө нь эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөж тэдний тэгш эрхийн төлөө тэмцэх зорилгоор "The Pussyhat Project" гэх хөдөлгөөнийг ердөө хоёрхон сарын дотор үүсгэн байгуулж байсан түүхтэй. Харин одоо тэрээр энэхүү номондоо хувийн туршлага (тэрээр өнгөрсөн жил зохиогдсон Эмэгтэйчүүдийн жагсаалд маш том хувь нэмэр оруулсан), амьдралын дүрмээсээ хуваалцаж, хэрхэн бүтээлч, зоригтой амьдрах тухай дэлгэж байна.

"BRAVE", Роуз Макгоуэн

2018 онд заавал унших хэрэгтэй шинэ номууд (фото 7)

Сүүлийн хэдэн сарын турш бэлгийн дарамт, тэгш бус байдалтай холбоотой шуугианууд Холливүүдийг бүрхэж, үүнээс улбаалан дэлхийн энтертэйнмент салбар орвонгоороо өөрчлөгдөж байгаа гэж хэлж болно. Тэгвэл Холливүүдийн жүжигчин, найруулагч, зохиолч Роуз Макгоуэн алдарт продюсер Харви Вайнштайны эсрэг дуугарч, үнэн төрхийг илчилсэн анхны хүмүүсийн нэг байсан юм. Тэрээр өнөөдөр худалдаанд гарч байгаа "BRAVE" гэх энэхүү намтарчилсан номондоо өөрийн амьдралын түүхийг дэлгээд зогсохгүй кино урлагийн салбар дахь тэгш бус байдал, дарамт болон бусад олон зөрчилдөөнийг маш дэлгэрэнгүй өгүүлсэн юм.

The Truth Machine: The Blockchain and the Future of Everything, Майкл Ж.Кейси, Пол Винья

2018 онд заавал унших хэрэгтэй шинэ номууд (фото 8)

Wall Street Journal сэтгүүлийн сурвалжлагчид болох Майкл Ж.Кейси, Пол Винья нар "The Age of Cryptocurrency" номондоо биткойн ба криптовалютын талаар бүх үнэнийг дэлгэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл тэд хоёр жилийн дараа цоо шинэ бүтээлээ хоёрдугаар сарын сүүлээр танилцуулах гэж байна. Тэд шинэ номондоо блокчэйн технологи гэж юу болох мөн энэ нь ирээдүйд яагаад устах магадлалтай гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Ямартаа ч эдийн засгийн ирээдүйн талаар сонирхдог хүн бүр уг номыг анхааралдаа аваарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх