Хайх

Д.Ангараг: Шинэ киногоо АНУ-д пост продакшн хийхээр зорьж байна

Д.Ангараг: Шинэ киногоо АНУ-д пост продакшн хийхээр зорьж байна

Атганд үлдсэн эрдэнэ

Text: Ж.Чинбат


Зураглаач Даваасүрэнгийн Ангарагийг киноны шинэ ажлаа эхлүүлэх гэж байхад нь уулзаж ярилцлаа. 2013 оноос хойш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөртөө ямар хөрөнгө оруулалт хийсэн талаар нь сонирхлоо. Энэ нь эргээд кино урлагт шинэ зүйл авчрах уу?

Таныг сүүлийн үед америкийн кино ертөнцөд дотор явааг их харлаа. Таны хийсэн гол зүйлс юу вэ?

Тэнд ерөнхийдөө харилцаа холбоо тогтоох зорилгоор 2013, 2014 оныг үдлээ. Гадаад харилцааг бэхжүүлэх талаар хичээсэн маань үр дүнгээ өгч энэ 2015 онд "Talent agency"-д албан ёсоор орсон. Сая 2015 оны 4 сард NAB үзэсгэлэнд оролцож, техник технологи бидний төсөөлж, тооцоолоогүйгээр хөгжсөнийг харлаа. АНУ-ын кино зураглаачдын холбооны зүгээс намайг үүнд оролцуулсан. Үнэхээр гайхамшгийг мэдрээд ирсэн. Одоо шинэ кинондоо тэр технологиос монголдоо оруулж ирнэ. Кино үйлдвэрлэлийн бүх хүмүүстэй танилцлаа. Танилцана гэдэг нь чухал юм байна. Түүнийхээ үр дүнд монголынхоо киночидтой хамтрах боллоо.

Уран бүтээлч хүн залуудаа хоёр жилийг ажиллахгүй өнжинө гэдэг харамсалтай ч юм шиг. Нөгөө талаар харилцаа холбоо эргээд тогтвортой хөгжлийг өгч байгаа байх. Харин одоо шинэ кино хийхээр иржээ дээ, та?

Кинон дээр ажиллах гэдэг тоо гүйцээх асуудал биш. Би яг уран сайхны кино болж чадна гэсэн бүтээл дээр л ажилладаг. Одоо Хувьсал продакшны дөрөвдэх уран сайхны кино "Атганд үлдсэн эрдэнэ" кинонд зургийн найруулагчаар ажиллаж байна. Энэ кинондоо түрүүн хэлсэн, АНУ-аас нэлээн боломжит, дэвшилтэт технологи оруулж байна. Мөн тэнд бий болгосон танилын хүрээгээ ашиглан энэ киногоо дараа америкт пост продакшн хийхээр ярьж байна.

Киногоо хийхээсээ өмнө борлуулалтаа шийдсэн байх зарчмыг их сонирхож байна гэж та өмнө нь хэвлэлд ярьж байсан. Энэ зүйл эхэллээ гэсэн үг үү?

Ер нь тэр зарчим уруу орчихсон. Пост продакшн хийхэд америкийн E film гээд компанитай хамтарч ажиллахаар болсон. Үүнд трейлер, хадмал орчуулга, өнгө засвар, аудио миксинг, дистрибьютер хувилбаруудыг гарган ажиллах юм. Дөнгөж сая тэднийхээс ирсэн и-мэйл уншаад сууж байлаа. Энэ кино 2016 онд гарах тухай imdb.com дээр "Golden treasure" нэрээр гарсан. Ер нь киногоо гадаад зах зээл уруу гаргах боломжийг эрэлхийлсэн эхний гэрээ хэлцлүүдийг эхлүүлээд байна.

Америкт Ану хатан кино DVD болж гарч байсан. Хүмүүс хэр сонирхсон бэ?

Мэдээж бид киногоо театраар нь гаргаж чадаагүй ч DVD болгон гаргах нь амжилт гэж бодож байна. Борлуулах эрхийг нь Lionsgate авсан. Би бас өөртөө хэд хэдэн dvd үлдээсэн. Ану хатан кино надад уран бүтээлчийн хувьд их амжилт авчирсан бүтээл. Ерөөсөө миний кино л хүмүүст таалагдсан. Би ганцаараа, нэг ийм сахалтай, босоо үстэй хүн очих юм бол хэн ч  тэнд надтай ярихгүй. Америкт танигдахын тулд мэдээж би мэргэжил нэгт нөхдөдөө үзүүлэх өөрийн бүтээлтэй байх ёстой.
Тэдэнд киногоо үзүүлэхэд техник технологи тал дээр "0" байгааг хэлсэн. Найруулагч болон жүжигчдийн асуудал дээр юм ярихгүй бөгөөд энэ нь тусдаа асуудал юм. Тэгээд миний ажил үнэлэгдсэн болохоор америкийн кино компанитай гурван жилийн гэрээтэй хамтарч ажиллах болсон болов уу. Дээрээс нь АНУ-ын Кино зураглаачдын холбоо бас намайг дэмжиж гаргаж ирж байгаа. Бас Австралийн кино зураглаачдын холбооны гишүүн. Хуруу дарам цөөн кинотой ч гэсэн үүнийг хийх гэж асар их цаг хугацаа орсон юм.

Д.Ангараг: Шинэ киногоо АНУ-д пост продакшн хийхээр зорьж байна (фото 1)

Ерөөсөө миний кино л хүмүүст илүү таалагдсан. Би ганцаараа, нэг ийм сахалтай, босоо үстэй хүн очих юм бол хэн ч надтай ярихгүй. 

Магадгүй таны үндсэн ажилтай холбоогүй байх л даа. Атганд үлдсэн эрдэнэ киног гадагшаа гаргах зорилгоор бүтээх юм байна. Тэгэхээр хувцаслалт, дүр төрх бүрдүүлэлт гээд олон зүйл чухал байх. Энэ болгонд та оролцдог уу?

Киног анхнаасаа цуг бүтээлцэх ёстой юм байна л даа. Дистрибютер ч бай, гадны компанитай хамтарч ажиллахдаа ч эхнээс нь цугтаа байх ёстой юм байна. Монголд зохиолоо яриад л, зураг авах тухайгаа л бодоод байдаг. Америкийн кино компаниудтай хамтарч байхад тэд киногоо тултал нь хийгээд, тултал нь борлуулаад сурчихаж. Кино бүтээнэ гэдэг асар том урлаг юм байна л даа. Зүгээр нэг хүн найруулаад, гол дүрд нь тоглоод, зургийг нь авч эвлүүлэх асуудал биш. Яаж эхнээс нь зохистой зөв бүтээх вэ. Одоо бид түүн дээр л төвлөрч байгаа. Миний гол зорилго Д.Ангараг ганцаараа гүйгээд, хувийн тоглолт хийх биш юм. Одоо монголдоо, бусад хүмүүстэйгээ цугтаа явахыг хүсч байна. Мэдээж үүнийг сайн ойлгох продюсер бас хэрэгтэй.

Танаас онцгой, шинэ бүтээл төрөх нь гэсэн хүлээлт өөрийн эрхгүй төрчихлөө. Киноныхоо талаар одоо дэлгэрүүлж болох уу?

Дажгүй сайн, амжилттай болно гэж бодож байгаа. Кино гараагүй байгаа учраас агуулгыг нь ярихгүй. Зохиолыг нь У.Уранчимэг найруулагч өөрөө бичсэн бөгөөд надад зохиол нь таалагдсан, би тэр киног үзэж чадсан. Бид пост продакшн хийх компани уруу киноны бүх зохиолыг явуулж байгаа. Киног техник технологи дээр суурилж бүтээдэг болохоор түүнд нийцэх шаардлагыг тэд бидэн үрүү илгээж, зохих зөвлөгөөг өгнө. Цаашдаа энд авсан зургаа өдөр бүр явуулж, тэд тестээ хийгээд буцаана. Болсон байвал батлаад дараагийн алхмаа хийнэ.

Д.Ангараг: Шинэ киногоо АНУ-д пост продакшн хийхээр зорьж байна (фото 2)

Саяхан арт хаус чиглэлийн киноны Алтан хальс наадам болж өнгөрсөн. Та энэ чиглэлээр ер нь сонирхдог уу?

Ерөөсөө ганц сонирхож чаддаггүй зүйл. Үнэхээр сонин, яг үнэндээ ойлгодоггүй. Арт хаус чиглэлийн кино ойлгодог хүмүүс, арилжааны кино хоёр өөр асуудал байх л даа. Миний хувьд тийм айхтар ухаантай амьтан биш болохоор тэр төрлийн киног сонирхож үздэггүй. Би кино бүтээгч бас кино үзэгч. Ямар кинонд дуртай вэ гэхээр Iron man, Spider man, Super man -ыг маш дуртай үзнэ. Ойлгоход амархан. Дөрөв тав үздэг кино ёстой үзэж чаддаггүй, бүр нойр хүрээд унтчихдаг. Walking dead, Underworld, Abraham Lincoln зэрэг уран зөгнөлт кинонд дуртай. Нэг удаа үзээд л хоёр цагт сайхан кайф аваад л тэгээд л гарна. Гараад л эхнэр, хүүхэд, яах уу ийх үү гээд явна.

Марко Поло болон Чонон сүлд киноны талаар таны бодлыг сонсох хэрэгтэй байх?

Яг өчигдөр нэг хүн надаас энэ талаар асууж байсан. Марко Поло кинонд миний найз Б.Амарсайхан хоёр ангид тоглосон. Жүжигчин найзын маань хувьд үнэхээр том гарц, хувь хүний амжилт гэж харж байгаа. Яг киног нь шүүмжлэлтэй харах юм бол америкт Марко Поло төсөл яваагүй. Олон нийтэд хүрч чадаагүй, тэр үеэр нь Walking Dead зэрэг илүү сонирхолтой сериалууд гарсан. Чонон сүлдийн хувьд гарч байх үед нь америкт байсан учраас үзэж чадаагүй. Тэгэхдээ бас номыг нь өмнө нь уншчихсан болохоор кино нь номоо гүйцэхгүй байх вий ч гэж бодсон. Их л том төсөл болсныг ойлгосон. Гол нь манай Р.Анхням тоглосон нь чухал. Киноны сайн муу нь өөр асуудал.

Зураглаач хүний нүд өнгө, өнцгийн мэдрэмж илүү байдаг болов уу. Таны зүүд өнгөтэй юу?

Өнгөтэй, ер нь дийлэнхдээ өнгөтэй байдаг. Ер нь би их сонин зүүдэлдэг шүү. Нисдэг болчихсон ч байх шиг. Тэгснээ хулан болчихсон ч явж байх шиг. Сүүлийн үед их алиалагч зүүдлээд байдаг болчихсон. Нэг өөр ертөнцөд амьдарч байгаа юм. Тэндээ цирк үзэх гээд ортол дотроо баахан алиалагч нүүртэй хүмүүсийн ертөнцөд орчихсон. Тэндээсээ дахиж хэзээ ч гарч чадахгүй юм шиг. Нэг балай тоглоом тоглочихсон юм аа, тэрнээс л болсон байх.

Оскарын хүлээн авалт гэхэд өмсөж байгаа хувцас нь хүртэл бизнес болчихсон талбар. Тиймэрхүү үед өөрийгөө яаж илэрхийлж харуулъя гэж боддог вэ? Таныг тэнд зочлохдоо өмсөх хувцсаа монгол дизайнеруудаар хийлгэх хүсэлтэй зар тавьж байсныг харж байснаа санаж байна.

Би ямар тийм том жүжигчин, найруулагч хүн биш, тэгтлээ ач холбогдол өгдөггүй. Тэгэхдээ сая Оскарын шагнал гардуулах 88 дэх ёслол дээр үндэсний хувцас өмссөн. Надад 25 байгууллагаас санал ирсэн. Олон санал ороод ирэхээр толгой эргэж, сүүлдээ төөрч эхэлдэг юм байна лээ. Энэ нь ч гоё харагдаад л. Тэгээд  Бэйс Тэйлор нэрээр нь хүмүүс сайн мэдэх ангийнхаа охиноор хийлгэсэн. Сая Mongolian Academy Awards наадам дээр би бүр хэрэг болгож фрак өмссөн. Яагаад гэвэл манай аавын /хадам аав, Монголын Улсын Ардын жүжигчин асан Ц.Батчулуун/ тайзнаа гарахдаа өмсдөг байсан фрак байгаа юм.

Гэрэл зураг сонирхогчид олширч, хүмүүс өөрийгөө мэргэжлийн бас онцгой гэж итгэх үнэмшил нэмэгдсэн. Үнэхээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн зурагчин, кино зураглаач байхад ямар чанар хэрэгтэй вэ?

Камер барьсан болгон сайн авч байна гэж бодож байвал мэдээж тэр хүний итгэл үнэмшил учраас аваад л байх хэрэгтэй. Гэтэл гадны хүмүүстэй өрсөлдөөд ирэхээр хаана явж байгаагаа хардаг юм байна л даа. Монголд бол жижиг зах зээл дээр өрсөлдөөн байхгүй. Хүнийг мэргэжлийн үгүйг тодорхойлох цензурыг би тогтоож чадахгүй. Тэгэхдээ миний харж, ойлгож байгаагаар бол бүр сайн сурч, гадны илүү олон зүйлийг үзэж, хүмүүстэй ярилцах хэрэгтэй.

 

цааш үзэх