Хайх

“Сартр: Зурагт хөтөч” ном гарлаа

Нобелийн шагналаас татгалзсан хүний тухай

“Сартр: Зурагт хөтөч” ном гарлаа

Жан Поль Сартрын өөрийн намтраа бичсэн "Үг" хэмээх номыг уншсан хүнд, ер нь түүний тухай мэддэг хүмүүст энэхүү "Сартр: Зурагт хөтөч" ном бол уншсанаа эргэн санах аятайхан боломж юм. Харин Сартрын тухай өмнө нь сонсож байснаас биш яг уншиж үзээгүй хүмүүст бол энэхүү зурагт ном сэтгэлгээний цоо шинэ ертөнцөд хөл тавих үүдийг нээж өгнө.

Сартрын юу нь бидэнд таалагддаг билээ? Хэрсүү, зэвүүн ухаан нь уу? Хүн бүр тийм ч амархан ойлгож чаддаггүй экзистенциалист философийг үүсгэсэн нь үү,"Огиудас", "Хана", "Оршихуй ба Ор хоосон" зэрэг бүтээлүүд нь үү? Эсвэл Симон дэ Бовуарын гэрлээгүй "эр нөхөр", зохиолч бүрийн бахархал болсон Нобелийн шагналаас татгалзсан сонирхолтой амьдрал нь уу?

Түүний өөрийнхөө намтрыг бичсэн "Үг" хэмээх туужаас үзвэл Сартр аль багын л ганцаардмал, хорвоо ертөнцийн тухай өөрийнхөө өнцгөөс харж мэдэрсэн, зэгсэн боловсролтойн дээр маш хүчтэй амбицтай хүн байсан нь харагддаг. Түүний бага нас, өвөөгийнхөө нөлөөгөөр хэрхэн өндөр боловсрол олж авч байгааг хараад "Манай Монголд ийм гэр бүлүүд хэр олон байдаг бол" гэж их гайхдаг байж билээ. Тэгтэл саяхан урлаг судлаач, зураач Ч.Болдбаатар, "Манай Монгол Улсын Их сургуульд Камю, Сартрыг ч мэдэхгүй, эх хэл дээр нь уншиж үзээгүй хүмүүс уран зохиол зааж байна" гэж ярихыг сонссон юм. Аз болж Сартрын бүтээлийг дуун хөрвүүлэгчид монгол хэл рүү орчуулж, Сартрын үзэл санаа яагаад тийм чухал юм бэ гэдэгт бид өөрсдөө бие даан танилцах боломж олгож байна. Хамгийн сүүлд "Тагтаа" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Сартр: Зурагт хөтөч" энэ зорилгод бүрэн нийцэх болно. Хэрэв танд "Хүн бол эрх чөлөөтэй байхаар шийтгэгдсэн амьтан" гэх Сартрын алдарт ишлэл сонирхолтой санагдаж байвал, магадгүй мөн утга нь тийм ч сайн ойлгогдохгүй байвал энэ зурагт хөтчийг үзсэнээр учир нь тайлагдах биз ээ. Мөн түүний бичсэн бусад бүтээлүүдийг, тухайлбал "Экзистенциализм бол энэрэнгүй үзэл", "Огиудас" зэрэг номуудыг уншихыг санал болгох байна.

Ж.Чинбат

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх