Хайх

Орчин үеийн технологийн хар бараан талыг харуулсан таван кино

Бас нэг цуврал

Өнгөрсөн долоо хоногт Эмма Уотсоны тоглосон "The Circle" кино нээлтээ хийсэн байгаа. Дэйв Эггерсийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн энэхүү кинонд нэгэн интернет корпорац техникийн хувьсгал хийж, хүний хувийн нууц гэх ойлголтыг эрс өөрчилсөн тухай гардаг. Үүнтэй холбогдуулж Бюро 24/7 орчин үеийн технологийн хар бараан талыг харуулсан таван кино, нэг цувралыг онцолж байна.

"Rogue One: A Star Wars Story" (2016)

Орчин үеийн технологийн хар бараан талыг харуулсан таван кино (фото 1)

Сансрын хөлөг ба ярьдаг роботуудыг эс тооцвол энэхүү кино нь орчин үеийн технологийн сэдэвтэй кино биш юм. Гэхдээ тус кинонд гол хорон санаатнуудын нэг болох Гранд Мофф Таркин гэх дүр гардаг. Харин энэ дүрийг бүтээсэн жүжигчин Питер Кушинг 1994 онд таалал төгссөн байдаг. Зохион байгуулагчид жүжигчний нүүр царайг "Star Wars. Episode IV: A New Hope" киноноос дижитал аргачлалаар хуулбарлан авч, компьютер графикийн тусламжтайгаар өөр жүжигчний бие дээр суулгасан юм. Үнэн хэрэгтээ дижитал хуулбар нь өнөөдөр Холливүүдийн салбарын хамгийн том айдсуудын нэг болоод байна. Учир нь зарим кино компаниуд жүжигчидтэй гэрээ байгуулахдаа тэднийг нас барсан тохиолдолд заавал дижитал хуулбар хийх заалтыг тусгаж өгдөг болсон. Ингэснээр орчин үеийн кино нөхцөл байдлаас үл хамааран үргэлж логик төгсгөлдөө хүрч чаддаг болж байгаа юм. Сонирхуулахад жүжигчин Робин Уильямс нас барсныхаа дараагаар ямар нэг вискиний сурталчилгаанд гарахгүйн тулд өөрийнхөө дижитал хуулбарыг ашиглахыг хориглосон (25 жилийн хугацаанд) байдаг. Харин Том Круз "Oblivion" кинонд ашигласан өөрийн дижитал хуулбарын бүх эх үүсвэрүүдийг устгаж, өөртөө ганцхан хувилбарыг үлдээсэн бөгөөд үүнийгээ маш нууц газар хадгалдаг гэнэ. Питер Кушингийг компьютер графикийн тусламжтайгаар дахин "амилуулсан" нь ёс суртахууны маш том асуудлыг хөндөж байна. Төсөөлөөд үз дээ, та нэр алдарт хүрч, дараа нь таалал төгслөө гэж бодоход хэдэн жилийн дараа таны нүүр царайг зөвшөөрөлгүйгээр ашиглах нь ойр дотнынхонд тань ямар санагдах вэ?

"Her" (2013)

Орчин үеийн технологийн хар бараан талыг харуулсан таван кино (фото 2)

Найруулагч Спайк Жонсын бүтээсэн энэхүү кино үзэгчдэд маш гүнзгий сэтгэгдэл үлдээдэг. Киноны үйл явдлын дагуу ганцаардмал зохиолч Хоакин Феникс хиймэл оюун ухаантай үйлдлийн системд ухаангүй дурладаг. Энэхүү хиймэл оюун ухаан нь эхэндээ хүний сэтгэлийг татаж, дараа нь түүнийг ганцаардал дунд орхидог. Хэдийгээр "Her" кино нь бүхэлдээ тайван уур амьсгалтай болов ч, үнэн хэрэгтээ хий хоосон зүйлд дурласан хүний тухай өгүүлдэг маш аймшигтай бүтээл юм. Энэ нь яг л Siri-д дурлахтай адил зүйл шүү дээ.

"Unfriended" (2015)

Орчин үеийн технологийн хар бараан талыг харуулсан таван кино (фото 3)

"Unfriended" бол бидний амьдралд (үнэн хэрэгтээ үхэлд) орчин үеийн технологи хэрхэн нөлөөлж байгааг харуулсан хамгийн аймаар кино. Энэхүү дэлгэцийн бүтээл нь жирийн нэг аллагын сэдэвтэй өсвөр насныхны тухай кино биш, харин бидний ул мөр нас барсны дараа ч хүртэл цахим ертөнцөд үлддэгийг сануулсан гүн утгатай төсөл юм. Мөн бидний хийсэн бодлогогүй үйлдэл юунд хүргэж болохыг "Unfriended" кино харуулна. 

"Nightcrawler" (2014)

Орчин үеийн технологийн хар бараан талыг харуулсан таван кино (фото 4)

Энэхүү киноны үйл явдалд Луис гэх залуу ( Жейк Жилленхол) шөнийн Лос-Анжелес хотоор хэсүүчилж, хамгийн хэрцгий гэмт хэргүүдийг камертаа буулгаж, дараагаар нь телевизэд өндөр үнээр зарахыг хичээдэг. Хэсэг хугацааны дараа Луис шуугиан тарьсан хэргийн төлөө юу ч хийхээс буцахгүй аймшигт мангас болон хувирдаг. "Nightcrawler" кино нь хүчирхийлэлд сонирхолтой хүмүүс болон ямар нэг ёс суртахууны шүүлтүүргүй телевизийн салбарыг шүүмжилдэг хүчтэй бүтээл юм.

"The Circle" (2017)

Орчин үеийн технологийн хар бараан талыг харуулсан таван кино (фото 5)

Америкийн зохиолч Дэйв Эггерсийн "The Circle" нэртэй бестселлер ном худалдаанд гарсан даруйдаа хүмүүсийг маш их зүйл тунгаахад хүргэсэн байдаг. Уг номонд хүмүүс сайхан амьдралын төлөө өөрсдийгөө тагнахыг сайн дураараа зөвшөөрч байгаа тухай өгүүлдэг. "The Circle" кино нь нэг өнцгөөс эрх чөлөөтэй болов ч, нөгөө өнцгөөс ямар ч хувийн нууцгүй нийгмийн тухай гардаг юм. Гэхдээ энэ кино нь зөвхөн том корпорац, орчин үеийн технологийн талаар өгүүлээд зогсолгүй, мөн хүмүүсийн шунал хэрхэн аймшигт нөхцөл байдалд хүргэж болохыг харуулдаг.

"Black Mirror" (2011)

Орчин үеийн технологийн хар бараан талыг харуулсан таван кино (фото 6)

Их Британийн "Black Mirror" цувралын уран бүтээлчид ухаалаг хошигнол ба аймшигт ирээдүйн зөгнөлийг маш чадварлагаар хослуулсан байдаг. Тус цувралын гуравдугаар улирлын нэгдүгээр анги орчин үеийн технологиос үүдсэн гамшигт нөхцөл байдлыг илүү дэлгэрэнгүй үзүүлдэг. Энэхүү ангид хүмүүс бүх зүйл дээр бие биенийгээ оноогоор үнэлж, авсан онооныхоо үр шимийг бодит амьдрал дээрээ мэдэрдэг. Ерөнхийдөө "Black Mirror" цуврал нь бидний ирээдүйг маш гутранги байдлаар зөгнөдөг. Гэхдээ хамгийн аймшигтай нь энэхүү цувралд гардаг бүх зүйлс ирээдүйд тохиолдох бүрэн боломжтой юм.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх