Хайх

Game of Thrones: Сүүлчийн улирлын талаар бидний мэдэж буй бүх зүйл

Game of Thrones: Сүүлчийн улирлын талаар бидний мэдэж буй бүх зүйл

Өвөл айсуй

Text: Г.Тэмүүлэн


"Хаан ширээний тоглоом" цувралын найм дах буюу сүүлчийн улирал 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд гарах болсон нь тодорхой болсон билээ. Хүсэн хүлээсэн цувралаа үзэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдсэн байгаа энэ үед бид шинэ трейлер, зураг авалт, үйл явдал, эргэн ирэх нь батлагдсан дүрүүд зэрэг одоогийн байдлаар цацагдаад байгаа бүх мэдээллийг нэг дор цуглууллаа.

Нийт хоёр минут үргэлжлэх трейлер, зурагт хуудас 

HBO суваг цувралыг тэсэн ядан хүлээж байгаа үзэгчдэд зориулаад 30 секундийн тизер, шинэ зурагт хуудас зэрэг бага сага мэдээллүүдийг цацаж, бага ч гэсэн сэтгэлийг нь тайтгаруулаад байсан бол хэдхэн хоногийн өмнө бүхэл бүтэн 2 минут орчим үргэлжлэх трейлер танилцуулж, цувралын нээлтээс өмнө хэлэлцэж, маргалдах сэдэвтэй болгосон юм. Харин нийт 20 зургаас бүрдсэн шинэ постерууд Төмөр сэнтийд хэн ч суух боломжтой гэсэн шинэ таамгуудыг үүсгэж, хүмүүсийн сонирхлыг улам бүр бадрааж байна.

 

Бүрэн хэмжээний кинотой ижил урттай зургаан анги гарна

Цувралын продюсерууд болох Дэвид Бениофф ба Д.Б.Вайс нар зургаадугаар улирлын төгсгөлд дахин 13 анги гарна гэдгийг мэдэгдэж байсан юм. Ингэснээр төгсгөлийн улирал ердөө зургаан ангиас бүрдэх болсныг бид тооцоолсон билээ. Гэхдээ та дуртай цувралаа хэт хурдан дуусна гэж санаа зовох хэрэггүй. Учир нь анги тус бүр бүрэн хэмжээний кинотой ижил хугацаагаар үргэлжилнэ. Хэдийгээр өмнө нь цувралын дууны найруулагч Пола Фэрфилд анги тус бүр 80-аас дээш минут үргэлжилнэ хэмээн мэдэгдэж байсан ч харамсалтай нь продюсерууд шийдвэрээ өөрчилсөн бололтой. Тодруулбал зургаан анги 54-80 минут үргэлжлэх болсныг HBO албан ёсоор мэдэгдсэн байгаа. 

Анги бүрийн үргэлжлэх хугацаа:

1-р анги (Дөрөвдүгээр сарын 14): 54 минут

2-р анги (Дөрөвдүгээр сарын 21): 58 минут

3-р анги (Дөрөвдүгээр сарын 28): 1 цаг, 22 минут

4-р анги (Тавдугаар сарын 5): 1 цаг, 18 минут

5-р анги (Тавдугаар сарын 12): 1 цаг, 20 минут

6-р анги (Тавдугаар сарын 19): 1 цаг, 20 минут

Анхны албан ёсны зураг

Энэ сарын эхээр Entertainment Weekly сэтгүүлийн нүүрийг үслэг эдлэл өмсөн тэврэлдэн зогссон Дейенерис Таргариен (Эмилия Кларк) ба Жон Сноу (Кит Харрингтон) нарын зураг чимсэн байгаа.

Үйл явдалд юу гарах вэ?

Хэдийгээр цувралын уран бүтээлчид зохиол задрахаас сэргийлж үйл явдлыг яг л тагнуулын ажиллагааны дайтай нууцалж байгаа ч зарим нэг деталиуд бидэнд ил болсон байгаа. Тухайлбал луугийн эх Дейенерис Таргариен ба түүний арми Винтерфеллд ирснээр адал явдал эхэлнэ гэдгийг Entertainment Weekly мэдэгджээ. Мөн үйл явдлын талаар цувралын гүйцэтгэх продюсеруудын нэг Брайан Когман "Бүх дүрүүд нэг дор цугларч, нэг дайсны эсрэг тэмцэнэ. Тэд бүгд үхлийн өмнө өнгөрсөнтэйгөө нүүр тулж, ирээдүйд хэн байхаа шийднэ" гэсэн тайлбарыг өгсөн байна.

Хэн эргэн ирэх вэ?

Entertainment Weekly сэтгүүлийн мэдэгдсэнээр цувралын үнэнч шүтэн бишрэгчдийг ч гайхшруулахаар дүрүүд шинэ ангиудад эргэн ирж, гэнэтийн бэлэг барих гэнэ. Үүнээс гадна Жон Сноугийн үнэнч нөхөр Сүнс нэртэй чоно эргэн ирнэ гэдгийг цувралын тусгай эффектийг хариуцсан мэргэжилтэн Жо Бауэр Huffington Post-д хэлсэн байна.

Бид яагаад жүжигчдийн Instagram-д анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?

Арья Старкын дүрийг бүтээсэн жүжигчин Мэйси Уильямс Instagram хуудастаа цусаар бүрхэгдсэн пүүзний зураг нийтэлж, "Баяртай Белфаст, баяртай Арья, баяртай Хаан ширээний тоглоом" хэмээн бичсэн нь шүтэн бишрэгчдийн дунд маш олон таамгуудыг дэвшүүлэхэд хүргэсэн юм. Мөн тэрээр #lastwomanstanding (үлдсэн сүүлчийн эмэгтэй гэсэн утгатай) хэмээн тэмдэглэсэн бөгөөд Серси Ланнистерын дүрийг бүтээсэн жүжигчин Лина Хиди түүний постон дор "Хатан" гэсэн ганцхан үгтэй сэтгэгдэл үлдээсэн нь төмөр сэнтийд Aрья заларна гэсэн шуугианыг дэгдээгээд байгаа юм. Харин Эмилия Кларк зураг авалтаа зургаадугаар сард дууссан юм. Дейенерис Таргариены дүрийг бүтээсэн жүжигчин мөн л Instagram олон нийтийн сүлжээгээр дамжуулан цувралд "баяртай" хэмээн хэлсэн билээ. Одоогоор түүний баатрын хувь заяа хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй л байна. 

 

 

 

Цагаан үхдэлүүдтэй хийсэн тулааны зураг авалт маш удаан үргэлжилсэн

Энэ удаад хүн төрөлхтөн болон цагаан үхдэлүүдийн хооронд маш том дайн болох нь гарцаагүй. Тэгвэл Entertainment Weekly сэтгүүлийн мэдэгдсэнээр зөвхөн Винтерфеллд өрнөсөн тулааны зураг авалтыг нийт 55 шөнө хийсэн гэнэ. Үүний дараа зураг авалтын багийнхан хэдэн долоо хоногийн турш студид дахин зураг авалт хийсэн гэдгээ мэдэгджээ. Энэ талаар жүжигчин Питер Динклэйж (Тирион Ланнистер) "Жон Сноу ба Рэмзи Болтон нарын тулаан гардаг ‘Battle of the Bastards' анги хажууд нь яг л сэдэвчилсэн парк шиг харагдана" хэмээн хэлсэн юм. Ямартаа ч биднийг аугаа зүйл хүлээж байгаа бололтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх