Хайх

Валентины баяраар стриминг платформуудаар үзэж болох шинэ кино, цувралууд

Валентины баяраар стриминг платформуудаар үзэж болох шинэ кино, цувралууд

Text: Buro.Mongolia


Гэгээн Валентины баяраар кино үзэх нь хосуудын хувьд ямагт сонгодог болзоонуудын нэг байсаар ирсэн билээ. Тэгвэл энэ удаа романтик болзоогоо гэртээ хийхээр төлөвлөсөн уншигчдадаа зориулан стриминг платформуудаар үзэж болох хайр дурлал, инээдэм хосолсон шинэ кино, цувралуудыг танилцуулж байна.


"Five Blind Dates" 

Prime Video платформын албан ёсны бүтээл болох "Five Blind Dates" киноны гол дүрд TikTok бичлэгүүдээрээ алдартай Шуан Ху болон "Rush Hour" киногоор нь олны сайн мэдэх ахмад жүжигчин Цзи Ма нар дүр бүтээжээ.

Насаараа ганц бие явсан Лиа бүсгүйд нэгэн зөнч "таван болзооны дараа чи заяаныхаа ханьтай учрах болно" хэмээн өгүүлснээр киноны үйл явдал эхэлнэ. Тус зөнчид гэрийнхэн нь үнэмшсэн тул Лиа аргагүй эрхэнд таван өөр залуутай сохор болзоонд явах шаардлагатай болно. Эцэст нь Лиа заяаны ханиа олж чадах болов уу? 

Та тус киног Prime Video платформоос үзэх боломжтой. 


"Doctor Slump"

Үргэлж хичээл сурлага, дүнгээрээ өрсөлддөг эмч болох ижил мөрөөдөлтэй хоёр сурагч олон жилийн дараа нэгнийхээ амьдралын хамгийн хэцүү үед дахин уулзаж буйгаар үйл явдал эхэлнэ. Тус цувралын гол дүрүүдэд жүжигчин Пак Шин Хеэ болон Пак Хён Шиг нар тоглож байгаа бөгөөд тэд 11 жилийн өмнө хамтдаа "The Heirs" цувралд дүр бүтээж байсан билээ. 

Мөн энэхүү бүтээл нь одоогийн байдлаар Netflix-ийн хамгийн эрэлттэй цувралуудын тавдугаар байранд бичигдэж, Өмнөд Солонгос, Тайланд, Малайз зэрэг 11 орныг үзэлтээрээ тэргүүлж байна. 

Та тус цувралыг Netflix платформоос үзэх боломжтой. 


"A Soweto Love Story" 

Ганц бие гурван хүүгээ хүнтэй суулгахын тулд ээж нь нэгэн мэргэн арга сэдэж олдог. Ингэхдээ тэрээр "хамгийн түрүүнд сүй тавьсан хүүдээ байр авч өгөхөөр шийдсэн учир хурдхан хүнтэй суу" хэмээн гурван хүүгээ шавдуулна. Ийнхүү өөрийн гэсэн орох оронтой болохыг хүссэн ах дүү гурав хоорондоо ширүүхэн өрсөлдөж буйгаар үйл явдал өрнөнө. 

Сонирхуулахад "A Soweto Love Story" кино нь Өмнөд Солонгос улсын 2022 оны хамгийн их үзэгчтэй цувралын нэг "It's Beautiful Now" олон ангит киноны шинэчлэгдсэн хувилбар юм.

Та тус киног Netflix платформоос үзэх боломжтой.


"One Day" 

2011 онд гарч байсан "One Day" киноны шинэчлэгдсэн хувилбар цуврал болж Netflix платформоор цацагдахаар болжээ. Энэхүү киноны анхны хувилбарт жүжигчин Энн Хэтэуэй, Жим Стержесс нар чадварлагаар дүр бүтээж, одоо ч үзэгчдийн Валентины баяраар үзэх дуртай кинонуудын нэгт тооцогддог билээ. Харин шинээр гарах гэж буй уг цувралд залуу жүжигчин Амбика Мод, Лео Вудалл нар тоглож байгаа ба үйл явдлын хувьд бүрэн хэмжээний кинотойгоо ижил түүхийг өгүүлэх аж. 

Та тус цувралыг Netflix платформоос үзэх боломжтой.


"This Is Me ... Now: A Love Story" 

Дуучин, жүжигчин Женнифер Лопесийн хайр дурлал, адал явдал, инээдэм хосолсон "This is Me ... Now: A Love Story" мюзикл кино Prime Video платформ дээр хоёрдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Тус киногоор Женнифер Лопес эмэгтэй хүний дотроо хадгалж явдаг зүйлс, нууцхан сэтгэл хөдлөл, гэнэтийн ааш араншин, бусдад өөрийгөө ойлгуулах гэсэн хүслийг сонирхолтой байдлаар харуулахыг зорьсон гэдгээ хуваалцжээ. Мөн түүний нөхөр жүжигчин Бен Аффлек нэгэн нууцлаг дүрийг уг кинонд бүтээсэн гэнэ.

Та тус киног Prime Video платформоос үзэх боломжтой. 


"LTNS"

Гэрлээд таван жилийн нүүрийг үзэж буй ч хайрын гал нь аль хэдий нь унтарсан хосууд болох Самуел, Ү Жин нар нэгэн хэвийн амьдралдаа өөрчлөлт хийхээр шийднэ. Хосууд амьдралаа илүү сонирхолтой болгохын тулд бохир аргаар мөнгө олохоор сэтгэл шулуудна. Улмаар тэд гэр бүлээ хуурч, араар тавьдаг хүмүүсийг мөшгөн, тэднийг сүрдүүлж мөнгө авахаар төлөвлөдөг. Ингэх явцдаа хосууд олон хөгжилтэй, бүтэлгүй явдлыг туулахын сацуу нэг нэгнээ гэх сэтгэлээ эргүүлэн олж авна.

Та тус цувралыг TVING платформоос үзэх боломжтой. 


"The Heartbreak Agency" 

Ажлаасаа өөр юм боддоггүй Карл хэмээх залуугаас найз бүсгүй нь гэнэт л нэг өдөр салахаар шийднэ. Харин бүсгүй салсан шалтгаанаа түүнд тайлбарлахдаа нэгэн сэтгэл зүйчийн зөвлөснөөр хоёр тийш болж буйгаа хэлнэ. Залуу үүнд уурлаж, сэтгэл зүйч дээр "хүний мөнгийг л авах санаатай хуурамч, луйварчин" гэж маргах санаатай очно. Гэтэл нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, залуу сэтгэл зүйч бүсгүйд хайртай болсноор үйл явдал өрнөнө. 

Та тус киног Netflix платформоос үзэх боломжтой. 


"Marry My Husband" 

Ижил нэрт webtoon-ээс (Өмнөд Солонгосын дижитал комикс) сэдэвлэсэн "Marry My Husband" цувралын гол дүрүүдэд романтик киноны хатан хаан гэгддэг жүжигчин Пак Мин Ён болон залуу жүжигчин На Ин Ү нар тоглож байгаа билээ.

Үйл явдлын хувьд Жи Вон гэх бүсгүй хорт хавдар тусаж, амьдрах хэдхэн сарын хугацаатай болсон гэх хүндхэн мэдээг сонсож буйгаар эхэлнэ. Цаашлаад түүний хамгийн сайн найз болон нөхөр нь хайр сэтгэлийн холбоотой болсон гэдгийг олж мэднэ. Улмаар нууцыг нь олж мэдсэнд нөхөр нь уурлаж, санамсаргүйгээр бүсгүйн амийг хороодог. Хачирхалтай нь Жи Вон нүдээ нээхэд диваажинд бус 10 жилийн өмнө буюу нөхөртэйгөө гэрлэхээс өмнөх цаг үед ирснээр үйл явдал өрнөнө. 

Та тус цувралыг Prime Video платформоос үзэх боломжтой. 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх