Хайх

Загвар, архитектур, хоолны тухай шилдэг гурван ном

Загвар, архитектур, хоолны тухай шилдэг гурван ном

Phaidon bestsellers

Text: Ж.Чинбат


Зураг: Phaidon

Дэлхийн ном, хэвлэлийн зах зээл дээр тэргүүлэгч Phaidon хэвлэлийн газраас хамгийн чанартай, уншууртай бүтээлүүд гардаг. Тэгвэл яг одоо алдарт хэвлэлийн газрын ямар номууд борлуулалтаараа тэргүүлж байгааг танд хүргье

Fantastic Man

Эрчүүдийн загвар, амьдралын хэв маягийг тольдож болох шинэхэн номонд дэлхийд нөлөө бүхий, хүчирхэг, чиг хандлага тогтоогч  69 бүтээлч эрчүүдийн тухай багцлан өгүүлжээ. Энэхүү ном Fantastic Man сэтгүүлийн арван жилийн ойд зориулагдан хэвлэгдсэн бөгөөд Эван Макгрегор, Том Форд, Хельмут Ланг, Дэвид Бекхэм зэрэг өнөө үеийн хамгийн том эрэгтэй одуудын тухай бичсэн байгаа. Тэдгээр амьдрал, үйл хэргээрээ бусдад үлгэр дуурайлал болсон эрчүүдийн 300 гаруй өнгөт зургийг мөн л дэлхийн шилдэг гэрэл зурагчид болох Юрген Теллер, Брюс Вебер, Вольфганг Тильманс зэрэг алдартай зурагчид авчээ.

Fantastic Man сэтгүүлийг анх арван жилийн өмнө график дизайнер Иоп ван Бенеком, сэтгүүлч Герт Ионкерс нар үүсгэн байгуулсан юм. Тэдэнд эрэгтэй хүмүүст зориулсан сэтгүүлүүд нэг л биш санагдан, жинхэнэ загварлаг, ухаалаг, өөрийн гэсэн хэв маягтай эрчүүдэд зориулсан сэтгүүл гаргах санаа төрснөөр Fantastic Man сэтгүүлийн замнал эхэлжээ. Тэд номын нээлтэн дээр "Бид загварын ертөнцийн хээнцэр загвар өмсөгч хөвгүүд бус бодит хувцас өмссөн жинхэнэ эрчүүдийг хүсч байсан юм" гэж ярьжээ.

Tacopedia

Мексик хоол орчин үеийн гал тогоонд хамгийн нөлөө бүхий хоолны тоонд багтах болсон. Тийм ч учраас уншигчид таконы талаар мэдэж болох бүх зүйлийг багтаасан энэхүү номыг Мексик хоолны эрдэнэс гэж үнэлжээ. Ном Мексикт хамгийн их хэрэглэгддэг хоолны жоруудаас түүвэрлэсэн гаргасан 100 жорны танилцуулгатай ба тэднийг сальса, тортилла, сүмс зэрэг төрлүүдээр бүлэглэжээ. Таконы соёл гэж юу болох, тэр хэрхэн үүссэн тухай түүх, хамгийн онцгой, өвөрмөц байдлаар хийдэг хүмүүсийн ярилцлага зэргийг номноос та уншиж болох юм. Тус номын зохиогчоор Мексикийн Trilce Ediciones хэвлэлийн захирал Дебора Холц болон Санта Фе дахь Universidad Iberoamericana сургуулийн загварын багш Хуан Карлос Мена нар ажиллажээТаван жилийн турш бүтээгдсэн Takopedia нь 2013 онд Испани хэл дээр анх хэвлэгдэхдээ асар их амжилтанд хүрч, "Gourmand World Cookbook Award"-аас Латин Америкийн Шилдэг Хоолны Ном шагналыг хүртэж байжээ. 

Jutaku: Japanese Houses

Архитектурын урлаг сонирхогчид "Яагаад Япон барилгууд санаанд багтамгүй хэлбэр дүрстэй, өвөрмөц загвартай байдаг вэ" гэж хоорондоо байнга л ярилцдаг шүү дээ. Мөн "Яагаад Япончууд нэг барилгадаа хэдхэн жил амьдраад л нурааж, оронд нь өөр байшин босгодог вэ" гэх асуулт ч сонирхол татдаг. Энэ бүгдэд хариулт өгч чадах шинэхэн ном гарчээ. Jutaku: Japanese Houses номонд дахин давтагдашгүй барилга барьдаг Японы шилдэг архитекторууд болох Шигеру Бан, Соу Фужимото, Тоёо Ито, Кенго Кума, Жун Игариши, Шухэй Эндо зэрэг алдартай уран бүтээлчдийн 400 гаруй бүтээлийг багтаасан байна. 

Номыг Японд амьдардаг Америк архитектор Наоми Поллок бичсэн бөгөөд тэрбээр Wallpaper, Architectural Record зэрэг алдартай сэтгүүлүүдэд тусгай сурвалжлагчаар ажилладаг туршлагатай нийтлэлч юм. Наоми Поллок номынхоо талаар ярихдаа "Jutaku: Japanese Houses ном орчин үеийн Японыг үзэх цоо шинэ нээлт болж чадсан. Та эндээс Японы архитектур хэр өндөр хөгжсөнийг харж чадна" гэжээ. Тэрээр мөн өмнө нь Modern Japanese House,  Made in Japan: 100 New Products зэрэг номууд хэвлүүлж байжээ. 

цааш үзэх