Хайх

Buro Review: Саяхан нээлтээ хийсэн \"Шүүдэр дундуур\" МУСК

Buro Review: Саяхан нээлтээ хийсэн "Шүүдэр дундуур" МУСК

Сэтгэл хөдөлгөм

Text: Ж.Чинбат


Энэ амралтын өдрүүдээр сайхан кино үзэх хүсэлтэй байгаа уншигчиддаа зориулж Бюро 24//7 дөнгөж саяхан нээлтээ хийсэн "Шүүдэр дундуур" киноны тоймыг хүргэж байна

"Шүүдэр дундуур" киноны зурагт хуудсыг анх харахад ямар нэгэн хайрын түүх өгүүлнэ гэдэг нь мэдрэгдэнэ. Тэгэхдээ кино танхимд байгаа үзэгчдийг тийм их инээлгэн, сэтгэл хөдөлгөнө гэдгийг харин төсөөлсөнгүй. Найруулагч Б.Отгонзоригийн найруулсан энэхүү кинонд Болд (О.Мөнхдалай) гэх Суданд энхийг сахиулах алба хаасан залуугийн тухай өгүүлнэ. Болд Дорнод аймаг орох шууданд гонсойн суудаг ч харин тэнд Цэнгүүнтэй (Б.Батмаа) танилцаж, киноны хөгжилтэй үйл явдлууд эхэлнэ. 

UB films студийн анхны дэлгэцийн бүтээл болох "Шүүдэр дундуур" киноны зохиолыг Л.Таванбаяр тус киноны найруулагч Б.Отгонзоригтой хамтран бичжээ. Кинонд хэдийгээр жирийн хөдөөгийн ахуй гарах авч бүх юм нь орчин үеийн бодит амьдралын тусгал болжээ. Үзэж байхад утга уянгын зохиолуудаараа алдартай С.Эрдэнэ баавайн өгүүллэгийг дэлгэцээр харж байгаа мэт амттай мэдрэмж сэтгүүлч надад төрж байлаа.

Онон мөрний хөвөөнд нутагладаг Халх, Буриад, Барга ястнаас бүрдсэн зон олон хэдийнээс гэр бүл өнөр өтгөн, бүтэн бүлээн байхыг аз жаргал гэж үздэг. Гэвч жаргалтай гэр бүл юун түрүүнд хайран дээр бий болж, хүн хүнээ таньж хүндлэх сэтгэл тогтдог билээ. Үүнд бас ямар ч худал хуурмаг байх ёсгүй. 

Buro Review: Саяхан нээлтээ хийсэн "Шүүдэр дундуур" МУСК (фото 1)Buro Review: Саяхан нээлтээ хийсэн "Шүүдэр дундуур" МУСК (фото 2)

"Шүүдэр дундуур" киноны гол дүрийг бүтээсэн Б.Батмаа, О.Мөнхдалай нарын энгийн атлаа ямар нэг хэтрүүлэггүй жүжиглэлт нь үзэгчдийн сэтгэлд хүрч чадлаа. Кино зураг авалт ч цөөн газарт явагдсан хэрнээ чадварлаг жүжигчдийн үнэн тоглолтоор илүү амьд сэтгэгдэл төрүүлнэ. Цомхон баг, төсөр өртгөөр хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, цагаан инээд, ухаарал төрүүлэхүйц бүтээл хийж болно гэдгийг "Шүүдэр дундуур" кино баталлаа. Товчхондоо кино багт ажилласан хүмүүс, продюсерын баг жижиг чулуугаар том чулуу хөдөлгөсөн гэж хэлж болно. Тэр юу гэвэл орчин үед хүний мөс чанар муудсан биш, харин ч энгийн сайхан амьдрал, амьд харилцааны ард жинхэнэ аз жаргал байдаг юм шүү гэдгийг хүмүүст инээд хөөрөөр дамжуулан хүргэсэн явдал юм. Энэ нь киноны өөрийн гэсэн давтагдашгүй байдлаар илэрнэ. Өөр бусад монгол, гадаад кинонд байдаг түгээмэл зохиол, дүр, дүрслэлээс тэд зайлсхийж, бүх зүйлсээ өөрсдийнхөөрөө бүтээжээ. Тиймээс энэ киног үзсэн хүний дотор нэг сайхан нар гарна гэдэгт бид итгэлтэй байна.   

цааш үзэх