Хайх

Яг одоо Холливүүдэд нэрд гарч байгаа Өмнөд Солонгос гаралтай жүжигчид

Яг одоо Холливүүдэд нэрд гарч байгаа Өмнөд Солонгос гаралтай жүжигчид

Шинэ авьяас

Text: Г.Тэмүүлэн


Кино урлагийн ертөнцөд амжилтад хүрч Холливүүдэд төдийгүй дэлхий даяар сая, сая шүтэн бишрэгчтэй болсон Өмнөд Солонгос гаралтай жүжигчид олон бий. Тухайлбал "The Hangover" киногоор алдаршсан Кен Жонг, "G.I. Joe" франчайзын од И Бён Хон, "Sense8" цувралын гол дүр Ду На Бэ болон бусад олон жүжигчдийг дурдаж болно. Харин бид энэ удаад цаашид анхааралтай ажиглах хэрэгтэй, Холливүүдэд авьяас чадвараараа үнэлэгдэж байгаа Өмнөд Солонгос гаралтай залуу жүжигчдийг онцлохоор шийдлээ.

Клаудия Ким

Яг одоо Холливүүдэд нэрд гарч байгаа Өмнөд Солонгос гаралтай жүжигчид (фото 1)

Ким Сухён буюу Клаудия Ким нь карьерынхаа эхэн үед Өмнөд Солонгосын романтик телевизийн олон ангит кинонд тоглож байсан бол 2014 оноос эхлэн Netflix-ийн "Marco Polo" цувралд Хайду хааны охин Хутулун буюу Хотол Цагаан Гүнжийн дүрийг бүтээснээр олон улсад танигдаж эхэлсэн юм. Үүний дараа тэрээр "Avangers: Age of Ultron" блокбастерт тоглосноор асар их амжилтыг олсон байдаг. Мөн жүжигчин бүсгүй тун удахгүй нээлтээ хийх "Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" кинонд Волдемортын могой Нагинигийн дүрийг бүтээгээд амжжээ.

Чарльз Мелтон

Яг одоо Холливүүдэд нэрд гарч байгаа Өмнөд Солонгос гаралтай жүжигчид (фото 2)

Солонгос ба Америк гаралтай жүжигчин Чарльз Мелтоныг бид "Riverdale" цувралын Режи Мантлагийн дүрээр маш сайн мэднэ. Гэхдээ тэрээр тус цувралын гол дүрийг бүтээхээс өмнө "Glee" мюзикл ба "American Horror Story" цувралын хэд, хэдэн ангид жижиг дүрүүдийг бүтээж байсан туршлагатай.

Ки Хон И

Яг одоо Холливүүдэд нэрд гарч байгаа Өмнөд Солонгос гаралтай жүжигчид (фото 3)

Тэрээр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод төрж өссөн ч найман настайдаа Лос-Анжелест гэр бүлээрээ нүүж ирсэн байдаг. Ки Хон И анх коллежид суралцаж байхдаа "Disturbia" кинонд жүжигчин Аарон Югийн жүжиглэлтийг хараад кино ертөнцөд хүч үзэхээр шийдсэн гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Жүжигчний карьераа 2010 онд эхлүүлсэн Ки Хон И энэхүү жагсаалтад багтсан жүжигчдээс тоглосон киноныхоо тоогоор хамгийн туршлагатай нь болж байна. Одоогоор түүний карьерын түүхэн дэх онцлох бүтээлээр "The Maze Runner" франчайзын гурван ангийг нэрлэж болох юм. Мөн мэдээж хэрэг Netflix-ийн алдарт "Unbreakable Kimmy Schmidt" инээдмийн цувралын хоёр улиралд тоглосныг заавал дурдах хэрэгтэй.

Awkwafina

Яг одоо Холливүүдэд нэрд гарч байгаа Өмнөд Солонгос гаралтай жүжигчид (фото 4)

Нора Лам буюу Awkwfina Нью-Йорк хотод төрж өссөн юм. Түүний аав нь Хятад гаралтай бол ээж нь Өмнөд Солонгосоос АНУ-д цагаачилж ирсэн байдаг. Тэрээр рэппер, жүжигчин, телевизийн хөтлөгч гээд нэгэн зэрэг олон мэргэжлийг эзэмшиж, янз бүрийн салбарт өөрийгөө сорьдог. Түүний жүжигчний карьер анх 2016 онд "Neighbors 2: Sorority Rising" кинонд тоглосноор эхэлсэн юм. Үүний дараа Awkwafina "Storks" гэх анимэйшн кинонд дуу оруулж, "Dude" нэртэй Netflix-ийн инди кинонд тоглож туршлага хуримтлуулжээ. Саяхан тэрээр зөвхөн эмэгтэй гол дүрийн жүжигчдээс бүрдсэн "Ocean's 8" ба Ази жүжигчдийн багтай "Crazy Rich Asians" кинонд тоглосон байгаа. Мөн бид түүний дуу хоолойг 2019 онд нээлтээ хийх "Angry Birds Movie 2" киноноос сонсох болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх