Хайх

Монтессори сургалт гэж юу бэ?: “Миний гэр” Монтессори цэцэрлэгийн эрхлэгч Д.Баасанжав ярьж байна

Монтессори сургалт гэж юу бэ?: “Миний гэр” Монтессори цэцэрлэгийн эрхлэгч Д.Баасанжав ярьж байна

Text: Buro.Mongolia


Эцэг, эхчүүд хүүхдээ аль цэцэрлэгт өгөх вэ, аль цэцэрлэгийн сургалт хүүхдийг нь өөртөө итгэлтэй нэгэн болж өсөхөд нь дэм болж, сонирхлыг нь улам бүр хөгжүүлэх бол, мөн тухайн цэцэрлэг англи хэл заадаг болов уу гэх мэт олон асуулттай тулгардаг. Бид яг энэ сэдвийн дагуу, олон улсад алдартай монтессори сургалтаар үйл ажиллагаагаа явуулж буй "Миний гэр" монтессори цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, АНУ-ын Вашингтоны Монтессори багш бэлтгэх институтийн чиглүүлэгч багш Д.Баасанжавтай уулзан монтессори сургалттай цэцэрлэг гэж юу болох, энэ сургалтын онцлог болон давуу талын тухай ярилцлаа.

Монтессори сургалт болон "Миний гэр" цэцэрлэгийг бид энэ удаад уншигчиддаа танилцуулж байгаа юм. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ta өөрийгөө бидэнд танилцуулаач?

Миний хувьд үндсэн мэргэжил бол хэл уран зохиолын багш мэргэжилтэй. Бүр хүүхэд байхаасаа багш болохыг мөрөөдсөөр байгаад багш болсон. Анх 1999 онд Монтессори арга зүй гэж сонсож байсан хэдий ч тухайн үедээ учраа сайн мэдэхгүй ганц нэг хэрэгслийг дуурайн хийж хүүхдэд заах маягаар туршиж байлаа. Ингээд 2005 онд энэхүү арга зүйтэй танилцах завшаан тохиосноос хойш миний ажил амьдралын салшгүй нэг хэсэг болсон.

2010 онд "Миний гэр" цэцэрлэгийн удирдлага маань дөрвөн багшаа Монтессори багш бэлтгэх, олон улсын багшлах эрхийг олгох сургалтанд хамруулсанаар улам бүр нарийн судалж, хэрэгжүүлж, мөн чанарыг нь сайтар ухаарах болж, өнөөдөр манай цэцэрлэг 100% монтессори арга зүйг хэрэгжүүлдэг цэцэрлэг болсонд үнэхээр баяртай байдаг.

Монтессори сургалт гэж юу бэ?: “Миний гэр” Монтессори цэцэрлэгийн эрхлэгч Д.Баасанжав ярьж байна (фото 1)

0-6 нас хүртэлх хугацаанд хүүхдийн чадвар дадал, зан байдал төлөвшдөг гэдэг. Зарим багш нарын тайлбарладгаар монтессори сургалт нь хүүхдийг эрх чөлөөтэй, өөрөөр нь байлгадаг учир багаас нь монтессори арга зүйгээр сургаснаар хүүхэд илүү өөртөө итгэлтэй болдог байна.

Эрх чөлөө гэдэг зүйл чинь эргээд энэхүү өөртөө итгэлтэй болно гэдэг ойлголттой холбогдож байгаа юм. Манай монголчууд их ухаантай ард түмэн. "Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ" гэдэг үг байдаг. Яг тэр үгийн утга энэ монтессори боловсролд явдаг. Юу гэхээр, хүн хэзээ ч дургүй зүйлдээ амжилт гаргаж, мэрийнэ гэдэг ойлголт байдаггүй. Магадгүй дургүй байх үедээ цаг нөхцөөх, оромдох гэх мэтээр хандаж, амжилт үр бүтээл гардаггүй. Гэтэл хүн дуртай юмаа цаг хугацаа анзааралгүй хийдэг. Хүн бүр дуртай юмаа хийхийг хүсдэг.

Үүнтэй яг адил хүүхэд үр дүнг чухалд тавилгүй, аливаа зүйлийг өөрөө бие даан хийснээсээ баяр баясгалан, аз жаргал мэдрэх нь л хамгийн чухал. Хүүхдүүд цаас хайчлах хичээл дээр муруй саруй хайчлах нь чухал биш, хүүхэд хайчилж байгаа нь хамгийн чухал байдаг. "Би энэ ажлыг хийгээд дуусгачихлаа, би дуусаад хураачихлаа" гэдэг нь чухал байдаг. Тэдэнд сонголт хийх эрх чөлөө өгч, өөрөө хийх ажлаа сонгоод биеэ даан хийж дуусгахад томчууд бид оролцохгүй, саад болохгүй, зэмлэл магтаал хэлэхгүй байх нь хүүхдэд нэн тустай. Эцэг эхчүүд бидний хувьд хүүхдэдээ туслах гээд хөгжлийг нь саатуулаад байгаагаа мэддэггүй. Хатуухан хэлэхэд туслах сэтгэлээр "хорлоод" байна гэсэн үг.

Миний хувьд гурван хүүтэй. Би хүүхдүүдээ харьцуулаад харахаар маш их ялгаатай байдаг. Том хүү маань анхны хүүхэд учраас би хэтэрхий бүгдийг нь бэлдээд сургачихсан. Дунд хүү маань эмээ дээрээ өссөн бөгөөд эмээ нь нэг удаа л хувцас эвхэхийг зааж өгсөн байхад одоо хүртэл үргэлж өөрөө хувцсаа эвхэнэ, эмхэлнэ, цэгцэлнэ. Харин бага хүү маань зургаан жил энэ монтессори арга зүйгээр хүмүүжсэн учраас маш их өөртөө итгэлтэй, сурахаас аз жаргалыг мэдэрдэг, бүтээлч, үргэлж хүнтэй мэндэлж, талархсанаа илэрхийлдэг. Тэр хүүхдэд албан хүчээр заагаагүй байхад л таарсан хүнтэйгээ мэндэлж, таксинаас буухдаа "Намайг гэрт минь хүргэж өгсөнд баярлалаа" гэж хэлдэг. Энэ бол хүүхэд цэцэрлэгтээ багшаасаа, гэртээ аав ээжээсээ энэ үлгэрлэлийг маш сайн авчээ гэдгийг баталдаг. Бид заримдаа хүүхдээ албан хүчээр "Том хүнтэй мэндлээч", "Бэлэг өгсөн хүнд юу гэж хэлдэг билээ, хэлээч" гэх мэтээр албадан хэлүүлдэг. Харин үүний оронд та хүүхдүүдийнхээ дэргэд өөрөө л баярлалаа, уучлаарай гээд хэлээд байхад хүүхэд сонссоор, сонссоор хэвшдэг. Хүүхэд бол хий гэвэл хийдэг, хэл гэвэл хэлдэг робот биш шүү гэмээр байна.

Ер нь хүүхдийн 0-3 нас бол хамгийн чухал нь. Мэдээж 0-6 нас чухал ч, 0-3 нас бол хамгийн чухал гэж тооцогддог. Мариа Монтессори хэлэхдээ "Хүүхэд 0-3 насандаа аливаа зүйлийг орчноосоо ямар ч ухамсаргүйгээр, шүүлтүүргүйгээр хүлээж авдаг" гэсэн байдаг. Тэр нь юу гэсэн үг гэхээр, жишээ нь амны алчуур байна гэж бодъё. Тэр алчуур ямар ч усыг бохир байна уу, цэвэр байна уу гэж ялгалгүйгээр өөртөө уусгаад авдагтай яг адилхан. Хэрвээ хүүхдийн орчинд дандаа эмх цэгцтэй, зөв бодолтой, эерэг хандлагатай, ажилсаг хүмүүс байвал "Би ийм л байх ёстой юм байна" гэж тэр хүүхэд хүлээж авдаг. Магадгүй та орж ирээд хувцсаа тайлаад шиддэг бол тэр хүүхэд ч мөн адил хувцсаа тайлаад шиддэг болно. Тэгэхээр бид аав ээжүүд, багш нар, насанд хүрэгчид өөрсдөө орчин, бид өөрсдөө амьд сургалтын хэрэглэгдэхүүн юм. Учир нь хүүхэд намайг үргэлж харж, уншиж байгаа. Би бол дэлгээтэй ном. Эцэг эхчүүд маань ингэж л хүлээж авч, ойлгох хэрэгтэй.

