Хайх

Эмэгтэй хүн бүр үзүүштэй \"Миний шүүгээнд\" ном

Эмэгтэй хүн бүр үзүүштэй "Миний шүүгээнд" ном

Мастер төлөвлөгөө

Text: Ж.Чинбат


Бүсгүйчүүдэд зориулсан, хувцасны шүүгээгээ өөртөө тохируулан баяжуулах зөвлөгөөтэй Д.Дөлгөөний "Миний шүүгээнд" номыг танилцуулъя

Энэхүү номыг тольтой шүүгээ эсвэл кофены ширээн дээр тавьсан байхыг би хэд хэдэн удаа харсан юм. Ном яг л амтат макарон шиг пастель ягаан өнгөтэй, авсаархан дөрвөлжин хэлбэртэй нь нүдэнд хамгийн түрүүнд тусдаг. "Миний шүүгээнд" ном нь эмэгтэйчүүд хамгийн их эргэлдэж, цагаа өнгөрөөдөг хувцасны шүүгээ, гутлын тавиур, цүнхний өлгүүр, халуун усны өрөө зэрэг газруудаар аялуулна.

Nunu&Nana нэрээр гарсан энэхүү номыг бүхий л насны охид, бүсгүйчүүдэд зориулсан байна. Эмэгтэйчүүд өөртөө яг хэрэгтэй, өөрийгөө төлөөлж чадах төрхөө олох гэж олон туршилт хийж болно. Өөрийгөө хэдэн ч удаа өөрчилсөн бай тэр бүрт танд туслаж чадах зөвлөгөөг энэ ном өөртөө агуулжээ. Тэдэнтэй танилцсанаар та өөрт тохироогүй, хэрэггүй хувцас худалдан авах эрсдэлээс зайлсхийж чадна. Ном бас өвөрмөц хэллэгтэй, сонирхолтой үгсээр дүүрэн. Заримаас нь дурдахад "Шулуун юбка өмсөн зэвсэглэн дайрах зөвлөгөө", "Өгзөгөө аврах зөвлөгөө" зэрэг үгс байх бөгөөд товчхондоо бол өөртөө зориулсан мастер төлөвлөгөө зохиох гарын авлага ажээ.

Д.Дөлгөөн номынхоо талаар ярихдаа "Хүмүүс загварын тайзан дээрх моделиудыг харж, хэт их мэдээлэлд хууртан, шууд дуурайн хувцасласнаар өөрийгөө хохирогч болгосон байх нь их ажиглагддаг. Тиймээс би тренд дагаж хувцаслахаас илүүтэйгээр эмэгтэй хүний гол төрхүүд бий болгодог хуцаснуудыг таниулж, мөн тэдгээрээр хэрхэн тоглолт хийхэд нь зөвлөгөө өгөх зорилготой" гэлээ. Номын зохиогч Д.Дөлгөөн нь фэйшн Nunu & Nana блог хөтөлдөг бөгөөд түүний уншигчид өөрсдийн хувцаслалтын талаар асуултууд ихээр ирүүлдэг байжээ. Тиймээс тэрээр цааш нь эрэл хайгуулаа үргэлжлүүлж, эцэст нь энэ номыг бичих болсон байна.

Энэ номонд дүрслэгдсэн төрхийг бүтээх хувцаснуудыг хаанаас худалдан авах, хөргөгчөө ямар хоол хүнсээр дүүргэж болох зэрэг хувцаслалтаас гадна өөр олон зөвлөгөөг эндээс уншаарай.

Дашрамд дурдахад эмэгтэйчүүдийг илүү эмх цэгцтэй, өөртөө итгэлтэй байхад туслах энэхүү ном цаашид цуврал болон гарах юм байна. Удахгүй бид минт цэнхэр өнгөтэй хоёр дах цувралтай танилцах болно.

 

цааш үзэх