Хайх

Энэ намар юу үзэх вэ: Өндөр хүлээлттэй 12 кино

Энэ намар юу үзэх вэ: Өндөр хүлээлттэй 12 кино

Намрын гунигийг давж гарахад тусална

Text: Г.Тэмүүлэн


Энэ зуны хамгийн том блокбастерууд нээлтээ хийж дууссан ч кино ертөнцийн "амьдрал" дөнгөж өрнөж эхэлж байна. Олон улсын кино наадмуудад нэр дэвших магадлалтай кинонууд, хүмүүсийн хүсэн хүлээсэн франчайзын үргэлжлэлүүд, бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээлүүд намар нээлтээ хийж, бидэнд ер бусын түүхүүдийг өгүүлсээр байх болно. Адал явдалт, инээдмийн, уран зөгнөлт, утга уянгын, намтарчилсан гэх зэрэг төрөл бүрийн жанрын кинонууд энэ намар таныг огт уйдаахгүй гэдэгт бид итгэлтэй байна. 

The Predator

Хэзээ: 2018 оны есдүгээр сарын 14

1987 оноос хойш гарч буй алдарт "The Predator" франчайзын дөрөв дэх анги тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Кинонд нэгэн жаал хүү санамсаргүйгээр маш аюултай мангасыг Дэлхийд эргэн авчрах механизмыг ажиллуулснаар үйл явдал эхэлнэ. Гэхдээ энэ удаад мангасуудын генд өөрчлөлт оруулж идэвхжүүлснээр тэд өмнөхөөсөө илүү аюултай болсон байдаг. Харин тэдний эсрэг эрдэмтэд болон тусгай ажилтнууд тэмцэх болно. "The Predator" киног анхны ангид дүр бүтээж байсан жүжигчин Шэйн Блэк найруулахаар болсон бол Бойд Холбрук, Оливия Манн, Ивонн Страковски, Жейкоб Трамбле нар гол дүрүүдэд тогложээ.

Robin Hood

Хэзээ: 2018 оны есдүгээр сарын 21

Английн домогт гардаг ард түмний баатар Робин Худын адал явдлыг Холливүүд хэзээ ч зүгээр орхихгүй бололтой. Гэхдээ энэ удаад жүжигчдийн баг эрс шинэчлэгдэж Тарон Эгертон, Жейми Фокс, Бен Мендельсон, Жейми Дорнан нар гол дүрд нь тоглосон байгаа. Киноны үйл явдалд Робин Худ ба түүний хамсаатнууд Ноттингхем хот хээл хахуульд баригдсан байгааг олж мэдэн, үүний эсрэг тууштай тэмцэхээр шийддэг.

The House with a Clock in Its Walls

Хэзээ: 2018 оны есдүгээр сарын 21

Анх 1973 онд хэвлэгдэн гарсан даруйдаа New York Times болон бусад олон шагналыг хүртсэн Жон Беллэрсийн алдарт The House with a Clock in Its Walls гэх готик зохиолыг найруулагч Элай Рот дэлгэцнээ амилуулж байна. Ид шид, адал явдлаар дүүрэн энэхүү кинонд Льюис гэх бяцхан өнчин хүү ер бусын чадвартай авга ах болон түүний сайн найз шулам эмэгтэй нартай хамт амьдрахаар болдог. Мөн тэд хамтдаа авга ахынхаа байшингийн хананд нуугдаж буй дэлхийг сөнөөх хүчтэй цагийг олж устгах хүндхэн даалгавартай тулгарна. Хүүгийн (Оуэн Ваккаро) сайхан сэтгэлтэй ид шидтэн авга ахын дүрд Жек Блэк, харин түүний найз шулмын дүрд Кейт Бланшетт нар тоглосон байна.

Johnny English Strikes Again

Хэзээ: 2018 оны есдүгээр сарын 21

Их Британийн хамгийн шилдэг бас хөгжилтэй тагнуулч Жонни Инглиш эргэн ирлээ! Их Британи цахим дайралтанд өртөж, бүх нууц тагнуулуудын жинхэнэ төрх илэрснээр тэтгэвэрт гарсан Жонни Инглишд сүүлчийн найдвараа тавихаас өөр сонголт засгийн газарт үлддэггүй. Киноны гол дүрд Роуэн Аткинсоноос гадна Ольга Куриленко, Бен Миллер нар тоглосон байна.

Venom

Хэзээ: 2018 оны аравдугаар сарын 5

Marvel студийн хамгийн аймшигтай хорон санаатнуудын нэг Веномын тухай өгүүлэх бүрэн хэмжээний кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Том Харди гол дүрийг нь бүтээсэн энэхүү кинонд Эдди Брок гэх сэтгүүлч нэгэн сэжиг бүхий олон улсын корпорацын үйл ажиллагааг илчлэх гэж явахдаа жинхэнэ хар дарсан зүүдтэй учирдаг. Түүний биед харь гарагийн симбиотик бие махбод шилжин орсноор сэтгүүлч залуу аймшигт мангас болон хувирна.

А Star Is Born

Хэзээ: 2018 оны аравдугаар сарын 5

Жүжигчин Брэдли Куперын найруулсан анхны бүтээл "A Star Is Born" кинонд архинд донтсон кантри дуучин олонд танигдаагүй залуу авьяаслаг дуучин бүсгүйд нэр алдарт хүрэхэд нь тусалж байгаа тухай өгүүлдэг. Хайр дурлал, хөгжмийн ертөнц, амжилтанд хүрэх замыг маш дэлгэрэнгүй харуулсан энэхүү утга уянгын мюзиклд Брэдли Купер ба Леди Гага нар тоглосон бөгөөд дуучин бүсгүй кинонд зориулж хэд, хэдэн дуу зохиосон байна. Мөн бид уг киноноос Брэдли Куперын дуулах авьяасыг олж харах болно.

First Man

Хэзээ: 2018 оны аравдугаар сарын 12

Алдарт "La La Land" киноны найруулагч Оскарын шагналт Дэмьен Шазеллын энэхүү ээлжит бүтээл нь Саран дээр хөл тавьсан анхны хүн гэдгээрээ түүхэнд нэрээ мөнхөлсөн, сансрын нисгэгч Нил Армстронгийн тухай өгүүлнэ. Зохиолч Жеймс Р.Хэнсений номоос сэдэвлэсэн "First Man" кинонд Райан Гослинг, Клэр Фой нар тогложээ.

The Nutcracker and the Four Realms

Хэзээ: 2018 оны арваннэгдүгээр сарын 2

"The Nutcracker and the Four Realms" буюу "Цөмөөхэй ба Дөрвөн вант улс" кино нь Гофманы "Цөмөөхэй ба Хулганы хаан" үлгэр болон П.И.Чайковскийн "Цөмөөхэй" бүжгэн жүжгээс сэдэвлэгдсэн байна. Disney кино компанийн бүтээсэн энэхүү киноны үйл явдалд Клара охин (Маккензи Фой) Цасны Вант улс, Цэцэгсийн Вант Улс ба Амттаны Вант Улс гэх үлгэрийн хаант улсуудаар аялж, Кира Найтлигийн тоглосон шидэт дагинатай учрах болно. Харин дөрөв дэх Вант улсад Клара Хулганы хаантай тэмцэж, Цөмөөхэйтэй танилцах юм.

Bohemian Rhapsody

Хэзээ: 2018 оны арваннэгдүгээр сарын 2

Домогт Queen хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюригийн эмгэнэлт амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү намтарчилсан киног Брайан Сингер найруулсан бөгөөд гол дүрд жүжигчин Рами Малек тоглосон байна. Тус хамтлагийн хамгийн алдартай дууны нэрээр нэрлэгдсэн уг киноны үйл явдал 1985 онд Уимбли цэнгэлдэх хүрээлэнд болсон "Live Aid" тоглолтын эргэн тойронд төвлөрөх болно.

Boy Erased

Хэзээ: 2018 оны арваннэгдүгээр сарын 2

Бодит явдлаас сэдэвлэсэн энэхүү кинонд нэгэн жижиг хотод оршин суудаг санваартны гэр бүлийн адармаатай түүхийг өгүүлнэ. Хуучинсаг үзэлтэй санваартны хүү эцэг эхдээ ижил хүйстэн болохоо хэлэхэд тэд түүнийг ижил хүйстнүүдийг засан хүмүүжүүлэх хөтөлбөрт хамруулдаг. Уг киноноос бид хувь хүний дотоод зөрчилдөөн, гэр бүлийн харилцаа мөн Рассел Кроу ба Николь Кидман нарын гайхалтай жүжиглэлтийг харах болно.

The Girl in the Spider's Web

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 9

"Луун шивээст охин"-ы дараагийн анги болох "Аалзны торонд орооцолдсон охин" киног Шведийн зохиолч Давид Лагеркранцын ижил нэртэй номоос сэдэвлэн бүтээсэн байгаа. Киноны гол баатар Лисбет Саландер гэх хакер бүсгүйн дүрд "The Crown" цувралд хатан хаан II Элизабетийн дүрийг чадварлагаар бүтээсэн жүжигчин Клэр Фой тоглосон гэдгээрээ онцлогтой. Энэ удаад Лисбетэд цахим гэмт хэрэгтнүүд, хээл хахуульд идэгдсэн төрийн ажилтнуудын эсрэг зогсох хэрэг гарна.

Fantastic Beasts: The Crimes of Grindelwald

Хэзээ: 2018 оны арваннэгдүгээр сарын 16

Эдди Редмэйн, Жонни Депп, Жуд Лоу зэрэг супер одуудаас бүрдсэн жүжигчдийн багтай, Жоан Роулингийн ээлжит бүтээлийг хүн бүр тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хогвартс шидтэнүүдийн сургууль, залуу Альбус Дамблдор, хорон санаат хүчирхэг шидтэн Геллерт Гриндевальд, мөн мэдээж хэрэг амьтан судлаач Ньют Скамандер ба түүний найзуудын адал явдал таныг ид шидийн ертөнцөд автуулах болно.

цааш үзэх