Хайх

Охидод урам зориг өгч, үлгэр жишээ болох кино ертөнцийн 5 баатар

Охидод урам зориг өгч, үлгэр жишээ болох кино ертөнцийн 5 баатар

Олон улсын охидын өдрийг тохиолдуулан кино ертөнцийн түүхэнд төрсөн хүчирхэг баатруудыг онцолж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг Олон улсын охидын өдөр тохиосон билээ. Охидод тохиолддог нийгмийн асуудлууд, хүйсийн тэгш бус байдалд хүмүүсийн анхаарлыг хандуулах зорилгоор энэхүү өдөр нь үүсгэн байгуулагдсан юм. Бид энэ өдрийг тохиолдуулан хүчирхэг, бусдад урам зориг өгөх киноны баатруудыг онцлохоор шийдлээ.

Ваджда

"Wadjda" кино

Охидод урам зориг өгч, үлгэр жишээ болох кино ертөнцийн 5 баатар (фото 1)

Саудын Арабын эмэгтэй найруулагчийн (Хайфа аль Мансур) бүтээсэн киноны гол баатар нь 10 настай Ваджда охин юм. Тус улсад амьдардаг бусад охид ба эмэгтэйчүүдийн адилаар Вадждад ямар ч эрх байхгүй. Гэхдээ тэр маш олон уламжлал, дүрэм журмыг мөрдөх хэрэг гардаг. Ваджда охин эрүүл саруул сэтгэлгээ, сониуч зантай тул түүнд ойлгомжгүй, тухгүй, таалагдахгүй байгаа дүрэм журамд захирагдахыг хүсдэггүй. Тэрээр хижаб өмсөхөөс татгалзаж, хөрш айлын хүүтэй нөхөрлөнө. Охины унадаг дугуй худалдаж авах хүсэл нь түүний "бослогын" дээд цэг нь болдог. Саудын Арабын эмэгтэйчүүдийг дугуй унахыг хориглодог учраас охины ээж нь энэ санааг олж мэдээд айдаст автана. Эцэг эх нь түүнд унадаг дугуй авч өгөхгүй гэдгийг маш сайн мэдсэн тэрээр Коран судрын уран уншлагын тэмцээнд түрүүлж, шагналын мөнгөөрөө мөрөөдлийн дугуйгаа худалдаж авахаар шийддэг.

Киноны гол баатар Ваджда охин өхөөрдөм, найрсаг, хөгжилтэй зан араншинтай бөгөөд өөрийн үзэл бодлоо зоригтой илэрхийлж чаддаг. Хэдийгээр тэр бяцхан хүүхэд ч гэлээ тогтсон дүрэм журмыг сохроор дагахын оронд өөртөө орчлон ертөнцийн талаар асуулт тавьдаг. Ваджда хэзээ ч өөрийгөө хөвгүүдээс дорд үздэггүй гэдгээрээ кино ертөнцийн хүчирхэг баатруудын эгнээнд жагссан юм.

Хермаини

"Харри Поттер" франчайз

Охидод урам зориг өгч, үлгэр жишээ болох кино ертөнцийн 5 баатар (фото 2)

Хермаиниг танилцуулах шаардлагагүй юм. "Харри Поттер"-ын ертөнцийн залуу шидтэнийг дэлхий даяар олон сая багачууд төдийгүй томчууд ч мэднэ. Ухаантай, үнэнч, эр зоригтой гэх үгсээр түүнийг товч тодорхойлж болно. Хэрэв зохиолд гардаг Хермаини илүү зөөлөн ааш араншинтай, өөртөө эргэлздэг, бага зэрэг сандруу байсан бол дэлгэцийн хувилбар нь илүү хатуу чанга зан чанартай болсон байдаг. Хэдийгээр аль нь илүү сайн болсныг удаан маргаж болох ч Эмма Уотсоны бүтээсэн Хермаинигийн дүр орчин үеийн охидод маш зөв үлгэр дуурайлал өгөх болно. Тэрээр өөрийн жишээгээр ухаантай, зоригтой байх нь догь гэдгийг харуулж, хөвгүүдтэй эн зэрэгцэн адал явдалд орооцолдож, сул дорой хүмүүсийг хамгаалж, илүү том зорилгын төлөө тав тухаа золиосолдог нь эмэгтэйчүүдийн тухай хэвшмэл ойлголтыг эвддэг.

Лира

"The Golden Compass" кино

Охидод урам зориг өгч, үлгэр жишээ болох кино ертөнцийн 5 баатар (фото 3)

Филип Пулманы "Northern Lights" (Туйлын туяа) үлгэрээс сэдэвлэсэн "Golden Compass" (Алтан луужин) бол кино ертөнцийн түүхэнд бүтээгдсэн хамгийн шилдэг уран зөгнөлт бүтээлүүдийн нэг юм. Киноны гол баатар Лира Белаква гэх охин хүн бүрийг бүхий л амьдралынх нь туршид дагалддаг амьтантай (дэймон) ид шидийн ертөнцөд амьдардаг. Лира Оксфорд хотод авга ах Лорд Азриэлийн гэрт оршин суудаг бөгөөд хүмүүсийн хүссэнээр леди байхын оронд бусад хүүхдүүдийн адилаар гудамжинд гүйж, адал явдалтай учрахыг хүснэ. Эцэст нь түүний хүсэл ч биелдэг. Оксфордод бяцхан хүүхдүүд алга болж эхэлснээр Лира тэдний эрэлд гардаг.

Хэрэв Харри Поттерын тухай зохиолд Хермаини нь киноны гол баатар, "сонгогдсон", "амьд үлдсэн охин" биш байдаг бол, "Golden Compass" энэ тал дээр илүү гүн гүнзгий сэтгэж, гол баатраараа эмэгтэй хүүхдийг сонгосон юм. Кинонд Лира агуу хорон санаатны эсрэг эрэлхэгээр тулалдаж ялалт байгуулдаг. Ихэвчлэн бид энэ бүх эр зоригийг эрэгтэй дүрээс л олж хардаг билээ. Лира цаг үргэлж асуулт тавьж, тогтсон дүрэм журмыг дагахыг хүсдэггүй бөгөөд өөрийгөө болон бусдыг хамгаалах гайхалтай чадвартай юм.

Сьюзан ба Люси

"The Chronicles of Narnia"

Охидод урам зориг өгч, үлгэр жишээ болох кино ертөнцийн 5 баатар (фото 4)

Сьюзан ба Люси Певенси нар бол Нарния гэх ид шидийн улсад өрнөдөг адал явдлын гол баатрууд юм. Клайв Стэйплз Льюисийн зохиосон энэхүү ном нь Их Британийн хүүхдийн сонгодог зохиолд тооцогддог тул тус бүтээлийг кино болгосон нь гэнэтийн зүйл огт биш билээ. Бид Сьюзаныг 11 настай, Люсиг 8 настай байхад нь анх тэдэнтэй танилцах болно. Дэлхийн II дайны үеэр Лондонд тогтмол бөмбөг дэлбэрдэг тул эгч дүүсийг Питер ба Эдмунд гэх ах дүүсийнх нь хамтаар гэр бүлийн найз профессорын гэрт илгээдэг. Тэд анх профессорын гэрт байрлах хувцасны шүүгээнээс Нарнияд нэвтэрснээр адал явдал эхэлдэг. Мөн хүүхдүүд ер бусын улсад хорон санаат Цагаан шуламтай нүүр тулах хэрэг гарна.

Сьюзан ба Люси нар ах дүүсээсээ дутахааргүй зоригтой байж, заримдаа бүр тэднээс ч илүү аюулыг даван туулж, тулаанд оролцож, зэвсэг эзэмшиж, чухал шийдвэрүүдийг гаргадаг. Бид Певенсигийн хүүхдүүдээс эрэгтэй ба эмэгтэй хүмүүс хүйснээс үл харгалзан, бие биедээ дэм болж, аюулын эсрэг нэгдэж хамтдаа тэмцэх хэрэгтэй гэдгийг ухаарах болно.

Чихиро

"Spirited Away" кино

Охидод урам зориг өгч, үлгэр жишээ болох кино ертөнцийн 5 баатар (фото 5)

Хаяо Миязаки үргэлж сонирхолтой эмэгтэй дүрүүдийг бүтээж, тэднийг зохиолынхоо үйл явдлын төв болгож ирсэн билээ. Кинонд Чихиро охин эцэг эхийнхээ хамтаар шинэ байшинд нүүж ирдэг ч, тэд төд удалгүй төөрч, нэгэн нууцлаг хотод хүрч ирнэ. Эцэг эх нь тус хотод байрлах цорын ганц рестораныг сонирхохоор явахад Чихиро орчин тойронтойгоо танилцахаар шийддэг. Охиныг эргэн ирэхэд эцэг эх нь гахай болон хувирсан байхыг олж харна. Учир нь энэхүү хот нь Юбаба нэртэй хүчирхэг шулмын эзэмшилд байдаг ба тэрээр бурхдад зориулсан ресторан, халуун усны газар ажиллуулдаг болохыг Чихиро олж мэддэг. Охин эцэг эхээ аврахын тулд Юбабад ажиллах хэрэг гарна.

Чихиро маш ухаантай, зоригтой, биеэ даасан охин юм. Тэрээр бэрхшээлээс зугталгүй, харин ч үүнийг шийдвэрлэхийг хичээдэг. Охин аюулд орсон хүмүүсийг аврахыг хичээн, өөрөө бие даан шийдвэр гаргаж, хэзээ ч бууж өгдөггүй. Ер нь Disney-г Миязакигаас суралцах хэрэгтэй гэж олон хүн үздэг нь ч учиртай. Учир нь Disney-тэй харьцуулахад Миязаки илүү биеэ даасан, хүчирхэг эмэгтэй дүрүүдийг бүтээж чаддаг юм.

цааш үзэх