Хайх

Загварын хорхойтнуудын зайлшгүй унших 5 ном

Загварын хорхойтнуудын зайлшгүй унших 5 ном

Загварын салбарын тухай шилдэг бүтээлүүд

Text: Buro.Mongolia


"A Different Vision on Fashion Photography", Петер Линдберг

Загварын хорхойтнуудын зайлшгүй унших 5 ном (фото 1)

Загварын салбарын хамгийн нэр хүндтэй гэрэл зурагчдын нэг Петер Линдбергийн ажил амьдралын тухай, тэр дундаа хувцас загварын салбартай хэрхэн холбогдож, өөрийн үнэ цэнийг хэрхэн бий болгосон тухай түүхийг энэхүү номонд өгүүлжээ. Петер Линдбергийн хамгийн алдартай төдийгүй мөн олон нийтэд дэлгэж байгаагүй гэрэл зургуудыг агуулах уг ном нь загварын гэрэл зурагчнаар ажиллах хүсэл мөрөөдөлтэй залуусын зайлшгүй унших ёстой номын нэг билээ.

"Dior: The New Look Revolution", Rizzoli хэвлэлийн газар

Загварын хорхойтнуудын зайлшгүй унших 5 ном (фото 2)

Dior загварын ордны тухай олон ном хэвлэгдэн гарсан ч бид "Dior: The New Look Revolution" номыг онцолсон юм. Учир нь энэхүү номонд дизайнер Кристиан Диорийн хамгийн алдартай загварууд анх хэрхэн бүтсэн, Диорын анхны гар зураг гэх мэт түүний амьдрал, уран бүтээлийн үнэ цэнтэй мөч бүрийг дэлгэжээ.

"Grace: Thirty Years of Fashion at Vogue", Грейс Коддингтон

Загварын хорхойтнуудын зайлшгүй унших 5 ном (фото 3)

Анна Винтурын үнэнч туслах, Америкийн Vogue сэтгүүлийн бүтээлч захирал Грейс Коддингтон Vogue сэтгүүлд ажилласан 30 жилийн түүхээ 2002 онд ном болгон гаргажээ. Загвар өмсөгчөөр гараагаа эхлүүлж байсан Грейс 26 насандаа авто осолд орж цаашид моделиор ажиллах боломжгүй болсон юм. Гэсэн ч тэрээр загварын салбарыг орхиогүй бөгөөд 1972 онд Vogue сэтгүүлд загварын редактораар ажиллаж эхэлсэн гэдэг. Энэхүү номондоо тэрээр ажлын арга барил, хийж байсан бүтээлүүд болон дурсамжаа хуваалцжээ.

"The Fashion Book", Phaidon хэвлэлийн газар

Загварын хорхойтнуудын зайлшгүй унших 5 ном (фото 4)

Алдарт Phaidon хэвлэлийн газраас гаргасан The Fashion Book номыг загварын библи, загварын толь бичиг хэмээн тодорхойлж болох юм. Дизайнер, стилист, загвар өмсөгч, гэрэл зурагчид гээд сүүлийн хоёр зууны турш загварын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжилтнүүдийн тухай мэдээллийг энэхүү номонд багтаасан ба загварын салбарыг шимтэн сонирхдог хүн бүрийн унших ёстой номын нэг юм.

"Chanel par Willy Rizzo"

Загварын хорхойтнуудын зайлшгүй унших 5 ном (фото 5)

Коко Шанелийн амьдрал, дурлалын түүх, амжилтыг өгүүлсэн олон баримтат номууд хэвлэгдэн гарсан ч "Chanel par Willy Rizzo" ном нь тэр дундаас ялгарч чаддаг билээ. Учир нь номонд дүрслэгдсэн гэрэл зургуудыг түүний сайн найз, гэрэл зурагчин Вилли Разо дарсан бөгөөд эдгээрийг өмнө нь олонд дэлгэж байгаагүй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх