Хайх

Энэ өвөл заавал үзэх ёстой 15 кино

Энэ өвөл заавал үзэх ёстой 15 кино

2016-2017 онд нээлтээ хийх

Text: Г.Тэмүүлэн


Өвлийн улиралд Венеци, Каннын кино наадамд нээлтээ хийсэн, Оскарын наадамд нэр дэвших магадлалтай, box office-ыг тэргүүлэхүйц болон өндөр өртгөөр бүтсэн гээд хамгийн чухал кинонууд гарч эхэлдэг. Ингээд Бюро 24/7 энэ өвөл нээлтээ хийх, заавал үзэх ёстой кино жагсаалтыг хүргэж байна

Jackie

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 2

Энэ өвөл заавал үзэх ёстой кино жагсаалтыг Натали Портманы тоглосон "Jackie" киногоор эхлүүлж байна. Кинонд АНУ-ын 35 дах ерөнхийлөгч Жон Ф. Кеннедийг хөнөөсөн аллага болон энэхүү эмгэнэлт үйл явдлын дараа түүний гэргий Жаклин Кеннедигийн амьдрал хэрхэн үргэлжилсэн тухай гарна. "Jackie" Венецийн кино наадам, Торонтогийн кино наадам болон Hollywood Film Awards шагнал гардуулах ёслолуудаас хэд, хэдэн шагнал хүртээд амжсан. Мөн кино шүүмжлэгчид Натали Портманыг Жаклин Кеннедигийн дүрээр Оскарын шагнал авах өндөр магадлалтай гэж үзэж байна.

La La Land

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 9

Венецийн кино наадмыг нээсэн Дэмьен Шазеллын "La La Land" романтик мюзикл кино нь энэ жилийн Торонтогийн кино наадмаас үзэгчдийн шагналыг хүртсэн байгаа. Киноны үйл явдалд хэнд ч танигдаагүй жазз хөгжимчин залуу, жүжигчин бүсгүй хоёрын хайр дурлалын тухай өгүүлнэ. Гол дүрд Райан Гослинг, Эмма Стоун болон Оскарын шагналт жүжигчин Ж.К Симмонс, дуучин Жон Леженд нар тоглодог.

Rogue One: A Star Wars Story

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 16

Гарет Эдвардсын найруулсан энэхүү кино нь "Оддын дайн"-ы дөрөвдүгээр ангийн өмнөх үйл явдлыг үзүүлнэ. Кинонд Галактикийн эзэнт гүрэн гараг ертөнцийг устгах чадвартай Death Star хэмээх супер зэвсэг бүтээснийг Эсэргүүцлийн бүлгийнхэн мэдээд, тэрхүү зэвсгийн схемийг нь олж илрүүлэх тусгай баг явуулна. "Rogue One: A Star Wars Story" киноны гол дүрд Фелисити Жонс, Диего Луна нар тогложээ.

Collateral Beauty

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 16

"Collateral Beauty"-гийн жүжигчдийн баг тус киног үзэх хангалттай шалтгаан болж байна. Уилл Смит, Эдвард Нортон, Кира Найтли, Кейт Уинслет, Хелен Миррен зэрэг алдартай жүжигчид тоглосон энэхүү утга уянгын киног алдарт "The Devil Wears Prada" киног хийсэн Оскарын шагналт найруулагч Дэвид Френкель найруулжээ. "Collateral Beauty" киноны үйл явдалд Нью-Йорк хотод амьдардаг Ховард (Уилл Смит) гэдэг залуу амьдралд нь тохиолдсон эмгэнэлт үйл явдлын дараа сэтгэлийн гүн хямралд ордог бөгөөд найзууд нь Ховардад туслахаар төлөвлөгөө боловсруулна.

Passengers

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 21

Сансрын хөлөг дээр ирэх 90 жилийг хоёулахнаа өнгөрөөх болвол та яах вэ? "The Imitation Game" киноны найруулагч Мортен Тильдумын бүтээсэн "Passengers" уран зөгнөлт кинонд яг ийм үйл явдал гарна. Хүн төрөлхтөн шинэ гараг дээр амьдрах ёстой болсон бөгөөд аяллын туршид зорчигчид хиймэл нойронд автсан байна. Гэвч ямар нэг алдаа гарсны улмаас хоёр хүн хүрэх ёстой газраа очихоос 90 жилийн өмнө сэрдэг. Киноны гол дүрд Женнифер Лоуренс, Крис Пратт нар тоглосон байгаа.

Hidden Figures

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 25

"Hidden Figures" киноны үйл явдалд 1960-аад онд NASA-д ажиллаж байсан африк, америк эмэгтэйчүүдийн бодит түүхийг харуулдаг. Эдгээр эмэгтэй математикчдын тусламжтай АНУ-ын мэргэжилтнүүд сансарт нисэх анхны даалгавраа амжилттай биелүүлсэн юм. Киноны гол дүрийг Таражи П. Хенсон, Октавия Спенсер болон дуучин Жанел Моне нар бүтээжээ. Харин киноны хөгжмийг алдарт хөгжмийн зохиолч Ханс Зиммер зохиосон байна.

Gold

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 25

Юуны өмнө Мэттью Макконахи энэ кинонд тоглохын тулд 20 кг жин нэмж, танигдахын аргагүй өөрчлөгдсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Стивен Гааны найруулсан уг киноны үйл явдалд азгүй бизнесмен залуу нэгэн геологичтой нэгдэн Индонезийн ширэнгэн ой руу алтны эрэлд гарна. Мэттью Макконахигаас гадна энэ кинонд Эдгар Рамирес, Брайс Даллас Ховард нар тогложээ.

Paterson

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 28

Жим Жармушийн "Paterson" кино өнгөрсөн тавдугаар сард 69 дэх удаагийн Каннын кино наадам дээр танилцуулагдаж, "Palm d'Or" буюу "Golden Palm" шагналд нэр дэвшсэн юм. Киноны үйл явдалд Патерсон гэх автобусны жолооч, яруу найрагчийн амьдралыг харуулдаг. Кино шүүмжлэгчид "Paterson"-ыг Жим Жармушийн урын санд байгаа хамгийн сайн бүтээлүүдийн нэг болсон гэж тодорхойлжээ.

Toni Erdmann

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 25

Мөн л өнгөрсөн тавдугаар сард Каннын кино наадам дээр танилцуулагдаж, шуугиан тарьсан кино юм. Германы найруулагч Марен Адегийн бүтээсэн энэхүү инээдмийн киног Каннын кино наадмын гол шагнал болох "Palm d'Or"-ыг хүртэнэ гэдэгт шүүгчдээс бусад бараг бүх хүн итгэлтэй байсан байх. Гэвч Жорж Миллерээр ахлуулсан шүүгчдийн баг харьцангуй энгийн кинонд тэрхүү шагналыг өгч, хүмүүсийн дургүйцлийг төрүүлээд авсан. Ямартаа ч одоо танд маш чадварлаг хийгдсэн, кино урлагийн салбарын хамгийн сайн бүтээлүүдийн нэгийг үзэх боломж гарч ирж байна.

Split

Хэзээ: Нэгдүгээр сарын 20

"The Sixth Sense" киноны зохиолч, найруулагч М. Найт Шьямаланы бүтээсэн "Split" гэх сэтгэлзүйн триллер кинонд "бие хүн хуваагдах эмгэг"-тэй Кевин (Жеймс Макэвой) гэдэг аюултай залуугийн тухай гарна. Кевиний дотор дор хаяж 23 өөр хүн оршдог бөгөөд тэрээр гурван өсвөр насны охиныг хулгайлдаг. Нэгэн зэрэг ахимаг насны эмэгтэй, найман настай хүү гээд 23 хүний дүрийг бүтээж буй Жеймс Макэвойг харахыг хүсвэл энэ киног үзээрэй.

A Dog's Purpose

Хэзээ: Нэгдүгээр сарын 27

Зохиолч Брюс Камероны бичсэн, New York Times-ын бестселлер номын жагсаалтыг 52 долоо хоногийн турш тэргүүлсэн "A Dog's Purpose" романаар Оскарын шагналд гурван удаа нэр дэвшсэн найруулагч Лассе Халльстрем  кино хийжээ. Түүнийг бид "Хачико" киногоор нь илүү сайн мэддэг билээ. Киноны үйл явдалд нэгэн нохойны амьдралын утга учрыг түүний өнцгөөс харуулдаг. Хэдийгээр тэр хэд, хэдэн удаа дахин төрж янз бүрийн эзэнтэй болсон ч тэр болгонд эзэндээ үнэнч байж, аз жаргалыг авчирна. "A Dog's Purpose" киноны зохиолчид зарим хүмүүст ч байдаггүй мэдрэмжийг нохой мэдэрч чаддаг гэдгийг харуулахыг хичээжээ.

The Lego Batman Movie

Хэзээ: Хоёрдугаар сарын 10

Warner Animation Group-ын хийсэн энэхүү супер баатартай, инээдмийн 3D анимэйшн кино нь "The Lego Movie"-гийн дараагийн анги юм. Киноны үйл явдалд Готэм хотын гэмт хэрэгтнүүдтэй Batman буюу Брюс Уэйн тэмцээд зогсохгүй, үрчилж авсан хүүгээ өсгөх хэрэг гарна. Уилл Арнетт, Зак Галифианакис, Майкл Сера, Розарио Доусон, Мэрайя Кэри нар тус киноны дууг оруулсан байгаа.

Fifty Shades Darker

Хэзээ: Хоёрдугаар сарын 10

Английн зохиолч Э. Л. Жеймсийн ижил нэртэй эротик зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Fifty Shades Darker" кино нь "Fifty Shades of Grey" киноны үргэлжлэл юм. Үйл явдалд Анастейша Стил бүсгүй Кристиан Грейг мартахыг хичээнэ. Харин Кристиан Грей Анастейшаг эргүүлэн авахыг оролдох боловч түүний хуучин амьдрал тэдэнд садаа болно. Киноны гол дүрд Дакота Жонсон, Жейми Дорнан болон Ким Бейсингер нар тогложээ.

The Great Wall

Хэзээ: Хоёрдугаар сарын 17

Юуны түрүүнд "Цагаан хэрэм" гэдэг энэ кинонд монголчууд гарахгүй гэдгийг дурдах хэрэгтэй. Харин Жан Имоугийн бүтээсэн энэхүү уран сайхны адал явдалт кинонд хятадын эртний домогт гардаг Таоте гэдэг мангаснууд гардаг бөгөөд Мэтт Дэймоноор ахлуулсын хятадын армитай тулалдана.

Tulip Fever

Хэзээ: Хоёрдугаар сарын 24

Английн зохиолч Дебора Моггакийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь өнгөрсөн долоодугаар сард нээлтээ хийх байсан ч хойшлогдож, энэ өвөл гарах болсон юм. Киноны үйл явдал Голландад, XVII зууны эхэн үед буюу "Алтан зул цэцгийн үед" өрнөнө. Нэгэн зураач залуу нөхөрт гарсан залуу бүсгүйн хөргийг бүтээхээр хөлслөгддөг бөгөөд тэрээр бүсгүйд ухаангүй дурласнаар үйл явдал үргэлжлэнэ. Жастин Чадвикийн найруулсан "Tulip Fever" киноны гол дүрд Алисия Викандер, Дейн ДеХаан, Кристоф Вальц нар тоглосон байна.

цааш үзэх