Хайх

Mongolia
Mongolia

Ер бусын уур амьсгал бүрдүүлэх төгс хөгжимтэй таван цуврал

Гол дүр нь хөгжим

Ер бусын уур амьсгал бүрдүүлэх төгс хөгжимтэй таван цуврал

Хөгжмийн зохиол ба дуу нь киноны уур амьсгалыг тодорхойлж, үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээн, тухайн бүтээлийг улам бүр төгс болгож өгдөг. Өөрөөр хэлбэл ямар ч дэлгэцийн бүтээл хөгжмийн зохиолоос шууд хамааралтай байдаг гэж хэлж болно. Тиймээс бид зөвхөн сайн найруулга, жүжигчид, зохиолтой төдийгүй хамгийн сайн хөгжимтэй таван цувралыг танилцуулж байна.

"Twin Peaks"

Твин Пикс хотод тавтай морил! Анх 1990 онд нээлтээ хийсэн домогт "Twin Peaks" цуврал нь ирээдүйд хэд, хэдэн бүтээлийн үндэс суурь болж өгнө гэдгийг тухайн үед найруулагч Дэвид Линч мэдэж байсан болов уу? Жишээ нь Даффер ах дүүсийн бүтээсэн "Stranger Things" цувралын хөгжим бараг бүхэлдээ "Twin Peaks"-ээс санаа авсан байгаа. Хөгжмийн зохиолч Анжело Бадаламенти "Twin Peaks"-ийг нам гүн, хар бараан уур амьсгалтай болгоход Дэвид Линчээс дутахааргүй чухал үүргийг гүйцэтгэсэн гэдгийг итгэлтэйгээр хэлж болно. Харин дуучин Жули Круз "Falling" нэртэй цувралын гол дууг амилуулсан юм. Сонирхуулахад энэхүү дууны үгийг Дэвид Линч өөрөө бичжээ.

"Hannibal"

FBI-ын мэргэжилтэн Уилл Грэм бол ямар ч аюултай алуурчныг нэвт хардаг туршлагатай мэргэжилтэн. Тэгвэл доктор Ханнибал Лектер ч мөн ямар ч чадварлаг мэргэжилтнийг төөрөгдүүлж орхих чадвартай, хэрцгий цуврал алуурчин юм. "Hannibal" цувралын зураг авалт, найруулга, костюм тэр ч бүү хэл кинонд гардаг хоолнууд нь урлагийн бүтээлийг санагдуулаад зогсохгүй, үйл явдлын ард эгшиглэдэг сонгодог хөгжмүүд үзэгчдийг ховсдох болно. Ямартаа ч Бетховен, Шопен, Моцарт зэрэг суутнуудын сонгодог хөгжим цуврал алуурчинтай кинонд улам бүр аймшигтай уур амьсгал оруулдаг бололтой.

"Big Little Lies"

Жан Марк Валлегийн бүтээсэн өнгөрсөн жилийн хамгийн шилдэг мини цуврал маш олон шагнал аваад зогсохгүй дэлхий нийтэд Майкл Киванука гэх шинэ уран бүтээлчийг танилцуулсан гавьяатай. Их Британийн уран бүтээлчийн "Cold Little Hearts" нэртэй дуу нь цуврал эхлэхэд сонсогддог далайн давалгааны чимээ, үзэсгэлэнт байгаль болон нам гүн хотын дүр зурагтай гайхалтай зохицох болно. Гэхдээ хэрэв та цувралын үйл явдлаас ч мөн ийм нам тайван байдлыг хүлээж байвал маш том эндүүрэл болно гэдэгт итгээрэй.

"Stranger Things"

Хэрэв та үргэлж ер бусын үйл явдлууд тохиолдож, аймшигт нууцыг хадгалж байдаг, жихүүдэс хүргэм жижиг хотод амьдардаг бол яг ийм хар бараан хөгжим танд зайлшгүй шаардлагатай! Netflix-ийн хит цуврал болох "Stranger Things"-ийн үйл явдалд нэгэн жижиг хотод амьдардаг бүлэг хүүхдүүд найзыгаа аврахаар харь гарагийн мангастай тулалддаг. Цувралын уур амьсгалыг Кайл Диксон ба Майкл Стейн нарын дуунууд бүр ч гайхамшигтай болгож өгчээ. Мөн тэдний дуунуудаас гадна "Stranger Things"-д багтсан 1980-аад оны шилдэг синглүүдийг сонсоход шууд утгаараа биеийн үс "босох" болно.

"Peaky Blinders"

Киллиан Мерфигийн гол дүрд нь тоглосон энэхүү цувралын үйл явдалд Дэлхийн I дайны дараа оршин тогтнож байсан Их Британийн гэмт хэргийн бүлгийн тухай харуулдаг. Хэрэв та Жонни Кэш, White Stripes ба Royal Blood-ын шүтэн бишрэгч бол танд тус цуврал гарцаагүй таалагдана. Цувралын хөгжмийн зохиол үзэгчдийг нэгэн зэрэг гайхшруулж, айлгаж бас сэргээж чадна. Тийм ч учраас "Peaky Blinders"-т гардаг гэр бүлийн драм, сексийн хэсэг, цуст аллага зэрэг нь хөгжмийн зохиолтой хослон таны гүн ухаанд хэзээ ч мартагдашгүй дүр зургийг үлдээх болно.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх