Хайх

Энэ зуны онцлох 16 кино

Энэ зуны онцлох 16 кино

Заавал үзэх

Text: Г.Тэмүүлэн


Бид өнгөрсөн хаврын хамгийн их хүлээлттэй байгаа кино жагсаалтыг та бүхэнд хүргэж байсан билээ. Тэгвэл зуны улирал аль хэдийнэ ирсэн тул ирэх гурван сарын хугацаанд нээлтээ хийх хамгийн чухал кинонуудыг танилцуулж байна

"The Angry Birds Movie"

Хэзээ: Тавдугаар сарын 20-нд

Ижил нэртэй видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн энэхүү 3D анимэйшн хүүхэлдэйн кинонд Жейсон Судэйкис, Жош Гад, Дэнни Макбрайд нар дуу оруулсан бөгөөд Клей Кейтис, Фергал Рейли нар найруулсан байна. Харин хүүхэлдэйн киноны үйл явдалд анх яагаад шувуунууд уурласан болон шувуу болон гайхайнуудын тэмцэл хэрхэн эхэлсэн талаар өгүүлэх тул хүн бүрт сонирхолтой байх болов уу.

"Neighbors 2: Sorority Rising"

Хэзээ: Тавдугаар сарын 20-нд

Энэ удаа Мак болон Келли Раднер нар бүр ч хэцүү хөршүүдтэй болжээ. Өнгөрсөн удаа тэд коллежийн ах дүүсийн нийгэмлэгтэй нүүр тулсан бол энэ удаа тэд бүр ч хэцүү охидын бүлэгтэй тэмцэх хэрэг гарна. Мөн хосууд үүнээс болж тэдний дайсан болох Тэддигийн (Зак Эфрон) тусламжийг авахад хүрдэг. Харин "Neighbors 2: Sorority Rising" киноны найруулагчаар мөн л Николас Столлер ажиллажээ. Жүжигчдийн хувьд Сэт Роген, Роуз Байрн, Зак Эфрон нар дээр Клоуи Грейс Морец болон Селена Гомес нар нэмэгджээ.

"Me Before You"

Хэзээ: Зургаадугаар сарын 3-нд

Энэхүү романтик кино нь Английн зохиолч Жожо Мойесын ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Киноны үйл явдалд ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон баян залуу болон жижиг хотоос гаралтай энгийн нэг бүсгүй нарын хайр дурлалын талаар гардаг. "Me Before You" киноны найруулагчаар Теа Шэррок ажилласан бөгөөд "Game of Thrones" цувралын од Эмилия Кларк болон Сэм Клафлин нар гол дүрүүдэд тогложээ.

"Warcraft"

Хэзээ: Зургаадугаар сарын 10-нд

Алдарт Warcraft видео тоглоомоос сэдэвлэн хийсэн энэхүү адал явдал, уран зөгнөлт киног Данкан Жонс найруулсан байна. Киноны үйл явдал Warcraft тоглоомны эхний бүлгийн зохиолоос сэдэвлэгдсэн ба хүмүүс, оркуудтай зөрчилдөвч тэд нэгдэх хэрэгтэй болдог тухай өгүүлнэ. Харин киноны гол дүрд Трэвис Фиммел, Пола Паттон, Бен Фостер, Доминик Купер нар тогложээ.

"The Conjuring 2"

Хэзээ: Зургаадугаар сарын 10-нд

Малайз болон Хятад гаралтай Австралийн найруулагч Жеймс Ван нь "Saw" киног хийснээрээ алдартай. Харин тэр энэ удаа The Conjuring киноны хоёрдугаар ангийг дахин найруулжээ. Ер бусын хүчийг судалдаг Эд болон Лоррейн Уоррен нар энэ удаад Англи руу аялна. Лондонгийн хойд хэсэгт амьдардаг нэгэн гэр бүлийн байшинд учир битүүлэг, аймшигтай үйл явдлууд ээлж, дарааллан гарах бөгөөд тэд Лоррейны тусламжийг авна. Киноны гол дүрд Вера Фармига болон Патрик Уилсон нар дахин тогложээ.

"Now You See Me 2"

Хэзээ: Зургаадугаар сарын 10-нд

"Now You See Me" киноны хоёрдугаар ангийг энэ удаа Америкийн найруулагч Жон Чү бүтээжээ. Тэрээр өмнө нь "Step Up" киноны хоёр ангийг найруулсан юм. Кинонд эхний ангид болсон үйл явдлаас гурван жилийн дараах цаг хугацаа гарна. Өмнө нь Артур Тресслер киноны гол дүрийн дөрвөн илбэчнээс болж 140 сая долларын хөрөнгөө алдаж байсныг санаж байна уу? Тэгвэл энэ удаа түүний хүү Уолтер (Даниэл Редклифф) тэднээс өшөөгөө авах болно. "Now You See Me 2" киноны гол дүрд Жесси Айзенберг, Марк Руффало, Вуди Харрельсон, Дэйв Франко болон "Harry Potter"-ын жүжигчин Даниэл Редклифф тоглосон байна.

"The Neon Demon"

Хэзээ: Зургаадугаар сарын 24-нд

Бид Николас Виндинг Рефний бүтээсэн энэхүү киноны талаар өнгөрсөн өвөл мэдээллэж байсан билээ. Киноны үйл явдалд залуу загвар өмсөгч Лос-Анжелес хотод нүүж ирснээр аймшигт үйл явдлууд тохиолдоно. Дахин сануулахад, гол дүрд Эль Фаннинг, Кристина Хендрикс, Жена Мэлоун, Эбби Ли Кершоу болон Киану Ривз нар тоглосон юм.

"Independence Day: Resurgence"

Хэзээ: Зургаадугаар сарын 24-нд

Харь гарагийнхан 20 жилийн дараа дэлхий рүү дахин довтоллоо! Гэхдээ энэ удаад харийнхан илүү хүчтэй, илүү аймшигтай болж, хүн төрөлхтний оршин тогтнолд дахин заналхийлжээ. "Independence Day: Resurgence" киноны найруулагчаар дахин Роланд Эммерих ажилласан бөгөөд тэрээр өмнө нь 1996 онд "Тусгаар тогтнолын өдөр" киног мөн найруулж байсан юм. Харин гол дүрийн жүжигчдийн хувьд энэ удаа эхний ангид тоглосон Жефф Голдблүм, Билл Пуллман нар дээр Лиам Хемсворт нэмэгджээ. Харин тэд энэ удаа дэлхийг аварч чадах болов уу?

"The BFG"

Хэзээ: Долоодугаар сарын 1-нд

"Walt Disney Pictures" кино компаний бүтээсэн энэхүү адал явдал, уран зөгнөлт кино нь яах аргагүй энэ зун заавал үзэх ёстой кинонуудын нэг. Уг киног "Charlie and the Chocolate Factory", "Matilda" зэрэг киноны зохиолыг бичсэн Их Британий алдарт зохиолч Даль Роальдын бас нэгэн зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. Харин "The BFG" киноны найруулагчаар Стивен Спилберг ажиллажээ. Үйл явдалд Софи хэмээх охин The BFG нэртэй, аварга биет найзтай болсноор адал явдал эхэлнэ. Мөн тэд хамтдаа хүн иддэг аварга биетнүүдийн эсрэг тэмцдэг. Сонирхуулахад, The BFG нэртэй аварга биетний дүрд өнгөрсөн өвөл Оскарын шагнал хүртсэн жүжигчин Марк Райленс тогложээ.

"The Legend of Tarzan"

Хэзээ: Долоодугаар сарын 1-нд

Тарзаны домгийн тухай өгүүлэх энэхүү киног "HarryPotter" киноны сүүлийн дөрвөн ангийг найруулсан найруулагч Дэвид Йейтс бүтээсэн байна. Үйл явдалд нэгэн цагт Тарзан нэрээрээ алдаршсан зэрлэг хүн буюу III Жон Клейтон Лондонгийн амьдралаар амьдарч, нийгэмшээд олон жил өнгөрсөн байгаа нь гарна. Гэвч тэрээр Виктория хатны зарлигаар Конго улсыг харгис цэргийн даргын дарангуйллаас аврахаар ширэнгэн ойдоо эргэн ирдэг. Тарзаны дүрд Шведийн жүжигчин Александр Скарсгард тоглосон бол, түүний эхнэр Жейний дүрийг Марго Робби бүтээжээ. Харин киноны гол дайсны дүрд Кристоф Вальц тоглосон байна.

"Tulip Fever"

Хэзээ: Долоодугаар сарын 15-нд

Энэхүү киног Английн зохиолч Дебора Моггакийн зохиол дээр тулгуурлан бүтээсэн бөгөөд найруулагчаар Жастин Чадвик ажиллажээ. Киноны үйл явдал Голландад XVII зууны эхэн үед буюу "Алтан зул цэцгийн үед" өрнөдөг. Нэгэн зураач залуу нөхөртэй залуу бүсгүйн зургийг зурахаар хөлслөгддөг бөгөөд тэрээр бүсгүйд ухаангүй дурласнаар үйл явдал эхэлнэ. Кинонд Алисия Викандер болон Дейн Дехаан нар тоглосон байна. Түүнчлэн, Кристоф Вальц, Кара Делевинь Жуди Денч зэрэг бусад жүжигчид ч оролцжээ.

"Ice Age: Collision Course"

Хэзээ: Долоодугаар сарын 22-нд

Бүтэлгүй Скрат хэрэм самарны араас хөөцөлдөхдөө дахин хэрэг тарина. Тэр энэ удаа сансар, огторгуйд гарч, санаандгүй байдлаар дэлхий рүү солир нүүлгэж орхидог. Тиймээс Диего, Мэнни, Сид болон бусад амьтад орон гэрээ орхиж, шинэ амьдрах газар хайхаар явах хэрэг гарчээ. Ямартаа ч "Ice Age: Collision Course" өмнөх ангиудын адил хөгжилтэй үйл явдлаар дүүрэн байх болно. Мөн Рэй Романо, Жон Легисамо, Денис Лири болон Шон Уильям Скотт нар гол дүрүүдэд дуу оруулжээ.

"Batman: The Killing Joke"

Хэзээ: Долоодугаар сарын 23-нд

Энэхүү анимэйшн киног комикс зохиолч Алан Мурын анх 1988 онд гаргасан ижил нэртэй номноос сэдэвлэн бүтээж байгаа юм. Харин "Batman: The Killing Joke" киноны найруулагчаар Сэм Лью ажилласан байна. Киноны үйл явдалд Жокер анх хэн байсан болон яагаад ийм болсон талаар өгүүлнэ. Тиймээс "Batman"-ы шүтэн бишрэгчид заавал үзэх ёстой кино шүү.

"Bad Moms"

Хэзээ: Долоодугаар сарын 29-нд

The Hangover киноны уран бүтээлчдийн хийсэн бас нэгэн инээдмийн кино бол "Bad Moms" юм. Энэхүү киноны үйл явдалд маш их ажилладаг, хоёр хүүхдийн ээж бүсгүй ажлын гүн ачаалалд орж, тэвчээр нь алдрах бөгөөд мөн өөртэйгээ адил стресст автсан хоёр найзтайгаа хамт ажил, гэрийн хүлээснээс өөрсдийгээ суллахаар шийднэ. "Bad Moms" киноны гол дүрд Мила Кунис, Кристен Белл, Кристина Эпплгейт, Кэтрин Хан нар тогложээ.

"Indignation"

Хэзээ: Долоодугаар сарын 29-нд

Энэхүү киног Америкийн Пулитцерын шагналт зохиолч Филип Ротын зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард "Sundance Film Festival" дээр анх танилцуулагдсан юм. Харин найруулагчаар Жеймс Шамус ажиллажээ. Киноны үйл явдал 1951 онд амьдарч буй ажилчин ангиас гаралтай еврей оюутны тухай өгүүлнэ. Тэрээр их сургуульдаа соёлын болон бэлгийн чиг хандлагаар хавчин гадуурхагдаж буйтай тэмцэх тэмцэх хэрэг гардаг. Киноны гол дүрд жүжигчин Логан Лерман тоглосон бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

"Suicide Squad"

Хэзээ: Наймдугаар сарын 5-нд

Бид энэхүү киног өмнө нь "2016 онд хамгийн хүлээлттэй байгаа 22 кино" жагсаалтдаа мөн оруулсан билээ. Уг киног Дэвид Эйер найруулж, бичсэн бөгөөд маш хүчтэй, сонирхолтой дүрүүдийг нэг дор цуглуулснаараа онцлогтой. Харин үйл явдалд засгийн газрын нууц ажилтан онц ноцтой гэм хэрэгтнүүдийг тусгай даалгаварт явуулдаг. "Suicide Squad" киноны гол дүрд Уилл Смит, Марго Робби, Жаред Лето нар тоглосон байна.

цааш үзэх