Хайх

Энтони Хопкинс: “Жүжигчин хүн үзэгчдийн өмнө үхэх нь мэргэжлийнх нь гол утга учир юм”

Бюро 24/7 ярилцлага

Энтони Хопкинс: “Жүжигчин хүн үзэгчдийн өмнө үхэх нь мэргэжлийнх нь гол утга учир юм”
Бюро 24/7 жүжигчин Энтони Хопкинстой уулзаж, яагаад ийм их кинонд тоглодог, архинд донтох өвчнийг хэрхэн ялан дийлэх болон гэмтсэн эго юугаараа ашигтай болох талаар ярилцлаа

Энтони Хопкинс одоо 78 настай. Түүний тоглосон бүх кино нийлээд "Заавал үзэх ёстой 100 кино"-ны бэлэн жагсаалт болно. Жишээ нь "The Silence of the Lambs", "The Elephant Man" зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн олон сонгодог бүтээлүүдээс эхлээд "Bram Stoker's Dracula" кино мөн донтож үздэг телевизийн цувралууд ч бий. Энэ намрын хамгийн их хүлээлттэй байгаа "Westworld" цувралд Энтони Хопкинс тоглосон бөгөөд бараг л телевизийн түүхэнд хамгийн үнэтэй цувралаар тодорч, шүүмжлэгчид ч уг бүтээлийг алдарт "Game of Thrones"-той өрсөлдөнө гэж үзэж байна. Ингээд "Westworld" цуврал эхлэхийн өмнө Бюро 24/7 Холливүүдын хамгийн алдартай Их Британий жүжигчинтэй уулзаж дэлгэрэнгүй яриа хийлээ. Маш сонирхолтой ярилцлага уншихдаа бэлдээрэй!

Саяхан Рональд Харвудын жүжгээс сэдэвлэсэн "The Dresser" нэртэй кинонд та гол дүр бүтээсэн. Бодит амьдрал дээр хэн таныг хувцасладаг вэ?

Миний эхнэр. Тэр үргэлж миний юу өмссөнийг шалгаж, бараг үргэлж засвар оруулдаг. Бүр өнөөдөр хүртэл энэ уулзалтанд ирэхэд тэр Малибугаас залгаж, яаж хувцаслах талаар зааварчилсан.

Энтони Хопкинс: “Жүжигчин хүн үзэгчдийн өмнө үхэх нь мэргэжлийнх нь гол утга учир юм” (фото 1)

Харвудын жүжгийн зохиолд жүжигчин хүн ба түүний мэргэжилдээ хандах хандлага харагддаг. Та өөрөө энэ мэргэжлийн гол утга учрыг юу гэж ойлгодог вэ? Таны жинхэнэ төрх ба та өөрийгөө харахыг хүсдэг төрх хоёрын хооронд ямар нэг зөрчилдөөн гардаг уу?

Миний бүтээсэн Сэрийн дүр өөрийгөө ялан дийлж, төгс төгөлдөрт хүрэхийг хүсэвч яг яаж үүнийг хийхээ ойлгодоггүй хүний тухай юм. Эцэст нь тэр жүжгийн нээлтийн өмнө галзуурдаг бөгөөд зөвхөн солиорлын байдалдаа л үзэгчдэд төгс дүрийг үзүүлж чаддаг. Ингээд тэр хүссэндээ хүрч, өөрийн төсөөлснөөс илүү ихийг хийсэн гэдгээ ухаарч, сая нэг дотоод хүслээсээ чөлөөлөгдөх үедээ нас бардаг. Яг энэ төгс төгөлдөрийн төлөөх эрмэлзэл, өөрийн дотоод хязгаарыг даван дийлэх хүслийнхээ үрээр үзэгчдийн өмнө үхэх нь жүжигчний мэргэжлийн гол утга учир гэж би хувьдаа боддог.

Таны дүр өөрийн тайзны хувцаслагч, үнэнч туслах бөгөөд найзгүйгээрээ үүнийг хийж чадахгүй байх байсан. Та яг Норман шиг хүнтэй учирч байв уу?

Намайг Үндэсний театрт ажилладаг байх үед манайд тайзны хувцас хариуцдаг нэг хүн байсан. Тэр бүх жүжигчидтэй ажилладаг байлаа. Түүнийг Лесли Хихо гэдэг байсан юм. Тэр миний амьдралдаа учирч байсан хамгийн ганцаардмал хүмүүсийн нэг. Леслигийн амьдрал театрын ажил, Тигр гэдэг хочтой муурыг асрах хоёрын хооронд л өнгөрдөг байв. Жүжигчид түүнтэй маш бүдүүлэг харьцаж, паб руу шар айрганд гүйлгэдэг байсан. Хэдийгэр Лесли нэлээд настай хүн бөгөөд түүнд амаргүй байсан ч амьсгаадсаар тэдний хэлсэн бүгдийг биелүүлнэ. Дараа нь би дэлхийн олон улсын, янз бүрийн тайзны хувцаслагч нартай таарч байсан ч тэд огт өөр төрлийн хүмүүс байсан юм. Гэхдээ Норман (Би МакКеллены дүрийг нь бүтээсэн тэр Норманыг ярьж байна) бол миний амьдралдаа учирч байсан тайзны хувцаслагч нараас 1950-аад онд хамт ажиллаж байсан тэр ганцаардмал өвгөнтэй хамгийн их адилхан санагдсан. Нээрэн Иен өөрөө ч гэсэн Леслиг таньдаг байсан. Бид киноны зураг авалт эхлэхээс өмнө түүнийг дурсаж байлаа.

"The Dresser" киноны зураг авалтын үеэр танд өөр дурсагдсан зүйл бий юу?

Би 1960-аад онд Лондон дахь Хатан хааны үндэсний театрт ажиллаж байсан юм. Тэр үед би бусад жүжигчидтэй сайн нийцэж өгдөггүй, өөрийгөө нэг тийм гадны хүн шиг мэдэрдэг байлаа. Би Лоуренс Оливье ба Альберт Финни нартай хамт жүжгүүдэд тоглож байсан ч их жижиг дүрд хувирдаг. Ер нь л нэг хэвийн, уйтгартай ажил байсан юм. Гэхдээ энэ бол хамгийн түрүүнд толгойд орж ирдэг зүйл биш. Би шууд л 60 настай, хорт хавдартай Оливье Отеллогийн дүрийг бүтээж байгааг төсөөлдөг. Тэр энэ ертөнцийн бүх л зүйлийг харааж, өвчиндөө шаналж, ой санамжаа алддаг байсан ч орой болгон тайзан дээр гарч, цээжнийхээ гол судсыг тасартал жүжиглэдэг байсан. Иен бид хоёр зураг авалтын талбай дээр хуучин цагаа дурсаж чалчихаас өөр юу ч хийгээгүй юм. Зураг авалтын багийнхан бид хоёрт бүр сургуулилт хэрэггүй, зүгээр л өнгөрсөн үеэ дурсаж ярилцахад л хангалттай гэж тоглоом, шоглоом хийж байсан.

"The Dresser" кино бүр маш үнэмшилтэй болсон бөгөөд өөрийн эрхгүй үйл явдлын гэрч, эсвэл бүр нэг хэсэг нь болсон мэт сэтгэгдэл төрсөн. Яаж ийм үр дүнд хүрч чадав аа?

Ричард Эйр маш олон жил Хатан хааны үндэсний театрыг удирдсан болохоор түүнд орон зайг мэдрэх онцгой чадвар бий. Тэр шууд л зөвхөн театрын дотор зураг авах санал тавьсан. Ялангуяа тайзан дээр бас тайзны арын өрөөнүүдэд зураг авалтыг хийсэн. Гаднах ертөнцөд авсан зураг авалтын бүх хэсгүүдийг хассан байгаа. Учир нь Ричийн хэж буйгаар бол тэр клаустрофобиятай (давчуу орон зайнаас айх өвчин) төстэй мэдрэмж төрүүлэхийг хүссэн гэсэн. Тийм болохоор бид театраас гадуур огт гараагүй. Бид Hackney Empire театрт зураг авалтаа хийсэн юм. Энд хамгийн анх Чарли Чаплин Уильям Жиллеттийн бичсэн "Sherlock Holmes" жүжгийн Билли гэдэг элчийн дүрд тоглож байсан. Миний өвөө энэ жүжгийг үзээд, аав бид хоёрт ярьж өгдөг байлаа. Мэдээж би зураг авалтын үйл явцад түүний яриануудыг дурссан. Бас Ливерпулийн бөмбөгдөлтийг санасан. Би хэдийгээр их жоохон хүү байсан ч, энэ бүхнийг санадаг. Театрын сүр жавхлан, бас зөвхөн дайны үед л хүмүүст төрдөг тийм айдсыг мэдрүүлсэн уур амьсгалыг бүрдүүлсэн. Зураг авалт үргэлжилж байх үед би амралтын өдрүүдэд үнэхээр дургүй байсан гэдгийг л баттай хэлж чадна. Зураг авалтын талбайд эргэн ирэхийн тулд даваа гарагийг хүлээдэг байсан.

Өнгөрсөн жил би ноён Иентэй ярилцаж байсан юм. Тэр "The Dresser" киног Том Кортнитой хэлэлцэж байсан бөгөөд Кортни түүнд "Энэ киног хийх нь Рембрандтыг дахин зурахтай адил" гэж хариулсан гэдгийг надад ярьж өгсөн. Магадгүй тэр 1983 онд бүтээгдсэн анхны хувилбарыг гүйцэх боломжгүй гэсэн байх. Та юу гэж бодож байна?

Иенээс гадна, Томтой Эмили Уотсон бас уулзсан байсан. Эмилид ч гэсэн тэр яг ижил зүйл хэлсэн байна лээ. Би түүний ундуйцлыг ойлгож байна аа. Эцсийн эцэст тухайн үед энэ бүтээлээр Том дэлгэцэнд ч, тайзан дээр ч гялалзаж байсан шүү дээ. Харин бид тэр киноны өөрсдийн хувилбарыг хийсэн. Гэхдээ хэрэв Иен бүгдийг сэтгэлдээ маш ойр хүлээж авдаг бол надад бусдын бодол тийм ч хамаатай биш. Би Альберт Финнигээс зааварчилгаа авсан. Түүний үгийг надад Рональд Харвуд (Их Британий кино зохиолч) дамжуулсан юм. Финни надад "гомдох" хэрэггүй гэдгийг арай бүдүүлэг хэллэгээр зөвлөсөн.

Таны дүр Сэр хэтэрхий өндөр эготой хүн. Тэгвэл таны өөрийгөө үнэлэх үнэлэмж хэр вэ?

Би тодорхой хэмжээнд нарциссизм байх ёстой гэж үздэг. Энэ нь бардам занг бий болгодог. Үүнийг нэр хүндэд дуртай гэх мэтээр юу гэж ч нэрлэж болно. Гэхдээ урагшлахын тулд хүнд энэ зан зайлшгүй шаардлагатай. Өөрийн үнэ цэнийг мэдэрч, хатуу итгэл үнэмшилтэй байх нь маш чухал. Ялангуяа Холливүүдад. Би танд Ричард Бертоны түүхийг ярьж өгье. Би өмнөд Уэльсийн Порт-Толботод төрж өссөн л дөө. Тэнд бас Ричард Бертон амьдардаг байсан юм. Миний аав талхчин, харин ээж маань аавын нарийн боовны мухлагийн дэргэд жижиг дэлгүүр ажиллуулдаг байлаа. Бертоны дүү Сесилия манай мухлагт байнга ирдэг байв. Тэгээд нэгэн өдөр би Бертоны гарын үсгийг авах гээд тэдний гэрт очтол Сесилия намайг шууд таниад дотогшоо оруулсан юм. Би Бертоныг угаалгын өрөөнд сахлаа хусч байхтай нь таарсан. Тэр над руу эргэж хараад, хялалзан, "Чи Уэльс хэлээр ярдаг уу" гэж асуусан. Би толгойгоо сэгсэртэл, тэр зүгээр л "Тэгвэл чи жинхэнэ уэльс хүн биш" гэх хариулчихаад сахлаа үргэлжлүүлэн хусч байсан. Тэгээд би юу ч үгүй хоцорсон. Би гэртээ харих гээд толгодоор доошоо уруудаж байсан чинь саарал өнгөтэй "Jaguar" хажуугаар өнгөрсөн бөгөөд Бертон эхнэртэйгээ тэр машинд сууж байсан. Түүний эхнэр над руу эелдэгээр гараараа даллаж, харин Бертон албаар нүүрээ буруулсан юм даа. Яг тэр үед би энэ газраас үүрд холдохыг маш их хүссэн юм. Би энд Уэльсийн талаар яриагүй бөгөөд би эх орондоо маш их хайртай. Харин өөрийн дорой байдлыг мэдэрсэн яг тэр цэгийг хэлж байна. Сул дорой, хангалтгүй байдал гэнэт бүр жигшмээр санагдаж, энэ нөхцөл байдлыг даван туулж, ямар нэг утга учир, үнэ цэнэтэй хүн болохыг нэгмөсөн шийдсэн. Энэ бол би өөрөөсөө илүү байж чадна гэдгийг батлах хүсэл байсан юм. Би яг Ричард Бертоны бусдын сэтгэлзүйгээр тоглож чадах тийм хэмжээний бардам зантай болохыг хүссэн. Тэр зүгээр л надаас нэг асуулт асуугаад л миний сэтгэл зүйгээр тоглочихсон байсан. Тэр өдөр миний өөрийн бардам зан төрсөн юм. Бүр нарийн ярьвал, би ч гэсэн анхаарал, хүндлэл хүртэх эрхтэй гэсэн хүсэл байсан. Үүнийг маш зөв хүсэл гэж би хувьдаа боддог. Таны асуусан асуултанд ийм л түвэгтэй хариулт өглөө дөө.

"The Silence of the Lambs" кино гараад аль хэдийнэ 25 жил болжээ. Та энэ кинонд өөрийн хамгийн алдартай дүр болох Ханнибал Лектерийг бүтээж байсан. Энэ дүр таны хувьд яг ямар ач холбогдолтой вэ? Ер нь түүний талаар яг юу гэж боддог вэ?

Лектер? Бурхан минь ямар олон жил өнгөрөө вэ? Энэ киног гарсны дараа хүмүүс надад "Та бол мангас!" гэж олон ч удаа хэлж байлаа. Хүмүүс намайг жинхэнэ Ханнибал Лектерийн амилсан дүр гэж бодож байсан. Тэдэнд би бол Лектерийн дүрийг бүтээсэн зүгээр л нэг жүжигчин гэдгийг тайлбарлах гэж оролдсон. Гэхдээ хүмүүст намайг хүн төрхтэй чөтгөр гэж бодох нь илүү амар санагдсан байх л даа. Жүжигчний амьдрал ийм л байдаг. Үзэгчид ямар нэгэн түүхийг хэрхэн хүлээж авахыг чи хэзээ ч мэдэхгүй. Би оргилд хүрч, жинхнээсээ бүтэлгүйтэж ч үзсэн. Тийм болохоор л би "The Dresser" кинонд тоглохдоо маш урам зоригтой байсан. Энэ кино харин яг амжилттай болсон бүтээлүүдийн маань нэг гэж бодож байна. Хамгийн түрүүнд миний бууны саванд дарь үлдсэн байгаа гэдгийг би энэ киногоор өөртөө батлахыг хүссэн. "The Dresser" кинонд тайзан дээр бэлтгэл хийдэг хэсгийн зураг авалтыг хийж байхад би бүр жинхнээсээ Лир вангийн дүрийг бүтээмээр санагдсан шүү. Энэ далимд асуухад Лир ван муу хүн мөн үү, үгүй юу? Миний бодлоор тэр хоёр дах хүүхэд насандаа очсон бөгөөд биеэ барьж чаддаггүй, тэвчээрээ алдсан хүн. Порт-Толботод анх ирсэн Америкууд бохь авчирсныг би санадаг юм. Нэгэн цэрэг надад боодол бохь өгөхөд ээж маань хөрш айлын Питер Жонс гэдэг хүүтэй хуваалцахыг зөвлөсөн. Би хүүхдийн томоогүй зангаар Питер Жонсыг үзэн яддаг байсан юм. Тэгээд түүнтэй ямар нэг зүйлийг хуваалцана гэж бодохоос дургуй хүрч, бохио түүнд бүтнээр нь өгч байсан. "Эсвэл бүгд минийх, эсвэл түүнийх, ямар ч байсан хуваалцахгүй" гэж бодсон хэрэг. Лир ван ч гэсэн яг ингэж авирладаг.

Энтони Хопкинс: “Жүжигчин хүн үзэгчдийн өмнө үхэх нь мэргэжлийнх нь гол утга учир юм” (фото 2)Энтони Хопкинс: “Жүжигчин хүн үзэгчдийн өмнө үхэх нь мэргэжлийнх нь гол утга учир юм” (фото 3)

Энэ жилийн Канны кино наадмын хөтөлбөрийн "Канны сонгодог" хэсэгт таны тоглосон "Howards End" (1992) киног үзүүлсэн. Энэ киноны талаар дурсахад танд яг ямар бодол төрдөг вэ?

"Howards End" киног бүтээсэн Жеймс Айвори бол эцсийн үр дүнд яг юу хүсдэгээ мэддэг маш ховор найруулагч юм. Тэгэхдээ тэр маш тодорхой дүр зургийг хардаг ч, жүжигчдэд бас тодорхой хэмжээнд ажлын эрх чөлөө, сонгох эрхийг олгодог. Зураг авалтын анхны өдрийг маш сайн санаж байна. Эмма Томпсон ба Хелена Бонем Картер нар аль хэдийнэ бие, биедээ дассан байсан бол би дөнгөж л ажилдаа орж байлаа. Хэдийгээр би Эммаг өнгөц л мэддэг, харин Хеленаг бүр анх удаагаа харж байсан ч зураг авалт маш хөнгөн, өөгүй болж өнгөрсөн. Хэдхэн кадрын дараа л Жэймс "Боллоо" гэж хашхирч байсан. Эмма Томпсоны ном авах гэж хичээдэг, нөгөө бид хоёрын алдарт хэсгийн зураг авалт хүртэл ямар ч асуудалгүй болж өнгөрсөн. Бид хоёр зуун, зуун жилд үлдэх зүйл хийж байна гэсэн бодолгүй ажилласан учраас киноны энэ хэсэг түүхэнд үлдсэн байх. Бид зүгээр л бие, биенээ мэдэрч, урсгалаараа явсан. Киноны хэсэг үнэхээр гайхалтай болох ёстой, хойч үеийнхэн их сургуульдаа үүнээс суралцах болно гэсэн бодлыг толгойдоо эргэцүүлээд байвал юу ч бүтэхгүй шүү дээ.

Таны карьерын түүхэнд жинхэнэ сүйрэл гэж боддог кино эсвэл театрын төсөл бий юу?

Би маш их айдас мэдэрч байсан үеэ санаж байна. Энэ намайг Үндэсний театрт ажиллаж байхад болсон юм. Нэгэн сайхан өдөр намайг Стриндбергийн "The Dance of Death" жүжигт тайзан дээр Лоуренс Оливьег орлохыг санал болгосон. Тухайн үед би Оливьегээс 30 насаар дүү байсан бөгөөд огтхон ч бэлэн биш байлаа. Гэсэн хэдий ч театрт Оливьегийн эхнэр Жоан Плаурайт хүрч ирээд, Лоуренс эмнэлэгт байгааг дуулгасан. Театр жүжгээ хойшлуулалгүй, орлон тоглогчийг жүжиглүүлэхээр болсон юм. Би байдгаараа зөрсөн ч театрын удирдлагууд намайг тоглохыг шаардаж байсан. Ингээд би 1967 оны арваннэгдүгээр сард тайзан дээр Роберт Стивенс ба Жеральдин МакЮэн нартай хамт бэлтгэл хийж эхэллээ. Би мөр бүрийг цээжээр мэддэг байсан ч сандарснаасаа болоод маш хурдан, дээд өнгөөр ярьж байв. Тэгэхэд найруулагч Глен Байам намайг зогсоож, хурдаа хасахыг зөвлөсөн. Тэгээд би хурдаа цагт 55 милиэс 10 миль болтол хассан юм. Би залуухан байсан болохоор юу чаддагаа үзүүлэх гэж хамаг л чадлаа гаргаж байв. Харин Шоу намайг газарт эргүүлэн авчирснаар би арай удааширч, өөрийн зүрхний цохилтыг мэдэрсэн. Жеральдин МакЮэн хувхай цагаан болчихсон байсныг санаж байна. Тэр миний эхнэрийн дүрд тоглож байсан бөгөөд ямар үр дүн гарах бол гэж маш их сандарсан. Учир нь би дөнгөж л дүрдээ орж байсан тул бүх зүйл сайхан болно гэсэн ямар ч баталгаа байхгүй шүү дээ. Жүжгийн нээлтийн өдөр намайг илүү ахимаг настай харагдуулахын тулд миний үсийг тайрч, нүүрийг минь хувиргасан. Яг жүжиг эхлэхийн өмнө би тамхи татаж байгаад гэнэт гар маань мэдээгүй болсныг анзаарсан. Маш их сандарч, бие яг л хөвөн шиг болсон байсан бөгөөд бүр юу ч хийж чадахгүй байлаа. Гэхдээ хөшиг нээгдэж би эхний мөрөө унштал бүх зүйл гэнэт өөрчлөгдсөн. Хэдийгээр толгойд юу ч бүтэхгүй гэсэн бодлууд эргэлдсэн ч миний хоолой илүү итгэлтэй, ямар ч сандарсан шинжгүй сонсогдож байсан юм. Би агуу Лоуренст дөхөж ч очихгүй тул хүмүүс намайг шоолно гэж бодсон. Гэсэн ч үзэгчид биднийг маш сайхан хүлээж авсан. Маргааш өглөө нь Оливье өөрөө залгаад "Чи сайн байсан" гэж надад хэлсэн. Тэр жүжгийн ядаж л эхний үзэгдлийг харахын тулд халааттайгаа эмнэлгээс оргосон байсан. Би түүнд сандарсандаа болоод таван майк сольтлоо хөлөрсөн гэдгээ ч ярьлаа. "Энэ бол айдас" гэж Оливье хэлсэн. Тэгэхээр нь би "Энэ айдсаас ангижрахын тулд хэр их хугацаа шаардагдах вэ?" гэлээ. Харин Лоуренс "25 жил" гэж хариулсан юм даа.

Энтони Хопкинс: “Жүжигчин хүн үзэгчдийн өмнө үхэх нь мэргэжлийнх нь гол утга учир юм” (фото 4)

Айдас жүжигчдэд тус болдог уу, эсвэл саад болдог уу?

Энд тэнцвэр хэрэгтэй л дээ. Хэрэв чи тайзан дээр гарахын өмнө сандрахгүй байх нь хэвийн бус. Гэхдээ тоглолтын эхний хэдэн минутанд чи өөрийгөө удирдаж чадвал, айдсын оронд мэргэжлийн чадвар ба жинхэнэ бүтээл гарч ирдэг. Өөрийгөө болон сэтгэл санаагаа удирдах нь хамгийн чухал юм.

Тайзны өмнөх түгшүүр заавал байх ёстой. Дээрээс нь заримдаа өөртөө эргэлзэж байх нь ч сайн. Би эргэлзэх үедээ илүү сайн байхыг хичээдэг. Ричард Бертон надад гарын үсгээ өгөхөөс татгалзсан тэр үеийг эргэн санацгаая. Би тэгэхэд зүгээр ч нэг өөртөө эргэлзээд зогсохгүй, маш их уурлаж, надад итгэдэггүй хүн бүрт заавал хариуг нь амсуулна гэж бодож байсан юм. "Алуурчны зөн совинг өөртөө хөгжүүл" гэж Лоуренс Оливье надад зөвлөгөө өгсөн. Энэ нь чи мангас болно гэсэн үг биш юм. Харин чамд тодорхой зарчмууд, байр суурь байх ёстой бөгөөд үүнийхээ эсрэг өөртөө ч, бусдад ч буулт хийхгүй гэсэн утгатай. Айдсаа даван туулж сурах хэрэгтэй. Үүнд л би залуу жүжигчдийг сургаж байгаа. Айдас үргэлж байх болно. Тиймээс түүнийг байнга ялан дийлж байх ёстой. Айдас, түгшүүр, сандрал жүжигчнийг карьерынх нь турш дагадаг. Энэ нь ч хэвийн бөгөөд танд хийж байгаа зүйлээрээ амьдарч байгааг илтгэнэ. Тэгэхдээ энэ мэдрэмжүүд тань таныг намагт татаж оруулахыг бүү зөвшөөр.

Сэдвээ буцаад Ричард Бертон руу хандуулж болох уу? Тэр өөрийн дотоод чөтгөрүүдтэйгээ тэмцэж чадаагүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Харин та чадсан шүү дээ. Ингэхэд танд яг юу тусалсан бэ?

Та яг ямар чөтгөрүүдийн талаар яриад байна аа? Архинд донтох өвчин үү? Тийм ээ тэр үнэхээр тэмцэж чадаагүй. Юу гээч, алкоголизм бол их түвэгтэй зүйл л дээ. Нэг талаар чи аз жаргалтай байхдаа ууна, нөгөө талаар өөрийн гуниг, шаналалыг давж гарахын тулд бас л ууна. Гэхдээ миний бодлоор бол чөтгөр гэдэг арай л хүчтэй үг байх. Би үүнийг нэг төрлийн эмзэг байдал, айдас гэж хэлэх байсан. Бид бүгд амьдралынхаа тодорхой нэг мөчид заавал айдастай тулгарч, эмзэг байдлыг мэдэрдэг шүү дээ. Үүний эсрэг тэмцэх хэрэгтэй. Хэрэв энэ тулаанд бид ялагдвал буцах зам гэж байхгүй. Харин хамаг хүчээ дайчилж байгаад эцсийг нь хүртэл явбал бид ялна. Хэзээ ч бууж өгч, шантарч болохгүй. Энэ тэмцэл бол амьдрах хүсэл юм. Надад амьдрах хүсэл байгаа болохоор би ийм их ажилладаг. Ажил бол миний тэмцэл юм.

Юу таныг сандаргадаг вэ?

Мөнгө. Бизнес, мөнгөний талаар ярихыг би үзэн яддаг. Миний амьдрал үүнд аль хэдийнэ дасан зохицсон ч төлөөлөгч маань огтхон ч тайван байдаггүй. Нэг л өдөр намайг кино ертөнцийг орхиж, театрт өөрийгөө бүрэн зориулна гэж тэр айдаг. Тэгэхдээ түүний зөв. Яагаад гэвэл би тайзан дээр илүү их тоглохыг хүсдэг. Мөн би энэ мөрөөдлөө биелүүлэх бодолтой байна. Миний бодлоор киноны хамгийн сайхан нь жинхнээсээ дуртай зүйлээ хийж чадах хэмжээний мөнгө олдогт байгаа юм. Харин надад театрт жүжиглэх нь сайхан санагддаг. Зүгээр л шууд ингээд өөрийн төлөвлөгөөгөө хуваалцах нь сонин санагдаж магадгүй. Гэхдээ би өөрийн мөрөөдлөө хүнд сонсогдохоор ярихад заавал биелдэг гэж боддог шүү. Харин кино... Салбарын хувьд кино миний сонирхлыг хэзээ ч татаж байгаагүй. Цалин, зураг авалтын үйл явц, рейтинг миний сэтгэлийг огтхон ч зовоож байгаагүй. Харин өөрийнхөө жүжиглэлтэд л санаа зовж байсан юм байна. Хувийн амьдрал дээр ч надад санаа зовох зүйл байдаггүй. Учир нь энэ тал дээр бүх зүйл их тайван. Саяхан би Натаниэль Бранден гэдэг сэтгэл зүйчтэй танилцсан. Тэр яриан дундаа маш сонирхолтой юм хэлсэн. Өөртөө итгэлгүй байдал нь эгоизмын нөгөө тал гэсэн. Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь маш доогуур байдаг хүн үргэлж анхаарал ба бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Түүнтэй уулзсаны дараа би бүх л амьдралынхаа туршид хүмүүсийг удирдах гэж оролддог байснаа ухаарсан. Би ямар нэг үнэ цэнэтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг байсан. Миний өөртөө итгэлгүй, ичимхий байдал, миний сэтгэл зовнидог бүх зүйл хувиа хичээсэн байдлын нөгөө тал болохыг олж харсан.

Та ч гэсэн одоо өөртөө итгэлгүй байдлыг эгоизмын нөгөө тал гэж бодох болсон уу? Магадгүй энэ нь зүгээр таны ааш араншингийн үр дагавар биш гэж үү?

Сүүлийн хэдэн долоо хоногт би бодол санаагаа ёстой нэг сайн цэгцэлсэн. Миний сахилга баттай байдал, мэргэжлийн бус хандлагыг тэвчдэггүй зан маань маш том дутагдал болохыг ойлгосон. Би бусадтай ч, өөртөө ч бага зэрэг зөөлөн байх ёстой юм билээ. Одоогоор би маш шаардлага өндөртэй бөгөөд хэн нэгэн миний харснаас өөрөөр хийгээд эхлэхэд их сэтгэл зовдог. Жишээлбэл хэн нэгэн уулзалтандаа хоцроход би солиорох шахдаг. Эсвэл өөрөө байгаа мөртлөө хийх ёстой зүйлээ хийхгүй байхад уур хүрдэг. Нэгэн удаа Англид би яг ийм төрлийн найруулагчтай ажиллаж үзсэн. Хэдийгээр тэр өөрийн биеэр байдаг хэрнээ юу ч хийдэггүй. Тэгэхэд л би маш том алдаа гаргасан. Зүгээр л түүнд баяртай гэж хэлээд тэрхүү төслөөс явахын оронд, найруулагчийн мэргэжлийн бус байдлыг харуулахын тулд өөр дээрээ найруулагчийн үүргийг авсан юм. Эцэст нь ямар ч сайн зүйл болоогүй. Би зүгээр л нуруугаа гэмтээж, дахин нэг удаа өөрийн эмзэг эгог өвтгөсөн юм даа. Гэхдээ би түүнд маш их уурласан байсан учраас өөрийн чадлыг зөв үнэлж чадаагүй. Би үнэхээр ямар нэг хэрэгтэй зүйл хийхийн оронд түүнийг гомдоохыг илүү их хүссэн. Эцэст нь сонин хэвлэлүүд бүх зүйлийг дэвэргэхэд миний эго намайг маш том алдаа хийхэд хүргэснийг би ойлгосон юм. Тэгэхдээ ер нь би нарийн цаг барьдаггүй, мэргэжлийн бус байдлыг тэвчдэггүй. Хамт ажиллахад үнэхээр хэцүү хүмүүс байдаг. Би тэднийг уг төсөлд байгааг мэдээд шууд л татгалзсан хариу өгдөг. Би өөртөө ч гэсэн маш өндөр шаардлага тавьдаг ба энэ тал дээр жинхэнэ тиран болж хувирдаг шүү! Уулзалтанд хоцрохгүйн тулд би гурван цагийн өмнө ирэхэд ч бэлэн. Энэ бол давуу тал огтхон биш, харин ч гажиг гэвэл илүү тохирно.

Та нас ахих тусам илүү сонирхолтой болж байна. Нууц нь юундаа байна вэ?

Би одоо 78 настай. Тэгэхдээ би өдөр болгон ажиллаж, бас дахин ажилласаар л байдаг. Үүнд л бүх нууц нь оршиж байгаа байх даа. Миний эхнэр Стелла үргэлж санаа зовдог. Тэр миний эрүүл мэндэд их санаа тавьдаг юм. Бүх зүйл хэвийн, санаа зовох хэрэггүй гэдгийг ойлгуулах гэж хичээдэг ч тэр угаасаа л ийм хүн юм шиг байна. Бид Канадад нэг удаа нүх сүв болгоноос нь салхи сийгэж, энд тэндгүй аалз гүйсэн нэг тийм нурж унах гэж байгаа амбаарт зураг авалтаа хийж байсан юм. Стелла зураг авалтын талбайд ирэхэд нь би түүнд өөрсдийн амбаараа гайхуултал тэр ухаан алдаж унах шахсан. "Чамд энэ үнэхээр таалагдаж байна гэж үү?" гэж тэр хэлээд, үнэхээр удаан хугацааны турш тайвширч чадахгүй байсан. "Чи үнэхээр үхэн үхтлээ жүжигчин байж, ийм нөхцөл байдалд ажиллах юм гэж үү?" гэж тэр надаас асуусан. Хариуд нь би үүнд зүгээр ч нэг бэлэн биш харин өөрөөр амьдарч чадахгүй гэсэн. Энэ бол миний амьдрал, энэ миний хүсэл мөрөөдөл. Миний эрүүл мэндийн байдал хэвийн байсан цагт би жүжиглэх л болно. Би хэдийгээр шинжлэх ухааны талаас нь тайлбарлаж чадахгүй ч, дүрийнхээ текстийг цээжлэх нь миний тархийг идэвхтэй байлгадаг гэдэгт би итгэдэг. Би өглөө босоод зураг авалтын талбайд ирэх дуртай. Кофегоо ууж, өглөөний цайгаа идээд зураг авалтандаа ордог. Энэ бол миний хувьд хэвийн үзэгдэл. Ажлаасаа таашаал авах нь маш чухал юм. Эмфиземийн өвчтэй, үхэж байгаа Леонард Бернстайн Германд тоглолтоо хийж байсан. Хэрэв андуураагүй бол Бетховены есдүгээр симфонийг тоглосон санагдаж байна. Хүчтэй үзэгдэл байсан шүү. Үхэж буй агуу их хүн хамаг хүчээ шавхан өөрийн авьяасаар орон зайг тэсрээсэн юм. Бернстайн, Оливье нар шиг хүмүүс өөрийн авьяасын хүчээр маш удаан идэвхтэй амьдардаг гэж би боддог.

Ярианаас тань сонсоход одоо та амьдралынхаа маш аз жаргалтай үе дээрээ байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Бүх зүйл зохицсон сайхан тийм үе. Энэ яг юу вэ? Ухаалаг байдал уу, амьдралын туршлага уу?

Энэ бол өтлөлт.

 

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх