Хайх

“Sex and the City” яагаад хэзээ ч хоцрогдохгүй вэ?

“Sex and the City” яагаад хэзээ ч хоцрогдохгүй вэ?

Алдарт цувралын 20 жилийн ой тохиож байна

Text: Buro.Mongolia


Яг 20 жилийн өмнөх энэ өдөр HBO телевизээр алдарт "Sex and the City" цувралын нэгдүгээр анги үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй. Гэхдээ "Sex and the City" зүгээр ч нэг цуврал кино биш харин кино урлагийн түүхэнд төрөн гарч буй гоц үзэгдэл болох нь эхний ангиас л тодорхой болж байлаа. Нью-Йорк хотод амьдардаг дөрвөн найз бүсгүйн түүхийг өгүүлдэг энэхүү цуврал нь инээдмийн кино, загварын "Цагаан толгой", их хотын амьдралын хэв маягийн хөтөч гээд нэгэн зэрэг маш олон зүйлийг өөртөө агуулж байв. Мөн хамгийн чухал нь өмнө нь телевизийн түүхэнд ямар ч бүсгүйн нээлттэй ярьж зүрхлээгүй секс ба хайр дурлалын сэдвийг тэд илэн далангүй хөндөж, яг байгаагаар нь хошин, хөгжилтэй байдлаар үзүүлж чадсанаараа зөвхөн бүсгүйчүүд төдийгүй эрчүүдийг ч байлдан дагуулсан юм. Ингээд энэхүү цуврал 20 жилийн өмнө гарсан хэдий ч яагаад одоо хүртэл хоцрогдохгүй байж, өнөөгийн соёлд нөлөөтэй байгааг олж мэдэцгээе.

Загвар ба эрчүүдийн ертөнцийг байлдан дагуулсан дөрвөн бүсгүй

"Sex and the City" цувралын 94 ангийн турш гол дүрийн дөрвөн бүсгүй дизайнерын хувцас ба эд зүйлсээр гангарч харагддаг. Гэсэн ч тэд тус бүртээ өөрийн гэсэн давтагдашгүй стильтэй байсан юм. Ингэснээр цувралын костюм дизайнерууд энгийн нэг эмэгтэйд өдөр тутамдаа заавал уйтгартай хувцаслах албагүй гэдгийг ойлгуулж бодолд нь гүн гүнзгий шингээж өгсөн маш том гавьяатай. Тухайлбал цувралын гол баатар Кэрри Брэдшоу тод өнгийн, өвөрмөц дизайнтай туфлиудыг (Manolo Blahnik брэндийг санахад л хангалттай), тюль материалтай, хөвсгөр юбкаг эргээд моодонд оруулж, өөрийн нэрийн бичигтэй зүүлтийг тренд болгож мөн хоорондоо хэзээ ч зохицохгүйд тооцогдож байсан хувцаснуудыг зохицуулан өмсөж чадсан юм. Тэгвэл Шарлотта Йорк сонгодог загварын эмэгтэйлэг даашинз ба хослолуудаараа гайхагдаж байсан бол прагматик зан чанартай Миранда Хоббс ажил хэрэгч хувцсыг хэрхэн өмсөж болохыг бидэнд харуулсан байгаа. Харин тачаангуй Саманта Жонс төрөл бүрийн өвөрмөц загвартай цүнхнүүд, коктейль даашинз, эрэгтэй загвартай хослолуудыг төрөл, төрлөөр нь өмсөж, дур булаам атлаа зоригтой дүр төрх бүрдүүлж байлаа.

Цувралын үйл явдал мэдээж хэрэг дөрвөн бүсгүйн хайр дурлалын харилцаа, сексийн амьдралын эргэн тойронд өрнөдөг. Тэд төрөл бүрийн залуустай болзож, дурлаж, өөртөө дурлуулж, шаналж, хаягдаж, бүтэлгүйтэж, ер нь л хайр дурлалын харилцаанд тохиолддог бүхий л үе шатыг туулан өнгөрдөг. "Тэр яагаад над руу залгахгүй байна вэ?", "Би эхэлж залгах ёстой юм болов уу", "Яагаад миний харилцаанууд бүтэлгүйтээд байна вэ?", "Энэ жинхэнэ хайр мөн болов уу?" гэх зэрэг эмэгтэй хүн бүрийн амьдралд тохиолддог тодорхойгүй асуултуудын хариултыг эдгээр дөрвөн бүсгүй олж өгснөөрөө одоо хүртэл "Sex and the City" цуврал хоцрогдолгүй, үзэгчдийг дэлгэц ширтүүлж чадаж байгаа юм.

Поп соёлд нөлөөлсөн нь

"Sex and the City" цувралын толгой эргэм амжилтын бас нэгэн шалтгаан нь гол дүрийн баатруудын насанд оршиж байгаа. Дөнгөж 18 настай залуу бүсгүйчүүд бус харин 30-аас дээш насны ухаалаг, тодорхой амжилтанд хүрсэн, туршлагатай бүсгүйчүүдийн тухай өгүүлснээрээ энэхүү цуврал нь Холливүүдийн нэгэн хэвийн баатрууд, кино зохиолыг үгүй хийсэн юм. Бид эндээс дундаж насны бүсгүйчүүдийн амьдрал сонирхолтой, адал явдлаар дүүрэн болохыг ухаарч, төгс туфли ямар ч сэтгэл гутралыг ор мөргүй арилгаж, найзуудтайгаа инээлдэн ярилцаж цагийг өнгөрөөх нь ямар ч муу болзооноос дээр болохыг олж мэдсэн. Тиймээс л Кэрри, Саманта, Миранда, Шарлотта нараас тодорхой хэмжээнд үлгэр жишээ авах хүсэл цувралыг үзсэн бүсгүй бүрт төрсөн гэдэгт итгэлтэй байна. Мөн тэд хүйсийн тэгш эрхийн тухай зориглон ам нээж, биднийг эмэгтэйчүүд ба эрчүүдийн үүргийн талаар нухацтай эргэцүүлэхэд хүргэсэн юм. "Sex and the City" зөвхөн Cosmopolitan коктейль, загварын брэндүүдийн сурталчилгааны талбар болоод зогсохгүй эмэгтэйчүүдийн эрх чөлөөг тунхагласнаараа кино урлагийн салбарт хувьсгал хийсэн сод бүтээл болсон билээ. Яг энэ цувралын дараа гэрийн эзэгтэй нарын учир битүүлэг амьдралыг харуулсан "Desperate Housewives" болон Нью-Йорк хотын чинээлэг гэр бүлээс гаралтай сурагчдын тухай өгүүлдэг "Gossip Girl" зэрэг цувралууд ар, араасаа гарч ирэн, асар их амжилтанд хүрсэн байдаг. Ингээд ч зогсохгүй цувралын дараа Нью-Йорк хотыг зорих жуулчид асар олноороо нэмэгдэж, тэдэнд зориулсан тусгай "Sex and the City"-гийн аяллын маршрут хүртэл бий болсон юм. 

Ямартаа ч бүх цаг үеийн хамгийн шилдэг цувралын нэгт зүй ёсоор тооцогддог энэхүү бүтээл нь үзэх бүрт өмнө нь олж хараагүй шинэ зүйлсээр гайхшруулж, урам зориг өгч, ахин дахин үзсэн ч уйдахааргүй байдаг билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх