Хайх

Том Хиддлстон: Дараагийн Жеймс Бондын талаарх хэлэлцүүлэг үндэсний зугаа болсон

Бюро 24/7 ярилцлага

Том Хиддлстон: Дараагийн Жеймс Бондын талаарх хэлэлцүүлэг үндэсний зугаа болсон
Сүүлийн үед Том Хиддлстон анхаарлын төвд байгаа. Бен Уитлигийн “High Rise”, Гильермо дель Торогийн “Crimson Peak” кинонууд дээр нэмээд Тейлор Свифт гээд л... Түүний бас нэг онцлох бүтээл бол “The Night Manager” хэмээх богино цуврал кино болж байна

Их Британий зохиолч Жон ле Каррегийн номноос сэдэвлэж "Tinker Tailor Soldier Spy", "A Most Wanted Man" зэрэг 10 гаруй кино бүтээсэн байдаг. Энэ оны эхээр мөн Жон ле Каррегийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн "The Night Manager" гэх нэртэй богино цуврал киног Сюзанна Бир найруулснаа Берлиний кино наадамд танилцуулсан билээ. Тус цувралын гол дүрд Хью Лори, Оливия Колман ба үзэгчдийн хайртай жүжигчин Том Хиддлстон нар тоглосон юм. Том Хиддлстон сүүлийн үеийн уран бүтээлүүд, Жон ле Карретэй хамтарч ажилласнаа мөн Англи ба Америкийн хооронд хэрхэн амьдарч байгаа тухайгаа Бюро 24/7-д өгсөн ярилцагадаа дурдлаа.

Та "The Night Manager" кинонд бүтээсэн дүрийнхээ талаар хуваалцаач?

Би Жонатан Пайныг гайхамшигтай дүр гэж бодож байна. Яагаад гэвэл тэр бусад хүмүүсийн хувьд, бүр өөртөө хүртэл яг л оньсого шиг байж чаддаг. Хэрэв би андуураагүй бол Жон ле Карре ижил нэртэй зохиолын гуравдугаар бүлэгт түүнийг тодорхойлсон байдаг. Энэхүү бүлэгт Пайны цэрэгт өнгөрүүлсэн амьдрал, түүний ажил, зочид буудлынх нь бизнес болоод сэтгэл санааны байдал ямар тухай өгүүлдэг. Тэр сэтгэл зүйн хувьд төөрөлдөж, үргэлж асуудлаас зугтааж байдаг нэгэн бөгөөд өөрийн хүслээр олон нийтээс тусгаарлагдаж амьдардаг, нэг тийм шөнийн амьтан юм. Миний бодлоор ле Карре маш сайн сэтгэл судлаач. Тэр өөрийн зохиолдоо мянган нүүртэй хүний гоц үзэгдлийг сайн гаргаж чадсан бөгөөд бид маш уян хатан, тодорхой нөхцөл байдалд хэн ч байж чадна гэдгийг харуулсан.

Дүрдээ бэлдэх үйл явц, таныг гэртээ байхад тань нөлөөлдөг үү?

Харамсалтай нь би гэртээ очоогүй маш их удаж байна. Хэдийгээр би бүр өвгөн болчихоогүй ч гэлээ, нас ахих тусам улам л гэр бүлтэйгээ хамт байхыг хүсэх болсон. Би ээж аав, хоёр эгчтэйгээ гээд бүгдэдтэй нь маш дотно харилцаатай. Гэхдээ миний мэргэжлийг яг л дэлхийн өнцөг бүр лүү тусгай даалгаварт явдаг сурвалжлагчтай харьцуулж болно. Тиймээс мэргэжлээсээ шалтгаалаад би тэдэнтэй дандаа хамт байж чаддаггүй.

Кинон дахь нүцгэлдэг хэсэгтэй зураг авалтуудад та хэзээ ч өмдөө бүрэн тайлдаггүй... "The Night Manager" кинонд ч тэр. Яагаад та бүрэн нүцгэлээгүй юм бэ?

Та дандаа хүмүүсээс хэрхэн секс хийдэг талаар нь асуудаг уу? (инээв.) Сонсооч, Гильермо дель Торогийн бүтээл ч бай, Сюзанна Бирийн кино ч бай бүх л кинонд энэ тал дээр жүжигчид өөрийн гэсэн дүрмийг баримталдаг.

Энэ далимд асуухад, Данийн найруулагч Сюзанна Биртэй хэрхэн хамтарч ажилласан бэ? Тэр үнэхээр мэргэжлийн найруулагч. Гэхдээ хүмүүс түүнийг зураг авалтын талбай дээр маш хатуу гэж ярьдаг?

Сэтгэл хөдлөлийг үнэмшилтэй гаргах тал дээр тэр үнэхээр хатуу шүү. Сюзанна "Надад таалагдахгүй байна. Би чамд итгэхгүй байна. Алив дахиад нэг оролдоод үз, гэхдээ энэ удаа илүү үнэмшилтэй хий" гэж их олон ч удаа хэлсэн. Мэдээж англи найруулагчид ч чамд үүнийг хэлэх болно. Тэгэхдээ тэд араас нь заавал ямар нэг таатай зүйл нэмж хэлдэг. Жишээ нь "Эгдүүтэй юм. Надад таалагдаж байна. Энэ сонирхолтой юм" гэдэг ч юм уу. Харин Сюзанна бүх зүйлийг шулуухан, ямар нэг аргадах зүйлгүйгээр хэлдэг. Тэр "The Night Manager" кинонд донтсон байсан гэж хэлж болно. Бид долоо хоногийн зургаан өдөрт нь ажилладаг байсан ч, ням гарагт бидний амралтын өдөр залгаж, даваа гарагт хийхээр төлөвлөсөн зураг авалтын талаар ярилцдаг байсан.

Паб ороод заавал ярьдаг хэд, хэдэн сэдвүүд байдаг. Үүнд улсын шигшээ багийн бүх тоглолтууд, X-Factor шоунд хэн ялах тухай, мөн мэдээж дараагийн 007 хэн болох талаар ярьдаг

Таныг Жеймс Бондын дүрд тоглож магадгүй гэж хэвлэл мэдээллээр бичиж байгаа...

Яг л бусад Их Британий жүжигчдийн адилаар.

Сэтгүүлчдийн ингэж эргэцүүлж байгаа нь танд ямар нэгэн байдлаар нөлөөлж байна уу?

Их Британид дараагийн Бонд хэн болох талаар ярилцах нь дуртай үндэсний зугаануудын нэг нь болсон. Паб ороод заавал ярьдаг хэд, хэдэн сэдвүүд байдаг. Үүнд улсын шигшээ багийн бүх тоглолтууд, X-Factor шоунд хэн ялах талаар мөн мэдээж дараагийн 007 хэн болох талаар ярьдаг. Идрис Эльба, Дэмиен Льюис, Том Харди, Майкл Фассбендер эсвэл Эйдан Тернер зэрэг Их Британий ямар нэг жүжигчин нэр алдарт хүрмэгц л шууд л түүнийг Бондын дүрд санал болгодог. Дэлхийд энэ дүрийг бүтээж болох олон зуун жүжигчид байгаа. Тиймээс би ийм гарчигтай нийтлэлд нэг их ач холбогдол өгдөггүй.

Том Хиддлстон: Дараагийн Жеймс Бондын талаарх хэлэлцүүлэг үндэсний зугаа болсон (фото 1)

Кинонд тоглодог жүжигчдийн цалин цувралд дүр бүтээдэг жүжигчдийн цалингаас хэр ялгаатай вэ?

Энэ их чухал асуудал. Бусдын өмнөөс хариулж чадахгүй ч, миний хувьд гэвэл би хэзээ ч цалин авахын төлөө дүр бүтээж байгаагүй. Мэдээж маш өндөр орлоготой төслүүд байсан. Тэгэхдээ би тэднийг ийм үндсэн дээр биш, харин надад материал нь таалагдсан учраас сонгож байсан. Хамгийн анх би "The Night Manager" цувралын зохиолыг 2014 оны эхээр уншсан юм. "Thor: The Dark World" кино дэлгэцэнд гарч, "Coriolanus" жүжиг Лондонд нээлтээ хийж, "Crimson Peak" киноны зураг авалт ид дундаа явж байсан үе. Тухайн үед миний амьдралд холбоотой байсан бүх дүрүүд ямар нэгэн байдлаар өргөмжлөгдсөн байсан. Жишээ нь Локи маш "тайзны" жүжиглэлттэй байсан бол, Кориолан их эмгэнэлтэй, "Crimson Peak"-ийн Томас Шарп готик романтик байсан. Харин тэгэхэд миний өмнө нь бүтээж байсан дүрүүдээс огт өөр, маш бодит, нарийн, орчин үеийн түүхийг харуулсан "The Night Manager"-ын зохиол гарч ирсэн. Би өмнө нь манай зуунд өрнөдөг зохиолтой кинонд жинхэнэ утгаараа оролцож байгаагүй. Миний хувьд цалингийн хэмжээнээс шалтгаалж биш харин энэхүү кино нь надад шинэ туршлага, шинэ дүр учраас энэ төсөлд оролцохыг зөвшөөрсөн.

Бид "Kong: Skull Island" киноны талаар ярьж болох уу?

Би энэ киног Кинг Конгийн домгийг дахин шинээр авч үзсэн гэж хэлнэ. Киноны үйл явдал 1970-аад онд өрнөдөг. Цөхрөнгөө барсан хайгуулчид ба цэргүүд Номхон далайн өмнөд хэсэгт тагнуулын ажиллагаа хийдэг. Улсын нууц багийн тусламжтай тэд арлыг судлах бөгөөд өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй зүйлүүдтэйгээ нүүр тулна. Жордан Робертс (тус киноны найруулагч) энэ түүхийг өгүүлэх маш сонирхолтой арга сонгосон. Цаг хугацаа, өнгөний хослол, онцгой хөгжим гээд л маш гайхалтай болсон.

Бусдын өмнөөс хариулж чадахгүй ч, миний хувьд гэвэл би хэзээ ч цалин авахын төлөө дүр бүтээж байгаагүй

Бри Ларсон энэ кинонд тоглосон цорын ганц эмэгтэй жүжигчин гэж үнэн үү?

Үгүй, кинонд бас хятадын жүжигчин Тиан Жин тоглосон байгаа. Ингээд л болоо, Бри, Тиан хоёр л тоглосон.

Та өмнө нь яагаад Жон ле Каррегийн бүтээлд дуртай байдгаа ярьж байсан. Тэгвэл та түүнтэй өөрийн биеэр уулзсан уу?

Тийм ээ, тэр "The Night Manager" киноны зураг авалтанд маш гүнзгий оролцоотой байсан.

Тэр нэлээд настай хүн байх аа?

Гэхдээ тэр ер бусын эрч хүчтэй шүү. Тэр урьдчилсан уншлага дээр хүрэлцэн ирж, дараа нь жүжигчид, найруулагчид ба продюсеруудад өөрийн бодлоо хэлсэн юм. Сонирхуулахад, гүйцэтгэх продюсероор түүний хоёр хүү болох Саймон ба Стивен Корнуэлл нар ажилласан. Харин ле Карре цувралын дөрөвдүгээр ангид өөрийн биеэр гарч ирдэг.

Энэхүү цувралын нэр бол "The Night Manager" буюу "Шөнийн менежер". Тэгэхээр таныг шөнийн хүн гэж тооцож болох уу?

Тийм ээ, би төрөлхийн шөнийн хүн. Намайг их сургуульд сурч байхад, хамгийн сонирхолтой санаанууд надад шөнө орж ирдэг байсан. Би тэднийг өөрийн илтгэлдээ тусгадаг байсан. Өдөр бид илүү идэвхтэй байхыг, чухал зүйлсийг шийдвэрлэхийг хичээдэг. Тиймээс өдөр бидний амьдрал үүрэг хариуцлага, тогтсон хэвшлээр дүүрэн байдаг. Харин шөнө бол уран бүтээлд төгс зохицсон маш онцгой цаг хугацаа юм. Гэсэн хэдий ч, надад ажил их байх тусам би шөнөөс таашаал авч чаддаггүй. Хэрэв зураг авалт өглөө 4-5 цагт эхлэх бол эртхэн унтаж амрах хэрэгтэй шүү дээ.

Том Хиддлстон: Дараагийн Жеймс Бондын талаарх хэлэлцүүлэг үндэсний зугаа болсон (фото 2)

Та Англид байх хугацаандаа паб орж амждаг уу?

Янз бүр л байдаг. Бүх зүйл цаг хугацаа ба тухайн газраасаа шалтгаалдаг.

Та Лондон хотоос Лос-Анжелес руу нүүх талаар бодож байсан уу?

Одоо Лос-Анжелес миний амьдралд маш том байр суурийг эзэлж байна. Энэ хот бол миний харьялагдаж байгаа салбарын төв нь шүү дээ. Тиймээс энд байх зайлшгүй шаардлага гардаг. Бид "Thor"-ын зураг авалтыг хийж байхад, би энд найман сар амьдарсан. Би Венис-Бич-д өөрийн гэсэн хөөрхөн байртай байсан. Надад Лос-Анжелес таалагддаг. Тэгэхдээ надад байгаа цорын ганц гэр Лондонд бий. Тиймээс би одоогоор ямар нэг зүйл өөрчлөх төлөвлөгөөгүй байна.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх