Хайх

Шилдэг номын жагсаалт: iBooks-ийн бестселлер 10 ном

Шилдэг номын жагсаалт: iBooks-ийн бестселлер 10 ном

Адал явдал, гэмт хэрэг, хайр дурлал

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

АНУ-д 2017 оны хоёрдугаар сарын 26-ны байдлаар, долоо хоногийн хугацаанд iBooks-ээс хамгийн их худалдаж авсан, уран зохиолын шилдэг 10 бестселлер номыг танилцуулж байна

"Big Little Lies", Лиана Мориарти

Шилдэг номын жагсаалт: iBooks-ийн бестселлер 10 ном (фото 1)

Австралийн зохиолч Лиана Мориартигийн 2014 онд бичсэн "Big Little Lies" ном iBooks-ийн бестселлер номны жагсаалтыг тэргүүлж байна. Энэхүү зохиолоос сэдэвлэсэн Риз Уизерспун, Николь Кидман, Шейлин Вудли нарын гол дүрд нь тоглосон ижил нэртэй инээдмийн цуврал яг одоо HBO телевизээр цацагдаж байгаа нь ийнхүү бестселлер номын жагсаалтыг тэргүүлэх гол шалтгаан болжээ. Зохиолын үйл явдалд Селеста, Мадлен, Жейн гэх гурван бүсгүйн амьдрал гарна. Тэдний хүүхдүүд нэг сургуульд сурдаг бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийг нэгэн аймшигт үйл явдал хооронд нь холбодог.

"The Shack", Уильям П. Янг

Шилдэг номын жагсаалт: iBooks-ийн бестселлер 10 ном (фото 2)

Канадын зохиолч Уильям П. Янгийн бичсэн энэхүү зохиолыг мөн л дэлгэцийн бүтээл болгосон юм. Тэгэхдээ "The Shack" гэх энэхүү зохиолыг бүрэн хэмжээний утга уянгын кино болгосон бөгөөд АНУ-д өнөөдөр нээлтээ хийж байгаа. Өмнө нь уг зохиол нь 2008-2010 оны хооронд USA Today ба New York Times сонины бестселлер болж байсан. Зохиолын үйл явдалд Мак Филлипс хэмээх залуу цуврал алуурчны гарт охиноо алдсанаас хойш түүний итгэл үнэмшил үгүй болно. Гэвч энэ эмгэнэлт явдлын дараа түүнд Бурхантай өөрийн биеэр уулзах урилга ирснээр түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө.

"The Girl Before", Ж. П. Делейни

Шилдэг номын жагсаалт: iBooks-ийн бестселлер 10 ном (фото 3)

Зохиолын үйл явдалд өөрт нь тохиолдсон эмгэнэлт явдлын дараа нэгэн эмэгтэй шинэ байшинд нүүж ирэх бөгөөд уг байшинг босгосон архитекторт ухаангүй дурлана. Гэвч гурван жилийн өмнө яг энэ байшинд өөр нэг эмэгтэй нас барсныг мэдмэгц түүний хувьд бүх зүйл өөрчлөгддөг. Сонирхуулахад алдарт найруулагч Рон Ховард Ж. П. Делейнигийн энэхүү зохиолоор сэтгэлзүйн триллер кино хийж байгаа.

"Echoes In Death", Ж. Д. Робб

Шилдэг номын жагсаалт: iBooks-ийн бестселлер 10 ном (фото 4)

Ж.Д. Роббын гэмт хэргийн сэдэвтэй цуврал зохиолын гуравдугаар боть болох энэхүү ном нь өнгөрсөн хоёрдугаар сард гарсан даруйдаа хамгийн их эрэлттэй номны жагсаалтанд багтсан байна. Зохиолын үйл явдалд Нью-Йорк хотын дэслэгч Ив Даллас өөрийн тэрбумтан нөхрийн хамт гэртээ харьж явах замд гэнэт нэгэн цусанд будагдсан, цочирдсон нүцгэн бүсгүй тэдний машины өмнө гарч ирснээр адал явдал эхэлнэ.

"Burn", Хелен Хардт

Шилдэг номын жагсаалт: iBooks-ийн бестселлер 10 ном (фото 5)

New York Times сонины бестселлер зохиолч Хелен Хардтын бичсэн романтик зохиол энэ Валентины баяраар нээлтээ хийсэн юм. Зохиолын гол дүрийн баатар болох Жона Стил гэр бүлийнх нь эргэн тойронд болж буй учир битүүлэг үйл явдлын учрыг тайлах гэж хичээх зуураа ахынхаа эмч, доктор Мелани Кармайкл гэх бүсгүйд ухаангүй дурлана.

"The Marriage Lie", Кимберли Белль

Шилдэг номын жагсаалт: iBooks-ийн бестселлер 10 ном (фото 6)

"Gone Girl", "The Girl on the Train" зэрэг сэтгэлзүйн триллер кинонуудын шүтэн бишрэгчид Кимберли Беллийн уг зохиолыг нэг амьсгаагаар уншина гэдэгт итгэлтэй байна. Айрис, Уилл нар долоон жилийн өмнө гэрлэсэн бөгөөд тэдний гэрлэлтийг бараг л төгс гэж хэлж болно. Нэгэн удаа Уилл Флорида руу ажлын шугамаар явдаг. Тун удалгүй Сиэтл хүрэх замд нэгэн онгоц осолдож, бүх зорчигчид амиа алдах бөгөөд тэдний дунд Уилл явж байсан болж таарна. Уилл Айрист яагаад худал хэлэв? Өөр ямар нууцтай байв? Айрис энэ бүхний хариултыг олж мэдэхийг хичээнэ.

"Fifty Shades Freed", Э.Л. Жеймс

Шилдэг номын жагсаалт: iBooks-ийн бестселлер 10 ном (фото 7)

"Fifty Shades Darker" кино театруудад нээлтээ хийсэн даруйд "Fifty Shades" эротик цуврал зохиолын сүүлийн боть илүү эрэлттэй болсон нь зүй ёсны хэрэг биз ээ. Английн зохиолч Э. Л. Жеймсийн 2012 онд хэвлүүлсэн тус номонд Анастейша Стил ба Кристиан Грей нарын аз жаргалтай гэрлэлтийн тухай өгүүлнэ. Гэвч энэ удаад дахиад л Кристиан Грейн хуучин амьдрал тэдний харилцаанд саад болно.

"Just Friends", Билли Тейлор

Шилдэг номын жагсаалт: iBooks-ийн бестселлер 10 ном (фото 8)

Их Британийн залуу зохиолч Билли Тейлорын хувьд энэхүү роман нь түүний анхны зохиол юм. "Just Friends" зохиолд Август, Итан гэх хоёр найзын нөхөрлөл, хайр дурлалын талаар өгүүлдэг. Август, Итан нар долоон настай хүүхэд байхаасаа эхлэн нөхөрлөж байгаа бөгөөд 12 жилийн дараа Август Итанаас найзын харилцаанаас илүү гүнзгий зүйлийг хүсэх болно.

"44 Cranberry Point", Дебби Макомбер

Шилдэг номын жагсаалт: iBooks-ийн бестселлер 10 ном (фото 9)

Америкийн зохиолч Дебби Макомбер эмэгтэйчүүдэд зориулсан хайр дурлал, адал явдалт зохиолуудаараа алдартай. Түүний "Cedar Cove" цувралд багтсан "44 Cranberry Point" номонд Оливия Локхарт гэх шүүгч эмэгтэйн эргэн тойронд өрнөх хайр дурлал, аллага, цуурхал зэрэг олон сонирхолтой үйл явдлууд гардаг.

"Right Behind You", Лиза Гарднер

Шилдэг номын жагсаалт: iBooks-ийн бестселлер 10 ном (фото 10)

Америкийн зохиолч Лиза Гарднер триллер төрлийн зохиолууд бичдэг бөгөөд түүний нийт 19 ном New York Times-ын бестселлер болж байсан юм. Лиза Гарднер 2017 онд шинээр хэвлүүлсэн "Right Behind You" номонд FBI-ийн агентууд болох Пирс Куинси ба түүний хамтрагч Рейни Коннер нар ээлжит хүн амины хэрэгтэйгээ тулгарна.

цааш үзэх