Хайх

Европын хамгийн хачирхалтай уран зөгнөлт кинонууд

Европын хамгийн хачирхалтай уран зөгнөлт кинонууд

Дөрвөн кино ба нэг цуврал

Text: Buro.Mongolia


Зураг:

Люк Бессоны уран зөгнөлт "Valerian and the City of a Thousand Planets" кино Улаанбаатар хотын кино театруудаар яг одоо гарч байгаа билээ. Нийт 200 сая долларын өртгөөр бүтсэн энэхүү бүтээл нь Европын кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй киногоор тодроод байна. Кино шүүмжлэгчид болон үзэгчид "Valerian and the City of a Thousand Planets" киноны тусгай эффектийг дуу нэгтэйгээр магтаж байгаа ч хий хоосон дүрүүд, утгагүй зохиолыг нь үзэн ядаж байгаа.

Бюро 24/7 Европын хамгийн хачин жигтэй, маш их уран сэтгэмж ашиглан бүтээсэн шилдэг уран зөгнөлт кинонуудыг танилцуулж байна.

"The Fifth Element" (1997)

Найруулагч Люк Бессон "The Fifth Element" буюу бидний сайн мэдэх "Тав дах махбодь" киног бүтээхдээ "Valerian and the City of a Thousand Planets" комик номын зохиолч Жан-Клод Мезьерээс тусламж хүссэн гэдэг. Люк Бессон энэ зохиолыг бүр хүүхэд байхаасаа л уншиж өссөн бөгөөд Мезьерийг шүтэн биширдэг байсан юм. Мезьер ч найруулагчид "Тав дах махбодь"киног бүтээхэд нь дуртайяа тусалсан ( Брюс Уиллисийн дүрийг нисдэг таксины жолооч болгох санаа анх Мезьерт төрсөн) байна.

Гэхдээ Жан-Клод Мезьер тухайн үед Люк Бессоноос "Чи яагаад ийм олиггүй кино хийхийг хүсээд байгаа юм бэ? Үүний оронд яагаад Valerian-ыг хийж болохгүй гэж?" хэмээн асууж байсан удаатай. Хамгийн хөгжилтэй нь "Тав дах махбодь" олон сая шүтэн бишрэгчдийг байлдан дагуулж, уран зөгнөлт, адал явдалт жанрын сонгодог бүтээлд тооцогдох болсон бол шинээр гарсан "Valerian and the City of a Thousand Planets" кино зүгээр л 200 сая долларыг салхинд хийсгэсэн гэдгээрээ хүмүүст дурсагдан үлдэх болно.

Люк Бессон "Valerian and the City of a Thousand Planets" киног бүтээх хэмжээний дэвшилтэт технологийг хүлээсээр байтал түүний энэхүү ертөнц өөрийн онцгой байдлаа цаг хугацааны эрхэнд алдсан юм. "Тав дах махбодь"-ийн хувьд гэвэл 1997 онд уран зөгнөлт концепци, хөгжилтэй харилцан ярианууд бас хагас нүцгэн Мила Йовович жинхэнэ хувьсал хийж байсан юм.

Европын хамгийн хачирхалтай уран зөгнөлт кинонууд (фото 1)

"Sexmission" (1983)

Ийм нэртэй кино насанд хүрэгчдийн кинотой ямар ч холбоогүй хэрнээ маш чанартай бүтээл болсон гэвэл та итгэх үү? "Sexmission" бол Польшийн хамгийн алдартай инээдмийн, уран зөгнөлт кинонуудын нэг билээ. Уг кино нь яг л алдарт "Planet of the Apes" шиг, гэхдээ бичнүүдийн оронд гол дүрд нь эмэгтэйчүүд байдгаараа онцлог юм. Үйл явдалд шинжлэх ухааны хөгжлийн төлөө хоёр хүн хиймэл аргаар гурван жилийн турш нойрсохоор шийддэг. Гэвч тэд 50 жилийн дараа сэрдэг бөгөөд тэднийг ухаан ороход дэлхийн бүх эрчүүд устан үгүй болж, харин эмэгтэйчүүд партеногенезын аргаар үрждэг гайхалтай ертөнц бий болсон байдаг. "Sexmission" кино нь феминизм ба сексизмийн хэтрүүлэгтэй зүйлсийг элэглэхийн зэрэгцээ эсрэг хүйстнүүдийн үүргийн тухай гүн гүнзгий сэдвийг хөндөж чадсан юм. Адал явдал, хошигнол, гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн энэхүү киног ЗХУ-ын үед цензурдсан хувилбараар гаргадаг байсан нь маш их садар самуунтай кино гэсэн цуурхлыг хүмүүсийн дунд дэгдээж байжээ. Үнэн хэрэгтээ огт тийм зүйл байгаагүй гэдгийг дурдах нь илүүц биз ээ.

Европын хамгийн хачирхалтай уран зөгнөлт кинонууд (фото 2)

"Brazil" (1985)

Нэг л өдөр найруулагч Терри Гиллиамыг орчин үеийн ертөнц залхааснаар тэр "Brazil" киног бүтээхээр шийдсэн юм. Тэрээр энэхүү ретрофутурист киногоороо төрийн хүнд суртлын жинхэнэ тамыг харуулсан гэж хэлж болно. Киноны үйл явдалд Сэм гэдэг залуу өөрийн зүүдэнд үргэлж орж ирдэг нэгэн бүсгүйг хайж олохоор шийдсэнээр маш олон адал явдал, асуудлуудтай тулгардаг. Үүний зэрэгцээ залуу хүнд сурталтай засгийн газрын системийг засах гэж хичээснээр жинхэнэ төрийн дайсан болж хувирна.

Европын хамгийн хачирхалтай уран зөгнөлт кинонууд (фото 3)

"The City of Lost Children" (1995)

Францын найруулагч Жан-Пьер Жене бүхий л амьдралынхаа турш сюрреалист дүрслэлд дуртай байсан. Гэхдээ тэр Марк Каротой хамтран бүтээсэн "The City of Lost Children" кинондоо ямар ч хэмжээ хязгааргүйгээр сюрреалист дүрслэлийг ашигласан юм. Киноны үйл явдалд нэгэн хорон санаат эрдэмтэн хүүхдүүдийн зүүдийг хулгайлж, өөрийн болгох гэж хичээнэ. Гэвч хүүхдүүд түүнээс маш их айдаг учир сайхан зүүдний оронд хорон санаат эрдэмтэн зөвхөн тэдний хар дарсан зүүдийг л олж хардаг. Сонирхуулахад "Тhe City of Lost Children" киноны костюмуудыг дизайнер Жан-Поль Готье зохион бүтээсэн юм.

Европын хамгийн хачирхалтай уран зөгнөлт кинонууд (фото 4)

"Doctor Who" (1963 оноос одоог хүртэл)

Цагдаагийн бүхээгт суун, цаг хугацаагаар аялдаг Доктор гэх нэртэй харь гарагийн хүний тухай телевизийн цуврал Англичуудын үндэснийх нь баялаг болсон гэж хэлж болно. Хагас зууны турш үргэлжилж байгаа энэхүү цуврал нь өвөрмөц концепцийнхоо тусламжтай өнөөдрийг хүртэл оршин тогтносоор байна. Тодруулбал Доктор хүссэнээрээ гаднах төрхөө өөрчилж чаддаг тул цувралын гол дүрд янз бүрийн жүжигчид солигдон тоглох боломжийг олгодог. Жишээ нь дараа жилээс эхлэн Докторын дүрд анх удаагаа эмэгтэй хүн тоглох гэж байгаа юм.

Европын хамгийн хачирхалтай уран зөгнөлт кинонууд (фото 5)

цааш үзэх