Хайх

Энэ улирлын хамгийн гол супер баатруудтай кино: “Justice League” киноны талаарх таны мэдэх ёстой бүх зүйлс

Wonder Woman болон бусад баатрууд дайснуудын эсрэг

Text: Бюро 24/7

Маргааш Улаанбаатар хотод DC Comics ба Warner Bros. кино компанийн бүтээсэн "Justice League" блокбастер кино албан ёсоор нээлтээ хийнэ. Энэхүү кино нь нэг дор Wonder Woman, Бэтмен, Супермен болон бусад алдартай супер баатруудыг нэгтгэж буйгаараа онцлог юм. Тэгвэл Бюро 24/7 "Justice League"-ийг үзэхээсээ өмнө тус киноны талаар юу мэдэх хэрэгтэйг хуваалцаж байна.

"Justice League" юуны тухай вэ? Киноны үйл явдал Супермен таалал төгссөнөөс хэсэг хугацааны дараа өрнөнө. Дэлхий ертөнц ямар ч хамгаалалтгүй болсныг олж мэдсэн Steppenwolf гэх харь гарагийн хорон санаатан бусад чөтгөрүүдийн армитай хамтран довтлох болно. Гэхдээ дэлхийг сүйрүүлэхийн тулд тэдэнд ер бусын чадвартай "Mother Box" гэх гурван ширхэг эртний хайрцгийг олох хэрэг гардаг. Хэрэв эдгээр гурван хайрцгийг бүгдийг нь олсон тохиолдолд дэлхий анх байсан хэвэндээ эргэн орж, харин хүн төрөлхтөн Steppenwolf-ийн армид хүчин зүтгэх болно. Тэгвэл харь гарагийн хорон санаатнуудын эсрэг тэмцэхээр Бэтмен, Wonder Woman нар супер баатруудыг цуглуулж өөрсдийн гэсэн баг бүрдүүлэх хэрэг гарна.

"Justice League" кинон дээр Зак Снайдер, Жосс Уидон гэх гикүүдийн хоёр ч шүтээн ажилласан. Анхнаасаа "Justice League" киног "300", "Man of Steel", "Batman v Superman: Dawn of Justice" киног бүтээсэн Зак Снайдер найруулж байсан юм. Гэвч түүний охин харамсалтайгаар таалал төгссөний дараа найруулагч зураг авалтын багийг орхиж, өөрийн ажлыг "Avangers" киноны хоёр ангийг хийсэн Жосс Уидонд шилжүүлсэн билээ. Энэ дашрамд хэлэхэд "Avangers: Age of Ultron" киноны дараа Уидон маш их шүүмжлэлд өртөж, цаашид тус франчайзыг найруулахаа больсон юм. Энэ явдлын дараа Warner Bros. кино компани түүнд "Batgirl" киног бүтээх санал тавьж, харин дараа нь Снайдерын эхлүүлсэн ажлыг гүйцээхээр түүнийг томилсон байна. Зарим нэг цуурхлаас харахад Жосс Уидон анхны хувилбарын бараг 20%-ийг нь дахин шинэчилж, илүү их хошигнол нэмсэн гэжээ. Мэдээж хэрэг нэмэлт зураг авалтанд зориулж кино студи нэлээд их хэмжээний мөнгө төлсөн нь ойлгомжтой. Ингээд ч зогсохгүй Уидонд өөр төслүүд дээр ажиллаж байсан жүжигчдийг эргүүлэн авчрах хэрэг гарсан юм. Жишээ нь Супермены дүрийг бүтээсэн жүжигчин Хенри Кавилл тухайн үед "Mission impossible" киноны шинэ ангийн зураг авалтанд оролцож байсан бөгөөд гэрээний нөхцлийн дагуу сахал ургуулсан байжээ. Тиймээс "Justice League"-д тоглохын тулд тэрээр компьютер графикийн тусламжтайгаар сахлаа "хуссан" байна. Хамгийн хөгжилтэй нь Хенри Кавиллын энэ түүх цахим ертөнцөд мим зургуудын давлагаа үүсгээд амжсан юм.

