Хайх

Emmy Awards 2017 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Emmy Awards 2017 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Эмэгтэйчүүд ялалт байгууллаа

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өчигдөр Лос-Анжелес хотноо 69 дэх удаагийн Emmy Awards шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд цоо шинэ цувралууд телевизийн салбарын шилдэг бүтээлүүдээр нэрлэгдсэн нь маш гэнэтийн явдалд тооцогдож байна. Тухайлбал маш өндөр хүлээлттэй байсан "Stranger Things", "Westworld", "House of Cards" зэрэг цувралууд нэг ч шагнал хүртэлгүй асар олон шүтэн бишрэгчдээ гонсойлгосон юм. Ингээд ч зогсохгүй энэ удаагийн Emmy 2017 шагнал гардуулах ёслолоос эмэгтэй жүжигчид болон номоос сэдэвлэсэн бүтээлүүд гол шагналуудыг нь "түүсэн" харагдлаа.

Emmy Awards 2017 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 1)

Тус наадмын хамгийн гол шагнал болох "Оны шилдэг телевизийн цуврал"-ыг зохиолч Маргарет Этвудын ижил нэртэй номоос сэдэвлэсэн "The Handmaid's Tale" цуврал хүртсэн байна. Энэхүү цувралын үйл явдалд цэргийн дарангуйлал бий болсон, эрчүүдийн эрх барьдаг Гилеад гэх зохиомол улсын тухай гардаг. Энэ ертөнцөд эмэгтэйчүүд дуугарах ч эрхгүй ба зөвхөн нөхөн үржих цорын ганц үүрэгтэй байдаг. Уг цувралын гол дүрийн жүжигчин Элизабет Мосс телевизийн цувралын "Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин" болсон байгаа.

Энэ үдэш нийт таван шагнал хүртэж маш том амжилт гаргасан бас нэгэн бүтээл бол "Big Little Lies" цуврал юм. Николь Кидман, Риз Уидерспун, Шейлин Вудли нарын тоглосон энэхүү олон ангит кино нь "Шилдэг мини цуврал" төрөлд ялалт байгуулсан байгаа. Түүнчлэн Николь Кидман мини цуврал төрөлд "шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн юм. Австралийн зохиолч Лиана Мориартигийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн энэхүү олон ангит киноны үйл явдалд нэгэн жижиг хотод амьдардаг гурван бүсгүйн тухай өгүүлдэг. Маш амар амгалан уг хотод нэгэн учир битүүлэг хүн амины хэрэг гардаг бөгөөд үзэгчид тэдгээр бүсгүйчүүд тус аллагатай хэрхэн холбогдож байгаа талаар олж мэдэх хэрэгтэй болно.

Emmy Awards 2017 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 2)

Сонирхуулахад Childish Gambino нэрээрээ алдартай уран бүтээлч Дональд Гловер 69 дэх удаагийн Emmy Awards-аас өөрийн бүтээсэн "Atlanta" цувралаар "Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин", "Инээдмийн цувралын шилдэг найруулагч" гэсэн хоёр шагнал хүртсэн юм.

Та 69 дэх удаагийн Emmy Awards шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид ба ялагчдын бүрэн жагсаалтыг эндээс хараарай.

цааш үзэх