Хайх

ROLEX болон дэлхийн кино ертөнцийн хамтын ажиллагаа

ROLEX болон дэлхийн кино ертөнцийн хамтын ажиллагаа

Text: Buro.Mongolia


Rolex брэнд нь дэлхийн кино ертөнцтэй олон жилийн түүхтэйгээр холбогдож ирснийг үзэгчид тэр бүр анзаардаггүй. Маш олон алдартай кинонууд дээр кино бүтээгчид Rolex брэндийн бугуйн цагийг сонгон жүжигчиндээ зүүн гаргадаг бөгөөд зарим тохиолдолд жүжигчид өөрсдийн хувийн цагаа зүүн олон сайхан дүрийг бүтээсэн байдаг.

2017 онд Rolex брэнд нь "Кино Урлаг болон Шинжлэх Ухааны Академи" байгууллагатай хамтран ажиллаж эхэлснээр Оскарын шагнал гардуулах ёслолын албан ёсны спонсор болж, ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөөд буй  "Академийн Кино Урлагийн Музей"-н анхны дэмжигчдийн нэг болсон юм. Tус байгууллагын зорилго нь түүхэн кино бүтээлүүдийг зөв зохистой хадгалан үлдэж, гайхамшигтай бүтээл хэвээр нь хойч үедээ дамжуулан, кино урлагийн чанарыг хадгалж, залуучуудын уран сэтгэмжийг хөхүүлэн дэмжих болон киноны тусламжтайгаар дэлхий ертөнцийг холбоход оршдог байна.

Дөрвөн гайхамшигтай түүх өгүүлэгчид

Rolex өөрсдийн хийж бүтээж байгаа төрөлдөө хамгийн шилдэг нь байж чаддаг хүмүүсийг дэмжин ажилладаг бөгөөд үүнд кино урлаг, спорт болон бусад төрлүүд хамрагдана. Энэ чиглэлийнхээ хүрээнд тэд Холливүүдийн алдарт дөрвөн найруулагчийг дэмжин ажиллаж байна. Оскарын шагналт найруулагчид Катрин Бигелоу, Жеймс Камерон, Алехандро Гонзалез Иньяриту болон Мартин Скорсезе нар нь кино урлагийг үргэлж гайхшруулж, улам бүр хөгжүүлдэг төдийгүй тэдний бүтээл цаг хугацаа улиран одоход илүү үнэ цэнэтэй болдог хэмээн Rolex тэднийг үнэлжээ. 

Катрин Бигелоу, Жеймс Камерон, Алехандро Гонзалез Иньяриту, Мартин Скорсезе гэх алдарт дөрвөн найруулагч нь бүгд киногоороо дамжуулан дэлхийн олон гайхалтай зүйлсийг харуулж чаддаг. Тэд уран бүтээлээрээ хүмүүсийн хорвоог харах өнцгийг өөрчлөн, шинэ зүйлсийг мэдэж авахад нь тусалдаг ба эдгээр дөрвөн найруулагч нь нийтдээ 57 Оскарын шагналын эзэд билээ.

Катрин Бигелоу

ROLEX болон дэлхийн кино ертөнцийн хамтын ажиллагаа (фото 1)

Катрин нь хамгийн анхны болон цорын ганц Академийн эмэгтэй "Шилдэг Найруулагч" юм. АНУ-аас гаралтай найруулагч бүсгүй нь кино найруулахаас гадна киногоо өөрөө продюсерлэн,  зохиолоо бичдэг байна. Тэрээр The Hurt Locker (2008) киногоороо Оскарын "Шилдэг Найруулагч"-аар тодорч, мөн "Шилдэг Кино" шагналыг хүртэж байсан түүхтэй. Түүний бүтээсэн The Loveless (1981), Blue Steel (1989), Point Break (1991), Strange Days (1995), болон Zero Dark Thirty (2012) гэх гайхамшигт бүтээлүүд бидний сэтгэлд хоногшин үлджээ. 

Жеймс Камерон

ROLEX болон дэлхийн кино ертөнцийн хамтын ажиллагаа (фото 2)

Жеймс Камерон бол маш чадварлаг кино бүтээгч бөгөөд сүүлийн 30 жилд бүтээгдсэн олон мартагдашгүй кинонуудыг бичиж, найруулж, продюсерлэсэн байдаг. The Terminator (1984), Aliens (1986), The Abyss (1989), Terminator 2: Judgement Day (1991), True Lies (1994), Titanic (1997) болон Avatar (2009) гэх домогт кинонууд түүний бүтээл юм.

Камероны бүтээсэн Аватар нь одоо ч түүхэн дэх хамгийн өндөр орлоготой киногоор нэрлэгддэг бол, Титаник кино нь энэхүү рекордыг 12 жилийн өмнө эвдэж байжээ. Титаник Академийн шагналд нийт 14 төрөлд нэр дэвшснээс 11 Оскарыг авсан бөгөөд үүнд мэдээж "Шилдэг Кино" болон "Шилдэг Найруулагч" төрлүүд багтсан юм.

ROLEX болон дэлхийн кино ертөнцийн хамтын ажиллагаа (фото 3)

Жеймс Камерон сүүлийн хэдэн арван жилийн турш Rolex цагийг зүүж байгаа бөгөөд тэрээр өөрийн бүтээлүүддээ ч тэр жүжигчдийг Rolex зүүж буйгаар олонтаа гаргадаг билээ. Тухайлбал Титаник киноны зураг авалтын үеэр тэрээр жүжигчин Билл Пакстонд Submariner цагийг бэлэглэж, зүүлгэж  байсан гэдэг. "Сайн кинонд жижиг деталь бүр чухал. Зүгээр нэг хэсэг деталь биш, харин бүх деталь чухал" хэмээн Камерон онцлон хэлжээ.

Алехандро Гонзалез Иньяриту

ROLEX болон дэлхийн кино ертөнцийн хамтын ажиллагаа (фото 4)

"Шилдэг Найруулагч" төрөлд Birdman (2015) ба The Revenant (2016) бүтээлүүдээрээ хоёр удаагийн Оскарын шагналт Алехандро нь хүний зан араншинг судалж гаргадгаараа, мөн өөрийн өвөрмөц киноны хийцээрээ бусдаасаа гоц ялгардаг. 

Тэрээр 2014-2015 онд Rolex брэндийн санаачилсан "Mentor and Protégé Arts Initiative" буюу гоц авьяастай залуу уран бүтээлчдэд зөвлөн заах, дэлхийн кино  урлагт хувь нэмэр оруулах зорилготой сайн санааны төслийн хүрээнд өөрийн сонгосон шинэ үеийн, залуу авьяастанг The Revenant киноны зураг авалтын үеэр дадлагажуулсан билээ.

Мартин Скорсезе

ROLEX болон дэлхийн кино ертөнцийн хамтын ажиллагаа (фото 5)

Мартин Скорсезе нь 50 жилийн урт түүхтэй кино найруулагч, продюсер болоод зохиолч юм. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотын жижигхэн Итали хэмээх дүүрэгт өссөн бөгөөд хамгийн анхны киногоо 1960 оны сүүлээр хийж байжээ. Түүний хийсэн Mean Streets (1973), Taxi Driver (1976), Raging Bull (1980) болон Shutter  Island (2010) гэх сонгодог бүтээлүүдийг бид сайн мэднэ.

Оскарын ногоон өрөө

Rolex сүүлийн гурван жил Оскарын шагнал гардуулах ёслол дээрхи ногоон өрөөг тохижуулан засварлаж ирсэн байна. 2018 оны ногоон өрөөний тохижилт нь тус брэндийн эх орон болох Швейцарийг санагдуулам шийдэлтэй байсан бөгөөд тус улсын алдарт ууланд гарсан мэт сэтгэгдлийг үлдээсэн юм.

ROLEX болон дэлхийн кино ертөнцийн хамтын ажиллагаа (фото 6)

ROLEX болон дэлхийн кино ертөнцийн хамтын ажиллагаа (фото 7)

ROLEX болон дэлхийн кино ертөнцийн хамтын ажиллагаа (фото 8)

ROLEX болон дэлхийн кино ертөнцийн хамтын ажиллагаа (фото 9)

цааш үзэх