Хайх

Блокбастерууд: Удахгүй хит болох долоон шинэ киноны трейлер

Блокбастерууд: Удахгүй хит болох долоон шинэ киноны трейлер

“Comic-Con” танилцуулж байна

Text: Г.Тэмүүлэн


Энэ жилийн Comic-Con олон улсын энтертэймент чуулган Сан Диего хотод амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний үеэр танилцуулагдсан хамгийн гол, гол киноны трейлерүүдийг танд бид багцлан хүргэж байна

San Diego Comic-Con олон улсын энтертэйнмент чуулган анх 1970 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд эхэндээ комикс ном, уран зөгнөлт кинонуудыг танилцуулдаг байжээ. Үүнээс хойш тус чуулган хүрээгээ тэлж, төрөл бүрийн кино, телевизийн цуврал, анимэ, видео тоглоом, ном, тоглоом, анимэйшн зэрэг олон салбар төрлийг хамарсан маш том арга хэмжээ болон хувирсан юм.
Энэ жил тус чуулган долоодугаар сарын 21-24-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд арга хэмжээний үеэр 2016-2017 оны хооронд гарах хамгийн чухал гэсэн бүхий л кинонуудын шинэ трейлерүүдийг танилцууллаа. Бид Marvel, DC Comics-ын өмчит кинонууд, тэр дотроо "Blair Witch Project"-ын шинэ анги багтсан хамгийн сонирхолтой трейлерүүдийг танд хүргэж байна.

"Wonder Woman"

Хэзээ: 2017 оны зургаадугаар сарын 2

DC Comics-ын хамгийн алдартай эмэгтэй баатрын тухай тусад нь кино хийх болсныг хүн бүр мэдэж байгаа байх. Дараа жилийн зун гарах энэхүү кинонд Амазоны гүнж Диана дэлхийн дайн болж байгааг олж мэдээд, дэлхийг аврахаар төрөлх нутгаа орхино. Киноны гол дүрд Галь Гадот, Крис Пайн, Робин Райт зэрэг алдартай жүжигчид тогложээ.

"Justice League"

Хэзээ: 2017 оны арванэгдүгээр сарын 17

DC Comics компаний супер баатруудын тухай бас нэгэн шинэ кино бол "Justice League" юм. Зак Снайдерын найруулсан энэхүү кинонд супер баатруудаас бүрдсэн бүхэл бүтэн багийн тухай гарах бөгөөд тэдний дунд Superman, Batman, Wonder Woman, The Flash, Aquaman нар багтаж байгаа. Киноны үйл явдал "Batman v Superman" ангид болсон явдлын дараа өрнөнө. Энэхүү киноны гол дүрд Бен Аффлек, Хенри Кавилл, Галь Гадот, Эзра Миллер зэрэг жүжигчид тогложээ.

"Doctor Strange"

Хэзээ: 2016 оны арваннэгдүгээр сарын 4

Marvel студийн бүтээсэн энэхүү кинонд дэлхийн шилдэг мэс засалч Стивен Стрэндж авто осолд орсноор өөрийн карьераа алддаг. Тэрээр бүхнийг шинээр эхлүүлэхээр шийдсэн нь түүнийг ер бусын хүч, адал явдалтай учруулна. Киноны гол дүрд Бенедикт Камбербэтч тоглосон нь тус киног үзэх бас нэгэн шалтгаан болж байна.

"Fantastic Beasts and Where to Find Them"

Хэзээ: 2016 оны арваннэгдүгээр сарын 18

Харри Поттерын ид шидийн ертөнцөд адал явдал үргэлжилсээр байна. Гэхдээ энэхүү киноны үйл явдал Харри Поттерыг Хогвартсад элсэхээс 70 жилийн өмнө өрнөнө. Хогвартсын сурагчдын ашигладаг "Fantastic Beasts and Where to Find Them" номны зохиолч Ньют Скамандер ид шидийн яамнаас зугтаасан аюултай амьтдыг барих ёстой болдог. Сонирхуулахад, гол дүрийг Эдди Редмэйн, Колин Фаррел нар бүтээжээ.

"Blair Witch"

Хэзээ: 2016 оны есдүгээр сарын 16

Анх 1999 онд гарч маш их шуугиан тарьж байсан "The Blair Witch Project" аймшгийн киноны үргэлжлэл энэ намар нээлтээ хийх гэж байна. "Blair Witch" киноны үйл явдалд олон жилийн өмнө ор сураггүй алга болсон Хитер Донахьюгийн нууцлаг явдлыг илрүүлэхээр түүний дүү Жеймс Донахью бусад найзуудынхаа хамтаар Мэрилэнд дэх "Black Hills Forest" ой руу очно. Төд удалгүй тэд ямар аймшигтай зүйлтэй тулгарч буйгаа ухаардаг ч ухрахад дэндүү оройтсон байх вий.

"Kong Skull Island"

Хэзээ: 2017 оны гуравдугаар сарын 10

"King Kong" киноны шинэ анги болох энэхүү бүтээлд Оскарын шагналт жүжигчин Бри Ларсон, Том Хиддлстон, Сэмюэл Л. Жексон, Жон Гудман нар гол дүрийг бүтээжээ. "Kong Skull Island" адал явдалт киноны үйл явдал 1970-аад онд өрнөх бөгөөд хайгуулчдын баг анх Кинг Конг олдож байсан "Гавалын ясан арал" хэмээх учир битүүлэг газар очдог. Киноны гол баатар тэндээс алга болсон ахыгаа болон нэгэн нууцлаг бодисыг хайдаг ч замдаа аймшигт араатантай тулгарах болно.

"King Arthur: Legend of the Sword"

Хэзээ: 2017 оны гуравдугаар сарын 24

Гай Ричигийн бүтээсэн энэхүү кино нь түүхэн сэдэвт адал явдалт кино юм. Үйл явдалд Артур хааны залуу насны тухай өгүүлнэ. Тэрээр өөрийн гарал үүслийн тухай хараахан олж мэдээгүй байдаг ба Эскалибур нэртэй домогт сэлмийг олсноор өөрийгөө хэн болохыг мэддэг. Артур хааны дүрд жүжигчин Чарли Ханнэм тоглосон бол Жуд Лоу Вортигерн хааны дүрийг бүтээжээ. Трейлерээс харахад, энэхүү бүтээл нь түүхэн киноноос илүү уран сайхны кино болсон санагдлаа.

цааш үзэх