Хэрвээ бид хүүхдийг эрт хэлд оруулж, өөрийгөө сайн илэрхийлэн ярьдаг байгаасай гэж хүсэж байгаа бол өлгийтэй хүүхдийг өлгийтэй, нялх гэж бодохгүйгээр л хажууд нь юмаа хийдэг, сэтгэл гарган ярилцаж байх ёстой. Ээж нь даавууг нь эвхээд тавьчихлаа, одоо хоёулаа хоолоо идчихсэн юм чинь аягаа угаая гээд ярьдаг байх хэрэгтэй. Хүүхэд түүнийг харж байгаа, сонсож байгаа. Бидний гол алдаа бол хоолоо идчихлээ гээд өөрөө аягануудаа угаачихдаг. Манай цэцэрлэгт хүүхдүүд маань өөрсдөө хоолоо зөөгөөд, өөрсдөө ширээгээ цэвэрлээд бүх зүйлээ өөрсдөө хийнэ. Гэхдээ асгасан усаа арчлаа гэхэд, заавал хаттал нь эсвэл тэр усыг дуустал нь арчих албагүй. 0-3 насан дээрээ арчих оролдлого хийж байгаа нь л чухал. Түүнд сануулга хэлж, төгс байхыг шаардах огтоос ч хэрэггүй. Аяндаа хүүхэд өөрөө, өөрийнхөө алдааг мэдэрч засаж эхэлдэг.

Монтессори сургалт гэж юу бэ?: “Миний гэр” Монтессори цэцэрлэгийн эрхлэгч Д.Баасанжав ярьж байна (фото 2)

Танай цэцэрлэгт хэдээс хэдэн насны хүүхэд хичээллэж байгаа бэ?

Цэцэрлэгийн хувьд хүүхдийг нэг ой 10 сартайгаас эхлэн элсэлт авч байгаа. Бүр нэг ой зургаан сартай хүүхэд ч авч байсан туршлага байгаа. Мөн зургаа хүртэлх нас буюу сургуульд орох насны хүүхдүүд явдаг. Нийтдээ хоёр салбар маань 140 гаруй хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Одоо Маршал таун хотхон дахь энэ салбар маань 80-аад хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёр цэцэрлэгийн хувьд нийтдээ есөн бүлэгтэй бөгөөд багш нар маань нэлээд тогтвор суурьшилтай ажилладаг. Би хамт олноороо их бахархдаг юм. Дандаа олон жил мэргэжлээрээ ажилласан, найрсаг харилцаатай хамт олон байдаг. Эцэг эхчүүд манай багш нарыг л сураглаад л орж ирдэг дээ.

Монтессори боловсролын талаар судалж байхад 0-2,5 болон 2,5-6 нас хүртэлх хүүхдүүдийг хамтад нь, нэг ангид сургадаг гэж ойлгосон. Та энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач.

Энэ нь холимог насны анги юм. Жишээлбэл хүн нийгэмд янз бүрийн насны хүмүүстэй харилцдаг шүү дээ. Бид хэзээ ч насаараа хуваагддаггүй. Аливаа байгууллагад үе үеийн нас насны хүмүүс хамт ажиллаж хөдөлмөрлөдөг. Дэлгүүрт орсон ч, гадаа салхилсан ч нялх балчраас эхлээд өвөө эмээ нартай ч тааралддаг шүү дээ. Хаа сайгүй хүмүүс зохицоод л амьдарч ажиллаж байна. Тэгэхээр нийгэмд ийм л байдаг учир хүүхдүүд ч мөн эртнээс үүнд бэлтгэгдэж байх ёстой. Тиймээс манай цэцэрлэг ч мөн энэ системээр явж байгаа.

Хүүхдүүд насны ангиллаар хуваагдалгүй, холимог байхын давуу тал нь тухайлбал гурван настай хүүхдүүд нэг ангид хамт байхдаа насныхаа онцлогоос шалтгаалаад бүгд хоорондоо юмаа булаацалдаад, уйлдаг. Харин холимог байхын давуу тал нь ийм сөрөг зүйл бараг байхгүй гэсэн үг юм. Мэдээж бага хүүхэд нь юмаа авъя аа гээд уйлахад, том хүүхэд нь буулт хийж сурна. Мөн дүү нар нь ах, эгчдээ хүлээцтэй хандаж сурна гээд давуу тал их олон бий. Өөрөөр хэлбэл үйлдлийг даган дуурайдаг насны дүү нар ухамсар нь төлөвшиж буй ах эгч нар харилцан бие биедээ ашигтайгаар нөлөөлж буй хэрэг. Гэхдээ бид насны ялгаатай хүүхдүүдийг нэг ангид сургах системийг шууд хэрэгжүүлээгүй. Яагаад гэхээр аливаа юмыг хийхэд дадлага, туршлага байх хэрэгтэй. Тэгэхээр бид олон жилийн туршид бэлдсээр бага, багаар хийсээр өнөөдөр холимог насны анги хийхэд бэлэн болсон. Энэ монтессори сургалтын арга зүйн давуу талуудын нэг. Монголчууд бид "Ах нь дүүгээ сургадаг" гэж хэлц байдаг.

Монтессори сургалтын онцлог нь хүүхдийг өөрийнх нь хэмнэлээр хөгжүүлэхэд оршдог бөгөөд мөн анги танхимын онцлог нь цэлгэр сайхан орчинд, амьдралтай ойрхон маягаар сургадаг гэж уншсан юм. Танай цэцэрлэг мөн энэ бүхнийг хэрэгжүүлдэг үү?

Та их сайн судалсан байна шүү дээ. Ихэвчлэн монтессори гэхээр хүмүүс өөр зүйл төсөөлөөд байдаг. Монтессори орчин бол амьдралд бодитоор байдаг зүйлийг л үйл ажиллагаандаа ашигладаг. Хүүхэд гэдэг маань яг л бодит зүйлд дурладаг. Ерөөсөө л амьдрал дээр байгаа зүйлдээ дуртай байдаг. Яагаад манай цэцэрлэгийн хүүхдүүд өглөө эрт ирэх дуртай, орой цэцэрлэгээсээ явах дургүй байдаг гэвэл тэд нар энд хүссэнээрээ байж чаддаг. Хэзээ ч хүүхдүүдийг хутга аваад өргөст хэмх хэрчихэд нь "боль" гэж хэлдэггүй. Хэзээ ч бид лууван арилгах гээд угаахад нь "боль" гэж хэлдэггүй. Хэн хүссэнээ хийх боловч энэ нь дураараа аашилдаг хүн болно гэсэн үг биш, харин ч эсрэгээрээ юуг хэзээ, хаана хийх вэ? Хэлэх вэ? гэдгээ мэддэг хувийн сахилга баттай хүүхэд болж төлөвшдөг.

Монтессори сургалт гэж юу бэ?: “Миний гэр” Монтессори цэцэрлэгийн эрхлэгч Д.Баасанжав ярьж байна (фото 3)Яг жинхэнэ хутга, лууван байдаг уу?

Жинхэнэ хутгаар алим зүсэж, жинхэнэ лууван угаана. Ийм давуу талтай. Манай ангиудад хүүхдүүдийн хийхийг хүсэж байгаа бүх зүйлс байдаг. Орой ээж, аавууд нь гэртээ өргөст хэмх хэрчээд, салат хутгадаг бол, яг л тэрийг хийнэ. Нарийн боов хийнэ. Юмаа угаана, ширээ сандлаа арчина. Ерөөсөө мэдлэг буюу чадамжийг өөрсдөө бүтээдгээрээ онцлог юм. Би хүмүүст хэлдэг юм, жинхэнэ лууван, жинхэнэ сармис байхад яагаад бид заавал модон лууван авч өгөөд мөнгөний гарз хийх гэж. Та зүгээр хүүхэдтэйгээ л хамт хий. Луувангаа хамт угаа, сармисаа хамт арилга.

Хүүхдүүд мэдээж лууван, төмс арилгаж байхад гараа эсгэх тохиолдол гардаг байх. Үүнээсээ хүүхдүүд айгаад, дахиж хийхгүй байх тохиолдол гарах уу?

Үгүй. Харин ч эцэг эхчүүд бид нар өөрсдөө айдаг. "Яанаа гараа эсгэчихлээ, цус гарчихлаа" гэх мэт. Тэр нь цус алдах хэмжээний юм биш шүү дээ. Хүүхэд харин өөрөө гараа эсгэчихлээ гэж л бодно. Түүнд нь бид яанаа гараа эсгэчихлээ, цус гарчихлаа гэж хэт ач холбогдол өгвөл хүүхэд харин ч айгаад дахиад хийхгүй. Бид эсрэгээрээ "Өө энэ чинь байдаг юмаа, хааяа ийм зүйл тохиолдоно шүү дээ. Үүнийг чинь ингээд шархны лентээр ороочихдог юм, энд бид нар ингээд ариутгасан боолт хийчихдэг юм" гээд үүнийг өөрсдөө энгийн юм шиг хүлээж авбал хүүхэд бас "Өө байдаг л юм байна" гэж ойлгоно.

Танай цэцэрлэгт ОУ-ын монтессори багш нарын сургалтад хамрагдсан хэдэн багш ажилладаг бэ?

Саяхан гуравдугаар сард манай цэцэрлэгийн хамт олон, Монголын монтессори багш нарын холбоотой хамтран Монголд анх удаа АМИ буюу Олон Улсын Монтессори холбооноос багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан. Ингэснээрээ багш нар маань 100 хувь монтессори багш болж байгаа юм. 2010 онд дөрвөн багшаа сургасан.

Монтессори арга зүйг хэрэгжүүлэхэд удирдлагын дэмжлэг хамгийн хэрэгтэй санагддаг. Манай захирал, сэтгэл судлаач Д. Дэмбэрэл багш маань өөрөө энэ арга зүйг бидэнтэй хамтдаа суралцан, судалсан учраас энэ маань манай бас нэгэн давуу тал болдог. Яг өнөөдөр Монтессори арга зүйн 110 жилийн ойг Амстердам хотноо тэмдэглэх олон улсын уулзалтанд захирал маань уригдан оролцож , Монгол улсаа дэлхий дахинд төлөөлөн байгаа нь үнэхээр сайхан байна. Бидний амжилт, үр дүн сайн байх нь удирдлага маань биднийг ойлгон дэмждэгт байдаг шүү.

Олон улсын монтессори багш болоход хэр хугацааны турш сурдаг вэ?

2010-2012 онд манай дөрвөн багш гадагшаа явж сураад, бид олон улсын сертификат аваад, 2,5-6 настай хүүхдэд монтессори сургалт заах эрхтэй болсон. Мариа Монтессори өөрөө хэлсэн: "Миний сургалтын арга зүй дэлхий нийтэд түгэх болсон гол шалтгаан нь би багш нараа маш сайн бэлтгэсэнд оршдог". Бид ч энэ зарчмаар явж байгаа. Багш бол хүүхдийн туслагч, чиглүүлэгч бас итгэлт анд юм.

Олон Улсын монтессори сургалтын эрх бүхий ерөнхий боловсролын сургууль Монголд байдаг уу?

Монголд байхгүй.

Монтессори цэцэрлэгээр боловсорсон хүүхэд монтессори хүүхэд болж төлөвшинө гэсэн үг үү?

Монтессори хүүхэд гэдэг нэр томьёо байх хэрэггүй л дээ. Хүүхэд амьдралд хэрэгтэй бүхнийг биеэ даан хийж чадна гэсэн суурь итгэлтэй, эелдэг харилцаатай, туршлагатай, өөдрөг сэтгэлтэй хүүхэд гэж ойлгож болно. Үүнийг гол сурах нас нь 0-6 нас юм.

