Хайх

Үзгээр бичигдэв: Зураач нарын уран зохиолын туршлага

Үзгээр бичигдэв: Зураач нарын уран зохиолын туршлага

I хэсэг: Сальвадор Дали, Энди Уорхол, Винсент Ван Гог


Урлагийн гурван оргил болох уран зохиол, дүрслэх урлаг, театр гурваас хоёрыг нь өөртөө хослуулсан зураачид чамгүй их бий. Тэдгээр эрхэмүүдээс бид танд цувралаар хүргэж байна

Сальвадор Дали: «Нэгэн суутны өдрийн тэмдэглэл»

Зураачийн зохиосон хамгийн алдартай ном нь энэ болов уу. "Үнэн хэрэгтээ Дали хэн бэ" гэсэн төгсгөлгүй маргаан өрнүүлж болох юм. Вуди Аллений "Парисын шөнө дунд" кинонд түүний дүрийг маш сонирхолтой дүрсэлсэн байдаг.  Дали гэдэг өвөрмөц нэр дүрслэх урлагийн суут мастерыг илэрхийлэх үү, эсвэл элдэв өвөрмөц үйлдлээрээ өөртөө алдар урласан поп-шүтээн юм уу гэж хүмүүс асууж байлаа. Гэлээ гээд Дали ямар ч тохиолдолд ер бусын үзэгдэл, дүр төрх нь олон нийтийн соёлд өдөр тутам иш татагддаг сюрреализмын манлай гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. «Нэгэн суутны өдрийн тэмдэглэл» ном зураачийн шилдэг бүтээлийх нь сангаас тэс ондоо, харин өөрийгөө элэглэх авъяастай хүн байжээ гэдгийг нь харуулна. Тиймээс энэ бол урлагийн гүн гүнзгий дүгнэлтээр унших албагүй авсаархан ном. Зураачийг хувь хүн талаас нь тайлж унших гэсэн хүмүүс энэ номоор түлхүүрдэж болно. 

Үзгээр бичигдэв: Зураач нарын уран зохиолын туршлага (фото 1)


Энди Уорхолын өдрийн тэмдэглэл: «А», «Энди Уорхолын гүн ухаан (А-гаас Б рүү буюу эсрэгээр)»

Орчин үеийн урлагийн түүхийн гол хүмүүсийн нэг бөгөөд лаазтай «Кэмпбелл» шөлийг алдаршуулагч Энди Уорхол өөрийн намтраа домог болтол бичсэн ХХ зууны хоёрдугаар хагасын гол төлөөлөгч. Ямар ч домог эрт орой боловч хэзээ нэгэн цагт уран зохиолын хуудаснаа бууж үлддэг. Уорхол амьд ахуйдаа хэд хэдэн ном хэвлүүлжээ. Түүний ном бүр өөрийн намтрыг өгүүлсэн шинжтэй байлаа. Тухайлбал, «А» романы баатрууд нь түүний үеийнхэн болоод зураач өөрөө гэдэг нь уншсан хүнд тодхон ойлгогдоно. Тэр ном бичихдээ дүрслэх урлагт сод туршигч байсан шигээ ажиллаагүй. Харин голдуу хүмүүстэй хүүрнэсэн яриагаа буулгаж бичжээ. Өөрийн хүрээллийн хүмүүсийн санаа бодлыг ийнхүү тэмдэглэлдээ тусгахдаа тэрбээр үнэнч найз, зохиолч эмэгтэй Пэт Хэкеттай  чамгүй их ярилцсан байдаг. Пэт Хэкет мөн түүний номыг ариутган шүүсэн ажээ. 

Үзгээр бичигдэв: Зураач нарын уран зохиолын туршлага (фото 2)

Винсент Ван Гог: «Ах Тео-д бичсэн захидлууд», «Найз нартаа бичсэн захидлууд»

Энгийн биш тавилан нь түүний зургуудад амьд ахуйд нь амжилт авчраагүй. Гэвч Ван Гогийн захидлуудаар бүтсэн ном өнөөдөр эпистолярын (захидал, харилцааны тухай  номын төрөл) сонгодог төрөл гэж үнэлэгдэж байна. BBC телевизийн бүтээсэн "Үгээр бичсэн зургууд" нэртэй Ван Гогийн тухай баримтат киноны дүрийг бүтээсэн Бэнэдикт Камбербатч түүнийг ямар гэгээлэг, яруу сэтгэлгээтэй, уяхан бас асар их эрмэлзэлтэй хүн байсан бэ гэдгийг нь эдгээр захидлуудаар дамжуулан бидэнд үзүүлсэн байгаа. Алдар нэр түүнийг бурхан болсны хойно ирсэн байх нь тийм ч чухал биш.  Ван Гогийн захидлууд нь өнөөг хүртэл урлаг судлаачид, ердийн уншигч нарын анхаарлыг маш их татсаар байна. Ах Тео ба найз нартаа тухайлбал, Поль Гоген, Поль Синьяк, Эмиль Бернарт бичиж байсан захидлууд нь Ван Гогийн дотоод сэтгэлийн толь болжээ. Тэр толь руу дөхөж, "зургийг нь биш зураачийг нь харах"-ыг хүсвэл энэ ном танд бүгдийг үзүүлнэ. 

 

Үзгээр бичигдэв: Зураач нарын уран зохиолын туршлага (фото 3)

 

цааш үзэх