Хайх

Шинэ жилийн кинонд дургүй хүмүүст зориулсан гурван кино

Баярын дүнсгэр өдрүүдэд

Шинэ жилийн кинонд дургүй хүмүүст зориулсан гурван кино

Text: Бюро 24/7

Хэт уянгын халилтай, уламжлалт шинэ жилийн сэдэвтэй кинонуудад хүн бүхэн дуртай биш шүү дээ. Үүнээс гадна, зарим хүмүүс шинэ жилээр баярын уур амьсгалд авталгүй, сэтгэл санааны хувьд тодорхойгүй нөхцөлд байх нь элбэг. Тиймээс бид шинэ жилийн сэдэвтэй атлаа хэт баяр баясгалантай уламжлалт кинонуудыг орлох чадвартай гурван сайн бүтээлийг танилцуулахаар шийдлээ.

"Brazil", 1985

Найруулагч: Терри Гиллиам

Шинэ жилийн кинонд дургүй хүмүүст зориулсан гурван кино (фото 1)

Киноны үйл явдалд хүнд суртал, материалист хэрэглээн дээр суурилсан нэгэн ирээдүйн улсад зул сарын баяр ирнэ. Сэм Лаури гэх энгийн ажилтан залуу нэгэн бүсгүйд ухаангүй дурлана. Гэхдээ дурлалт бүсгүй нь санамсаргүй байдлаар төрийн системийн алдааг олж харснаар аминд нь аюул тулгардаг. Алдаа гаргасан хүмүүс үүнийгээ нуухын тулд юу ч хийхээс буцахгүй. Гэхдээ Сэм Лаури ч мөн адил хайртай бүсгүйгээ аврахын тулд гэмт хэрэг хүртэл хийхэд бэлэн байх болно.

Дүнсгэр уур амьсгал, гүн гүнзгий сэдэвтэй "Brazil" кино найруулагч Терри Гиллиамийн бүтээсэн хамгийн шилдэг уран бүтээлд тооцогддог. Хэдийгээр энэхүү кино нь хоёр цаг үргэлжлэх боловч маш сайн чанарын зохиолын ачаар үзэхэд хялбар байх болно. Ингээд ч зогсохгүй Гиллиамаас гадна, Том Стоппард, Чарльз МакКоуэн нарын хамтран бичсэн энэ кино зохиол Оскарын шагналд нэр дэвшсэн юм. "Brazil" бол хожим нь ном зохиолын сэдэв болж, шинжлэх ухааны судалгааны үндэс болдог шилдэг уран бүтээлүүдийн нэг гарцаагүй мөн тул та заавал үзэхийг хичээгээрэй.

"Joyeux Noël", 2005

Найруулагч: Кристиан Карьон

Шинэ жилийн кинонд дургүй хүмүүст зориулсан гурван кино (фото 2)

Дэлхийн нэгдүгээр дайны үеийн (1914 он) зул сарын баярын өмнөх өдөр киноны үйл явдал өрнөнө. Баруун фронтын цэргүүд гэр бүлийн баярыг дайны талбар дээр тэмдэглэн өнгөрүүлэх хэрэг гардаг. Дайсны талууд зул сарын баярыг тохиолдуулан нуувчнаасаа гарч бие биедээ баяр хүргэхээр шийднэ. Үүний дараа тэд дайны үйл ажиллагааг зогсоож, бие биедээ бэлэг өгч, мөн зүгээр л хоорондоо ярилцахыг хүсдэг. Гэвч армийн удирдлагууд энэхүү явдалд дургүйцэж, цэргүүдийг бараг л урвасан хэмээн тооцно. Мөн энэ үеэр цэргүүдэд зул сарын мэндчилгээ дэвшүүлэхээр Берлиний дуурийн алдартай дуучид болох Анна Соренсен, Николаус Шпринк нар фронт руу явна.

Хэрэв та гадарласан бол "Joyeux Noël" киног бодит амьдрал дээр болсон түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн юм. Бага зэрэг гунигтай энэхүү дайны сэдэвтэй утга уянгын кино нь тухайн үедээ Оскар болон Францын Cesar Awards наадмын нийт зургаан төрөлд нэр дэвшиж байжээ. Маш сайн зураг авалт, чадварлаг жүжиглэлттэй энэхүү киног шинэ оноо угтахдаа үзэж, гүн гүнзгий уур амьсгалд автаарай.

"In Bruges", 2008

Найруулагч: Мартин Макдонах

Шинэ жилийн кинонд дургүй хүмүүст зориулсан гурван кино (фото 3)

Рэй гэх нэртэй хөлсний алуурчин даалгавар гүйцэтгэх үедээ алдаа гаргаснаар түүнийг Кен нэртэй хамтрагчийнх нь хамтаар Бельгийн Брюгге хотод нам гүн амьдрахыг толгойлогчид нь тушаана. Зул сарын баяр дөхөх тусам Кен тус хотын дундад зууны үеийн архитектурыг шүтэн биширч, баяр баясалд автдаг бол Рэй хийсэн алдаанаасаа болж амьдралаас таашаал авч чадалгүй, өөрийгөө буруутган шанална. Харин дараа нь Рэй, Клоуи гэх хар тамхины наймаачин бүсгүйд дурладаг. Яг энэ үеэр тэдний толгойлогч Рэйг хөнөөхийг Кенд даалгах боловч тэр тушаалыг нь биелүүлэхийг хүсэхгүй.

Ирландын найруулагч Мартин Макдонах бүр 1990-ээд онд, театрт жүжиг тавьдаг байх үеэсээ л өөрийн өвөрмөц хошин арга барилаараа алдартай байсан юм. Тэр кино урлагийн салбар луу орсон ч өөрийн энэхүү чадвараараа алдартай хэвээрээ байна. Түүний хошигнолуудыг үзээд нэгэн зэрэг инээж бас уйлах хэрэг гарна. "In Bruges" кино нь дотроо бага зэрэг гунигтай уур амьсгал, тааварлашгүй үйл явдал ба чадварлаг жүжигчдийн багийг нэгтгэж чадсан байгаа. Мөн жуулчдын дуртай дундад зууны хот, зул сарын баярын сэтгэл догдлуулам уур амьсгал киноны хар бараан үйл явдлыг арай гэгээлэг болгож өгнө.

  • Зураг:
Цааш үзэх