Энэ улирлын хамгийн гол супер баатруудтай кино: “Justice League” киноны талаарх таны мэдэх ёстой бүх зүйлс (фото 1)

Хэт задгай хувцаслалт. Саяхан тус киноны костюмтой холбоотой бас нэгэн шуугиан дэгдсэн байгаа. Тодруулбал киноны шүтэн бишрэгчид амазон бүсгүйчүүдийн хувцаслалт "Wonder Women" кинотой харьцуулбал, илүү задгай болсныг шүүмжлээд авсан. Гэхдээ мэдээж тэдний энэ шүүмжлэл юунд ч хүрээгүй юм. Учир нь тэдний ундууцлаас болж "Justice League"-ийн зураг авалтыг дахин хийхгүй нь тодорхой.

Кино шүүмжлэгчдийн үнэлгээ өнөөдөр шөнө гарна. Warner Bros. кино компанийн гуйлтаар Rotten Tomatoes вебсайт үнэлгээгээ олон нийтэд зарлахаа бага зэрэг хойшлуулсан байгаа. Ямартаа ч энэ нь хэд, хэдэн шалтгаанаар нэлээд сэжигтэй харагдаж байгаа юм. Яагаад гэвэл Rotten Tomatoes вебсайтын толгой компани болох Fandango гэх тасалбар борлуулдаг компаниас Warner Bros. студи хувь эзэмшдэг байгаа. Тиймээс үзэгчид энэхүү сонирхлын зөрчилдөөнийг шууд л олж харсан байна. Үүнээс гадна, киноны продюсерууд киноны рейтинг, кино театруудаас олох нийт орлогод хэрхэн нөлөөлөх бол гэж одоо хүртэл санаа нь зовниж байгаа. Гэхдээ мэдээж кино шүүмжлэгчдийн "Man of Steel" (55%), "Batman v Superman: Dawn of Justice" (27%), "Suicide Squad" (26%) кинонуудад өгсөн үнэлгээ эдгээр бүтээлүүдийн орлогод хэрхэн нөлөөлснийг тооцож үзвэл, тэдний санаа зовних нь аргагүй юм. Одоогоор Warner Bros. студийн бүтээсэн "Wonder Woman" кино л ганцаараа хамгийн өндөр үнэлгээ авч чадсан байгаа (92%). Мөн энэ киноны толгой эргэм амжилтын дараа тус студи Wonder Woman-ы бүхэл бүтэн кино ертөнц бүтээхээр төлөвлөсөн байна.

Ямартаа ч "Justice League" киноны талаар одоо аль хэдийнэ шүүмжүүд цацагдаад эхэлжээ. Мэдээж Wonder Woman-ы оролцоо киноны үнэлгээнд сайнаар нөлөөлсөн ч ерөнхийдөө "Justice League" тийм ч сайн дүн авч чадсангүй. Кино шүүмжлэгчид энэ удаад Warner Bros.-ын бүтээл "Batman v Superman: Dawn of Justice" -аас арай дээр болсон гэж үзэж байна. Гэхдээ тэд киноны баатрууд, үйл явдлууд сул байгаа гэдгийг онцоллоо. Сонирхуулахад Marvel студи өөрсдийн бүх супер баатруудыг танилцуулахын тулд маш олон арван жилийг зарцуулсан юм. Тэд бараг л өөрсдийн супер баатар бүрт зориулж тусад нь кино бүтээдэг билээ. Тэгвэл DC Comics өөрсдийн баатруудыг бүгдийг нь нэг кинонд багтаах оролдлого ийнхүү гаргаж байна.

Энэ улирлын хамгийн гол супер баатруудтай кино: “Justice League” киноны талаарх таны мэдэх ёстой бүх зүйлс (фото 2)

Кино дууссаны дараа нэмэлт хэсэг гарна. Marvel-ын кинонуудын адилаар "Justice League" кино дууссаны дараа нэмэлт хэсгүүд гарах болно. Мэдээж хэрэг хошигнолоос гадна дараагийн кинонд гарах хорон санаатан кино дууссаны дараа танилцуулагдана. Тиймээс та тэвчээртэй хүлээж, нэмэлт хэсгүүдийг үзээрэй.

  • Зураг:
Цааш үзэх