Бидний гол зорилго бол амьдралд өөрөө өөрийгөө аваад явах бүрэн чадамжтай, аливаа асуудал тохиолдоход өөрөө тэрийгээ шийдвэрлэх чадвартай, өөрөө сонголтоо хийх чадвартай тийм л хүн бэлдэхэд оршино. Ээж, аавууд бидэнд хандан "Манай хүүхэд аливаа юманд хариуцлагатай болж өсч байна. Танай цэцэрлэгийн л үр дүн" гэж хэлдэг. Хариуцлага гэдгийг хүүхэд дээр юу гэж ойлгож байна гэхээр "Би гэрийн даалгавраа заавал хийх ёстой юм байна. Би хичээлдээ хоцрохгүй явах хэрэгтэй юм байна. Би бол сургуулийн сурагч учир багшийг анхааралтай сонсох хэрэгтэй юм байна" гэх мэт өөрийнхөө хэмжээнд хүүхэд хариуцлагаа мэдэрдэг. Энэ хариуцлагыг төлөвшүүлэх зорилгоор манай цэцэрлэгт харилцах дэвтэр гэж байдаг юм. Бид тэр дэвтрээ баасан гарагт хүүхдүүддээ өгч явуулдаг бөгөөд даваа гарагт хүүхдүүд буцаад авч ирдэг. "Энэ бол чиний дэвтэр. Чи юу сурсан мэдсэнээ аав, ээждээ тайлагнах гэж байна. Ийм учраас үүнийгээ чи ээж, аавдаа үзүүлээд, гарын үсэг зуруулаад ирээрэй" гэж багш нар маань тайлбарлана. Тэгэхээр хүүхдүүд маань учрыг ойлгосон учраас хэлснээр хийгээд даваа гарагт дэвтрээ аваад ирдэг. Ингэхээр нь бид "Чи аав ээжийнхээ хамтаар даалгавраа хийсэн байна" гэсэн үнэлгээг л өгдөг. Түүнээс "Сайн байна, ямар мундаг юм" гэх мэт магтаал хүүхдэд хэрэггүй. Яагаад гэвэл тэр хүүхэд хийх ёстой ажлаа хийгээд ирсэн байна гэж үздэг юм.

Бусад улс орнуудын монтессори сургалттай цэцэрлэг, сургуулиуд харьцангуй өндөр үнэтэй байдаг. Танайх төлбөрийн тал дээр бусад цэцэрлэгүүдтэй харьцуулахад ямар байдаг бэ?

Бусад энгийн цэцэрлэгүүдтэй харьцуулахад өндөр сонсогдох байх л даа. Гэхдээ бидний өгч байгаа үр дүн бол түүнтэй харьцуулшгүй өндөр гэж хардаг. Манай цэцэрлэг огт реклам зар сурталчилгаа явуулдаггүй. Одоо манай эцэг эхчүүд өөрсдөө монтессори боловсролын талаар сайн мэддэг болсон байна. Хүүхдүүдийн маань үр дүн амнаас ам дамжиж, хүмүүс ч их хандаж байна. Бидний ажлын гол шалгуур бараг энэ болж байгаа юм даа.

Хүүхдүүд гэнэт л нэг өдөр "Хүн яаж үүсч хөгжсөн юм бэ? Би ер нь од эрхсийг судалмаар байна" гэх зэргийн олон асуулт тавьдаг. Тэгэхээр тэр мэдлэгийг та бүхэн яаж олгодог вэ?

Анги бүр жижиг номын сантай. Мэдээж бид сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа учир сэдэв бүрээр хичээлийн материалуудыг бэлдэж, хүүхдүүддээ үзүүлэн таниулдаг. Тухайлбал манай гурван настай хүүхдүүд шавьжны тухай асар том мэдлэгтэй болсон байна. Бидний өгч байгаа мэдээллээс хүүхэд өөрийгөө эрж хайж олдог. "Аан, би чинь сансар огторгуй мэдэх хэрэгтэй юм байна" гэх мэт. Хүүхдийг тухайн сэдэвтэй танилцуулах төдийд үүний тухай эрэл хайгуул хийж эхэлдэг. Харин мэдэхийг хүссэн тэр бүхний архив манай сургалтын танхимд байгаа. Хүүхэд хаанаас гардаг юм, хүний элэг, зүрх, бөөр хаанаа байдаг юм, яагаад бид үсэрч болохгүй юм, яагаад сандал дээрээ хоёр хөл дээр нь суухгүй, дөрвөн хөл дээр нь зөв суух ёстой юм гээд тэр бүхнийг нь танин мэдүүлэхийн тулд төрөл бүрийн материалууд бэлдэж тавьдгаараа онцлог.

Монтессори сургалт гэж юу бэ?: “Миний гэр” Монтессори цэцэрлэгийн эрхлэгч Д.Баасанжав ярьж байна (фото 4)

Бусад цэцэрлэгүүдээс та бүхний хэрэгжүүлж байгаа монтессори арга зүй нь юугаараа ялгаатай, давуу тал нь юунд оршдог бэ?

Би бол эрх чөлөө л гэж хэлнэ. Хүүхэд өөрийн сонголтоороо бүх үйл ажиллагаанд оролцдог. Өнөөдөр энэ ангид 25 хүүхэд байвал, 25 өөр ажил хийнэ гэсэн үг. Ингэхлээр хүмүүс "Ямар сонин юм бэ? Сургууль, цэцэрлэг ийм байдаг юм уу?" гэж гайхдаг. Хуучин багш урд нь зогсоод юм ярьдаг байсан бол, манай цэцэрлэг үүний яг эсрэг үйл ажиллагааг явуулдаг. Бид нарт, тэр дундаа бэлтгэл ангийн багш нарт хийх ажил олддоггүй. Хүүхдүүдээ хараад л сууж байдаг. Яагаад гэвэл бүр хоёр, гурав, дөрвөн настайгаас нь эхлүүлээд бид зөв чиглүүлээд өгчихсөн байдаг. Тэгэхээр хүүхэд өглөө орж ирсэн даруйдаа шууд ажлаа аваад хийгээд, хийгээд л явчихдаг. Заавал бид "Чи үүнийг хий, чи үүнийг өмнө нь хийгээгүй учир одоо хий" гэх албагүй. Хүүхэд өөрийнхөө сонирхлоор юу хиймээр байна, юу хүсээд байна, түүнийг л хийнэ. Харин бид ажиглалт хийж, тухайн хүүхэд тодорхой зүйл хийгээд сурчихсан тохиолдолд үүний дараагийн шатны зүйлийг хийж, бэлдэж эхэлдэг. Үүнд л монтессори сургалтын хамгийн гол мөн чанар нь оршдог. Нэг ёсондоо хүүхэд сурах гэдэг зүйлээс аз жаргал гэдэг зүйлийг мэдэрч чаддаг юм.

Одоо сургуульд орсон, нэгдүгээр ангийн хүүхдүүдтэй ээж, аавууд юу гэж ярьж байна гэхээр "Орой очоод хүүхдээ гэрийн даалгавар хийлгэнэ гэдэг үнэхээр хэцүү. Уйлаан зодоон болж, шөнө орой болтол сууж байна. Хүүхдүүд хичээлдээ дургүй байна" гэж ярьдаг. Миний хувьд бол манай хүүхэд хичээлээ хийж л байна, би түүнийг заавал хүмүүсээс гоё бичүүлэх шаардлага байхгүй. Цээжээр бичихдээ л алдаагүй бичиж сурах хэрэгтэй. Тэртэй тэргүй хүүхдийн гарын жижиг булчин хөгжөөд, нас нь болоод ирэхээр хүүхэд аяндаа бичгийн хэв тогтдог. Одоо дэлхий дээр байгаа долоон тэрбум хүмүүс бүгд гоё, адилхан бичигтэй байхгүй шүү дээ. Манай эцэг эхчүүд ингэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Үүнд багш нар бас суралцах хэрэгтэй. Мөн сайн тэвчээртэй байх хэрэгтэй гэж боддог.

Улаанбаатар хотод байгаа 100% монтессори сургалттай цэцэрлэг зөвхөн танайх уу?

Би бол тийм гэж хэлнэ. 1907 онд анхны Мариа Монтесссори үүсгэн байгуулсан хүүхдийн байгууллагын үзэл санаа, зарчмыг мөрдөж, зөв байдлаар Монголдоо хөгжүүлэх, бусдад үлгэр жишээ болохын тулд бид хичээсээр ирсэн. Монтессори нэр зүүсэн, монтессориг мөнгө гэж харсан хүмүүс бас их байна. Магадгүй тэр цэцэрлэгийн эрхлэгч нь монтессори сургалтанд хамрагдсан байвал өөрсдийгөө монтессори гээд нэрлэчихдэг. Гэтэл тэр эрхлэгч цэцэрлэгт байгаа 80 хүүхэдтэй ажиллаж чадахгүй шүү дээ. Миний бодлоор тэр 80 хүүхэдтэй ажиллаж байгаа багш нар л монтессори байх хэрэгтэй. Бид нар амьдрал дээрээ ч өөрсдөө монтессори байх хэрэгтэй. Зүгээр нэг ангидаа ороод монтессори багш биш, харин алхам тутамдаа, найз нөхөдтэйгөө байхдаа ч, ажлын өрөөндөө байхдаа ч, гэртээ байхдаа ч тэр ийм арга зүйтэй байх учиртай. Гэхдээ монтессори боловсролыг хүн хэзээ ч эзэмшиж болдог ба энэ нь хэзээд ч хүнийг хүмүүжүүлж өгдөг. Би тэрийг өөр дээрээ харж байгаа юм. Би 20 жилийн өмнө магадгүй ресторанд ороод гарахдаа дараагийн үйлчлүүлэх хүнийг хүндэтгэж эмх цэгцтэй байдалд анхаарах хэрэгтэй гэдгийг мэдээгүй байж. Одоо манай багш нар бүгд ресторанд ороод гарахдаа сандлаа цэгцлээд гарах жишээтэй.

Танай цэцэрлэгт өөр сургалтууд ордог уу? Гадаад хэл, дуу хөгжим гэх мэт.

Байлгүй яахав. Манайх Grapeseed гээд ОлонУулсын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Анх байгуулагдсан цагаасаа эхлээд хүүхдүүдэд англи хэл заах зорилгоор их олон аргыг хэрэглэсэн л дээ. Яагаад гэхээр үүнийг нийгэм биднээс шаардсан. Тэгээд бид сайтар судалсны үр дүнд Grapeseed хөтөлбөрийг олж мэдэн, сүүлийн 6-7 жил хамтарч ажиллаж байна. Энэ хөтөлбөр нь яг л монтессори шиг. Үүний дагуу хүүхэд англи хэлийг сурахдаа зөнгөөрөө сурдаг. Мөн төгөлдөр хуур, шатар, биеийн тамир, бүжгийн хичээл гээд олон төрлийн хөтөлбөрүүд бий. Монгол улсад сургуулийн өмнөх боловсролд олгох ёстой хөтөлбөрүүдийг бүгдийг нь бид хамруулж, монтессори арга зүйтэйгээ хослуулан хэрэгжүүлдэг нь манай цэцэрлэгийн онцлог юм.

Бас нэг бахархалтай зүйл байдаг юм. Манай цэцэрлэгийг төгссөн хүүхдүүд үргэлж бидэнтэй холбоотой байж, үргэлж бидэн дээр ирэн "Багшийгаа саналаа. Ийм зүйлээр алтан медаль авлаа" гэх мэт баярласан, талархсанаа илэрхийлдэг нь үнэхээр бахархалтай санагддаг. Бидний зүгээс хүүхдэд магтаал хэлэхээс илүүтэйгээр үйлдлийг нь урамшуулах бодлого байдаг. Үүнийг ямар гоё зурсан юм бэ гэх нь чухал биш, харин "Чи алим зурж чадсан байна шүү дээ" гэх мэтээр. Мөн хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлдэггүй. Хүүхдүүдийг өрсөлдүүлж, нэгийг нь онцлон медаль өгөөд яах юм бэ? Тиймээс манай хүүхдүүд төгсөөд бүгд өөр, өөр сургуульд ороод бидэнтэй амжилтаа хуваалцахад маш их бахархалтай байдаг даа. Хувь хүнээс бие хүн болж төлөвших хамгийн анхны хариуцлагатай нас 0-6 насанд л бид тал талаасаа хичээж чадвал Монгол улсаа гэсэн сэтгэлтэй, бусдад туслах хүсэлтэй, бусдыг хүндэлдэг, өөрийгөө үнэлж чаддаг хүн бий болгох нь л бидний хамтын зорилго юм, танд баярлалаа.

Олон эцэг, эхчүүдийн мэдэхийг хүссэн сэдвээр үнэтэй цагаа хуваалцан бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

"Миний гэр" монтессори цэцэрлэгийн төв салбар:
ХУД, 11-хороо, Маршал таун хотхон, 101 байр
Утас: 70121178, 95951178
"Миний гэр" монтессори цэцэрлэгийн Зайсан салбар:
ХУД, 11-р хороо, "Рояал Кроун Вилла" хотхон,
Утас: 99071178, 90991178

 

цааш үзэх