Хайх

Хэн дараагийн Бонд болох вэ?

Хэн дараагийн Бонд болох вэ?

Таны бодлоор шинэ Бондын дүрд ямар жүжигчин тохирох вэ?

Text: Х.Батсүх


Кино урлагийн түүхэн дэх хамгийн амжилттай тагнуулч эрийн тухай Бонд цувралын гол дүрд хэн тоглох вэ гэдэг асуулт сүүлийн гурван жилийн туршид бараг амны уншлага болтлоо яригдаж байна. Бондын шинэ ангийн зохиол гарснаар энэ асуулт дахин сөхөгдсөн бөгөөд Английн томоохон бооцооны агентууд хүртэл энэ уралдаанд мөрий аваад эхэлжээ.

Өдгөө 50 насыг зооглож буй Дэниел Kрэйг 2006 оноос хойш Бондын нийт таван кинонд тоглоод байна. Энэ оны эхэнд өгсөн ярилцлагадаа тэрээр "Дахин нэг ангид тоглоод домогт тагнуулчийн карьеараа дуусгахад гомдох юм алга" гэж ярьжээ. Анх Дэниел Крэйгийг Бондын дүрд сонгогдож, "Casino Royale" (2006) кино нээлтээ хийсэн цагаас хойш түүнийг гоочлох хүмүүсийн цуваа огт тасраагүй юм. Гэхдээ юу үнэн бэ гэвэл, тэрээр энэ цувралын түүхэн дэх бүх жүжигчдээс хамгийн амжилттай нь төдийгүй Бонд цувралд өмнө нь байгаагүй шинэ дүр төрхийг авчирсантай маргах зүйлгүй юм. Түүнийг 2019 онд зураг авалт нь эхлэх шинэ кинонд дахин тоглоход гайхах юмгүй. Гэхдээ шинэ Бондод шинэ жүжигчин сонгогдоно гэх яриа гарах болсон гол шалтгаан нь Дэниел Крэйг Бондын сүүлийн анги "Spectre"-д тоглохдоо ойролцоогоор 40 гаруй сая паундын цалин авсан бөгөөд үргэлжлүүлэн тоглуулахад хэтэрхий үнэтэй байгаад асуудал байгаа гэсэн цуурхал таржээ. Тэгвэл одоо хамтдаа Бондын шинэ дүрийн төлөө хэн, хэн өрсөлдөж байгаа талаар, тэдний сонгогдох болон сонгогдохгүй байх шалтгаан, мөн бооцооны төвүүд дээр байгаа боломжуудыг Бюрогийн хамт олонтой хамт сонжицгооё.

Гол сэдвийнхээ өмнө Бонд бол Английн тагнуулын нууц ажилтан бөгөөд Дэниел Крэйгээс өмнөх бүх дүрүүд үе, үеийн хамгийн хүчирхэг эрүүтэй сайхан залуучууд байсан төдийгүй кинон дээрээ манай тал дайсны тал гэлтгүй жинхэнэ бүсгүйчүүдийн эрлэг явсныг сануулъя!

Ричард Мэдден 

Хэн дараагийн Бонд болох вэ? (фото 1)

HBO-гийн "Game of Thrones" цувралд Робб Старкийн дүрээрээ танигдсан өдгөө 32 настай жүжигчин Ричард Мадден жагсаалтыг тэргүүлж байна. Сүүлд гарсан мэдээгээр алдарт франчайзын продюсер Барбара Брокколид мань эр тун таалагдсан төдийгүй, Бондын дүрийг санал болгоход бэлэн байгаа гэнэ.

Сонгогдох шалтгаан: Тэр залуухан, Англи гаралтай, хүчирхэг эрүүтэй, хослол сайхан зохидог, дээрээс нь Бондод залуу үзэгчдийг татах чадвар түүнд бий.

Сонгогдохгүй байх шалтгаан: Тэр магадгүй хэтэрхий залуухан, Game of Thrones - оос өөр том төсөлд одоохондоо оролцож амжаагүй байгаа.

Сонгогдох магадлал: 11/10

Том Хиддлстон

Хэн дараагийн Бонд болох вэ? (фото 2)

Энэ дүрийн төлөө сүүлийн хэдэн жил чамгүй хичээж яваа жүжигчин бол Том Хиддлстон. Тэрээр "Avengers" цувралд Торын бүтэлгүй дүүгийн дүрээс бусдаар Бондын нэр хүндийг сэвтүүлэх зүйл хийгээгүй байгаа. BBC-гийн "The Night Manager"-т тагнуулчийн дүрийг тун сайн бүтээсэн. Түүнийг Бондод тохирох сайхан залуу гэж бодож байгаа бол энэ асуултаа Тейлор Свифтээс асуугаад үзээрэй.

Сонгогдох шалтгаан: Юуны түрүүнд тэр өндөр, мөн л хослол сайхан зохидог, дээрээс нь сэтгэл булаам.

Сонгогдохгүй байх шалтгаан: Дээр дурдсанчлан ганган тагнуулчийн дүрд аль хэдийнэ сонгогдчихсон. Бас нэгэн том шалтгаан нь продюсер Барбара Брокколи түүнийг хэтэрхий гял цал гэж тодорхойлсон гэх цуурхал тарсан.

Сонгогдох магадлал: 11/4

Том Харди

Хэн дараагийн Бонд болох вэ? (фото 3)

Одоо 40 настай Том Харди бол зохиолч Иэн Флемингийн дүрсэлсэн бүх төрхийг биедээ шингээсэн залуу. "Mad Max", "The Revenant", "The Dark Knight Rises", "Legend" гээд олон шилдэг кинонд тоглосон туршлагатай. Өнгөрсөн жилээс BBC-гийн "Taboo" цувралд тоглосноос хойш түүнийг Бондтой холбох болсон юм.

Сонгогдох шалтгаан: Том Хардигийн тоглосон кино болгон орлоготой ажиллаж байгаа. Дээрээс нь тэр маш сайн жүжигчин.

Сонгогдохгүй байх шалтгаан: Бондтой холбоотой таамгуудад тэр одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй юм. Дээрээс нь тэр "Mad Max" гэх амжилттай яваа франчайзтай дахин хоёр ангийн гэрээтэй байгаа.

Сонгогдох магадлал: 4/1

Идрис Эльба 

Хэн дараагийн Бонд болох вэ? (фото 4)

Бондын гол дүрийн яриа эхлэх цагаас л өдгөө 45 настай өнгөт арьст Лондон хотын унаган залуу энэ жагсаалтад орж ирсэн. Бас нэг сонирхолтой өнцөг нь Бондыг "хэтэрхий цагаан" гэх шүүмжлэлд барих сайхан хариу бол Идрис Эльба юм. Дээрээс нь найруулагч Стивен Спилберг Бондыг найруулах байсан бол түүний сонголт Идрис Эльба дээр тогтоно гээд байгаа.

Сонгогдох шалтгаан: Блокбастеруудаас эхлээд телевизийн цуврал гээд маш олон сайн кинонд тоглосон, хослол сайхан зохьдог, мөн сайн жүжигчин гэдгийг нь заавал дурдах хэрэгтэй.

Сонгогдохгүй байх шалтгаан: Бондтой холбоотой арьс өнгөний маргаан тийм ч хүчтэй биш, дээрээс нь Бондын уламжлалт ойлголтоос арай хол.

Сонгогдох магадлал: 11/2

Хенри Кавилл

Хэн дараагийн Бонд болох вэ? (фото 5)

Уг нь бол энэ нөхрөөс өөр төгс Бонд байх боломжгүй мэт. Шон Коннерийн тайван байдал, Пирс Броснан шиг хүчирхэг шанаа, Тимоти Далтоны инээмсэглэл, бүсгүйчүүдийг байлдан дагуулах сайхан төрх гээд ер нь байхгүй зүйл түүнд үгүй. Дэниел Крэйгийн өмнө түүнийг Бондод сонгоод байсан ч харамсалтай нь найруулагчид түүнийг хэтэрхий залуухан гэж гоочилсон. Түүнээс хойш 10 жил өнгөрч Хенри Кавилл одоо 35 насны босгыг давж, Супермений дүрээр дэлхийд танигдаж, Гай Ричигийн "The Man from U.N.C.L.E", "Биелэгдэшгүй даалгавар" цувралын сүүлийн ангид тагнуулчийн дүрд тоглосон. Бас тэр энэ жагсаалтад байгаа жүжигчдээс ганцаархнаа энэ дүрд тоглохыг хүсэж байгаагаа бүр эртнээс илэрхийлээд байгаа ганц жүжигчин юм.

Сонгогдох шалтгаан: Бондын тухай мэддэг бүхнээ төсөөлөхөд тэр төсөөлөл өөрөө Хенри Кавилл болон хувирна. Англи гарал, дөрвөлжин эрүү, тэгш мөр, цэнхэр нүд, бараан үс. Классик Бондын бүх шинж түүнд бий.

Сонгогдохгүй байх шалтгаан: Хэтэрхий олон франчайзад тоглосон, энэ жагсаалтад Америк тагнуулчдын тухай "Биелэгдэшгүй даалгавар" цуврал ч орно.

Сонгогдох магадлал: 14/1

Эйдан Тернер

Хэн дараагийн Бонд болох вэ? (фото 6)

"Хоббит" франчайзын Килигийн дүр бол түүний том дэлгэцэнд бүтээсэн хамгийн том дүр нь юм. BBC-гийн "Poldark" цувралд бүтээж буй Россын дүр нь түүнийг Англи бүсгүйчүүдийн дунд дэндүү алдартай болгоод байгаа төдийгүй хамгийн сайхан залуусын жагсаалтад багтах болсон. Дэниел Крэйгийн орыг хэн авах талаар асуулга эхлэх үед нэг үе тэрээр энэ жагсаалтыг тэргүүлж ч явсан тохиолдол байгаа.

Сонгогдох шалтгаан: "Poldark"-ийн буянаар зөвхөн түүнийг харахын тулд театр орох эмэгтэй шүтэн бишрэгчдийн арми бий болсон. Ямартаа ч Рожер Мур, Пирс Броснан нар ч мөн адил Бондод тоглохоосоо өмнө телевизийн цувралд тоглож байсан гэдгийг санах хэрэгтэй.

Сонгогдохгүй байх шалтгаан: Нас ба дүр төрхийн хувьд түүнтэй маргаад байх шалтгаан байхгүй. Гэхдээ олны дунд үүсээд байгаа шинэ Бондын хүлээлтийг давахад түүний нэр хүнд арай л жулдана.

Сонгогдох магадлал: 20/1

Жеймс Нортон 

Хэн дараагийн Бонд болох вэ? (фото 7)

Жеймс Нортон өдгөө 32 настай бөгөөд Кембрижийн их сургуулийн боловсролтой. "Happy Valley", "War and Peace", "Grantchester" зэрэг мундаг телевизийн цувралуудад чадварлагаар тоглосон.

Сонгогдох шалтгаан: Дайан Китоны тодорхойлсноор тэр бол хамгийн төгс Бонд.

Сонгогдохгүй байх шалтгаан: Эйдан Тернерийн адилаар телевизийн цувралаас гарч ирж буй түүнд эргэлзэх шалтгаан дэндүү их.

Сонгогдох магадлал: 25/1

Ерөнхий уралдаан бол эдгээр жүжигчдээр өндөрлөнө. Харин бооцоо болон Бондын ярианд хамрагдаж буй хэд, хэдэн сонирхолтой жүжигчдийг дурдах нь зүйтэй болов уу. Тэдний дунд Орландо Блум, Жек Хьюстон, Роберт Паттинсон, Бенедикт Камбербэтч, Кристиан Бэйл, Жуд Лоу, Лиам Нисон ба Уэс Морган нар багтаж байна. 

Эдгээрээс гадна дараагийн Бондод хэн тоглох вэ гэдэг маргаанд феминист өнгө аяс хүртэл нэмэгдэж байгааг орхиж болохгүй. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар Бонд хэтэрхий хүйсээр ялгаварладаг бөгөөд шинэ Бондод эмэгтэй жүжигчин тоглох ёстой гэнэ. Английн бооцооны төвүүдээр Скарлетт Йоханссон, Марго Робби, Шарлиз Терон зэрэг жүжигчид дээр бооцоо тавьсан хүмүүс байгаа ч киноны продюсерууд ямар ч байсан Бондод эмэгтэй жүжигчин сонгохгүй гэдгээ мэдэгджээ. Эмэгтэйчүүдийн яриа газар авахтай зэрэгцэн ер нь Бондод яагаад Ази жүжигчин сонгож болохгүй гэж гэсэн яриа хүртэл гараад амжсан бөгөөд Пакистан гаралтай Британи жүжигчин Риз Ахмедыг хүртэл Бондод яв цав нийцнэ хэмээн түүн дээр бооцоо тавих хүмүүс ч бас байна.

Харин миний хувьд төгс Бонд бол Хенри Кавилл. 1980-аад оны сүүлд төрж, 1990-ээд онд өсөж хүмүүжсэн олон хүүхдийн хувьд Тимоти Далтон, Пирс Броснан нарыг Бондоор төсөөлдөг бөгөөд тэр төсөөллийг амьдруулж чадах хүн хэрэв энэ дэлхий дээр байгаа бол тэр нь Хенри Кавилл юм. 

Таны бодлоор шинэ Бондын дүрд эдгээр жүжигчдийн хэн нь тохирох вэ?

(Та зураг дээр дарж саналаа өгнө үү)

Ричард Мэдден
Санал өгөх
Ричард Мэдден
Том Хиддлстон
Санал өгөх
Том Хиддлстон
Том Харди
Санал өгөх
Том Харди
Идрис Эльба
Санал өгөх
Идрис Эльба
Хенри Кавилл
Санал өгөх
Хенри Кавилл
Эйдан Тернер
Санал өгөх
Эйдан Тернер
Жеймс Нортон
Санал өгөх
Жеймс Нортон

 


цааш үзэх