Хайх

Ричард Гиртэй зооглосон өглөөний цай

Ричард Гир Улаанбаатарт

Ричард Гиртэй зооглосон өглөөний цай

Өнөөдөр өглөө буюу арваннэгдүгээр сарын 18-ны Бямба гарагт, Монголын хэвлэл мэдээллийн салбарын нөлөө бүхий хүмүүс Ричард Гиртэй өглөөний цай уун, түүнтэй өнөөдрийн Монголын нийгэм дэх тулгамдсан асуудлууд, тэдгээрийг бид хэрхэн өөрчилж болох, аз жаргал гэж түүнийхээр юуг хэлэх, болон түүний хийхээр удаан бодож, зорьж байгаа киноны талаар ярилцлаа.

Ричард Гиртэй зооглосон өглөөний цай (фото 1)

Өглөө 9 цагт Баянгол зочид буудалд болсон уулзалтанд хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болсон хэсэг хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Тун удалгүй, бидний хүлээж буй хүн болох  холливуудын алдарт жүжигчин, Golden Globe Awards буюу Алтан бөмбөрцөг наадмын шагналт, People сэтгүүлээс тодруулдаг оны "Хамгийн тачаангуй эрэгтэй" шагналын эзэн (1999), буддын шашинтан, хүний эрхийн төлөө тэмцэгч Ричард Гир орж ирлээ. Тэрээр одоо 68 настай бөгөөд, олон жил хөлдөөгчинд байсан мэт залуухан хэвээрээ байлаа. Бидний сайн мэдэх түүний тоглосон олон уран бүтээлээс дурдвал, American Gigolo (1980), Pretty Woman (1990), Runaway Bride (1999), Chicago (2002), Hachi: A Dog's Tale (2009), Arbitrage (2012) гэх мэт 60 аад кинонд тэрээр дүрээ мөнхөлжээ.

Ричард Гиртэй зооглосон өглөөний цай (фото 2)

Түүний цагаан үс, бараан өнгийн костюм, цагаан цамц, хүрээгүй цэмцгэр харааны шил, бугуйдаа зүүсэн бор өнгийн эрх нь түүнийг маш  нүдэнд дулаахан харагдуулна. Тэрээр кинонд дүр бүтээдэг шигээ энергиэр дүүрэн, үйл хөдлөлтѳй ярих бөгөөд түүний хэлж ярьж байгаа бүхэн хүн төрөлхтний сайн сайхны төлөө болон хувирч байлаа. Үнэхээр түүний сүүлийн хэдэн жил хийж байгаа ажлуудыг нь эргэцүүлэн бодоход, хүн төрөлхтөний аз жаргал, байгаль орчинд ээлтэй байдлыг түгээх их ажлыг эхлүүлсэн мэт.

Ричард Гир яриагаа  "Та бүхний (Монголчуудын) алсын хараа юу бэ?", "Бүр том зорилго чинь буюу газар дэлхийтэй хэрхэн холбогдож байна вэ?" гэх асуултуудаар эхэлсэн ба "XXII-р зуунд цэвэр ус, цэвэр агаар, нутаг дэвсгэр ямар ч алт эрдэнэсээс илүү үнэ цэнэтэй болно" гэдгийг онцолж байв.  Тэрээр мөн Монголд ирээд унтах гэсэн болов ч агаарын бохирдлоос болоод сайн амарч чадаагүйгээ хуваалцан, яагаад ийм том газар нутагтай, цөөхѳн хүн амтай ард түмэн ийм их хорт утаанд амьдарч байгааг гайхан, "Бид бүгдээрээ нийлбэл юу г ч бүтээж чадна" гэдгийг сануулж байлаа. Мөн, "Аз жаргал гэдэг нь эд баялагт биш харин хүмүүст туслахад оршдог юм шүү дээ" хэмээн ярих нь бүх насаараа дэлхийг тойрон аялж, үзээгүй газар, хүрээгүй зүйл тун ховор түүний бидэнд хүргэх гэсэн мессеж мэт.

Сүүлийн хоёр жил, 2016 онд Norman: The Moderate Rise and Tragic Fall of а New Yоrk Fixer, 2017 онд The Dinner болон Three Christs гэх гурван кинонд дүрээ бүтээгээд байгаа тэрээр, өөрийн 10 жил бодсон киног хийхийг  зорин ажиллаж байна. Энэ нь нэгэн ламын тухай кино бөгөөд Говь -д багахан хэсгийн зураг авалтыг хийх мөрөөдөлтөй байгаагаа дурдан, дэлгэрэнгүй мэдээллийг кино бэлэн болоход ярина хэмээн хошигнож байлаа. Тэрээр Монголчууд бидэн шиг болоогүй зүйлийг урьдчилж ярих дургүй хүн бололтой.

Ө.Содгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх