Хайх

Бид “Crazy Rich Asians” киног яагаад заавал үзэх хэрэгтэй вэ?

“Солиотой баян Азиуд”

Text: Бюро 24/7

Холливүүдийн супер одууд бус зөвхөн Ази гаралтай жүжигчдээс бүрдсэн "Crazy Rich Asians" романтик инээдмийн кино нээлтээ хийсэн даруйдаа бокс оффисыг хоёр долоо хоног дараалан тэргүүлж, кино урлагийн түүхэнд нэрээ мөнхөлж байна. Хэдийгээр Улаанбаатар хотын кино театруудаар энэхүү кино нээлтээ хийгээгүй ч гэлээ бид "Crazy Rich Asians" яагаад цахим ертөнцөд шуугиан тарьж, Холливүүдийг байлдан дагуулж байгаа тухай мөн уг бүтээлийн тухай бид юуг мэдвэл зохистой талаар тайлбарлаж байна.

Бид “Crazy Rich Asians” киног яагаад заавал үзэх хэрэгтэй вэ? (фото 1)

"Солиотой" үйл явдал

Юуны өмнө бокс оффисыг эзлээд байгаа энэхүү кино нь Сингапурын зохиолч Кевин Кваны гурван бүлэгт номоос сэдэвлэсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Уг зохиол нь зохиолчийн бага насны дурсамж дээр хэсэгчлэн суурилж бичигдсэн байдаг. Үйл явдалд Нью-Йоркийн их сургуулийн эдийн засгийн профессор Рэйчел гэх бүсгүй өөрийн найз залуу Никийн (мөн л тус их сургуульд багшилдаг) хамт түүний гэр бүлтэй танилцахаар Сингапур улсыг зорьж байгаа тухай гарна. Рэйчел Сингапурт ирсэн даруйдаа л түүний дурлалт залуу  нь Азийн маш чинээлэг гэр бүлийн өв залгамжлагч болохыг мөн тус улсын бараг бүх эмэгтэйчүүд Никтэй гэрлэхийг хүсдэгийг олж мэддэг. Рэйчел маш олон гэнэтийн зүйлтэй нүүр тулах ба тэр дундаас түүнийг хамгийн их гайхшруулах нь Ник Янгийн ээж Элеонор байх болно.

"Солиотой" амжилт

"Crazy Rich Asians" ном нь хэвлэгдэн гарсныхаа дараа бестселлер болж, The New York Times, The Boston Globe, The Independent зэрэг дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүдээс асар өндөр үнэлгээ авч байсан юм. Мөн Warner Bros. кино компанийн бүтээсэн "Crazy Rich Asians" кино нь нээлтээ хийсэн эхний тав хоногтоо 35 сая ам.доллар олж, одоогийн байдлаар нийт 83,9 сая ам.долларын орлого олоод байна.

Бид “Crazy Rich Asians” киног яагаад заавал үзэх хэрэгтэй вэ? (фото 2)

Хамгийн зөв цагтаа нээлтээ хийсэн кино

Мэдээж хэрэг Кевин Кваны "Crazy Rich Asians" ном нь олон мянган шүтэн бишрэгчтэй ч, хэрэв өөр цаг үед энэхүү кино нээлтээ хийсэн бол яг одоогийн амжилтад хүрэхгүй байсан байх магадлалтай. Учир нь 88 дах Оскарын наадам дээр #OscarSoWhite нэртэй хөдөлгөөн өрнөж, Америкийн кино урлагийн ертөнцөд олон улсын, янз бүрийн арьс өнгө ба гарал үүсэлтэй жүжигчид дутагдаж байгааг хүмүүс хүчтэй шүүмжилж эхэлсэн юм. Үүнээс хэсэг хугацааны дараа Масамунэ Широгийн манга зохиолоос сэдэвлэсэн "Ghost in the Shell" кинонд Ази жүжигчин бус Скарлетт Йоханссоныг сонгож, "Doctor Strange" кинонд Ази гаралтай баатрын дүрд Тильда Суинтоныг тоглуулсан нь, мөн Netflix-ийн "Death Note" цувралд ганц ч Ази жүжигчин оролцоогүй нь галан дээр тос нэмсэнтэй адил болж, нөхцөл байдлыг бүр дордуулсан билээ. Тиймээс бүхэлдээ Ази гаралтай жүжигчдээс бүрдсэн Холливүүдийн төсөл нь арьс өнгө, гарал үүсэлтэй холбоотой эгзэгтэй нөхцөл байдлыг эрс өөрчилж, хувьсгал хийх гэсэн оролдлого болоод байна. Дашрамд дурдахад Холливүүдийн томоохон, нөлөө бүхий студи киноны гол дүрийн жүжигчнийг Европ гаралтай жүжигчнээр солих хүсэлт тавьсан ч хэн ч зөвшөөрөөгүй гэдгийг тус киноны продюсерууд мэдэгдэж байжээ. Жүжигчдийн багийн бас нэг онцлог зүйл нь киноны гол баатар Элеонорын найзын дүрд Төмөрбаатарын Энхтунгалаг гэх Монгол жүжигчин бүсгүй тоглосон явдал юм.

Бид “Crazy Rich Asians” киног яагаад заавал үзэх хэрэгтэй вэ? (фото 3)

Кино бодит байдлыг харуулаагүй

Киноны нэрийг харахад л баян чинээлэг гэр бүлүүд ба дээдсийн хүрээлэнгийн талаар өгүүлэх нь тодорхой болно. Гэхдээ "Crazy Rich Asians" киног үзсэн олон хүн тус бүтээл нь бодит байдлаас хол байгааг онцолж, шүүмжилж байсан юм. Харин Кевин Кван үүнийг үгүйсгэж, Азиуд зөвхөн тоо бодож, шаргуу ажиллаж байдаг ядуу хүмүүс гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэхийг хүссэн гэдгээ онцолсон байдаг.

Зохиолч өөрийн бүтээлээ продюсеруудад маш бага үнээр зарсан

Кевин Кван өөрийн алдарт номоо продюсеруудад ердөө л нэг ам.доллараар зарсан. Үүний үр дүнд тэрээр тэдэнтэй тэгш эрхтэйгээр кино бүтээх үйл явцад оролцох боломжийг олж авсан юм. Тийм ч учраас жүжигчдийн сонголт, зураг авалт гээд бүх зүйл Кевин Кваны хяналтан дор явагдсан байгаа. "Мөнгө бүхнийг сүйрүүлэхийг би хүсээгүй" гэж зохиолч хэлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх