Хайх

Шинжлэх ухааны салбарын рок од: Бид Стивен Хокингд яагаад талархах ёстой вэ?

Шинжлэх ухааны салбарын рок од: Бид Стивен Хокингд яагаад талархах ёстой вэ?

Тэр бидний төлөө юу хийсэн бэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 14-нд агуу эрдэмтэн, астро физикч, орчин үеийн шинжлэх ухааныг дэлгэрүүлэгч Стивен Хокинг Кембриж дахь гэртээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Сонирхолтой нь гуравдугаар сарын 14 бол зөвхөн Альберт Эйнштейний төрсөн өдөр төдийгүй дэлхийн Пи тооны өдөр юм (Америкийн тооллын системд 3/14 хэмээн тэмдэглэгддэг). Бюро 24/7 алдарт эрдэмтний гэгээн дурсгалд зориулж түүний шинжлэх ухааны салбарт болон бидний төлөө хийж бүтээсэн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Стивен Хокинг амьдралынхаа дийлэнх хэсгийг тэргэнцэр дээр өнгөрүүлсэн байдаг. Эрдэмтнийг дөнгөж 22 настай байхад нь эмч нар түүнд хажуугийн хатингаралт хатуурал (ALS) гэх онош тавьжээ. Тухайн үед эмч нар түүнийг ердөө хэдхэн жил л амьдарна гэж таамаглаж байсан ч Стивен Хокингийн өвчний явц  удаан өрнөж байсан тул тэрбээр 40 насандаа ярих чадвараа алдсан байдаг. Энэ үеэр Америкийн инженерүүд түүнд хүний хэл яриаг таних чадвартай, дэвшилтэт компьютер бэлэглэж байжээ. Олон жилийн дараа Стивен Хокинг хөдлөх чадвараа алдаж, түүний хацрын булчин л үйл ажиллагаатай хэвээр үлдсэн бөгөөд уг булчинд компьютертай холбогддог мэдрэгчийг суулгаж өгсөн юм. Гэхдээ Стивен Хокингийн өвчин түүнийг шинэ нээлт хийж, шинжлэх ухааныг олон нийтэд түгээж, хоёр ч удаа гэрлэж, гурван хүүхдийн эцэг болоход нь саад болж чадаагүй. Ингээд ч зогсохгүй Хокинг сансарт нисч, "Futurama" анимэйшн кинонд өөрийнхөө дүрд дуу оруулж байсан түүхтэй.

Энгийн хүмүүст зориулсан физик

Стивен Хокинг шинжлэх ухааны салбарт холбогдолгүй, энгийн хүмүүст зориулж Ертөнцийн бүтцийг маш ойлгомжтой байдлаар тайлбарлах гэж хичээсэн анхны эрдэмтдийн нэг юм. 1988 онд түүний "A Brief History of Time" нэртэй ном хэвлэгдэн гарсан байдаг. Уг ном нь The New York Times сонины бестселлерийн жагсаалтанд 147 долоо хоногийн турш багтаж, The Times-ын жагсаалтанд 237 долоо хоног (Бараг таван жил шүү!) жагссан байдаг. Мөн энэхүү ном нь 30 жилийн дотор дэлхий даяар 10 сая гаруй хувь зарагдаж, асар өндөр борлуулалттай бүтээл болсон юм. Шинжлэх ухааныг олон нийтэд дэлгэрүүлж чадсан тэрбээр нэгэн удаа "Номонд бичигдсэн тэгшитгэл бүр уншигчдын тоог хоёр дахин бууруулдаг" хэмээн хэлж байжээ. "A Brief History of Time" ном гарсны дараа Стивен Хокинг шинжлэх ухааныг бүр ч илүү ойлгомжтой байдлаар тайлбарлахын тулд "A Briefer History of Time", "The Universe in a Nutshell" гэх хоёр ч ном нэмж бичсэн.

Шинжлэх ухааны салбарын рок од: Бид Стивен Хокингд яагаад талархах ёстой вэ? (фото 1)

Хүүхдүүдэд зориулсан физик

Бүр 2007 онд Стивен Хокингийн охин Люси хүүхдүүдэд зориулсан уран зөгнөлт, адал явдалт ном гаргахыг аавдаа зөвлөж, эцэст нь түүнийг ятгаж чадсан юм. Люсигийн хичээл зүтгэлийн үр дүнд "George's Secret Key to the Universe" нэртэй ном хэвлэгдэн гарсан байна. Зохиолын гол баатар Хар нүхийг судлахын зэрэгцээ ухаалаг гахайн торойнуудтай ярилцаж, Ангараг гараг дээрх роботын илгээсэн зургуудыг хардаг. Энэ номоор дамжуулж Стивен Хокинг физик ба сансар судлалын шинжлэх ухааныг хүүхдүүдэд хамгийн сонирхолтой бөгөөд ойлгомжтой байдлаар заасан юм.

Сингуляр цэг ба Их тэсрэлт

Өнөөдөр буюу 2018 онд Орчлон ертөнц Их тэсрэлтийн үр дүнд үүссэн гэдэг онолыг үгүйсгэдэггүй эрдэмтэн бараг байхгүй болжээ. 1960-аад оны үед Стивен Хокинг Их тэсрэлтийн онолын талаар нээлттэй яриад зогсохгүй Сингуляр цэгийн тусламжтай Орчлон ертөнц тогтмол тэлж байдаг гэдгийг онцолдог байсан юм. Тэрбээр математикч Рожер Пенроузын тэгшитгэл дээр суурилан Сингуляр цэгээс орчлон ертөнц үүссэн гэдгийг баталсан байдаг. Их тэсрэлт болохоос өмнө орчлон ертөнц алганд багтах боломжтой байсан гэх онолыг эрдэмтдийн нийгэмлэг маш егөөдсөн байдлаар хүлээн авдаг байсан ч, Хокинг үүнийг баталж чадсан юм..

Хар нүхнүүд

Гэхдээ бүхнээс илүү Хокингийн хамгийн дуртай туршилт бол Хар нүх байсан юм. Хар нүхний талаар өнөөдөр бидний мэдэж байгаа ихэнх зүйлсийг Хокинг тайлбарласан байдаг. Бүх мэдээллийг устгахгүйгээр хадгалж чаддаг Оршихуйн хязгаар (Event Horizon), гэрэлтсэн хар нүх, "Үсгүй хар нүх" теорем гээд маш олон онолуудыг тэрбээр дэвшүүлсэн билээ.

Орчин үеийн соёлд

Стивен Хокинг кино, цуврал, дуу гээд орчин үеийн соёлд маш олон удаа өөрийн дүрээ "мөнхөлсөн" байдаг. Жишээ нь агуу эрдэмтэн "The Big Bang Theory" цуврал, "Star Trek",  "The Simpsons" кинонуудад тоглож, түүний дуу хоолой Pink Floyd хамтлагийн "Keep Talking" нэртэй дуунд хүртэл сонсогддог. Мөн мэдээж хэрэг түүний амьдралаас сэдэвлэсэн "The Theory of Everything" (2014) киног та санаж байгаа биз ээ. Тэрбээр цаашид ч маш олон бүтээлд гарна гэдэгт бид үнэхээр их итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд Орчлон ертөнцийг нэг цэгээс үүссэн гэж үздэг байсан Стивен Хокинг ямар ч шүтлэггүй суут эрдэмтэн байсан тул диваажин ба хойд нас гэж байдагт хэзээ ч итгэж байгаагүй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх