Хайх

Продюсер Т.Номуунзул: Хамгийн гол нь Д.Сумъяад нэг давуу тал бий

Продюсер Т.Номуунзул: Хамгийн гол нь Д.Сумъяад нэг давуу тал бий

Цагаан хадаг киноны тухай

Text: Ж.Чинбат


Олимпийн мөнгөн од Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн кино гарах гэж байгааг Бюро 24/7 өчигдөр мэдээллэсэн билээ. Бид амласан ёсоороо тус киноны зохиолч, продюсер Т.Номуунзулын ярилцлагыг хүргэж байна

Энэ жилийн хамгийн онцлох хүн Д.Сумьяа болж, 2016 онд амжилтанд хүрсэн хүмүүсийг тэргүүлэх нь нэгэнт тодорхой болоод байна. Тэр жудо бөхийн гол уриа болох "Ухаантай, боловсон, хүчтэй" бай гэх гурван номлолыг бүрэн эзэмшсэн гэдгээ Риогийн дэвжээн дээр төгс харуулж чадлаа. Алтан медалийн төлөөх тэмцээний дараах ярилцлагадаа Д.Сумъяа "Сильваг би илүү их өрөвдөж, хайрласан" гэж ярьсан нь түүний дотоод сэтгэл нь ямар энэрэнгүй бөгөөд уудам бэ гэдгийг харуулсан. Харин одоо бид түүнийг Рио-де-Жанейрогийн Олимпийн наадам, Астанагийн дэлхийн аваргын дэвжээнд харснаасаа илүү тодоор үзэж, Доржсүрэнгийн Сумьяа хэрхэн дэлхийн супер тамирчин болсон бэ гэх түүхийг "Цагаан хадаг" киноноос мэдэх боломжтой боллоо. 

"Д.Сумъяагийн туулсан амьдрал бусдаасаа илүү сонирхол татахуйц байсан" гэж тус киноны зохиолч, продюсер Т.Номуунзул хэлж байна. Т.Номуунзул нь анх спортын ямар нэгэн төрөл, тамирчны амьдралаар сэдэвлэсэн кино хийхээр хүсч, мөрөөдөж явдаг байжээ. Хамгийн сүүлд дуучин Magnolian-ы "Famous men" цомгийн продюсераар ажилласан Т.Номуунзулын хувьд өмнө нь A Sound хамтлагийн Ц.Тэмүүлэн болон аавтайгаа хамтарч "Цонхон дээр суусан ялаа" нэртэй концепц цомог гаргасан юм. Түүний аав нь зохиолч, найруулагч Д.Төрмөнх болохоор Т.Номуунзулын энэ удаагийн төсөл ямар болсон бол гэдэг нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байгаа биз ээ. Ингээд Хүлэгү пикчерсийн уран бүтээл "Цагаан хадаг" кино хэрхэн бүтсэн тухай, бид тус киноноос юу үзэх тухай уншицгаая.

Продюсер Т.Номуунзул: Хамгийн гол нь Д.Сумъяад нэг давуу тал бий (фото 1)

Бид бүхнийг энэ зун хамгийн их баярлуулсан жудоч Д.Сумъяагийн амьдрал кино болж гарах нь ээ. Харин та яагаад жудо бөх, тэр дундаа Д.Сумъяагийн тухай кино хийх болов оо?

Ер нь спортын тухай кино хийе гэж олон жилийн өмнөөс бодсон. Бокс байвал гоё юм уу гэж харж байлаа. Мэдээж ямар нэгэн тамирчнаас сэдэвлэж хийвэл илүү амьдралд ойр болно гэж санаад ямар спорт, хэн гэдэг тамирчин байхыг удаан эргэцүүлсэн. Тэгтэл 2015 оны зун санамсаргүй байдлаар жудо бөхийн шигшээ багийн бэлтгэлийн бичлэг хийх ажил гарсан юм. Энэ үед эмэгтэй хүн бөх барилдаж байгаа нь нүдэнд их содон буусан. Ялангуяа шигшээ багийн эмэгтэй тамирчдын бэлтгэл хангагчид нь эрэгтэй хүн байгаа нь бүр сонирхолтой санагдсан. Эмэгтэй хүн гэдэг өөрөө уян налархай, зөөлөн байдаг. Гэтэл эмэгтэй хүнээс гарамгүй эрч хүч жудочин эмэгтэйчүүдээс мэдрэгдсэн. Тиймээс л эмэгтэй жудочны талаар зохиол бичих бодол орж ирсэн. Манай Хүлэгү пикчерсийн хамт олон маань ч энэ санал дээр нэгдээд, ямар тамирчин байх вэ гэдгийг ярилцаж эхэлсэн. Жудо бөхийн холбооноос Н.Түвшинбаяр аварга, Х.Цагаанбаатар аварга болон эмэгтэйчүүдээс Ц.Мөнхзаяа, М.Уранцэцэг, Д.Сумъяа зэрэг ойрын ирээдүйд амжилт гаргах магадлалтай тамирчдыг санал болгож байсан. Харин Д.Сумъяагийн амьдрал илүү сонирхол татахуйц байсан учраас түүнийг сонгосон.

Продюсер Т.Номуунзул: Хамгийн гол нь Д.Сумъяад нэг давуу тал бий (фото 2)

Та киноны зохиолч бөгөөд продюсер. Тэгэхээр Д.Сумъяагийн амьдралаас юуг нь илүү олж харж, түүнийгээ кино зохиолдоо хэрхэн буулгасан бэ?

Д.Сумъяа бол Увс аймагт хүүхэд насаа өнгөрөөсөн ба амьдрал нь тийм ч дардан байгаагүй охин юм билээ. Хамгийн гол нь түүнд нэг давуу тал бий. Хүн нэг юмны төлөө явж байгаад замд нь саад, бэрхшээл тулгарахаар шантарч, зүрх алдаж зогсох үе их гардаг. Тэгвэл Д.Сумъяад тийм зан байхгүй  бөгөөд маш шаргуу дайчин охин. Энэ тухай кинон дээр гарна. Ерөнхийдөө энэ охин ийм амьдрал туулж байж энэ амжилтанд хүрсэн юм байна гэдэг нь киноноос харагдана. Гэвч энд нэг зүйл тодруулж хэлмээр байна. Цагаан хадаг кино маань намтарчилсан баримтат кино биш харин бодит амьдралаас сэдэвлэсэн уран сайхны кино. Тиймээс түүний амьдралын тодорхой хэсгээс сэдэвлэж, зохиолч, найруулагчид уран сайхны хэтрүүлэгийг хэрэгтэй газар нь оруулан кино болгож хувиргасан бүтээл. Өөрөөр хэлбэл кинон дээр гарч байгаа бүх үйл явдал Д.Сумъяагийн амьдралд болоод өнгөрсөн гэж бас ойлгож болохгүй юм.

Та зохиолоо амьдруулах найруулагчаа хэрхэн олж, сонгосон бэ? Найруулагч та хоёрын хамтын ажиллагаа ямар байсан бэ?

Хүлэгү пикчерс кино компани энэхүү киног хийхээр шийдэж, зохиол батлагдахад энэ кино нь өөрөө арилжааны гэхээсээ илүү уран бүтээлийн өнгө аяс нь давамгайлах кино болох нь тодорхой байсан. Тэгэхээр "Арилжааны боловч бүтээл тал руу хандсан киног хэн сайн бүтээж чадах вэ" гэх асуултанд манай багийнхан бүгдээрээ л Ж.Сэнгэдорж гэж санал нэгтэйгээр сонгосон. Хоёрдугаарт найруулагч Ж.Сэнгэдорж өмнө нь бодит амьдралаас сэдэвлэсэн "Бодлын хулгайч" гэх кино хийчихсэн байсан. Тэр хүн "Ерэн саяын Гансүх" гэдэг хүнийг өөр өнцгөөс үзүүлж чадсан байдаг. 

Найруулагч Ж.Сэнгэдоржид би зохиолоо өгөхөд тэрээр Өвөр Монголд хийж байгаа киноныхоо бэлтгэл ажил руу явж байсан учраас 14 хоногийн дараа хариугаа хэлнэ гэсэн. Тэр хугацаа миний хувьд их хэцүү, урт өнгөрсөн. "Яана аа, миний зохиолыг голоод, найруулахгүй гэвэл яах вэ" гээд л. Гэвч монголд ирмэгцээ "Би энэ кинонд ерөнхий найруулагчаар орно. Надад таалагдсан" гэж хариу өгсөн.Продюсер Т.Номуунзул: Хамгийн гол нь Д.Сумъяад нэг давуу тал бий (фото 3)

Найруулагчид зохиолын юу нь таалагдсан бол?

Надад хэлэхдээ "Энэ кинонд нэг тийм "сүнслэг" зүйл байна. Киног яаж ч эргүүлсэн тэр зүйл нь алдагдахгүй байж чадахаар байгаа нь таалагдлаа" гэсэн. Найруулагч маань кино эхлэхээс өмнө найруулагчийн зохиол гаргаж нэлээд зүйлийг өөрийн шийдлээр өөрчилсөн. Миний хувьд тэр нь ч гэсэн зөв, кинонд улам хүч өгсөн шийдлүүд болсон. Найруулагч Ж.Сэнгэдоржтой ажиллахад үнэхээр сайхан мөн амар байсан. Олон зүйл дээр санаа нийлж байсанаас гадна мундаг удирдагч хүн болохыг нь ойлгосон. Найруулагч хүн кино групп, жүжигчдийг толгойлж байдаг. Манай кино баг нэг зүгт харж чадсан маш сайхан баг байсан.

Цагаан хадаг кино олны хүртээл болсны дараа үзэгчдэд ямар мэдрэмж үлдэх бол?

Манай киноны гол агуулга, жанжин шугам бол "Өөрийгөө ялан дийлээгүй хүн Өрөөлийг хэзээ ч ялахгүй" гэх үгэнд зангилагдаж байгаа. Хүлэгү пикчерс кино компаний энэхүү киног хийх болсон нэг шалтгаан нь залууст үлгэр дууриалал, урам зориг өгөхийг хүссэн. Хүн болгонд ямар нэгэн хүсэл мөрөөдөл байдаг. Түүндээ хүрэхийн тулд хүн өөрөө өөрийгөө ялан дийлж, зорилгодоо хүрэхийн төлөө зүтгээсэй гэсэн агуулгатай гэж хэлж болно. Өөрийгөө ялан дийлнэ гэхээр хүмүүс их томоор боддог байх. Гэтэл тэр нь өглөө эрт босож сурахаас, ажлаа бүрэн хийж гүйцэтгэхээс, аливааг хийхдээ бүтэхгүй болов уу, яах бол гэдэг айдсаа дарахаас эхэлдэг. Спортод бол энэ бүхэн маш их дасгал сургуулилт, тэвчээр хатуужил, гэмтэл бэртлийг ялан дийлэх зориг болоод өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн тогтвортой байдлаар илэрч гарч ирдэг юм байна лээ. Ялангуяа тамирчин хүний сэтгэл зүй гэдэг өөрөө их онцлог.

Зохиол бичигдсэн явцаас хуваалцахгүй юу? Д.Сумъяатай хийсэн ярилцлагууд ямар орчинд, хэрхэн өнгөрч байв?

Д.Сумъяатай 2015 арван нэгэн сараас эхлээд хоёр, гурван ч удаа уулзаж ярилцлага хийсэн. Жудочид ерөөсөө спортын ордондоо амьдарчихдаг болохоор бидний уулзалт тэр хавийн кафед өрнөж байлаа. Тамирчин хүн болохоор дотогшоогоо, чимээгүй талдаа тул ухаж гаргахад жаахан хэцүү байсан. Бид нэг уулзахдаа гурван цаг илүү ярилцаж, нэлээн "дундаа орж" байж зохиолоо би гаргасан. Зохиол маань дөрвөн сар гаруй бичигдэж, энэ оны гурван сард дууссан. Зураг авалт таван сард эхлээд долоодугаар сард дууссан даа. Одоо киноны пост продакшны ажил явагдаж байгаа.

Продюсер Т.Номуунзул: Хамгийн гол нь Д.Сумъяад нэг давуу тал бий (фото 4)

Монголын кино ертөнцийг дагаж явдаг тодорхой хэдэн шүүмжлэл бий. Зарим нь зохиолын хувьд кино биш харин телевизийн зохиомжит нэвтрүүлэгтэй адил болдог гэдэг. Мөн жүжигчдийн яриа хиймэл, амьдралгүй болдог гэх шүүмжлэл бий. Дээр нь киноны дуу, шуум муу болдог нь үзэгчдийн чихэнд наалдацгүй байдаг. Иймэрхүү шүүмжлэлүүдээс та бүхэн хэрхэн зайлсхийсэн бэ?

Бид бүтээлийн чанар дээр маш их анхаарч ажиллаж байгаа. Ерөнхийдөө манай киноны бүх дүрс авалт 4К форматаар авагдсан. Дууны хувьд бол 5,1 Dolby чанартай дуугаралт гаргаж, орчны атмосферыг сайн буулгахын тулд олон замаар тухайн орчинд нь бичиж явсан. Кино мөн маш их графикийн ажилтай болсон. Бодит амьдралаас сэдэвлэсэн кино учраас өмнө нь болж өнгөрсөн зүйлийг үзүүлэх хэрэг гарна. Бид кинонд Д.Сумъяагийн 2000 оны эхээр Чингис хаан гран-при тэмцээнд ялж байгаа хэсгийг оруулсан. Мөн 2015 оны Астанагийн Дэлхийн аваргаас хүрэл медаль авсан тоглолтыг хийсэн байгаа. Дэлхийн аваргын тэмцээнд Д.Сумъяа гэмтэлтэй явсан ч өндөр амжилт гаргаж, амьдралынхаа нэг том сорилттой үеийг амжилттай туулсныг эргэн үзүүлнэ. 

Д.Сумъяа өөрөө том, хариуцлагатай тэмцээнд гарахынхаа өмнө нүдээ боогоод ганцаараа хөгжим сонсож суудаг. Магадгүй тэгж өөртэйгөө байж төвлөрч чадсанаар амжилт гаргадаг байх.

Харилцан ярианы хувьд надад ч бас тийм бодол байдаг. Амьдрал дээр бид нэг их уран цэцэн үгээр ярьдаггүй шүү дээ. Кино зохиолдоо судалгаа хийж, олон тамирчидтай уулзаж явахдаа тэднийг дуу цөөтэй хүмүүс юм гэдгийг мэдсэн. Жудогийн тамирчид хамаг эрч хүчээ дотоод цөмдөө хадгалсан, дотогшоогоо хүмүүс юм билээ. Тиймээс манай кино нэг их харилцан яриатай болоогүй.

Гэвч үүнийг хөгжим орлож байгаа байх. Ямар шийдэл оруулж өгсөн бэ?

Хөгжмийн зохиол дээр А Sound хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн ажилласан. Ц.Тэмүүлэн хэлэх гэсэн санааг хөгжмийн хэлээр сайн гаргаж чаддаг.

Продюсер Т.Номуунзул: Хамгийн гол нь Д.Сумъяад нэг давуу тал бий (фото 5)

Тэгвэл таныхаар жудо бөхийн тамирчин гэдэг ямар хүн бэ?

"Be gentle, be wise, be strong" гэх жудогийн уриа байдаг шүү дээ. Тэд маш хатуу дэг жаягтай, өөрөөсөө илүү зэрэгтэй тамирчидтайгаа асар хүндэтгэлтэй харьцдаг. Тиймээс жудогийн тамирчид өөрсдөө сахилга баттай, чанга, боловсон хүмүүс болдог. Жудочид үргэлж дээшээгээ том дантай бөхөө харж, тэднийгээ шүтэж, өөрөө тэдний амжилтыг гаргахын төлөө эрмэлзэж явдаг юм байна лээ.

Д.Сумьяагийн хувьд хамгийн шүтдэг бөх нь хэн юм бол?

Сая Рио-де-Жанейрод мөнгөн медалийн төлөөх тоглолтонд ялсан Мацумотог их мундаг гэж боддог хэмээн ярьж байсан. Тэгэхдээ яг ийм, тийм хүн гэж тодорхой хэлээгүй л дээ. Харин энд нэг зүйлийг хэлье, сонин байж магадгүй. Д.Сумъяа өөрөө том, хариуцлагатай тэмцээнд гарахынхаа өмнө нүдээ боогоод ганцаараа хөгжим сонсож суудаг юм байна лээ. Магад тэгж өөртэйгөө байж төвлөрч чадсанаар амжилт гаргадаг байх.

Алтан медалийн төлөөх тоглолтын шүүлтэд бүгд л сэтгэл дундуур байна. Гол дүрийнхээ амь, амьдралыг гаргаж байгаа та бүхэн хэрхэн хүлээж авсан бэ?

Манай кино багийнхан бүгдээрээ цуглараад тэмцээнийг өглөө зургаа хүртэл үзсэн. Мацумотог ялахад нь бид маш их баярласан. Сонирхуулж хэлэхэд бид кино зураг авалтын үеэр Олимпод бэлдэж байгаа хэсгийн зургыг авахдаа жудочдын бэлтгэл хийдэг мишок дээр Мацумото, Сильва, Фабио нарын өрсөлдөгч тамирчдынх нь нүүрний зургийг хэвлээд наасан байсан. Энэ хэсэг дээр Мацумотог Д.Сумъяагийн дүрд тоглож байгаа жүжигчин охин маань Д.Сумьяагийн шилдэг мэх болох суугаагаас үүрч, иппон хийж ялж буйгаар гардаг юм. Тавдугаар сарын 29-нд Говь резорт дээр ингэж авсан яг тэр дүр зургаар Д.Сумъяа маань сая ялалт байгуулсан нь бидэнд маш сонин, их гоё мэдрэмжийг өгсөн. Сильватай хийсэн барилдаанд нэгэнт мэргэжлийн хүмүүс тайлбар хийсэн шүү дээ.

Продюсер Т.Номуунзул: Хамгийн гол нь Д.Сумъяад нэг давуу тал бий (фото 6)

Кинонд хэдэн гол дүр байгаа вэ?

Аав, ээж, дасгалжуулагч болон гол дүрийн охин бий. Гол дүрийн охины хоёр цаг үеийн амьдрал гарна. Ерээд оны сүүл үед хөдөө амьдарч байгаа болон 16 настайгаасаа хойш хотод амьдарч байгааг нь харуулах хоёр жүжигчин тоглосон байгаа. Сумъяа гэдэг санскрит нэрийг мөн Түвдээр Даваа гэдэг учраас кинонд Даваа Доржсүрэн гэсэн нэрээр гарна. Түүний залуу насны гол дүрийг Т.Жинжиймаа, бага насны дүрийг О.Анужин гэдэг охин бүтээсэн. Т.Жинжмаагийн хувьд бие галбирын хувьд төстэй бөгөөд бөх шиг харагдаж чадна гэсэн шалгуураар сонгосон л доо. Үнэндээ дүр сонголт нэлээн ярвигтай байсан. Түүнийг гурван долоо хоног яг л жудочны адилаар бэлтгэл хийлгүүлсэн байгаа. Зарим гол мэхнүүдээ Д.Сумъяа өөрөө зааж өгч бэлтгэл хийхэд нь тусалж байсан.

Таны аав Д.Төрмөнх гадаадын кино наадмаас шагнал хүртсэн, монголдоо нэртэй найруулагчдын тоонд ордог хүн. Мөн кино бүтээхийг хүсэгчдэд зориулж ном хүртэл гаргаж байсан. Та ааваасаа юуг сурч авсан бэ? Эсвэл түүнээс өөрөөр ажилласан уу?

Ёстой л "Хусавч аавын яс, шахавч ээжийн цус" гэдэг шиг бид хоёр урлаг, хөгжмийн тал дээр нэг сонирхолтой л доо. Өмнө нь аав бид хоёр Ц.Тэмүүлэнгийн "Цонхон дээр суусан ялаа" концепц цомгийг хамт гаргасан. Аавын нэг зан байдаг л даа. Ямар нэг зохиол эхлэхэд л зөвлөгөө өгдөг. Яг бичээд дууссаныхаа дараа үзүүлэхэд цэг, таслал ч нэмдэггүй. Болсон гэж үздэг юм уу, эсвэл тэг ингэ гээд хэлчихээр гомдчихно ч гэж боддог ч байж мэдэх юм. "Кино зохиолчдын Библи" номыг нь ч би маш их уншсан. Түүнээс өөр гарын авлага гэх зүйл надад байхгүй шүү дээ. Мөн аав өөрөө бичсэн зохиолуудаа надад их явуулж үзүүлдэгээс нь би их суралцсан.

Зарим хүмүүс киног үйл явдлаар нь хүлээж аваад л өнгөрөөчихдөг, зарим нь зохиолд нь гүн гүнзгий дүн шинжилгээ хийдэг. Таны киноноос хүмүүс тэгж хараасай гэж хүсч байгаа зүйл юу байна вэ?

Харин? Үзчихээд л өнгөрчихдөг кино маш их бий. Зарим Холливүүдын киног гэхэд үзэхдээ инээвэл инээж, өрөвдвөл нулимс дуслуулсан ч маргааш нь нэг их санадаггүй. Харин зарим кино олон хоног, сар жилийн дараа ч эргэж бодогдоод байдаг. Энэ нь хүн тухайн бүтээлээс ямар нэг зүйлийг өөртөө тусган авч, ямар нэг гаргалгаа хийснээр гүн сэтгэгдэл үлдсэнийх юм  болов уу. Дээрхи мэдрэмжүүдийг төрүүлж чадсан, хүний сэтгэлийн гүнд нөлөөлж чадсан кино өөрөө бүтээл болж чаддаг. Тэгэхээр олон хүн манай энэ киноноос өөртөө ямар нэг зүйлийг тусгаж авах гэж үзээсэй гэж бодож байна. Найруулагч маань ч олон сайхан шийдэл гаргасан болохоор тэгж чадах болов уу. Яг тэр хэсгийг гэж хэлэх нь харин үзэгчийн эрх чөлөөнд халдсан зүйл болох байх.

цааш үзэх