Хайх

Энэ намар нээлтээ хийх цоо шинэ долоон цуврал

Энэ намар нээлтээ хийх цоо шинэ долоон цуврал

Жим Керригийн шинэ дүр, Сабрина шулмын адал явдлын үргэлжлэл гээд яасан ч алгасч болохгүй энэ намрын шинэ бүтээлүүд

Text: Г.Тэмүүлэн


"Kidding"

Хэзээ: Есдүгээр сарын 9

Хэсэг хугацааны турш олон нийтийн анхаарлын төвөөс хол байсан Жим Керри найруулагч Мишель Гондригийн шинэ цувралаар Холливүүдэд эргэн ирлээ. Жим Керри "Kidding" нэртэй утга уянгын инээдмийн кинонд Жефф гэх хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчийн дүрд тоглосон байна. Жефф бүхий л амьдралынхаа турш хүүхдүүдэд сэтгэлээр унахгүй байж, амьдралд өөдрөг хандахыг заах авч тэрээр өөрийн гэр бүлд үүссэн асуудлаа шийдвэрлэж чадахгүй байдалд хүрнэ. "Eternal Sunshine of the Spotless Mind" киног бүтээсэн Францын алдарт найруулагчийн "Kidding" цуврал Showtime сувгаар есдүгээр сарын 9-нд цацагдах болно.

"The First"

Хэзээ: Есдүгээр сарын 14

Энэхүү цуврал нь жүжигчин Шон Пеннийн удаан хугацааны дараах анхны телевизийн дүр болж байна. Hulu тавцан ба Их Британийн Channel4 телевизийн хамтран бүтээсэн уг цувралд Ангараг гарагийг колоничлох гэж буй анхны хүмүүс ба Дэлхий дээр үлдэж байгаа тэдний гэр бүлийн тухай өгүүлнэ.

"Maniac"

Хэзээ: Есдүгээр сарын 21

Яг одоо хамгийн их хүлээлт үүсгэж, шуугиан тарьж байгаа Netflix-ийн ээлжит бүтээл "Maniac" инээдмийн цуврал нь 2014 онд нээлтээ хийж байсан Норвегийн олон ангит киноноос сэдэвлэгдсэн байгаа. "True Detective" цувралаар алдаршсан найруулагч Кэри Фукунавагийн уг бүтээлд Оскарын шагналт жүжигчин Эмма Стоун ба Оскарын шагналд нэр дэвшсэн Жона Хилл нар гол дүрд нь тогложээ. Цувралын үйл явдалд найз залуугаасаа салаад удаагүй байгаа Энни Лендсберг ба сэтгэцийн эмгэгтэй Оуэн Милгрим нар нэгэн учир битүүлэг эмнэлгийн туршилтад оролцохоор шийддэг. Туршилтын хүрээнд тэд бүх төрлийн сэтгэлийн шархыг анагаах "ид шидтэй" эмийг уух болно. Гэхдээ хэн ч тэдэнд эмийн гаж нөлөөний талаар ам нээдэггүй.

"The Romanoffs"

Хэзээ: Аравдугаар сарын 12

1960-аад оны хамгийн шилдэг маркетингийн мэргэжилтнүүдийн тухай "Mad Men" цувралыг бүтээсэн Мэттью Вайнер Amazon Prime-д зориулж найман ангитай цуврал хийжээ. Уг цувралд орчин үед амьдарч буй бүлэг хүмүүс өөрсдийгөө Большевикуудад хүйс тэмтрүүлсэн Оросын хааны гэр бүл Романовынхны үр удам хэмээн зарлаж буйгаар үйл явдал эхэлдэг. Гол дүрд Изабель Юппер, Кристина Хендрикс, Дайан Лэйн нар тоглосон байна.

"The Chilling Adventures of Sabrina"

Хэзээ: Аравдугаар сарын 26

Анх 1990-ээд онд дэлгэцнээ гардаг байсан Сабрина гэх өсвөр насны шулам охины тухай алдарт телевизийн шоуг Netflix дахин амилуулж байна. Гэхдээ энэ удаад тус кино нь тийм ч гэгээлэг үйл явдалтай байхгүй бололтой. Энэ удаад хагас хүн, хагас шулам гаралтай Сабрина охин аймшигтай зүйлсээс гэр бүл болон хүн төрөлхтний ертөнцийг хамгаалах хэрэг гарна. Шинэ Сабринагийн дүрд Холливүүдийн залуу од Кирнан Шипка тоглосон бол цувралыг "Riverdale"-ийг бүтээсэн Роберто Агирре-Сакаса хийсэн байна.

"Camping"

Хэзээ: Аравдугаар сарын 14

Алдарт "Girls" цувралын шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгахад Лина Данэм HBO-д зориулан бас нэгэн инээдмийн цувралыг бүтээсэн байна. Киноны үйл явдалд бүх зүйлийг хяналтандаа авахыг хүсдэг Кэтрин гэх бүсгүй нөхрийнхөө 45 насны төрсөн өдөрт зориулж үдэшлэг зохион байгуулахаар төлөвлөдөг. Мэдээж хэрэг инээдмийн киноны уламжлал ёсоор бүх зүйл хэзээ ч төлөвлөгөөний дагуу явахгүй тул нөхцөл байдлыг бүрэн хяналтандаа байлгадаг хүнд энэ нь жинхэнэ гамшиг болж хувирна. Анхандаа энэхүү цуврал нь хөгжилтэй, хошин явдлуудаар дүүрэн мэт санагдаж болох ч үүний цаана сэтгэл зүйн асуудлыг хөндсөн чухал сэдэв агуулагдаж байгаа юм. "Camping" цувралын гол дүрд жүжигчин Женнифер Гарнер ба Дэвид Теннант нар тоглосон нь HBO-гийн шинэ бүтээлийг үзэх хангалттай шалтгаан болно.

"Homecoming"

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 2

Холливүүдийн супер од телевизийн салбар луу "урвасан" бас нэг жишээг бид Жулия Робертсын тоглосон энэ цувралаар харж байна. "Homecoming" нэртэй сэтгэл зүйн триллер цувралд засгийн газрын нууц албанд зүтгэж байсан хуучин нийгмийн ажилтан бүсгүй дайны дараа сэтгэл санааны хямралд орсон цэргүүдэд хэвийн амьдралдаа эргэн ороход нь тусалж байгаа тухай гарна. Мөн тэрээр ямар шалтгааны улмаас ажлаасаа гарч, төрөлх хотдоо эргэн ирэн, энгийн нэг зөөгчийн ажил хийх болсныг бид үйл явдлаас олж мэднэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх