Хайх

С.Ононбат: Шоуны маань ялагч мартагдахгүй цааш үргэлжлүүлээд яваасай

С.Ононбат: Шоуны маань ялагч мартагдахгүй цааш үргэлжлүүлээд яваасай

Text: Г.Тэмүүлэн


Дэлхийн 60 гаруй улсад зохиогддог The Voice шоу нэвтрүүлгийн Монгол дахь хувилбарыг Монгол ТВ албан ёсны эрхтэйгээр өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Нэвтрүүлгийн дугаар бүрт оролцогчдын авьяас чадвар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, ням гарагийн үдэш гэр бүлээрээ зурагтынхаа өмнө суух шалтгаан болоод буй. The Voice of Mongolia шоуны ялагч тодрох мөч ойртсон байгаа энэ үед бидэнд шүүгч дасгалжуулагч, МУУГЗ, On'n Off продакшны ерөнхий захирал, найруулагч, продюсер С.Ононбаттай уулзах завшаан тохиосон юм. Монголын урлаг соёл, тэр дундаа рок поп хөгжимд өөрийн гэсэн дахин давтагдашгүй хэв маяг, орон зайг үүсгэж чадсан тэрээр өөрийн On'n Off Production House урлагийн цогцолбортоо биднийг хүлээн авсан байгаа. Ярилцлагынхаа үеэр бид түүний багийн хүчирхэг оролцогчдын талаар, The Voice of Mongolia шоуны ялагч ямар байх ёстой тухай, Монголын урлаг соёлын салбарын ирээдүй болон түүний үзэх дуртай "Game of Thrones" цуврал гэх зэрэг өргөн хүрээг хамарсан сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа.

Анх олон улсын алдартай франчайз шоуны Монгол дахь хувилбарын шүүгч, дасгалжуулагчаар ажиллах санал ирэхэд та хэрхэн хүлээж авсан бэ?

Монгол ТВ-ийн захирал Номин, Батка хоёр Voice хийх төлөвлөгөөтэй байгаагаа ярьж, бид зөвлөлдөж байлаа. Харин дараа нь тусгайлан уулзаж, тэд On'n Off production house-т айлчилж, барилга байшинтай танилцаад The Voice of Mongolia-гийн шүүгч, дасгалжуулагч хийх санал тавьж байсан. Тухайн үед заавал продюсер хүн хэрэгтэй байна, та орооч гээд л би зөвшөөрсөн дөө.

The Voice of Mongolia шоуг үзэж байгаа үзэгчдийн хувьд шүүгч, дасгалжуулагч нар оролцогчийг бэлдэж байгаа нь төдийлөн харагддаггүй шүү дээ. Тэгвэл оролцогчийг хэрхэн бэлддэг талаар, энэ үйл явцаасаа хуваалцаж болох уу?

Дуучдыг бэлддэг зарчмаар л бэлддэг. Манай Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлагийн их сургуульд заадаг зарчмын дагуу, яг л адилхан явж байгаа. Хоолойны бүх төрлийн хичээлүүд, тайзны урлаг, камертай харьцах, хөдөлгөөний эвсэл, этика, эстетика, амны хайрцаг буюу ярианы чадвар гэх мэт хичээлүүд орж байгаа. Гадуур фитнест явуулж байна. Багаар ажиллах чадвар, бие биеэ хүндлэх ёсонд дадлагажиж байгаа. Энэ үйл явц маань 3-4 жилийн хугацаатай биш, ердөө хэдхэн сарын дотор болоод өнгөрчихөж байгаа учраас түргэвчилсэн сургалт гэж хэлж болно.

Та энэ бүх үйл явцад оролцож байгаа юу?

Гаммыг нь уншуулах нь ч арай юу вэ, үүнийг бол мэргэжлийн багш нар уншуулна. Харин дуун дээр би өөрөө заавал орж ажиллана.

The Voice of Mongolia шоуны бүх оролцогч үнэхээр чадварлаг, мэргэжлийн түвшинд байсан гэж хэлж болно. Сонгон шалгаруулалт ч өндөр босготой байсан нь гарцаагүй. Мэдээж тэднээс хамгийн шилдэг нь л ялна. Гэхдээ танд эдгээр оролцогчдоос арай эрт хасагдчихлаа даа гэсэн бодол төрүүлсэн хүн бий юу?

Юуг нь нуух вэ, одоо бодоход эрт хасагдсан тохиолдлууд бол бий. Бид "Халз тулааны" шатанд тухайн хүнийхээ түвшинг харж байгаад хоорондоо дүйцэхүйц хүмүүсийг өрсөлдүүлсэн байгаа. Ижил түвшний, чадал тэнцүүвтэр хүмүүсийг өрсөлдүүлсэн маань жаахан хайран санагдсан. Гэхдээ ингэхгүй бол хүчтэй өрсөлдөгч арай сул хүнтэй өрсөлдсөн тохиолдолд илт давуу ялах магадлалтай. Тийм болохоор аль болох ижил түвшний хүмүүсийг хооронд нь өрсөлдүүлсэн байгаа. Хүмүүс үүнийг нь мэдэхгүй албаар тухайн оролцогчийг хассан гэж бодоод байх шиг байна. Яг үнэндээ бол ижил түвшний хүмүүсийг хооронд нь өрсөлдүүлэхгүй бол хүчтэй оролцогч нь илт давуу ялах нь тодорхой учраас шударга биш л дээ. Энэ тал дээр үнэхээр харамсалтай тохиолдлууд бол бий.

С.Ононбат: Шоуны маань ялагч мартагдахгүй цааш үргэлжлүүлээд яваасай (фото 1)

Монгол ТВ-ийн The Voice of Mongolia шоу нь өмнө нь зохион байгуулагдаж байсан бусад ижил төрлийн шоунаас илүү мэргэжлийн тайз зассан байсан. Өнгөрсөн дугаарт Бүрэн-Ирээдүйн даашинз, Охинтэнгэрийг дуулж байхад цас орсон гэх зэрэг гэрэлтүүлэг ба зохиомжууд үнэхээр үзэгчдийг гайхшруулсан. Гэхдээ хүмүүс энэ бүгдийг таныг өөрийн санаачилгаар хийсэн гэж төдийлөн мэдэхгүй байх?

Тийм шүү, Voice-ийн тайз засалт, арын өрөөнүүдийн тайз засалтууд, ер нь бүгд дэлхийн хэмжээний тайз засалт ямар байх ёстой яг тийм хэмжээнд байгаагаар би төдийгүй монголын бүх ард түмэн бахархаж байгаа байх. Дэлхийн хэмжээнд хүрсэн нэг ч болов сайн зүйл аль ч салбарт харагдахад бид баярлах ёстой гэдэг утгаар шүү. Шоу маань ч тун чиг сайхан явагдаж байна. Монгол ТВ-ийн хамт олны ажиллах чадвараар би төдийгүй манай нөгөө гурав ч бахархаж байгаа.

Манай продакшны хувьд 25 жил болчихож. Бид маш олон тайзны шоу хийсэн. Тийм учраас шоуны үеэр дуугаа сонгохдоо дандаа тавилтыг нь бодож, тайзан дээр яаж харагдах вэ, хэрхэн үзүүлэх вэ гэх зэргээр боддог. Өмнө нь бид 2013 онд Төрийн ордны нүүр хэсэгт 12 проектор ашиглаж Чингис хаанаа, Боорчи, Мухулай баатраа "босгоод" бүрэн хэмжээний "mapping" хийж байсан. Мөн Бюро 24/7-гийн нээлтэнд бүжигтэй 3D "mapping" шоу хийж байсан.

Дотроо би хэн нэг эмэгтэй дуучин дээр "mapping" хийнэ гэж их олон жил бодож явсан юм. Тэр маань сая Бүрэн-Ирээдүй дээр биеллээ оллоо. Мөн мэдээж аль болох гоё шоу, гоё тоглолт үзүүлэхийг бодож байгаа учраас телевизийнхэн маань ч үүнд их нааштай хандаад бүх нөхцөл байдлыг нь хангаж өгсөн.

Харин Охинтэнгэр дээр бол телевизийнхэн өөрсдөө хийсэн байгаа. Уг дуу нь тийм уур амьсгалтай байсан учраас ерөнхийдөө цастай байя гэж ярилцсан.

Та зөвхөн шүүгч дасгалжуулагч хийгээд зогсохгүй тайзны гэрэлтүүлэг, зохиомжинд ч бас оролцож байгаа гэсэн үг үү?

Би бол саналаа л дэвшүүлж байгаа. Монгол ТВ-ийн хийж байгаа шоу учраас тэд л шийдэж байгаа. Харин саналыг маань хүлээж аваад хэрэгжүүлж байгаа нь үнэхээр нааштай хэрэг. Мэдээж би найруулагч хүний хувьд тайзны тавилтыг илүү үздэг. Нэгэнт дуу дуулж байгаа хүн чинь зөвхөн номхон зогсоод дуулах биш (гэхдээ номхон зогсоод дуулах хэсэг ч байна) гол нь хүнд шоу үзүүлж байгаа гэдгээ санах ёстой. Энэ маань тайзны шоу, телевизийн шоу учраас аль болох хүнд шоу үзүүлж байгаа гэх талаас нь харж бас өгөөжийг нь бодож байгаа. Тэр хүн хаашаа, хэн дээр хүрч очих уу, ийшээ алхвал зөв үү, буруу юу гэх зэргээр маш их хардаг. Олон жил хийсэн ажил учраас энэ тал дээр би их түлхүү ажилладаг.

Таны багийн бүх оролцогчид үнэхээр чадварлаг байсан. Гэхдээ тэднээс шигшигдээд Энхсүх, Өсөхбаяр гээд хоёр хүчтэй оролцогч үлдэж байна. Та энэ хоёр оролцогчийн онцлогийг тайлбарлахгүй юу.

Тэд хоёул их гоё өвөрмөц тембртэй. Тембр гээд ярихаар зарим хүмүүс бас сайн ойлгохгүй байх шиг байна лээ. Хүн бүр өөрийн гэсэн тембртэй. Хүн бүрийн ярьж байгаа тембр ч өөр байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн бүхэн дахин давтагдашгүй тембр, хоолойтой байдгаас онцгой содон, чадалтай тембр, өнгө гэж бас байна. Манай хоёрын маань дуулах тембр их гоё, содон, сонин. Ялангуяа Энхсүхийн тембр бол тэр болгон байдаггүй тембр. Өсөхөө бол цээлхэн мөртлөө маш хүчтэй хоолойтой. Өөрөө хүчтэй бол хүчтэй дуугарчихдаг, уянгалуулбал уянгалуулчихдаг давуу талуудтай. Бусдаас ялгарах өөрийн гэсэн өнгө аястай.

Манай хоёрын хэн нь ч дэлхийд монголын анхны Voice-н ялагч болох бүрэн боломжтой бөгөөд чадалтай залуус. Дуучныхаа хувьд чадалтай, хүнийхээ хувьд зөв хүүхдүүд. Хол явах бүрэн боломжтой, урлагт чин зүрхнээсээ хайртай, ажлын ачаалал даах чадвар өндөр, багаар ажиллах чадвар суусан хүүхдүүд.

Та The Voice of Mongolia шоуны ялагчийг ямар ирээдүй хүлээж байгаа гэж бодож байна вэ? Түүнд дэлхийн дуу хөгжмийн зах зээлд нэвтэрч, амжилтанд хүрэх боломж байгаа болов уу?

Анхны бодол бол ер нь тийм байсан. Ер нь дэлхийн зах зээл рүү гарах боломж нээгдэж байна гэж эхнээсээ харсан. Тийм ч учраас энэ шоунд оролцож хувь нэмрээ оруулья гэж шулуудан орсон. Явцын дунд Universal Music-ийн төлөөлөгч Монголд байхгүй учраас Монгол Контент төлөөлөгчийн эрхийг нь авсан юм билээ. Тэгэхээр энэ бол Монгол Контентын цаашид үргэлжлүүлэх зам нь болж байгаа юм. Монгол Контент цаашаа яаж авч явах уу гэдгийг тэд л шийднэ дээ. Ер нь ганц зорьж байгаа юм нь юу гэхээр телевизийн зөндөө олон шоу болсон. Болж ч байгаа тийм ээ? Тэндээс гарсан хүүхдүүд бүгд амжилттай яваасай гэж би хүсч байна. Үнэхээр од болох хэрэгтэй. Улс орон даяар энэ олон хүн үзэж байхад тэр хүн маань мартагдахгүй, хаягдахгүй цааш үргэлжлүүлээд яваасай л гэж хүсч байгаа. Тэгэхгүй мартагдаад, хаягдаад шал өөр ажил хийгээд явах ч юм уу, нэг удаагийнх нь алхам болоод үлдчихээр жаахан харамсалтай. Үргэлжлүүлээд олон гоё бүтээлүүд хийгээд, түмэн олныг баясгаад явж байвал маш хэрэгтэй байгаа юм. Хөгжмийн карьераа л цааш үргэлжлүүлээсэй гэж хүсч байна. Телевизийн шоуны гол давуу тал нь одоо ихэнх оролцогчдыг ёстой 80 настай буурлаас 8 настай хүүхэд хүртэл бүгд мэддэг боллоо шүү дээ. Тийм учраас үүнийгээ алдахгүй үргэлжлүүлээсэй.

С.Ононбат: Шоуны маань ялагч мартагдахгүй цааш үргэлжлүүлээд яваасай (фото 2)

On'n Off продакшн 1990-ээд оноос эхлэн Монголын дуу хөгжмийн салбарт бүтээгдсэн ихэнх уран бүтээлүүдийн видео клип, сурталчилгаа, нэвтрүүлгүүдийг хийсэн байдаг. Харин одоо эдгээр уран бүтээлүүд Монголын урлаг соёл, хөгжмийн ертөнцийн түүхэнд сор болон үлдэж байна. Тэгэхээр ерөнхийдөө тухайн үеийн бүтээлүүд нь таны хараа, уран сэтгэмжээр дүрслэлээ олсон гэж хэлж болно. Тэгвэл та уран бүтээл хийх санаа ба урам зоригоо хаанаас олж авдаг вэ?

Клип хийх санаа бол яг цэвэр хөгжмөөсөө л бүтдэг. Хаа хамаагүй хөгжим дээр мэдээж хаа хамаагүй юм хийж болохгүй. Би бол ихэвчлэн үг гэхээсээ илүү хөгжмийг нь авч үздэг. Хөгжмийг сонсож, тэндээсээ ургуулан сэтгэдэг. Мэдээж санаа бол одоо сонсож байгаа хөгжмөөс авахуулаад, уншсан ном, эргэн тойронд болсон үйл явдлаас гээд хаанаас л бол хаанаас л гарна. Мэдээж бас хэдхэн минутанд багтаах учраас түүхийг хүүрнүүлээд яаж харуулах вэ гэдгийг л их богино хугацаанд базах хэрэгтэй болдог. Тэр л яг найруулагчийн ажил юм даа. Мөн санаа гэхээсээ илүү гүйцэлдүүлэх нь бас их чухал. Тухайн үед гүйцэлдүүлэх гээд л мэрийж хийж байсан бүтээлүүд маань хүмүүсийн сэтгэлд их нийцсэн байх.

Жишээ дурдахад 1990-ээд онд Камертоны "Од дуу хоёр" гэх клипийг анх үзээд энэ видеог хийх санаа хаанаас төрсөн бол гэж бодогдож байлаа.

"Од дуу хоёр" өөрөө их гоё "хөвсөн" дуу. Тийм учраас юу хийж болох вэ, яах вэ, гээд бодож, бодож хэдэн сэнс хийгээд, талаар дүүрэн сэнстэй хийчихье гэж бодож байлаа. Тэгээд сэнсээ хийсэн чинь салхи нь үлээдэггүй ээ (Инээв.) Салхи үлээхийг бид чинь өчнөөн цаг хүлээсэн. Ямар сайндаа л клипэнд сэнс нь заримдаа эргээд заримдаа эргэхгүй байгаа нь харагдаж байгаа биз дээ? Жоохон салхи үлээнгүүт нь "Алив гялалзаарай манайхан" гээд л... Тэгээд л зогсоод л хүлээгээд л... Тухайн үед төсөв ч бага байсан одоогийнх шиг зориулж клип хийдэггүй ч байж. Ёстой бараг дурандаа хийж байсан юм чинь. Одоо бол техникээр зодоод салхи эргэхийг хийчихнэ л дээ. Тухайн үед бүх юм цаг агаараас бас шалтгаалдаг байлаа.

On'n Off Production House нь тоглолт, арга хэмжээ, зохион байгуулахаас гадна хүүхдүүдийн урлагийн боловсролд зориулсан "4goodness Arts and Music School" сургуулийг нээж, үйл ажиллагаа явуулж байгаа. Хүүхдүүдэд зориулсан урлагийн сургууль нээх болсон шалтгаан нь юу вэ?

Юм үзэж нүд тайлна гэгчээр эхнэр бид хоёр болж өгвөл, зав гарвал аялах их дуртай. Австрид явж байхад гэмт хэргийн гаралт бараг байхгүй болохыг нь тухайн үеийн консул, найзаасаа сонсоод гайхсан. Гэмт хэргийн гаралт нь бараг тэг, хүмүүсийн IQ түвшин ч өндөр. Хамгийн аюулгүй газар гэж сонсоод анх очиж үзээд үнэхээр гайхсан л даа. Тэгээд юунаас болоод ийм байна вэ гээд судалж үзтэл Австрийн гол баримталдаг зарчим бол хүүхдийн хичээлийн нэгдүгээрт тавьдаг программ нь хөгжим байсан. Монгол Орос хоёрт бол тоо сур, тоо сур гэдэг. Гэтэл хөгжим сонсоод, сураад, дотор нь орж ажиллаж байсан ямар ч хүн гэмт хэрэг үйлддэггүй гэдгийн нотолгоо бол Австри болж байна. Хамгийн нэртэй, алдартай хөгжмийн зохиолчид Австриас төрсөн шүү дээ. Үүнээс л урам аваад ийм зүйл хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Хүүхдэд амархан бөгөөд өөрөө дурлаж сурах сургалтыг хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Программыг хоёр жил боловруулсан. Манай Пүрэвсүх гардан хариуцаж, их ч олон зүйл судалж хийсэн.

Одоо манайд ирж байгаа хүүхдүүд бүгд маш баяртай байгаа. Өөрсдөө дуртай хүрч ирдэг, дуртай сурдаг. Урлагийн боловсролоор хүмүүжүүлэх гэсэн зорилготой. Мөн бид яагаад Art гэж нэрлэсэн юм бэ гэхээр манайд зургийн хичээлүүд ч байгаа. Зургийн хичээл хүүхдүүдэд бодлоо констрактив аргаар илэрхийлэх бөгөөд цаасан дээр буулгаж өгөхийг сургадаг. Хүн заавал зураач болох хэрэггүй шүү дээ. Гэхдээ энэ зургийг яаж зурж сурдаг, ямар мэдрэмжийг авдаг гэдгийг мэдээд авахад дараа нь зургаа үнэлдэг болдог. Энэ үнэхээр гоё зурсан зураг байна гэж үнэлж, ингэж зурсан юм байна гээд тухайн бүтээлийн аргачлалыг ядаж мэддэг болно. Манайхан бас үнэхээр тэр болгон зургаа уншиж мэдэхгүй л дээ. Хөгжим ч бас яг ийм. Гол нь яагаад энэ сургалт хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт хүмүүс урлагаар хүмүүжиж байгаа. Заавал хөгжимчин, дуучин, зураач болох албагүй. Урлагийн боловсролтой байх нь соёлтой хүнд заавал байх ёстой чанар. Хоёрдугаарт маш сайн үзэгч болдог. Жишээ нь хийл хөгжмийг ямар хүндрэлтэй сурдаг билээ? Ямар удаан сурч, ямар их зовж байж амжилтанд хүрдэг гэдэг талаар ойлголттой болдог учраас эдгээр хүмүүс урлагийг багаасаа мэдэрч,таашаалтай үздэг үзэгч болдог.

С.Ононбат: Шоуны маань ялагч мартагдахгүй цааш үргэлжлүүлээд яваасай (фото 3)

Яг одоо On'n Off Production ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ? Цаашдын төлөвлөгөөнийхөө талаар бидэнтэй хуваалцаж болох болов уу?

Төлөвлөгөө ярихад одоохондоо арай эрт байна. Зүгээр урсгалаараа ажлууд бол хийгдэж байгаа. Энд тэнд бас тоглолтууд хийх саналууд яваад л байна. Хамаагүй ярьчихаар бас баригдчихдаг юм аа (Инээв.) Хүн бүр нэхээд бөөн юм болдог учраас нэг их дэлгэмээргүй байна. Ер нь бол хийгдэх ажил горимын дагуу л явж байгаа.

Монголын урлаг соёлын салбар ямар хөгжлийн түвшинд явж байгаа гэж та үзэх вэ? Дэлхийн стандартад хүрч ажиллахын тулд манай уран бүтээлчдэд юу дутагдаж байгаа вэ? Бид хүчтэй уран бүтээлч, мэргэжилтэн гаргаж ирэхийн тулд юу хийх хэрэгтэй бол?

Манай урлагийн салбар муу бол биш. Бидэнд юу дутагдаж байна гэхээр төрийн менежмент дутагдаж байна. Ер нь аль ч салбарт. Кино ч тэр, ардын урлаг ч тэр, сонгодог урлаг ч тэр, бүгдэд нь менежмент дутагдаж байгаа. Менежмент гэдэг маань зөвхөн дотоодын салбарын тухай яриагүй. Гадагшаа ч мөн менежмент дутагдаж байна. Бид чинь ер нь өөрсдийгөө сурталчилж чаддаггүй хүмүүс юм байна шүү дээ. Мундаг цээжээ дэлдээд л байгаа болохоос гадагшаа олон соёлын өдрүүд хийж байхад л харагдаж байна. Уртын дуунаас авахуулаад бүжиг, манай дуурийн дуучид бол бүр дэлхийд толгой цохиж байгаа. Одоо манай Амартүвшин, Ариунбаатар хоёр хамаг шагналыг нь түүчихлээ шүү дээ. Ардын урлагийг яриад үзэхэд одоо бид л өөрсдөө хийж чадахгүй байгаа болохоос Хятад, Тувачууд энэ тал дээрээ түлхүү анхаарал тавиад, Монголынх гэдгийг нь мартагдуултал сурталчилгаа болон тоглолтуудыг тэд хийж байна. Бид энд хоорондоо хэмлэлцэж байх хооронд эргэн тойронд ер нь түмэн юм болоод өнгөрч байна шүү дээ.

Манайд ер нь нэгдүгээрт меценатын хууль хэрэгтэй байгаа. Энэ бол дэлхийд байдаг л хууль. Жишээ нь татвараа төлөхдөө аливаа нэг уран бүтээлийг дэмжээд татвараас чөлөөлдөг болбол манай урлагийн салбар хөгжих маш том түлхэц болно. Жишээ нь ингэсэн тохиолдолд улсын татаацтай энэ олон урлагийн байгууллагуудыг амьдрах төдийд барьж байгаа зүйлс чинь салж байгаа байхгүй юу. Цэвэр меценатын спонсорын санхүүжилтээр явчихна. Тэр маань өөрөө татвараас чөлөөлөгдөж байвал урлагт хайртай бизнесменүүд бүгд дэмжинэ. Үнэхээр тэр мөнгө нь нийтийн тогоонд ороод, хаашаа алга болоод байгаа юм бүү мэд. Нэг хүн нэг бүтээл гаргасан, нэг кинонд хөрөнгө оруулалт хийж, нэг дуурь бичүүлсэн, нэг балет тавиулсан бол тэр хүн ядаж гайхуулах юмтай байхгүй юу. Дэлхийд энэ хууль бол хаа сайгүй л байдаг. Бидний муулаад байдаг Рио Тинто чинь л Английн балетыг авч явдаг. Тэд чинь ер нь байнгын меценатство хийдэг. Тэгж байж л тэд дэлхийг байлдан дагуулж байна шүү дээ. Байнга хүн үздэг, байнга шинэ бүтээлүүд гардаг. Уул уурхайн салбарынхан бол үүгээр дамжуулж оюуны бөгөөд сэтгэлийн хөрөнгө оруулалтууд хийж байгаа. Манайд ерөөсөө энэ нь байхгүй. Нийтийн тогоондоо ороод л алдаг оног нэг юм хийсэн болоод л хөөрхий амьдарч чадахгүй байгаад байгаа юм л даа. Гэхдээ ялангуяа ардын урлагийг бол улс тэртээ тэргүй тодорхойлж байх ёстой. Энд бол заавал бодлого байсан тохиолдолд үндэстэн байна. Ардын урлаг бол улсын бодлогоор явах ёстой. Харин бусдад нь бол цэвэр меценатство хийлгэчихэд л өөртөө лай хураахгүй болчихож байгаа уг нь бол. Цаашид тэр олон спонсорууд маань зөвхөн мөнгө өгөөд байх биш үүнийгээ сурталчлах менежментийг нь хийж өгнө. Гадагшаа яваад тоглуулах, тэндээсээ гэрээ хийгээд мөнгө олох менежментийг хийх хэрэгтэй. Урлагийн менежмент дутагдаж байна гэдэг чинь л энэ байхгүй юу. Бид өөрсдөө тойроод явахад бол манайхныг хүн үзэхгүй байна гэдэгт би лав итгэхгүй. Пиг үзнэ, тэр бол тодорхой. Бид өөрсдийгөө сурталчилж л чадахгүй байна. Хөөрхий энүүхэн эндээ л бид байгаад байна. Сурталчилгаа үнэхээр дутаж байгаа юм л даа.

С.Ононбат: Шоуны маань ялагч мартагдахгүй цааш үргэлжлүүлээд яваасай (фото 4)

Оюуны өмч бас энд яригдах уу?

Ардын урлаг, сонгодог урлаг бол гайгүй л дээ. Ардын урлаг чинь угаасаа нийтийн өмч. Орчин цагийн поп хөгжмийн хувьд улаан цайм хуулаагүй л бол гайгүй. Жишээ нь Солонгосын "Gangnam Style"-ыг дуулдаг PSY байна. Энд бол маш сайн улсын бодлого хийсэн. Түүнийг том, том одуудтай дуулуулж байна. Дэлхий даяар Солонгосоор амьсгалдаг боллоо шүү дээ. Яг үнэндээ "Gangnam Style" тийм супер дуу биш. Яаж түүнийг гаргаж ирэх тал дээр маш том бодлого хийсэн. Тэгснээс тэр чинь ганцаараа яваад ийм амжилтанд хүрнэ гэж түүхэндээ байхгүй. Төрийн сайн менежменттэй, сайн бодлого байгаа учраас мөн энтертэйнмент компани нь сайн учраас л энэ хэмжээнд хүрсэн байгаа.

Таныг кино үзэх дуртай гэж сонссон. Та манай уншигчдад хандан дуртай киноноосоо санал болгохгүй юу.

Би ч киноны улаан фанат л даа. Дуртай кино түм бум байгаа. "Cinema Paradiso" бол супер. Спилберг ба Скорсезегийн кинонуудад бас их дуртай. Залуучуудаас Гай Ричигийн кинонуудыг их үздэг. Ер нь өдөрт хоёр кино бол үзчихдэг шүү. Манай гэр бүл киног бол ер нь л "иднэ" дээ (Инээв). Шинэ кино үзэхийг хичээдэг. Гэхдээ хэзээ ч уйдахгүй кино бол "Cinema Paradiso" л байна. Ер нь үзэхгүй кино бараг байхгүй дээ. Бүгдийг нь л үзнэ. Цуврал гэвэл "Game of Thrones"-ыг тэсэн ядан хүлээж байгаа. Манай хүүхдүүд эхлээд үзээч та гээд байсан юм. Эхлээд нэгдүгээр улирлыг үзсэн их уйтгартай санагдаад, "өө энэ чинь хүүхдийн кино байна" гэж бодсон. Дараа нь хоёрдугаар улирлаасаа бүр дотор нь ороод, одоо бүх улирлыг нь үзчихээд байж байна. Энэ бол хамгийн супер цуврал. Үнэхээр гайхалтай. Мөн "Vikings"-ыг их амтархан үзсэн. "Heroes", "Lost", "Grey's Anatomy" гээд ер нь үзэхгүй юм байхгүй дээ. Гэхдээ "Grey's Anatomy" одоо их сонирхолгүй болчихоод байгаа. "Heroes" бас их уйтгартай болоод хаагдсан. Бас нөгөө шоронгоос зугтдаг "Prison Break" их гоё цуврал байсан. Ерөнхийдөө сайн гэсэн бүхнийг л үзэхийг боддог доо.

Танд их хэмжээний мөнгө зарцуулахад бэлэн байдаг ямар нэгэн сонирхол бий юу?

Хэрвээ маш их мөнгөтэй байсан бол юу хийх вэ гэж үү (Инээв). Улсад маань байгаа дуурийн, драмын хоёр театр хийдгээ хийж, бүтээдгээ бүтээсэн өвгөн буурал шиг болсныг бүгд мэдэж байгаа. Театр бол өөрөө аугаа зүйл, урлагийн сүм. Хөрш хоёр их гүрний зүгээр нэг муж Өвөр Монголын Хөх хот, Буриадын Улаан-Үдэд гэхэд манай хоёр өвгөн театрыг хэд нугалах их талбайтай, супер архитектуртай, дэлхийн стандартын бүх техникээр тоноглогдсон, жүжигчдийнхээ тохь тух, ажиллах орчинг хангасан, үзэгчдийнхээ мэлмийг баясгах театрууд баригдсан, баригдсаар байгаа. Би ер нь бараг юунд ч атаархдаггүй, хэнэггүй талдаа хүн хэрнээ Хөх хотод 8га газар дээр баригдсан, бүрэн тоноглогдсон 4 танхимтай, маш том үзэсгэлэнгийн танхимтай, орчин үеийн театрт байх ёстой бүх юмтай  Улаан театрыг хараад үнэндээ л атаархсан. Тэд нар жилдээ хэдэн сая ам.доллараар хэмжигдэх улсын төсөвтэй хэрнээ шинэ контент нь байхгүй, мөнгөө яаж үрэх вэ гээд толгойгоо бариад шагшраад сууж байдаг. Бид мөнгө босгочихвол юу бол юу хийхэд бэлэн, мөнгө яаж олох вэ гээд толгойгоо бариад гаслаад сууж байдаг.

Энд тэнд улсаа төлөөлж, багаа ахалж явсан найруулагчийн хувьд, том театруудын, жишээ нь ОХУ-н Их Театр, Солонгос Улсын Дуурийн театр, Казахстаны Конгресс холл, Германы ITB төв гээд чамлахааргүй олон сайхан том театрт ажиллаж үзсэн хүний хувьд хамгийн том мөрөөдлүүдийн маань нэг нь улсдаа хэд хэдэн танхимтай театр, соёлын төв босгох мөрөөдөл байдаг. Ийш тийш аялахдаа зорьж театр үзэж явдгаа нуухгүй. Хэрэв надад маш их мөнгө байдаг бол би нэгдүгээрт театр барина. Хоёрдугаарт кино үйлдвэр барина. Маш том, Universal-н үйлдвэр шиг. Хүмүүсийн тархи, зүрхийг урлаг тэжээдэг гэдэгт би итгэдэг учраас ард түмнээ соён гэгээрүүлэх үйлст ийм хоёр, хэдэн га газрыг хамарсан маш том, маш сайн техниктэй материаллаг бааз хэрэгтэй гэж боддог, барина гэж мөрөөддөг. Найруулагч хүн л болохоор мэдээж кино хийе гэж бодолгүй л яах вэ. Театр, кино үйлдвэр хоёртой харьцуулбал кино хийх нь хавьгүй ойрхон сонсогдож байгаа биз (Инээв). Мөрөөдөхөд мөнгө төлөхгүйгээс хойш том, том мөрөөднөө (Инээв).

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

цааш үзэх