Хайх

Удахгүй кино болж гарах дөрвөн ном

Удахгүй кино болж гарах дөрвөн ном

2017 онд багтаж гарна

Text: Г.Тэмүүлэн


Холливүүдийн кинонууд ихэнх тохиолдолд ямар нэгэн алдартай номоос сэдэвлэн бүтээгдсэн байдаг. Гэхдээ кино нь номонд гардаг олон сонирхолтой деталийг орхигдуулах тохиолдол бас цөөнгүй бий. Тиймээс ч номын хорхойтнууд аливаа киног үзэхээсээ өмнө эхлээд номыг нь уншихыг илүүд үздэг юм. Үүнтэй холбогдуулан Бюро 24/7 тун удахгүй кино болон гарах гэж буй дөрвөн номыг танилцуулж байна

"It"

Удахгүй кино болж гарах дөрвөн ном (фото 1)

Алдарт зохиолч Стивен Кингийн 1986 онд бичсэн "It" нэртэй аймшгийн зохиолд усны хоолой дотор амьдардаг нэгэн алиалагч хотын хүүхдүүдийг хороосоор байдаг. Стивен Кингийн энэхүү зохиол 1990 онд хоёр ангитай кино болон гарч, дэлхийн олон орны хүүхдүүдийг айдаст автуулж байсан билээ. Тэгвэл одоо уг номоос сэдэвлэсэн ижил нэртэй кино сар гаруй хугацааны дараа нээлтээ хийж, алиалагч нар тийм ч хөгжилтэй биш болохыг дахин батлах гэж байна.

Хэзээ: 2017 оны есдүгээр сарын 8

"The Chinaman"

Удахгүй кино болж гарах дөрвөн ном (фото 2)

Их Британийн зохиолч Стивен Лидерийн бичсэн "The Chinaman" ном нь 1992 онд хэвлэгдэн гарсан юм. Харин энэ жил тэрхүү зохиол нь "The Foreigner" нэртэй триллер кино болон дэлгэцэнд гарах гэж байна. Зохиолын үйл явдалд Лондон хотод оршин суудаг Куан гэх эр өсвөр насны охиноо террористуудын халдлагад алддаг. Тэрээр засгийн газраас хэрэгтнүүдийг олж өгөхийг хүссэн ч ямар нэг үр дүнд хүрдэггүй байна. Тиймээс Куан өөрөө алуурчдыг олж, охиныхоо өшөөг авахаар шийднэ. "The Foreigner" киноны гол дүрд Жеки Чан, Пирс Броснан нар тоглож, найруулагчаар Жеймс Бондын кинонуудаараа алдартай Мартин Кэмпбелл ажиллажээ.

Хэзээ: 2017 оны аравдугаар сарын 13

"The Disaster Artist"

Удахгүй кино болж гарах дөрвөн ном (фото 3)

Албан ёсоор бүх цаг үеийн хамгийн муу кино хэмээн тодорхойлогддог Томми Висоугийн "The Room" бүтээл хэрхэн хийгдсэн тухай дэлгэрэнгүй өгүүлэх "The Disaster Artist" нэртэй номыг 2013 онд Грег Сестеро ба Том Бисселл нар бичсэн юм. Харин жүжигчин Жеймс Франко "The Disaster Artist" номыг бүрэн хэмжээний инээдмийн кино болгож байна. Жеймс Франко энэхүү киног найруулж, продюсерлохын зэрэгцээ өөрөө гол дүрд нь тоглосон юм.

Хэзээ: 2017 оны арванхоёрдугаар сарын 1

"The War with Grandpa"

Удахгүй кино болж гарах дөрвөн ном (фото 4)

Жүжигчин Роберт Де Нирогийн тоглосон бас нэгэн гэр бүлийн сэдэвтэй, инээдмийн кино энэ намар нээлтээ хийнэ. Энэхүү кино нь хүүхдийн номын зохиолч Роберт Киммел Смитийн 1980 онд бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн юм. Зохиолын үйл явдалд нэгэн хүү өөрийн унтлагын өрөөгөө өвөөтэйгөө хуваах хэрэг гардаг бөгөөд тэрээр түүнийг өрөөнөөсөө гаргахын тулд янз бүрийн хөгжилтэй аргуудыг сэднэ.

Хэзээ: 2017 оны аравдугаар сарын 20

цааш үзэх