Хайх

Наадмын амралтаар унших шилдэг уран зохиолын номууд

Англи хэл дээрх

Наадмын амралтаар унших шилдэг уран зохиолын номууд

Наадмын амралтын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулан олон хүмүүс хотоос гарч, амралт зугаалганд явж, эсвэл гэртээ амран цагийг зугаатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрөөнө гэдэгт бид итгэлтэй байна. Ажил, сургуулийг хэсэг хугацаанд ч болов уу мартан шинэ ном уншин амрах хүсэлтэй хүмүүст зориулж бид сүүлд гарсан шилдэг гурван уран зохиолын номыг онцоллоо.

"Rich People Problems", Кевин Кван

Наадмын амралтаар унших шилдэг уран зохиолын номууд (фото 1)

Сингапурын хошин зохиолч Кевин Кваны "Crazy Rich Asians" бестселлер номын эцсийн буюу гурав дах боть болох "Rich People Problems" нэртэй бүтээл өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр нээлтээ хийсэн юм. Эхний хоёр зохиолд Сингапурт амьдардаг чинээлэг Хятад гэр бүлийн тансаг амьдралын хэв маяг ба хайр дурлал гардаг. Харин энэ удаад зохиолын гол дүр Ник Янгийн эмээгийн бие муудсанаар түүний гэр бүлийн гишүүд эд хөрөнгөө хуваах ноцтой асуудалтай тулгарах болно.

"Into the Water", Пола Хокинс

Наадмын амралтаар унших шилдэг уран зохиолын номууд (фото 2)

Их Британийн алдарт "The Girl on the Train" сэтгэл зүйн триллер номын зохиолч Пола Хокинс энэ оны тавдугаар сард "Into the Water" гэх шинэ зохиол танилцуулсан. "Into the Water" номын үйл явдал Английн Бедфорд гэх жижиг хотод өрнөдөг. Тус хотод нэгэн учир битүүлэг гол оршдог бөгөөд хотын эмэгтэйчүүд үл мэдэгдэх шалтгаанаар энэхүү голд живэн нас бардаг байна.

"The Hate U Give", Энжи Томас

Наадмын амралтаар унших шилдэг уран зохиолын номууд (фото 3)

Миссисипи мужаас гаралтай зохиолч Энжи Томасын "The Hate U Give" ном өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр худалдаанд гарсан байгаа. Уг зохиолын үйл явдалд 16 настай Стар Картер гэх өсвөр насны охины тухай гардаг. Харин тэрхүү охин хоорондоо эрс ялгаатай хоёр өөр ертөнцөд нэгэн зэрэг амьдардаг юм. Тэрээр хотын захад байрлах, үнэтэй сургуульд сурахын хажуугаар мөн ядуу хороололд амьдардаг. Харин нэгэн удаа түүний багын найзыг цагдаа буудаж хөнөөснөөр Картерын амьдрал улам бүр тэнцвэргүй болно. Уг хэрэг улс орон даяар эсэргүүцэл өрнөх шалтгаан болдог бөгөөд зөвхөн Стар Картер л тэр шөнө юу болсныг мэднэ. Энжи Томас энэхүү зохиолоороо арьс өнгөний ялгаа, цагдаа нарын түрэмгийлэл гэх зэрэг нийгэмд тулгамдаж буй маш ноцтой асуудлуудыг хөндөж чадсан юм.

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх