Хайх

Брэд Питт, Жейми Фокс, Марк Уолберг, Натали Портман нар хамгийн сүүлийн үеийн кинонуудын трейлерт

Брэд Питт, Жейми Фокс, Марк Уолберг, Натали Портман нар хамгийн сүүлийн үеийн кинонуудын трейлерт

Дөрвөн шинэ кино

Text: Г.Тэмүүлэн


“Jackie”, “Sleepless”, “Patriots Day”, “Allied” кинонуудын хамгийн сүүлд гарсан трейлерүүдийг нэгтгэн хүргэж байна

"Jackie"

Пабло Ларрайны найруулсан "Jackie" киноны үйл явдалд АНУ-ын 35 дах ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн эхнэр, тэргүүн хатагтай Жаклин буюу Жеки Кеннедигийн амьдралыг харуулдаг.

"Jackie" намтарчилсан кино нь Венецийн кино наадмаас шилдэг кино зохиолын төрлөөр хоёр ч шагнал хүртсэн байгаа. Бас шүүмжлэгчид Натали Портманыг Жаклин Кеннедигийн дүрээр Оскарын шагналд нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь АНУ-д "Jackie" кино нь 2016 оны арванхоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болсон ба энэ нь Оскарын улиралтай яг тохирч байгаа юм. Натали Портман 2011 онд Даррен Аранофскийн "Black Swan" киноны дүрээр Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авч байсан.

"Sleepless"

Швейцарийн найруулагч Баран бо Одарын найруулсан "Sleepless" триллер төрлийн кино нь 2017 оны хоёрдугаар сард нээлтээ хийх болно. Киноны гол дүрд Оскарын шагналт жүжигчин Жейми Фокс ба рэпер T.I. нар тогложээ. Үйл явдалд цагдаагийн мөрдөгч ба түүний хамтрагч нөлөө бүхий хар тамхины лордуудаас кокаин хулгайлж байгаад баригддаг ба үүнээс болж түүний хүү аюулд орно. Энэ кино нь анх 2011 онд гарч байсан "Nuit Blanche" нэртэй франц киноны шинэчилсэн хувилбар юм.

"Patriots Day"

Найруулагч Питер Берг энэхүү киног 2013 онд Бостоны марафоны үеэр болсон дэлбэрэлтээс сэдэвлэн бүтээжээ. Гэхдээ "Patriots Day" кинонд Бостоны цагдаагийн газрын түрүүч Томми Сондерс (Марк Уолберг) ба комиссар Эд Дэвис (Жон Гудман) нарын өнцгөөс болсон үйл явдлыг харуулна. Уг киноны гол дүрд Марк Уолберг, Жон Гудман, Оскарын шагналт жүжигчин Ж.К. Симмонс, Кевин Бейкон ба Мишель Монаган нар тоглосон байна. "Patriots Day" кино нь 2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд нээлтээ хийнэ.

"Allied"

Роберт Земекисийн бүтээсэн "Allied" киноны үйл явдал 1943 онд өрнөнө. Хойд Африкт нэгэн нууц даалгаварт явж буй Америкийн тагнуулч Макс Ватан Францын эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүн Марианнатай учирдаг. Тэд романтик харилцаа үүсгэж, хамт амьдарч эхэлдэг ч хосуудын нэг нь Германы тагнуулч байх магадлалтай болдог. Брэд Питт ба Марион Котийяр нарын тоглосон энэхүү адал явдалт, романтик триллер кино нь арваннэгдүгээр сарын 23-нд кино театруудаар гарах юм.

цааш үзэх