Хайх

“My Little Pony” философи: Өнгө, өнгийн одой морьд яагаад дэлхийг байлдан дагуулж байна вэ?

“Миний бяцхан одой морь”

Энэ сарын эхээр Улаанбаатар хотын кино театруудад "My Little Pony: The Movie" нэртэй бүрэн хэмжээний анимэйшн кино нээлтээ хийсэн байгаа. Киноны үйл явдалд Сторм хэмээх хорон санаат хаан бүх одой морьдыг ид шидээс нь салгаж, Кантерлотыг эзлэхийг завддаг тул Эквестриягийн ирээдүйд маш том аюул тулгарна. Мэдээж хэрэг энэ хүүхэлдэйн киноны тухай ямар ч ойлголтгүй цөөн тооны хүмүүсийг дээр дурдсан үйл явдлын тойм соёлын шоконд оруулж магадгүй. Гэхдээ л сүүлийн үед "My Little Pony" хүүхэлдэйн киноны шүтэн бишрэгчид маш олон болсон гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гайхалтай нь MLP (My Little Pony)-гийн шүтэн бишрэгчид зөвхөн зургаан настай охид төдийгүй, тогтвортой ажил эрхэлдэг, дээд боловсролтой насанд хүрсэн эрчүүд ба эмэгтэйчүүдээс бүрдэж байгаа юм. Тиймээс бид өнгө, өнгийн одой морьдын тухай олон ангит хүүхэлдэйн кино яагаад ийм их амжилтанд хүрсэн талаар олж мэдэхээр шийдлээ.

Ер нь юуны тухай гардаг вэ? "My Little Pony" олон ангит хүүхэлдэйн кино нь хамгийн анх цуврал тоглоомыг дагалдан бүтээгдсэн юм. Бяцхан охид бүр өөрийн гэсэн одой морьтой болохыг хүсдэг боловч эцэг эхчүүд нь түүнийг тэжээх боломжгүй. Тиймээс 1980-аад онд Hasbro компани (G.I. Joe, Transformers-ын тоглоомон цэргүүдээрээ алдартай) энэ асуудлыг шийдвэрлэхээр "My Little Pony" буюу "Миний бяцхан одой" нэртэй тоглоом үйлдвэрлэх болжээ. Мэдээж хэрэг нэрнээс нь л бүх зүйл ойлгомжтой болно. Самнаж болдог намирсан үс, сэгсгэр сүүлтэй өнгө, өнгийн жижиг хэмжээтэй одой морьд хүүхдүүдийг байлдан дагуулах болов. Бяцхан морьдын бие дээр "cutie mark" гэх тусгай тамга байх ба энэхүү тэмдэг нь тухайн пони бүрийн авьяас чадварыг илтгэдэг байна. 1980-аад оноос хойш "My Little Pony"-д маш олон өөрчлөлтүүд хийгдсэн. Өөрчлөлтүүд хийгдэж явсаар 2013 онд Hasbro компани өсвөр насны охидын дүртэй понинуудыг танилцуулсан билээ.

“My Little Pony”  философи: Өнгө, өнгийн одой морьд яагаад дэлхийг байлдан дагуулж байна вэ? (фото 1)

2010 онд Hasbro компани пониг бусад франчайзуудынхаа адилаар медиа салбар луу оруулахаар шийджээ. "My Little Pony" -г телевизийн бүтээл болгох ажлыг Лорен Фауст гэх феминист эмэгтэй хариуцан авсан бөгөөд тэрээр охидод зориулсан орчин үеийн, "ухаалаг" олон ангит хүүхэлдэйн кино бүтээхийг зорьж байлаа. Тухайн үед бага ангийн хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйн киноны баатрууд хэт зөв, нэгэн хэвийн байсан ба үйл явдалд нь ямар нэг зөрчилдөөн огт гардаггүй байв. Харин "My Little Pony"-д "жинхэнэ зөрчилдөөн" болон "олон янзын зан чанартай баатрууд" гарч, заримдаа бүр зөвхөн насанд хүрсэн үзэгчдэд л ойлгомжтой зүйлс агуулагддаг. Хамгийн гайхалтай нь найзуудын адал явдлыг харуулсан анимэйшн цуврал олон байдаг ч, яг энэ хүүхэлдэйн кино нь олон нийтийн дунд жинхэнэ "пони хөдөлгөөн" үүсгэж чадсан юм.

Пони хөдөлгөөн. MLP-гийн насанд хүрсэн эрэгтэй шүтэн бишрэгчид өөрсдийгөө "брони" ("bro" ба "pony" гэх үгсийн нийлбэр) гэж нэрлэдэг бол эмэгтэйчүүд нь өөрсдийгөө "pegasisters" гэж дууддаг байна. Ерөнхийдөө энэхүү хүүхэлдэйн кинонд маш олон төрлийн шүтэн бишрэгчид бий. Зарим нэг хүмүүс зүгээр л хүүхэлдэйн киног үзэх дуртай бол, зарим нь Tumblr хуудсаар дамжуулан сэдэвчилсэн блог хөтөлдөг, өөр нэг хэсэг нь тоглоом цуглуулж, өөрсдөө зохиол бичдэг байна. Мөн эдгээр бүх хүмүүс MLP-гийн шүтэн бишрэгчдийн цуглаан буюу "Броникон"-д оролцдог уламжлалтай билээ.

“My Little Pony”  философи: Өнгө, өнгийн одой морьд яагаад дэлхийг байлдан дагуулж байна вэ? (фото 2)

"Rick and Morty"-гийн шүтэн бишрэгчидтэй харьцуулахад "MLP"-гийн фэн клуб илүү найрсаг бөгөөд ямар нэг зөрчилдөөн үүсгээд байдаггүй. Гэхдээ хүүхэлдэйн кинонд ямар нэг өөрчлөлт оруулахад тэд тун дургүй байдаг. Сонирхолтой нь "My Little Pony" бүр АНУ-ын армид хүртэл өөрийн нөлөөг үзүүлж, үнэнч нөхөрлөлийн ач холбогдлыг харуулж, ид шидээ түгээж байна. Цэргүүд өөрсдийн гэсэн фэн клубын уулзалт зохион байгуулж, "cutie mark" -аар дүрэмт хувцсаа чимэглэж байсан удаа бий. "My Little Pony"-гийн шүтэн бишрэгчид хошин нэвтрүүлгийн гол баатрууд болж, хакеруудын золиос болдог ч, тэд энэ бүгдийг тэвчээртэйгээр даван гардаг билээ.

Пони ба философи. ОХУ-ын анархист үзэлтэй, философич Петр Кропоткин харилцан бие, биедээ туслах үзэл ба эв санааны нэгдлийг сурталчилж ирсэн. Тэрбээр байгальд зөвхөн Дарвины онолд тусгагдсан амьдралын төлөөх тэмцэл бус, харин өөрөө эрэмблэгдэх тогтолцоо үйлчилдэг гэдгийг баталж ирсэн юм. Кропоткины үзэж буйгаар хүмүүс ямар нэгэн нэгдсэн засаглалгүйгээр өөрсдөө эвлэл, хороо зохион байгуулан үүгээрээ дамжуулан удирдлагыг гартаа авч чадна гэж үздэг байжээ. Яг л үүнийг тэр анархизм хэмээн тодорхойлдог байсан юм.

Тэгвэл түүний энэхүү үзэл нь "My Little Pony"-д ч харагддаг."My Little Pony" цувралын баатрууд дотроо газрын (газар тариалан эрхэлдэг), пегасууд (цаг агаарыг удирддаг) ба ганц эвэртүүд (ид шидтэй) гэж хуваагддаг. Одой морьдын Эквестрия гэх улс нь албан ёсоор хаант засаглалтай. Энэхүү улсыг Селестия гүнж удирддаг бөгөөд тэрээр өдөр, шөнө солигдох үйл явцыг хариуцдаг ба ерөнхийдөө улс орны эв найрамдлын баталгаа нь болж өгдөг. Селестия зөвхөн онцгой тохиолдолд л гарч ирэн асуудлыг зохицуулдаг. Селестия гүнж маш дөлгөөхөн зан чанартай тул Эквестрияд болж буй үйл явдлуудыг ихэвчлэн хөндлөнгөөс ажиглан суудаг. 

“My Little Pony”  философи: Өнгө, өнгийн одой морьд яагаад дэлхийг байлдан дагуулж байна вэ? (фото 3)

Өмнө нь понинууд өөрсдийн төрлөөс хамааран мэргэжлээ төдийлөн чөлөөтэй сонгож чаддаггүй байжээ. Эквестрия улсыг байгуулахаас өмнө понинууд дунд омгийн тогтолцоо үйлчилдэг байсан юм. Тухайлбал цаг агаар солигдоход газрын пони нь пегас ба ганц эвэртүүдэд алба гувчуур төлдөг байсан гэнэ. Харин анархист засаглал тогтоогдсоны дараагаар энэхүү дүрэм журам нь маш хурдан алга болсон байна. Одоо бол газрын понинууд зөвхөн газар тариалангийн ажил төдийгүй хүссэн хөдөлмөрөө эрхлэх боломжтой болжээ. Ямартаа ч Эквестрия бол анархизмын маш том жишээ болж байгаа юм. "My Little Pony" одоог хүртэл анархистуудын дунд олон сая шүтэн бишрэгчидтэй болоогүй байгаа нь үнэхээр гайхалтай.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх