Хайх

Н.Жигжиддорж: Хөгжимчин хүн үзэгчдэд таалагдах биш өөртөө таалагдахаар тоглох хэрэгтэй байдаг

Н.Жигжиддорж: Хөгжимчин хүн үзэгчдэд таалагдах биш өөртөө таалагдахаар тоглох хэрэгтэй байдаг

Хөгжмийн ертөнцийн тод өнгө

Text: Ж.Чинбат


Монголын авьяаслаг залуу үеийн төлөөлөл болж, дэлхийн олон оронд морин хуурын гайхамшгийг таниулан уран бүтээлээ туурвиж байгаа Н.Жигжиддоржтой Бюро 24/7 ярилцлага өрнүүлж, хөгжимчин хүний дотоод ертөнц, амьдралын талаар ярилцлаа

Н.Жигжиддоржийн хуурдах өнгө, аялгуу нь сонссон хэн бүхний сэтгэлд хүрч, хүний дотоод амар амгаланг нээх увидастай байдаг. Тиймээс Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулгын концертмейстер, удирдаач, Нанзаддоржийн Жигжиддоржийг хөгжим сонсогчид сайн мэднэ. Гэхдээ "Жийгээ"-гийн тухай урлагийн ертөнцийнхөн болоод сонсогчид нь "Их дуугүй залуу" гэлцэнэ. Магадгүй тэрбээр өөрийн дотоод сэтгэл, хүүрнэлээ хөгжмөөр дамжуулаад гаргачихдаг болохоор тийм ч их ярих шаардлага гардаггүй байх. Гэвч 25 нас хүрэхдээ тэрээр Бээжингийн Их театр, Солонгосын Үндэсний их театр, Оросын Большой театр, Франц дахь Юнескогийн танхим, Нью-Йорк дахь НҮБ-ын хурлын их танхим гээд дэлхийн гурван тивийн том, том тайзнаа гарч хуурдаж амжсан учраас энэ залуугийн амьдрал, туршлагаас асуух зүйл олон. Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжим, этно жазз гээд олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг Н.Жигжиддорж хэдий залуу боловч хийж бүтээсэн зүйлсийн урт жагсаалттай. Тиймээс юу түүнийг ийнхүү хөглөж ихийг хийх хүсэл зоригоор тэтгэдэг тухай асуулаа. Бидний ярилцлага ерөнхийдөө хөгжимчин хүний, морин хуурын, залуу хүмүүсийн гайхамшигт чанар юунд оршдог талаарх гурван бүлгээр өрнөсөн болно.

Хөгжимчин хүний гайхамшиг юунд оршдог вэ?

Энэ зун Архангайн Цэнхэрийн рашаанд Морин хуурын чуулга булгийн эх дээр ганцхан удаа тоглож байхыг сонсох завшаан надад тохиосон юм. Хангай газар, олон азарга адууны дэргэд морин хуурыг сонсоно гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмж байсан шүү. Та бүхэн жил бүр ингэж тоглох болсны учрыг манай уншигчдад ярьж өгөхгүй юу.

Бид жил бүр Ардын жүжигчин Ц.Батчулуун багшийнхаа гэгээн дурсгалд зориулан босгосон "Морин хуур" гэх хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нутгийн зон олонд зориулж тоглолтоо хийн, уул усыг нь баясгадаг уламжлалтай. Тэрхүү газар бол "Цэнхэр жигүүр" гэдэг нэртэй багшийн маань дүүгийн амралтын газар байгаа юм.

Ц.Батчулуун агсан өөрийг чинь 2008 онд буюу дөнгөж аравдугаар ангид байхад л Морин хуурын чуулгад гоцлох итгэл хүлээлгэсэн гэсэн шүү дээ. Энэ бол өөрийн чинь олон орны алдартай хөгжмийн танхимуудад тоглох эхлэл байсан бололтой?

Би Улсын Филармонийн Морин Хуурын Чуулгад анх Х ангид орсон цагаас хойш бараг арван жил болж байна. Намайг 2008 онд Филармонид орсон жил манайх Бээжингийн Сувдан театр гэдэг тэндхийн хамгийн том театрын Филармонийн танхимд тоглолт хийх болсон. Гэтэл манай нэг гоцлол хөгжимчин тэр тоглолтонд орж чадахгүй болоход Ц.Батчулуун багш намайг шууд гоцлохыг даалгасан. "За одоо бэлдэнэ шүү, чи" гээд л. Гэтэл би чинь дөнгөж л улсынхаа Филормонид орчихсон, эндээ ч нэг их тоглож үзээгүй, дөнгөж оркестрт сууж эхэлж байсан. Тэгээд л Сувдан театрт гайгүй тоглосон юм байлгүй, багшид жаахан тоогдох шиг болсон. Тэрнээс хойш Швейцарь, Герман, Орос, Япон, гээд нэлээн олон газраар тоглосон. (Ярилцлагын өмнө дурдсан алдартай танхимуудыг нэрлэж байна. сэтгүүлч). Намайг энэ нэр хүндтэй чуулгад багтааж, дээрээс нь итгэл хүлээлгэн олон жил тууштай ажиллуулж, дэмжиж өдий зэрэгт хүргэсэн нь манай хамт олон болоод багшийн минь гавьяа юм даа.

Таны бодлоор хөгжимчин хүний амжилтыг юугаар хэмжих вэ? Дэлхийн алдартай танхимуудад тоглож, өөрийн ур чадвараа дэлхийн үзэгчдэд болон мэргэжлийн хүмүүст хүргэснээр нь хэмжих үү?

Хөгжимчин хүн байнга л өсч байдаг. Яг нэг хэвэнд очоод зогсоно гэж үгүй. Өдөр бүр хөгжмөө барих шаардлагатай учраас нас ахих тусам ур чадвар улам ахиж, хөгжмийн өнгө сууж өгдөг. Жишээ нь гадны том оркеструудын тоглолтуудыг анзаараад үзээрэй. Тэднийг харахад концертмейстер, гоцлол хөгжимчид нь голцуу настай хүмүүс бий. Тэд хөгширчихөөд суудлаа тавьж өгөхгүй байгаадаа тэр биш бөгөөд үнэхээрийн ур чадвар нь сайн ханаж, төгөлдөржсөний  шинж юм. Манай монголд ингэж хараахан чадахгүй байна л даа. Яагаад гэвэл уран бүтээлчид зөвхөн оркестрын хөгжимчнөөр тууштай ажиллаж амьдрах нөхцөл бололцоо сайн бүрдээгүйнх байх. Тиймээс хөгжмөө хаях тохиолдол их байдаг.

Н.Жигжиддорж: Хөгжимчин хүн үзэгчдэд таалагдах биш өөртөө таалагдахаар тоглох хэрэгтэй байдаг (фото 1)

Сая өөрийг чинь настай хөгжимчид ярихад надад төгөлдөр хуурч Артур Рубинштейн санаанд орж байна. Харин Н.Жигжиддоржийн сонсох дуртай ямар, ямар хөгжимчид байна вэ?

Би багаасаа сонгодог хөгжим их сонсож, мэргэжлийн хичээл дээрээ авсан хөгжмийн зохиолуудаа мундаг хөгжимчид яаж тоглож байгааг интернэтээр их үзэж сонсдог байсан. Оросын алтан үеийн алдартай хөгжимчид болох Ростропович, Коган, Ойстрах америк руу гэвэл Стерн, Перлман, Ёо-Ёо Ма гээд байж байна. Европын олон хөгжимчид бий. Нэрлэвэл дуусахгүй урт болно. Хүн болгоны тоглох арга барил өөр өөр учраас тэр бүхнийг харьцуулж сонсох сонирхолтой байдаг л даа.

Биднийг хөгжим сонирхогчдоос эхлээд анхлан сонсогч хүртэл олон хүн унших байх. Тиймээс зарим нэг энгийн зүйл асууя. Миний ойлгож буйгаар хөгжимд өнгө хамгийн чухал бололтой. Мэргэжлийн хүмүүс үүнийг "Дотортой хүн" буюу өнгөө сайн гаргаж чаддаг хөгжимчин гэж үнэлэх юм билээ. Энэ зөв үү?

Хөгжимчин хүнд хамгийн гол зүйл бол өнгө тембр буюу хөгжмөөсөө гаргаж байгаа эгшиглэгээ нь хүний сэтгэлд яаж хүрч байна вэ гэдгээс их зүйл шалтгаална. Яг л дуучин хүний хоолойтой адил зүйл юм. Оросын нэрт морин хийлч Ростропович "Би анх морин хийл дуугаргаж сураад л дурласан, яагаад гэвэл яг миний хоолой шиг санагдсан" гэж хэлсэн байдаг. Тэгэхээр өнгө, эгшиглэгээ ямар чухал болох нь ойлгомжой. Би хөгжмийн сургуульд сурч байгаа дүү нартаа хөгжмийн зэмсэггүй үедээ ч нотоо харж дуулж сургууль хийж бай гэж зөвлөдөг.

Тэгэхээр энэ бол нотоор бичигдсэн нэг л зохиолыг хөгжимчид өөр, өөрийнхөөрөө тоглодгийн утга учир байх нь уу?

Тийм ээ, нот хэдийгээр нэг л янзаар бичигдсэн боловч хөгжимчин хүн бүрийн илэрхийлэх арга барил тембр, вибрац өөр л дөө.

Ингэхэд нотыг цээжилдэг үү?

Хэрвээ оркестрт суувал заавал нот тавина. Яагаад гэвэл бүгд удирдаачийн гарыг харж, хөгжмийн темп, чанга, аяар тоглох болоод тухайн хөгжмийн илэрхийлэмж зэрэг бүх зүйлийг нотоо харж байж зэрэг гаргадаг. Харин соло тоглож байгаа тохиолдолд нотыг заавал цээжилнэ.

Та өөрөө хөгжимдөхөөс гадна дуурь, балет их үздэг гэж ярьсан. Залуу хүмүүс дуурь тийм ч их сонирхдоггүй шүү дээ. Өөрөө хөгжмийн хүн учраас сонирхож үздэг үү, эсвэл өөр авдаг мэдрэмж бий юу?

Филармони, Дуурийн театр хоорондоо ондоо л доо. Филармонид голчлон симфони, концерт, янз бүрийн гоцлол болон цөөхүүл хөгжмийн гэх мэт дан хөгжмийн бүтээлүүд тоглодог бол дуурийн театрт ихэвчлэн дуурь, балет л тоглоно. Мөн дуурийн дуулаачид дунд миний найзууд их бий. Тиймээс тэд нарыг өөр өөр дуурьт хэрхэн дуулахыг нь үзье гэж очдог. Ер нь л долоо хоногтоо нэг удаа театрт жүжиг, балет үзэхийг хичээдэг.

Н.Жигжиддорж: Хөгжимчин хүн үзэгчдэд таалагдах биш өөртөө таалагдахаар тоглох хэрэгтэй байдаг (фото 2)

Сая хоёулаа удирдаачийн гарыг унших тухай ярьсан. Үүнд ямар үйл явц явагддаг юм бэ? Жишээ нь балет үзэж байхад хөгжимчид, балетын бүжигчид, удирдаач гурвын нийлэмж хэрхэн нэгдэж, нэгэн бүхэл бүтээл болж байгаа нь сонирхолтой санагддаг. Сүүлд Хунт нуур балетыг тайзны ард үзэж байхад бүжигчид хоорондоо "Хөгжим удаан байна" гэж ярилцаж байсан. Бүжигчид тайзнаас орж ирэхдээ илүү ядарч, хөлөрчихсөн байгаа юм. Гэтэл оркестр нэг л нотоор тоглож баймаар юм. Хөгжмийн зохиолыг удирдаач илүү урт болгож байгаа хэрэг байх нь гэж ойлгосон.

Хөгжмийн хэлээр удирдаачийн схем гэж байдаг. Үүнийг яалт ч үгүй мэргэжлийн хөгжимчид ойлгоно. Нотыг сунгана гэж байхгүй л дээ. Темп татаж байгаа хэрэг байх. Балетад удирдаач эхлээд төгөлдөр хуурч болон бүжигчидтэйгээ нарийн сургуулилт хийсний дараа нь оркестортой бэлтгэл хийдэг. Асар их хөдөлмөр орно. Өөрийн чинь хэлж буй "Удаад байна" гэдэг жишээ нь магадгүй удирдаач темп бага зэрэг татсанаас болж бүжигчдэд хэцүү болсон байж болох юм.

Эсвэл удирдаачийн сэтгэл зүйн байдлаас болох уу?

Тийм, сэтгэл зүйн байдлаас болж болно.

Морин хуурын гайхамшиг юунд оршдог вэ?

Хийл, морин хуур хоёр хоорондоо юугаараа адил ба өөр вэ? Хоёул утсан хөгжим боловч нэг нь сонгодог, нөгөө нь ардын хөгжим. Барилт нь бас ондоо. Тэгсэн хэрнээ хийлээр тоглодог сонгодог хөгжмүүдийг та бүхэн морин хуураар тоглож байна. Тэгэхээр үүний нууц нь юунд байна вэ?

Нэгдүгээрт, энэ хоёр зэмсгийн хамгийн өөр зүйл бол тембр буюу дуугаралт нь ондоо. Төстэй зүйл нь хоёулаа нумт хөгжим юм. Морин хуурын чуулгын бүтэц бүрэлдэхүүн дээр жишээ авахад үндэсний хөгжим болох морин хуурыг гол болгосон ч бүрэлдэхүүндээ сонгодог хөгжмүүдийг оролцуулсан байдаг. Морин хуур, ёочин, ятга, эвэр бүрээ, их хуур хөгжмүүд дээр сонгодог цохивор хөгжмүүд, төгөлдөр хуур, флейт, морин хийл багтсан. Ийм өвөрмөц бүрэлдэхүүн нь үндэсний бүтээлүүдээс гадна дэлхийн сонгодог бүтээлүүдийг ч хөгжимдөх боломж олгож байна. Гадаадад тоглолтоор явж байхад хөгжимчид бидэнд хандаж, "Танайхан өөрийн орны хөгжмөө тоглосон ч, сонгодог бүтээл тоглосон ч ялгаагүй маш сайхан тохиромжтой сонсогдож байна. Хөгжмийн чинь тембр дуугаралт үнэхээр гоё юм" гэж хэлдэг. Үндэсний хөгжмөөр дэлхийн сонгодог бүтээлүүдийг хөгжимдөж байгаа нь  манай сургуулийн сургалттай салшгүй холбоотой юм.

Манай улс Орос гэдэг сонгодог хөгжмийн агуу дэг сургуультай орны хөрш учраас эхэн үед оросоос олон багш нар ирж, хөгжим бүжгийн сургуулийн анхны үндэс суурийг тавилцсан. Тухайн үед Ардын жүжигчин нэрт хуурч Г.Жамьян багш хөгжмийн өндөр боловролтой, дээр нь сонгодог нумт хөгжмийн зэмсэг болох морин хийл хөгжмийг гарамгай эзэмшсэн байсан бөгөөд морин хуурын мэргэжлийн дэг сургуулийг гайхамшигтай сайн тавьж чадсан. Тэр үеэс морин хуураар дэлхийн сонгодог бүтээлүүдийг хөгжимдөж эхэлсэн нь морин хуураар сонгодог тоглож гайхуулах гэхээсээ уг хөгжмийн зэмсгийн хөгжимдөх ур чадварын хөгжилд маш их үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Өнөөдөр морин хуурын чуулга үндэсний болоод дэлхийн сонгодог  төдийгүй орчин үеийн бүтээлүүдийг ч хөгжимдөж байна. Тэгэхдээ бас морин хуурт тохирох хөгжмийн бүтээлүүдийг сонгон авах шаардлагатай байдаг.

Рок, поп урлагт байгаа зарим хөгжимчид, "Хөгжим Бүжгийн сургалт хэцүү. Яг сонгодог зүйлийг тулгадаг. Хүн өөрийнхөө дотор байгаа мэдрэмжийг гаргах гэхээр түүнийг хүлээн зөвшөөрдөггүй" гэж ярихыг сонсож байсан. Өөрөө энэ тал дээр ямар бодолтой вэ?

Энэ бол зарим нэг хүмүүсийн л үзэл бодол байх. Энэ жилээс манай сургууль консерватори буюу хөгжмийн дээд сургууль болж өргөжиж байна. Мэргэжлийн  хөгжмийн сургуульд өөрийн гэсэн сургалтын нарийн дэг гэж бий. Яг л нарийн мэргэжлийн багш нарын зааснаар сурна гэсэн үг юм. Мэдээж гоц хүүхдүүд байдаг. Өөрийнхөөрөө, гоё сэтгэлгээтэй тоглодог ч юм уу. Тэднээс багш нар дэмжихийг нь дэмжээд, болохгүй зүйлийг нь хараад хэлдэг. Хэтэрхий багаасаа тайзны маягийн уран чадвар гаргах гэж оролддог хүүхдүүд байдаг. Тийм хүүхдэд болохгүй зүйлийг нь багш нь мэдээж хэлнэ. Яагаад гэвэл өөрөө хөгжмийн ур чадварыг бүрэн тогтоож чадаагүй хэр нь виртуозо буюу уран чадвар гаргах гэж хичээх нь буруу байдаг л даа. Ер нь бол хавчих биш илүү дэг, сургуулиа барьж буй хэрэг. Миний бодлоор хөгжимчин хүн үзэгчдэд таалагдах биш өөртөө таалагдахаар тоглож сурах хэрэгтэй гэж боддог. Тэгж мэдэрч эхэлсэн цагаас л хөгжимчин болох гараа эхэлдэг байх.

Миний хувьд А.Бат-Эрдэнэ хуурчийн тоглосноор Аве Мариаг анх сонсохдоо морин хуур, морин хийл хоёрын ялгааг ерөөсөө олоогүй. Тэгээд яаж ингэж тоглодог юм болоо гэж биширч байлаа.

А.Бат-Эрдэнэ хуурч бол өндөр ур чадвартай, мундаг хуурч л даа. Сонгодог зохиолуудыг маш гоё тоглож гарч ирж байсан манай хуурай ах байгаа юм. Үнэхээр тэр хуурын эгшиг морин хийл зэрэг сонгодог хөгжмөөс ялгагдахгүй байна гэдэг хөгжимчний ур чадвартай холбоотой. Ер нь бол тембр, тоглолтын арга техник, апликатур (хурууны хуваарилалт) зэрэг олон зүйлээр морин хуур ялгаатай.

Морин хуурыг орон, орны сонсогчид адил хүлээж авдаг уу? Өөр зүйл юу ажиглагддаг вэ?

Ер нь бол адилхан шүү. Гэхдээ япончууд монгол хөгжмийг арай өөр, илүү ойлгож уярч хүлээж аваад байх шиг санагддаг. Азичууд болохоор ч тэр юм уу, дээр нь японы ардын дуунууд манайхтай их төстэй байдаг.

Та нэг хэсэг Нью-Йорк хотноо амьдарсан. Тэнд Рубин музейд тоглосон тоглолт хэрхэн болсон юм бэ?

Рубин музейн продюсер Тим МакХэнритэй намайг Нью-Йорк-д музейн чиглэлээр ажилладаг С.Ариун гэдэг эгч маань анх уулзуулсан юм. Тэгэхэд би тэр хүнд СD-гээ өгөөд явсны дараа надтай эргэж холбогдоод, "Таны хөгжим маш сонирхолтой юм. Манай музейн энэ жилийн тоглолтын хуваарь хэдийгээр гарчихсан ч гэсэн нэг өдөр гаргаад тоглолт хийлгэмээр байна" гэж хэлсэн. Ингээд Нью-Йоркийн Жуллиардын хөгжмийн сургуулийг дүүргэсэн Анна Шелест гэж гарамгай төгөлдөр хуурч эмэгтэйтэй тоглолтоо хийж маш амжилттай болсон. Нью-Йорк хотод олон жил ажиллаж амьдарч байгаа миний дотны найз Энхээ надад туслаж намайг түүнтэй танилцуулсан юм. Анна хэлэхдээ, "Чиний тоглолтонд тоглосон бүтээлүүдээс З.Хангалын бүтээл маш их таалагдлаа. Үнэхээр цоо шинэ санагдлаа. Энэ хэзээ зохиогдсон бүтээл юм бэ" гэж асууж байсан. З.Хангал гуайн тэр хөгжим 1988 онд зохиогдсон шүү дээ. Тэгээд би дотроо, "Манай хөгжмийн зохиолчдын бүтээл, дээрээс нь манай зэмсэг ямар ч классикуудтай хамт тоглоход гологдохооргүй  юм аа" гэж бодож байлаа. Аннагийн нөхөр нь бас төгөлдөр хуурч бөгөөд дараа нь нөхөртэйгээ дуэт концерт хийхдээ намайг зочин хөгжимчнөөр урьж Рахманиновын "Вокализ" болон Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч З.Хангалын "Морин хуурын Концерт"-ыг  хамтарч тоглосон. Рубинд тоглосон тоглолт Нью-Йорк-д болсон анхны морин хуурын бүрэн хэмжээний гоцлол концерт болсон юм байна. Дараа жил нь яг тэр танхимд манай үндэсний хөгжмийн "Хөсөгтөн" хамтлагийг урьж тоглуулсан.

Монголчууд хуур урлахдаа арга, билгийг илэрхийлж хоёр чавхдасыг нь гүүний болоод азарганы сүүлээр хийдэг байж. Одоо бол дан хялгасан утсаар хийж байгаа байх. Чавхдас нь солигдсоноор дуугаралт нь өөр болох уу?

Тембрийн (эгшиглэгээ) ялгаа гарна л даа. Морин хуурын цар болоод чавхдасыг өөрчилсөн нь цаг уурын болоод олон шалтгаантай холбоотой. Морин хуур анх ширэн цартай байсан. 1960-аад онд Г.Жамъян багш Куба улсад тоглоход арьсан цар нь чийгэнд сунаад дуугүй болчихсон гэдэг. Тэгээд л, "За цаашдаа балрах юм байна" гээд модон цартай болгосон. Анхны модон цартай хуурыг оросын хийлийн мастер Д.Яровой нэрт хөгжим урлаач Д.Бууран нар хамтарч хийсэн. Хуурын чавхдас 1990-ээд оныг хүртэл адууны сүүлээр хийгдэж байгаад сүүлд нийлэг (сатурк) утастай болсон. Нэгдүгээрт адууны сүүл гадаадад тоглоход чийгшлээс шалтгаалж сунаж, агших тал бий. Дээрээс нь олдоц нь бас ховордсон. Бид байнга сургуулилт хийхэд тэсэхгүй, амархан тасарчихдаг. Тэгэхдээ бид саяхнаас ширэн цартай, адууны сүүл татсан уламжлалт хуураа сэргээж  байгаа. Ноднин манай морин хуурч Р.Амарбаяр ах санаачлаад Морин хуурын чуулгын бүх хуурч уламжлалт хууртай болсон. Тэр хуураар голдуу ардын дуу, уртын дуу, татлагаа сэргээн тоглож байгаа. Бүх хуурыг Төрийн хан хуур урлаач Д.Уламбаяр урласан.

Та өөрийн хуураа арван жил барьж байгаа гэсэн. Ер нь хөгжмийн зэмсэгт нас гэж байх уу?

Хөгжмийн зэмсэг удаж, наслах тусмаа илүү үнэ цэнэтэй болдог. Дуу нь ч задарч илүү гоё болно.

"Улаан хийл" гээд алдартай кино байдаг шүү дээ. Барьж байсан хөгжимчдөөсөө илүү түүхтэй болчихсон зэмсэгийн тухай гардаг. Яг түүн шиг үү?

Тийм ээ, яг түүн шиг олон зуун жилийн настай Страдивари, Гварнери, Амати зэрэг италийн нэрт мастеруудын 1700,1800 оны үеийн хөгжмүүдийн цуглуулгыг музейнүүд, хөгжмийн том лэйбэлүүд болоод хөгжимчид зэрэг олон газар эзэмшдэг. Одоо цагийн алдартай гоцлол хөгжимчид тийм хөгжмүүдээр тоглодог. Гэвч насаараа тоглоод бурхан болсны дараа тэрхүү хөгжмүүд нь дараа, дараагийн гарамгай хөгжимчдөд шилжин очдог.

Залуу ээж, аавуудад хүүхдээ хөгжмийн сургуульд өгөх сонирхол нэлээн бий. Гэхдээ хөгжмийн сургууль өндөр шаардлагатай учраас олон хүүхэд сургуулиа дүүргэж чадалгүй, дундаас нь өөр сургууль руу шилждэг. Тиймээс хүүхэддээ хөгжмийн боловсрол олгохыг хүсч буй хүмүүст та юу гэж зөвлөх вэ?

Хөгжмийн нарийн боловсролыг зөвхөн мэргэжлийн хөгжмийн сургуульд л эзэмших боломжтой. Ер нь хүүхэд хөгжмөөс өөр зүйл сонирхоё гэвэл түүнд өөр боломж, цаг хугацаа аль, аль нь бий. Хөгжим сурна гэдэг хатуужил тэвчээр шаарддаг. Жаахан хүүхдүүд эхэндээ уйлж, шантардаг ч бага багаар хөгжмөө дуугаргаж сурах тусам амтанд нь орж улам сайн эзэмшсээр хөгжимчин болдог. Хүн болох, аливааг тэвчээртэй сурах, цаашлаад сэтгэлзүйн гоо сайхан гээд олон зүйлийг сургадаг нь хөгжмийн сургуулийн давуу тал юм.

Сул тал нь юу вэ?

Манайх ерөнхий боловсролын бүх хичээлийг үзэхээс гадна хөгжмийн мэргэжлийн маш олон хичээлүүдийг давхар үздэг тул хүүхдэд ачаалал ихтэй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонирхлыг харж байгаад зургаа, долоодугаар ангиас нь өөр сургууль руу шилжүүлэх тохиолдол анзаарагддаг. Тэглээ гээд алдах юм юу байх вэ, бусад хүмүүсээс толгой илүү болоод авна шүү дээ.

"Амжилтын ард 99 хувийн хөдөлмөр 1 хувийн авьяас бий" гэх үг байдаг. Энэ үг хөгжмийн ертөнцөд тохирох уу?

Хөдөлмөрийн үнэ цэнийг л үнэлүүлэх гэсэн үг байх л даа. Хөгжмийн ертөнцөд бол үнэхээр авьяастай хүмүүс тодорхой хэмжээгээр төрж, тэд бусдаасаа илүү амжилтанд хүрэх нь бий. Тийм хүн багаасаа л шууд танигддаг. Манай сургуулиас гэхэд маш олон авьяастай хөгжимчид төрөн гарсан бөгөөд гадаадын нэртэй цөөхүүл болон найрал хөгжмүүдэд тоглож байгаа хөгжимчид ч олон бий.

Та Netflix-ийн Марко Поло цувралын II улирлын хөгжмийн бичлэгт ажилласан. Энэ хамтын ажиллагаа хэрхэн эхэлсэн юм бэ? Кино багийнхан танаас юу хүсч байв?

Марко Поло киноны хувьд Нью-Йорк хотын DuoTone студид хөгжмийг нь хийдэг юм билээ. Рубин музейд болсон тоглолтонд монголд олон жил продюсер, хөгжмийн инженерээр ажилласан Рагу "Marco Polo" телевизийн шоуны хоёр хөгжмийн зохиолчийг дагуулж ирээд,  "Монголын их нэртэй чуулгын гоцлол хөгжимчин, морин хуурч ирчихсэн байгаа. Та хэд киноны хөгжимдөө ашиглах том боломж шүү" гэж хэлсэн байсан. Нөгөө хүмүүс бараг л тоглолтын маргааш нь холбогдоод ажиллах санал тавьсан.

Мэдээж америк хүмүүст монгол маягийн  хөгжим зохионо гэдэг хэцүү зүйл. Тиймээс намайг монгол хөгжмийн талаас жаахан зөвлөөд өгөөч гэсний дагуу хөгжмийн аялгуу бүтэц зэрэгт уялдуулан зарим хөгжмүүд дээр нь нарийн ажилласан . Гэхдээ мэдээж ихэвчлэн хөгжмийн зохиолчдын өөрсдийн зохиосон хөгжим дээр тулгуурласан. Зарим нэг наадам наргианы хэсэг ч юмуу монгол ардын уламжлалт татлага, ардын дуу тохирох сценүүдэд нь тааруулж өөрийн уран сэтгэмжээр тоглох зэргээр бичлэгүүд явагдсан.

Netflix гэдэг том компани манай улсын түүхтэй холбоотой кино хийнэ гэдэг бол нэг талаараа их сайхан зүйл. Хөгжмийн  зохиолын багт нь ажиллах ч том завшаан юм. Хоёр хөгжмийн зохиолч маань и-мэйлээр холбогдож дараагийн хөгжмүүд дээр хамтран ажиллах талаар ярилцаж байсан ч энэ цуврал түр завсарлаж байх шиг байна. Тэдний зүгээс эхний хоёр цувралын хөгжмүүдээр сюит буюу дан хөгжмийн цуврал бүтээл хийх санал гаргасан. Болвол морин хуурын чуулгатай хамтарвал зохимжтой байх тухай ярилцаж байгаа.

Ер нь өөрийн чинь үздэг телевизийн ямар шоунууд байдаг вэ?

Netflix-ийн цувралуудыг л их үздэг дээ.

Н.Жигжиддорж: Хөгжимчин хүн үзэгчдэд таалагдах биш өөртөө таалагдахаар тоглох хэрэгтэй байдаг (фото 3)

Залуу хүмүүсийн гайхамшиг юунд оршдог вэ?

Арга Билэг хамтлаг KEXP радиод амьд тоглолт хийсэн. Сүүлд Huun-Huur-Tu хамтлаг орсон байхыг үзэхдээ танай бичлэгийг олж сонслоо. Та нар хэрхэн энд тоглох болов?

KEXP бол АНУ-ын Сиэтл хотын маш алдартай радио юм. Дэлхийн маш нэр хүндтэй хамтлаг дуучид ордог. Арга Билэг хамтлаг хоёр удаа америкийн хотуудаар аялан тоглолт хийсэн юм. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтарч зохион байгуулсан тэдгээр тоглолтуудын продюсерээр ажиллаж байсан Б.Номинтуяа маань KEXP-тэй эртнээс холбогдож байгаад тэнд тоглох завшаан бидэнд гарсан.

Миний ойлгосноор бол KEXP маш сайн сонсогчидтой суваг байна лээ. Ер нь Арга Билэг хамтлагийн амжилтыг та өөрөө хэрхэн үнэлдэг вэ?

KEXP маш сайн сонсогчтой. Этно- Жазз болон орчин үеийн хөгжмийн чиглэлээр уран бүтээл хийхээр төлөвлөн морин хуур, ятга, төгөлдөр хуур, цохивор хөгжим бүхий өвөрмөц бүрэлдэхүүнтэй хамтлаг 2009 онд байгуулж  "Дээлт", "Дэв" гэх хоёр цомог гаргасан. 2014 онд Швейцарийн хөгжлийн агентлаг болон Монголын урлагийн зөвлөлийн зохион байгуулсан  Хэнри Кайзег жазз хөгжмийн квинтеттэй хамтран  "Агула" нэртэй хөгжмийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Дуурийн театрт нээлтийн тоглолтоо хийгээд  White-Arch студид цомгийн бичлэгийг хийсэн. Бусад мастер, микс, хэвлэлтийн ажлуудыг швейцарь улсад хийгээд CD-ний нээлтийн тоглолтыг швейцарийн  таван хотод хийсэн. Үүний дараа жил, Grammy-гийн "World Music" төрлийн preselection- д "Агула" цомог шалгарсан.

Арга Билэг хамтлагийн интернэтэд тавигдсан видео клипний доорх сэтгэгдлүүдийг харахад "Төгөлдөр хуур чинь тохирохгүй байна" гэх утгатай сэтгэгдэл хүмүүс үлдээсэн харагдсан. Та юу гэж боддог вэ?

Арга Билэг хамтлагийн хувьд мэргэжлийн түвшинд хөгжмийн найруулгаа хийж тоглох, болвол бүжиг, дуу дүрстэй тайзны цогц уран бүтээлүүдийг хийх, гадны мэргэжлийн сайн уран бүтээлчидтэй хамтран тоглох  зорилготой бүгд мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн хамтлаг байгуулсан. Тэр зорилго маань амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ "Агула" цомгийг Хэнри Кайзег квинтеттэй хамтран хийхэд харагдсан. Олон сарын өмнөөс онлайнаар бүтээлүүдээ солилцож, нийлээд богинохон хугацаанд маш сайн уран бүтээлүүд гарсан. Тиймээс Арга Билэгийн гол хөгжмийн зэмсэг бол төгөлдөр хуур гэж би боддог.

Арга билэг хамтлагийн ойрын төлөвлөгөө юу байгаа вэ?

"Наадам" гэж цомог эхлүүлээд орхисон байснаа ойрын хугацаанд дуусгахаар ажиллаж байгаа.

Хөгжмийн бүтээлийг хийж дуусгана гэдэг нөр их хөдөлмөр бололтой.

Тийм ээ. 

Зураач, бичээч хүн бол өөрөө л суугаад хийвэл тэр бүтээлийг дуусгаж болдог. Хөгжмийн хамтлаг олон хүний сэтгэл зүй, цаг завыг нэг дор уяж байж хийдэг. Та бүхэн ямар арга барилаар ажилладаг вэ?

Хөгжмийн найруулгыг манай төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх хийдэг. Дараа нь хамтарсан бэлтгэл хийхдээ хөгжмийн  зэмсгүүдэд зарим тохиромжгүй санагдах зүйлүүдийг хамтарч засаж янзлах, тал талаасаа гарч ирсэн өөр сонин санааг нэгтгэх гэх мэт нилээн хугацаа ордог. Дараа нь хэд хоногийн дараа хийсэн зүйлээ сонсохоор өөрчилмөөр санагдах үе ч гарна.

Ер нь бол шууд тоглолт буюу импровазациар нэг удаа тоглоод л, тэр нь өөрсдөд их таалагдаад бичүүлэх тохиолдол гардаг уу?

Тийм зүйл бараг байхгүй. Тема ашиглаж болно. Жишээ нь ардын дууны аялгуун дээр тулгуурлаж хийсэн байлаа ч яаж өөрчлөх вэ, гармони, хэмнэл, гоцлол хэсгүүд нь ямар байх вэ гээд бүх зүйл дээр нарийн ажиллах шаардлагатай байдаг. Түүнээс шууд жэм хийж байгаад гоё хөгжим хийнэ гэсэн ойлголт манайд байхгүй.

Жэм хийх гэснээс, рок, алтернатив, инди хамтлагуудаас ямар хөгжим сонсдог вэ?

Сонсноо. Сургуульд байхдаа Radioead, Coldplay, Keane гээд л их сонсдог байсан. Сүүлийн үед инди рок энэ тэр сонсох зав, нөхцөл муу болж байгаа юм уу чөлөөт цагаараа орчин үеийн хөгжим сонсмоор болвол ажил мэргэжилтэй ойр хөгжим сонсох дуртай болсон. Жишээлбэл танго хөгжмийн гайхалтай зохиолч Астор Пьяццолла, минимал хөгжмийн зохиолч Филип Гласс, Италийн нэртэй морин хийлч хөгжмийн зохиолч Жиованни Соллима гэх мэт илүү хөгжимлөг тал руугаа сонсох цаг заваа зориулдаг.

Radiohead хорин жилийн өмнөх Creep дууг одоо ч дуулсаар байдаг. Том Йоркийн царай нь хөгширсөн ч дуу нь дандаа шинэ хэвээрээ. Дуулах бүртээ үзэгчдэд шинэ мэдрэмж төрүүлж байгаа утга учир нь байх шиг. Хөгжимчин яг тийм л байх даа.

Тийм шүү дээ. Тоглох бүртээ өөр, өөр байдагт л амьд хөгжмийн гайхамшиг оршдог. Пянзанд бичүүлчихсэн юм шиг тоглоод байвал ямар ч сонирхолгүй болчихно.

Дүрслэх урлаг, уран зохиолд маш их шинэчлэлт шаарддаг учраас модернизм, пост модернизм, нео пост модернизм гээд олон давалгааг үүсгэсэн. Ер нь урлаг өөр, шинийг хийх гэж тэмүүлдэг. Хөгжмийн хувьд тийм шинэчлэлт юугаар нь харагдах вэ? Цоо шинийг хийх зорилго байдаг уу?

Мэдээж хөгжмийн ертөнцөд өдөр бүр шинэ зохиол гарч байгаа. Харин яг цоо шинэ зүйл гэж байдаг эсэх эргэлзээтэй. Өмнөх үеийн аливаа нэг суурь тулгуур байж л байдаг байх. Орчин үед хүн яаж бол яаж сэтгэж болох тул бүрэлдэхүүний хувьд ч гэлээ байдаг квартет, квинтет, трио, цөөхүүл гэхээсээ илүү янз бүрийн бүрэлдэхүүнтэй сонин сонин зохиолууд бичих болсон. Түрүүн ярьж байсан манай нэрт хөгжмийн зохиолч З.Хангал гуайн морин хуурын концерт гэхэд хэдийгээр 1980-аад оны бүтээл ч гэлээ маш сонин бүтэцтэй гайхамшигтай зохиол. Морин хуурын гоцлол, төгөлдөр хуур, хийлийн чуулга, цохивор хөгжмийн чуулга гэсэн бүрэлдэхүүнтэй. Монголд байтугай дэлхийд тийм өвөрмөц зохиол ховорхон байх гэж би боддог.

Жийгээ клуб орж бүжиглэдэг үү?

Клуб орж бүжиглэдэггүй  юм аа. Найзуудтайгаа явж байгаад хааяа клуб ороод гарах тохиолдол байдаг. Дээрээс нь бүжиглэхдээ тун тааруу.

Зав байхгүй гэснээс өдөр тутмын амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?

Ямар нэгэн байдлаар байнга тоглолтын бэлтгэл, сургуулилттай. Дээрээс нь бид шинэ уран бүтээл дээр ажиллахад нүсэр ажил ордог. Морин хуурын чуулга XII сард дөрөв дэх жилдээ шинэ жилийн баярт зориулсан тоглолт хийх гэж байна. Үүний тулд тоглох зохиолуудаа сонгох, хөгжмийн хөрвүүлэг найруулгуудыг хийх гээд маш их хугацаа, хөдөлмөр ордог. Найрал хөгжмийн концертмейстерын ажил бүх оркестрыг хөгтэй байлгах, групп тус бүрээр сургуулилт хийлгэх гээд ачаалал, хариуцлага ихтэй. Ер нь бол байнгын бэлтгэл формтой байх хэрэгтэй. Ямар ч гоцлол бүтээл тоглоход бэлэн байх шаардлагатай. Энэ жилээс мөн давхар удирдаачаар ажиллаж байгаа тул хийгдэж буй бүх партитур (удирдбар) -тайгаа ажиллаж танилцсан байх  шаардлагатай.

Н.Жигжиддорж: Хөгжимчин хүн үзэгчдэд таалагдах биш өөртөө таалагдахаар тоглох хэрэгтэй байдаг (фото 4)

Олон хүнтэй ажиллахад хөгжимчнөөс гадна манлайлах чадвар шаардагдана. Өөрөө ямар зарчим баримталдаг вэ?

Найрал хөгжим тоглоход бүгд нэг сэтгэлтэй, нэг уур амьсгалтай байж гэмээ нь тоглож буй бүтээлээ нэг хүн шиг гаргаж чаддаг. Тиймээс хамт олны уур амьсгал хөгжим тоглоход маш чухал. Манай чуулга тэр тал дээр харин "школа" гэж ярьдаг даа, маш сайн дэгтэй гэж боддог. Тиймээс удирдаач, концертмейстерууд хүн нэг бүртэй ажиллах хэрэгтэй болдог. Хөгжмөөр бол нюансыг нь тааруулна гэсэн үг. Ер нь бүх л салбарын ерөнхий удирдах арга барилтай ижил.   

Та бага, залуугаасаа том тэмцээн, уралдаанд түрүүлж, гадаадын нэртэй тайзан дээр тоглож, магтаал урамшуулал багагүй сонссон. Ер нь магтаал, шүүмжлэл хоёрыг яаж хүлээж авдаг вэ?

Магтаал сонсоход хүнд сайхан л байлгүй яахав. Тэгэхдээ магтаалыг ер нь тоохгүйг хичээдэг. Шүүмжлэлийг бол харин тооно шүү.

Дээр хэлсэн тэр их ажлын дундуур өөрт оногдох чөлөөт цагаа юунд зарцуулдаг вэ?

Тухайн үеийн байдлаас л болно. Гэртээ амрах ч юм уу, кино үзэх ч юм уу. Голдуу дараа дараагийн ажлын санаануудаа олохыг хичээдэг .

Гэр бүл зохиож амжаагүй байгаа. Өөрт чинь эмэгтэй хүний юу нь илүү сайхан санагддаг вэ?

Болвол хүний нөлөөнд биш бие даасан бодолтой байх нь чухал зан байх.

Манай ажлын цонхоор Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уртын дууч бэлтгэл хийж байгаа нь хааяа сонсогддог юм. Их хотын шуугиан, машин тэрэгний чимээний дундуур гэнэт морин хуур, уртын дуу сонсогдох нь их сонихон. Өөрт чинь гэнэт цоо шинэ мэдрэмжээр хөгжим сонсогддог ямар, ямар орчин тааралдаж байв?

Янз бүрийн санаа их л орж ирдэг. Тиймэрхүү зүйл тоглобол гоё болж магадгүй юм байна гэсэн. Ганцаараа байхад, шөнийн цагаар л голдуу бодогддог. Урлагийн хүмүүсийн толгой шөнө илүү их ажилладаг гэж ярьдаг шүү дээ. Америкт хэсэг хугацаанд амьдрахад шинэ, сонин санаа бодогдоод очоод хэргжүүлнэ дээ гэж бодож байсан. Жишээ нь "Яахаараа заавал Морин хуурын чуулга мэргэжлийн оркестр гээд л дуурийн дуучидтай тоглож байх ёстой вэ. Рок попын нэртэй дуучидтай хамтарч тогловол сонин юм гэж бодсон. Тэгээд өнгөрсөн хавар киноны хөгжмийн тоглолт дээр Морин хуурын чуулга  Никитоны Б.Батчулуун ахын "Дурлалын гэмт хэрэг" киноны "Дурлал", "Чи минийх" дуунууд дээр манай удирдаач Түвшинсайхан ах маш гоё найруулга хийснээр шинэлэг сайн уран бүтээл болсон. On'n off продакшнтай манай чуулга байнга хамтран ажилладаг тул Н.Ононбат ах энэ бүтээлийг маш гоё видео болгож өгсөн. Мөн Батчулуун ахтай дараагийн хамтарсан уран бүтээлүүдийг хийхээр төлөвлөж байгаа. Саяхан 25 жилийн ойн тоглолтонд МУГЖ Т.Сарантуяатай хамтран тоглосон бол одоо шинэ жилээр мөн шинэ уран бүтээл хийж клип гаргахаар бэлдэж байна.

Ер нь харваж орж ирсэн олон бодлуудаас нэгийг нь барьж аваад ажил хэрэг болгох нь чухал шүү. Үүний тулд завгүй ажиллахаас гадна сайн амрах ч хэрэг гардаг байх.

Тийм ээ, 2014 онд шинэ жилийн баяраар нэг брэнд тоглолттой болъё гэсэн санаа гарч байсан нь одоо байнгын үзэгчтэй, бас ч гэж хүлээлттэй, гоё уур амьсгалтай тоглолт боллоо. Тэгэхээр бид ноднин, уржнан тоглосон тоглолтоосоо доошлуулахгүй байх хэрэг гарна. Шинэ тоглолт хийхэд их ажил ордог тул хажуугаар нь амралтаа зохицуулах нь хүнд асуудал болдог.

Зураач, архитектор нарын зүүд их тод өнгө, нарийн дүрслэлтэй байдаг гэдэг. Өөрийн чинь зүүд хөгжимтэй юу?

Ихэнх цагаа хөгжимтэй холбоотой өнгөрөөж байдаг учраас зүүд хөгжимтэй холбоотой байх тохиолдол гардаг. Хар дарсан зүүдэнд хүртэл тайзан дээр гарах цаг болчихоод байхад гутлын үдээс тайлагдахгүй ч байх шиг, урд Дуурийн театрт яг миний тоглох цаг болчихоод байхад нэг юм олддоггүй ч юм уу. Ер нь бол өглөөдөө ханатал сайхан унтаж чадвал ядаргаа сайхан тайлагдчихдаг.

Таны карьер их тодорхой болчихсон. Морин хуурын чуулга, Арга Билэг хамтлагтаа хийх маш их төлөвлөгөө байна. Харин саяхан Дуурийн театрт нэг жил болж байгаа залуу хөгжимчинтэй би ярилцаж байгаад ирээдүйдээ их итгэлгүй байгааг нь анзаарсан юм. Түүний хувьд "Оркестрын хөгжимчин өөрөө сонгодог хөгжмөөр соло тоглож, цомог гаргаад ч үзэгч цөөнтэй учраас ирээдүйгүй. Тэгэхдээ арилжааны хөгжим хийхгүй сонгодог урлагтаа үнэнч байх хүсэлтэй" гэж байсан юм. Түүнтэй адил ирээдүйгээ тодорхойлж амжаагүй залуус танаас зөвлөгөө хүсвэл юу гэж хэлэх вэ?

Мэргэжлийн  урлаг хаягдсан гэдэг бэрхшээлийг байнга тоочиж, тайлбар хийх хэцүү юм. Бид хаашдаа л хөгжмөөр мэргэших гэж зорьсон бол үүнийхээ төлөө явахаас өөр арга байхгүй. Сүүлийн үед би харин ч илүү өөдрөг бодолтой байгаа. Манай Хөгжим Бүжгийн сургууль энэ оноос Консерватори буюу Хөгжмийн Дээд Сургууль болж өргөжиж байна. Тэгэхээр бидний хийх ажил бүр нэмэгдэнэ гэсэн үг. Мэргэжлээ  дээшлүүлэх, багшлах хэрэгтэй болно. Хойч үедээ тус дэм болох хэрэгтэй. Дээрээс нь гадаадын  олон орны том сургуулиудад хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн манай үеийн чадвартай залуучууд ар, араасаа төгсөөд ирж байна. Өөрөөр хэлвэл хөгжмийн салбарт шинэ үе гарч ирж байгаа мэт анзаарагдаж эхэлж байна. Бид уулзаад, "Бүгдээрээ нийлж ямар гоё уран бүтээл хийх вэ, цаашид мэргэжлийн хөгжмийн урлагийг яаж өнгөтэй байлгах вэ" гэж ярилцах үе олон байгаа. Нөгөө талаар хөгжим сонсдог, ойлгодог үзэгчид сонсогчид ч илүү олон болсонд баяртай явдаг.

цааш үзэх