Хайх

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Хүмүүсийн сонголт

Text: Ж.Чинбат


Бямба гарагийг номын дэлгүүрт өнгөрөөдөг хүмүүс урд, урдахаасаа илүү олон болсон. Мөн гэрээсээ гарахгүйгээр iBooks, Kindle, iPad дээрээ ном, сэтгүүл уншигчид бүр ч олон. Харин тэд юу уншиж байгаа бол?

Энэ долоо хоногт бид зарим хүмүүс рүү "Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ" гэх зурвас илгээсэн юм. Магадгүй зарим уншигчид маань шинэ ном уншихаар эрэл хайгуул хийж байж болох юм. Улаанбаатар олон мэргэжилтэй, төрөл бүрийн залуусаас бүрдсэн хот болон хувирч буй тул хүн бүр өөр, өөр сэдэвтэй ном уншиж байгаа нь гарцаагүй. Ингээд бидний асуултад хариу илгээсэн зочдын маань санал болгох номнуудыг үзэцгээе. 


"Зэн болон мотоцикл засах ухаан"

Б.Дөлгөөн, дуучин - дуу зохиогч

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? (фото 1)

Энэ ном бол зэнгийн ч, мотоциклын ч тухай ном биш. Хэдий номын дэлгүүрийн утга зохиолын хэсэгт энэ ном хуваарилагддаг ч философийн хэсэгт бас л багтчихмаар. Нэг өгүүлбэрт номын агуулгыг хураангуйлан хэлбэл, нэгэн аав, хүү хоёрын мотоциклоор аялсан түүх болоод тэдний амьдралыг харах үзлийн тухай өгүүлэх юм. Уншихад амраас гадна бясалгал, философи сонирхдог уншигчдад илүү таалагдах байх.


Г.Аюурзана - Шүгдэн 

Н.Хулан, орчуулагч

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? (фото 2)

Г.Аюурзанын Бөөгийн домог номыг уншчихаад байсан үе. Бөө мөргөлийн талаар, Буриадын зон олны ахуй амьдрал, тэдэнд тохиосон хэлмэгдүүлэлт, хавчлагын талаар уншсаны дараа Г.Аюурзана сүсэг бишрэлийн өөр нэг төрлийн тухай бичсэн зохиолыг унших хүсэл төрсөн. Г.Аюурзаны зохиолууд нууцлал ихтэй, уншигч өөрөө эрж, хайж тайлах ёстой жижигхэн түлхүүр агуулсан байдаг юм шиг. 

Бөөгийн домгийг уншиж дууссаны дараа шууд залгуулаад барьж авсан зохиол тул эхэндээ уншихад төвөгтэй ч юм шиг. Шүгдэн сахиусны талаар огт ойлголтгүй хүн бол бага, сага ойлголт авч болно. Буддын шашин дотрох хэд, хэд хуваагдсан урсгалууд ямар учраас бий болов гээд цааш судлах зүйлсийн санааг өгсөн зохиол байсан. 

 

Mark Rothko The Artist's Reality: Philosophies of Art 2004

Б.Жаргалан, эдийн засагч

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? (фото 3)

Дүрслэх урлагаар холбогдон нөхөрлөсөн нэгэн найз маань хэдэн жилийн өмнө дурсгасан энэхүү номыг үе, үе эргүүлж сууна. Хэдийгээр би нэг үеэ бодвол дүрслэх урлагийн ертөнцөөс хөндийрсөн ч, хаяадаа уран зургийн үзэсгэлэн хэсч зураач найз нартайгаа ярилцаж суух эсвэл зураачдын намтар түүх, ном зохиол унших дуртай байдаг юм.

Марк Роткогийн (1903-1970) хувьд, түүний ертөнцийг үзэх үзэл, бүтээлч эрэл хайгуул, шаналал тэмцэл нь өөрийн эрхгүй хүндлэл төрүүлдэг. Амьдралын мөн чанарын талаар "том" асуулт тавьж, өнөө маргаашийн цаадахыг харахыг хичээдэг хүн л жинхэнэ уран бүтээлч байж чаддаг болов уу. ХХ зууны хамгийн чухал зураачдын нэг болох Ротко ийм л уран бүтээлч байсан.

Энэ ном нь өөрөө их сонин хувь заяатай байсан юм билээ. Ротко дөч эргэм насандаа нэг хэсэг огт зурахаа байж, зөвхөн уншиж судлах болон энэхүү номоо бичихэд хамаг цагаа зарцуулж байсан гэдэг. Чухам яг энэ үеэс эхлэн түүний арга барилд маш том өөрчлөлт гарч, сюрреализм гэх мэт тухайн үедээ моодонд орж байсан урсгалын нөлөөнд автаад байсан зураач маань төрөл арилжин цэвэр абстракцийг сонгосон байдаг. Энэ утгаараа энэхүү туурвил нь зураачийн уран бүтээлийн эрэл хайгуулын нэгэн чухал хэсэг байсан боловч Ротко өөрийн бичвэрийг хэвлүүлэлгүй хав дарсаар насан өөд болжээ. Бүр хожим хүү нь аавынхаа гар бичмэлийг эмхлэн нэгтгэснээр энэхүү ном олны хүртээл болсон байдаг.

Ротко энэхүү бүтээлдээ орчин цагийн нийгэмд уран бүтээлч байхын зовлон, урлагийн мөн чанар, түүний хэрэгцээ шаардлага, урлагийн түүх зэрэг өргөн цар хүрээтэй асуудлаар үзэл бодлоо томъёолжээ. Ротког "a painter of ideas" буюу үзэл санааны зураач хэмээн тодорхойлох нь бий. Түүний хувьд уран зураг бол ертөнцийг дүрслэх төдий оролдлого бус, амьдралын үнэнийг эргэцүүлэх нэгэн философилог гарц байж.

АНУ-ын Хьюстон хотод Rothko Chapel буюу Роткогийн Сүм хэмээх нэгэн өвөрмөц газар байдаг. Энэ газрыг хэдийгээр сүм гэж нэрлэдэг ч угтаа бол аль нэг шашинд хамаардаггүй, бүх шашны хүмүүст нээлттэй байдаг, нэг ёсны бясалгалын төв юм. Урлаг бол хүн төрөлхтний бодож олсон хамгийн том шашин гэж үздэг. Яг үүн шиг Роткогийн Сүм бол урлагийн сүм юм. Тэнд Роткогийн ямар ч илүү, дутуу дүрслэл үгүй, зөвхөн өнгө будгийн ялгарал харагдах, хар бараан өнгө зонхилсон том, том зургууд дэлгээстэй байдаг.

Хоосон чанарт төгс нэвтэрсэн хүний ажлууд гэлтэй эдгээр бүтээлүүд нь орж ирсэн хэн бүхэнд өөрийн дотоод сэтгэл рүү өнгийх боломж олгодог гэлтэй. Магадгүй энэ нь Роткогийн уран бүтээл, түүний хувийн золиосын үнэ цэнэ байх.

Өдөр тутмын амьдрал ахуйдаа хэт их ороогдоод эхлэх үед урлагт ойр байж, бүтээлч хүмүүсээс үлгэр авах нь бас нэгэн төрлийн бясалгал юм даа.

 

Ноа Харари - Сапиенс буюу Хүн төрөлхтний товч түүх

Ч.Номин, эдийн засагч

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? (фото 4)

Хамгийн түрүүнд аав минь намайг их унш гэж зөвлөдөг Дейл Карнегийн "How to win friends" гэх номыг нэрлэнэ. Анхандаа би ерөөсөө ойлгохгүй байгаа юм шиг санагддаг байсан ч одоо байнга л эргүүлж үздэг болсон. Сүүлд уншиж байгаа ном гэвэл Ноа Харари гэдэг хүний бичсэн "Сапиенс буюу Хүн төрөлхтний товч түүх" гэдэг ном бий. Энэ номонд хүн гэдэг бол ерөөсөө амьтан учраас төрөлхийн адгууслаг зан чанартай. Харин яаж үүнээс ангижирч, соёлт хүн болж чадсан юм бэ гэдгийг өгүүлдэг. Бас миний нэг дуртай ном гэвэл "Elegance" гэх загварын ном юм. Орныхоо дэргэд байлгадаг тэр номоо би байнга эргүүлж хардаг. Энэ номонд "Хүн хэдий загварлаг байсан ч моод нэг л өдөр өнгөрдөг. Харин гоо сайхны мэдрэмжтэй, дэгжин байна гэдэг бол ийм зүйл юм" гэж гардаг. Тэгээд сүүлд бас Софиа Аморусогийн #Girlboss, Ноами Клейний "The Shock Doctrine", Ролф Добеллийн "The Art of thinking clearly" гэх зэрэг номууд уншсан байгаа. /2016.3.31-нд нийтлэгдсэн Ч.Номингийн ярилцлагын хэсгээс/

Зян Рун - Чонон сүлд

У.Хулан, орчуулагч 

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? (фото 5)

Хятадын зохиолч Зян Руны "Чонон сүлд" ном их олон шүүжмлэл, хэл ам дагуулсан бүтээл болохоор уншиж үзлээ. Энэ ном хүмүүсийн ярьж байсан шиг монголчуудыг доромжилсон огт санагдсангүй. Харин ч нүүдэлчин ахуйн тухай, чононы тухай маш сайн судалгаатай бичсэн зохиол юм. Тэгээд ч баримтат бүтээл биш уран зохиолын ном учраас зарим нэг хэтрүүлэл байсан ч болохгүй гэх зүйлгүй байх.

Номонд Өвөр Монголын тал нутагт илгээлтээр ирсэн хэсэг оюутнууд зүрх сэтгэлээрээ хэрхэн монгол соёлд татагдаж, хүн байгалийн хоорондох уялдаа холбоог ойлгож, хятад монгол үндэстэн байхаас үл хамааран хүн, хүнээрээ байх ёстой гэдгийг ойлгож байгаа тухай гардаг. Мөн Өвөр Монголын хэдэн зуун жилийн турш уламжлагдсан нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн нутагт нь орчин үеийн техник, технологи нэвтрүүлж, суурин соёл иргэншилтэй тариачин хятадууд орж ирснээр зөрчилдөөн өрнөдөг. Хятадууд зээр гөрөөс байтугай хун шувууг хүртэл алж идэхэд монголчууд тэднээс цэрвэн, жигшиж байгаа тухай зохиолд өгүүлнэ.

Үүнийг уншаад би хятадууд монголчуудад дайсагнасандаа биш зүгээр л хятад, монгол хүмүүсийн ялгаатай байдлын нэг жишээ болов уу гэж бодсон. Угтаа бол хятад хүмүүс байгалийн хишгийг хүртэж байвал энэ яваа насны буян заяа гэж үзэж байхад монголчууд харин байгаль дэлхийгээ хайрлан дээдлэж уул овоо, гол усыг лус савдагтай гэж шүтэж ирсэн учир хятадуудын эрээ, цээргүй, юу ч хамаагүй идэж уудаг байдал нь зохиолд зөрчилдөөнийг авчирч, зарим уншигчдад хятадуудыг үзэн ядах сэдэл өгсөн болов уу. Эцэст нь сонирхуулж хэлэхэд энэ номонд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайр сэтгэлийн тухай огт гардаггүй нь бас сонирхолтой санагдсан. 

 

Ци-Си хатан 

Б.Өнөржаргал, санхүүч

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? (фото 6)

Энэ номын зохиолчийн өмнөх бүтээлүүдэд их дуртай байсан болохоор анх Ци-Си хатны тухай номыг сонирхож уншсан л даа. Сүүлд бас монгол хэл дээр орчуулагдан гарсан байсан. Надад хамгийн таалагдсан зүйл нь гэвэл уг номоос давхар Хятадын түүхийг уншиж, танин мэдэж байсан юм. Номыг бичсэн зохиолч нь англи нөхөртэй хятад эмэгтэй байдаг бөгөөд маш их судалгаа хийж, сайн бүтээл туурвидаг хүн. Тэрээр удаж, удаж нэг ном бичдэг бөгөөд тэр ном нь ч их сайн бүтээл болдог. Ци-Си хатны энэ зохиол дээр нь хүйсийн асуудлыг өөр өнцгөөс харж, эмэгтэй хүнд хүч чадал байхад эрчүүд хэрхэн "жижгэрдэг" тухай унших сонин байлаа. Мөн тухайн түүхэн бодит хүний зургууд номонд орсон нь бас их гайхалтай санагдсан.


цааш үзэх