Хайх

Comic-Con 2017: Хамгийн сүүлд гарсан киноны трейлерүүд

Comic-Con 2017: Хамгийн сүүлд гарсан киноны трейлерүүд

Stranger Things, Westworld, Justice League болон бусад

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Энэ жилийн Comic-Con энтертэйнмент чуулган уламжлал ёсоор Сан-Диего хотод амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Нийт гурав хоног үргэлжилсэн энэхүү чуулган дээр шинэ комик ном, видео тоглоомууд мөн мэдээж кино ба телевизийн цувралуудын цоо шинэ трейлерүүд танилцуулагдсан байгаа. Ингээд бид дэлхийн энтертэйнмент салбарын хамгийн чухал арга хэмжээ болох Comic-Con 2017 чуулган дээр цацагдсан үндсэн зургаан трейлерийг хүргэж байна.

"Justice League"

Хэзээ: 2017 оны арваннэгдүгээр сарын 17

Ирэх намар нээлтээ хийх "Justice League" кинонд DC Comics-ийн супер баатрууд нэг дор цугларчээ. Энэ удаад Batman, Wonder Woman, Aquaman, Flash зэрэг супер баатруудын баг Steppenwolf гэх хүчирхэг хорон санаатны эсрэг тэмцэнэ.

"Kingsman: The Golden Circle"

Хэзээ: 2017 оны есдүгээр сарын 22

Одооноос эхлээд Жеймс Бондыг март! "Kingsman" гэх Их Британийн нууц агентуудын тухай уг киноны эхний анги 2014 онд гарсан даруйдаа адал явдал, хошигнол, супер зэвсгүүдээрээ үзэгчдийг байлдан дагуулсан юм. Харин "Kingsman: The Golden Circle" нэртэй хоёрдугаар ангид шинэ үеийн тагнуулчид болох "Kingsman"-ы нууц агентууд АНУ-д очиж адал явдалтай учирна.

"Thor: Ragnarok"

Хэзээ: 2017 оны арваннэгдүгээр сарын 3

Marvel Comics-ийн бүтээсэн энэхүү кинонд супер баатар Тор "Сакаар" гэх гараг дээр хоригдох бөгөөд энэ хооронд Хела нэртэй үхлийн бурхан түүний төрөлх хот Асгардыг эзлэхийг оролдоно. Мөн хамгийн сонирхолтой нь Тор хотыг эргүүлэн авахын тулд хуучны анд Халктай тулалдах болно.

"Stranger Things", хоёрдугаар улирал

Хэзээ: 2017 оны аравдугаар сарын 27

Netflix-ийн хит цуврал Stranger Things-ийн хоёрдугаар улирлыг шүтэн бишрэгчид хоног тоолон хүлээж байгаа билээ. Цувралын эхний улиралд Уилл аймшигт мангасуудаас салан гэртээ эргэн ирж чадсан ч шинэ улиралд түүнийг аймшигт зүйлсүүд дагасан хэвээр байх болно.

"Westworld", хоёрдугаар улирал

Хэзээ: 2018 онд

HBO телевизийн бас нэгэн шилдэг бүтээл Westworld цувралын шинэ улирлын тов зарлагдаагүй байгаа ч энэхүү трейлерээс харахад роботууд өнгөрсөн жил эхлүүлсэн өөрсдийн эрхийн төлөөх бослогоо үргэлжлүүлж байна.

"Vikings", тавдугаар улирал

Хэзээ: 2017 оны арваннэгдүгээр сарын 29

Хүчирхэг Викингүүдийн хаан Рагнар Лодброк таалал төгссөний дараа иргэний дайн дэгдэж мөн түүний хөвгүүд хоорондоо тулалдах хэрэг гарна.

цааш үзэх