Хайх

Йо Нагао: Өөрийнхөөрөө бодох нь хамгийн онцгой зүйл

Контемпорари поп арт

Йо Нагао: Өөрийнхөөрөө бодох нь хамгийн онцгой зүйл
Бюрогийн сонголтоор Монголын контемпорари уран бүтээлчдийн шинэ бүтээлээс уншигчиддаа хүргэсээр байгаа билээ. Тэгвэл бид энэ удаа арай холоос зочин сонгож, Берлинд суурьшсан Японы поп арт зураач Йо Нагаотой ярилцлаа

Бидний өнөөдөр танилцах Йо Нагао урлангаасаа эдгээр үгсийг захидлаар явуулсан юм. Урланд нь загварын сэтгүүл, сурталчилгааны болон фэйшн гэрэл зургийн цомогт цуглуулга их харагдана. Жирийн нэг япон жаал байхад нь түүнд хүчтэй үзэгдэж эхэлсэн америк соёлын нөлөө, гудамжны урлаг Йо Нагаогийн амьдралд хүчтэй нөлөөлжээ. Тэр панк рокууд  болон скейтчин залуусын дунд амьдарч, тэдний эсрэг тэсрэг байдлыг нь ажигласаар зурж эхэлжээ. Скейтээ будах, подволкоо өөрчлөх, эсвэл гудамж эрээлж тайпо хийж өсвөр насаа өнгөрөөсөн тэр одоо Dazed and Confused, Hi-Fructose зэрэг сэтгүүлүүдэд зургаа дэлгэсэн поп артист болсон. 

Йо Нагао зурахдаа үзэг, харандаа, пламастр, акрилк голчлон сонгож эвлүүлэг хийдэг. Коллаж буюу хайчилбараар эвлүүлэг хийх нь түүний амьдралаас олж харсан зүйлсээ хувирган дүрслэхэд тохиромжтойгоос гадна маш их таалагддаг байна. 

Йо Нагао хурдан хөгжиж чаддаг уран бүтээлч. Түүний эхэн үеийн ажлууд The Beatles-ийн Yellow submarine киног санагдуулам байсан ч тэрбээр LSD-ээс хамааралтай нэгэн биш. Зургууд нь ямар нэгэн нийтлэг зүйлээс урам аваагүй, анх скейтээ чимэглэж зурахдаа л сурсан өнгө, хэлбэр нь хөгжсөн нь энэ юм. Ингээд түүнтэй танилцацгаая. 

Миний бүтээл бүрт сэдэв, концепциос гадна хүсэл тэмүүлэл, оргилуун сэдэл үзэгддэг.

 

Та Бюро Монголын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
За, танилцъя. Миний бүтэн нэрийг Хироши Нагао гэдэг. 2012 оны хавраас төрж өссөн Япон орноосоо анх удаа холдож, одоогоор Германы Берлин хотод уран бүтээлээ туурвин амьдарч байна.

Йо Нагао: Өөрийнхөөрөө бодох нь хамгийн онцгой зүйл (фото 1)

Таны уран бүтээлч гол чадвар юу вэ? Магадгүй энэ нь алслалт, орон зайн илэрхийлэл, өнгө сонголт мөн үү?

Би өөрийн хувийн ертөнцийг бүтээхийн тулд их зүйлийг хийх шаардлагатай болсон. Томоохон бүтээл гаргахад түлхэц өгөх тодорхой зарчим надад бий. Тэгэхдээ уран бүтээлд маань их олон янзаар тусч, би ч зургаараа дамжуулж өөрийн хэлэх гэсэн мессежийг үлдээдэг.  Би поп артист болохоор хурц өнгө миний илэрхийлэх гэсэн санааг хангалттай гүйцэлдүүлж өгдөг.

Эвлүүлгийн арга танд их таалагддаг бололтой?

Зургаа юм уу долоон жилийн өмнөөс л дөө. Анх график дизайнер байхдаа компьютер ашиглаж, олон зураг аналогоор илэрхийлсэн. Дараа нь аналогоос дижитал хэлбэрт шилжихэд хамаагүй дээр санагдах болсон.

Таны эхэн үеийн ажлууд арай сул өнгөтэй байжээ. Харин өнөөдөр бүр илүү тод болсон нь ямар учиртай вэ?

Би саяхнаас ийм зүйл байгааг ойлгож эхэлсэн. Зургаа бүтээх үйл явцад би нямбай хандахыг хичээдэг ч тэр нь бодолдоо буулгасан өнгө, зохиомжоо өөрчлөнө гэсэн үг биш л дээ. Өнгө өөрчлөгдлөө ч бий болсон санаагаа хэвээр нь үлдээхийг хичээдэг.

Таны бүтээлд өрнө дорнын урлагийн уур амьсгал зэрэг мэдрэгдэж байна. Орчин үеийн дүрслэх урлагт энэ ач холбогдолтой юу?

Урлагийн хувьд хоёулаа хөгжиж буй асуудал. Гэхдээ би илүү чухал хэрэглэгдэхүүний тухай ярья. Өрнийн урлагаас хаа ч байхгүй сүр жавхлантай чимэглэлийн хэлбэр, тансаг, хээнцэрлэл олж харна. Харин дорнын урлаг хэтэрхий энгийн, бүрэг мөртлөө баруунаас илүү сайн нь зурах техник, сонгосон материалаар дамжуулж нэг тийм гэрэлтсэн гоо үзэсгэлэн гаргаж чаддаг. Эл нууцлаг гэрэл нь одоо хэр байгаа гэж би боддог. Бидний давуу тал бол гоо зүйн үзэл болоод бүтээл хийх суурь ойлголт болдог уламжлалт үзэл баримтлал маань.

Йо Нагао: Өөрийнхөөрөө бодох нь хамгийн онцгой зүйл (фото 2)Йо Нагао: Өөрийнхөөрөө бодох нь хамгийн онцгой зүйл (фото 3)

Таны зургууд яг л ямар нэгэн оддын хаант улсад өрнөж буй үйл явдал, аялал шиг санагддаг. Та шинэ зураг бүтээх урам, сэдлээ юунаас авдаг вэ?

Миний бүтээл бүрт сэдэв, концепциос гадна хүсэл тэмүүлэл, оргилуун сэдэл үзэгддэг. Өмнө нь дурьдсан өрнийн урлагийн нөлөө надаас тод харагдах авч хамгийн хүчтэй нөлөөлсөн нь модерн урлаг, фэйшн гэрэл зураг.

Зурганд тань ихээр дүрслэгддэг солонго таны хувьд юуг илэрхийлдэг вэ?

Солонго. Энэ бол дүрсээс ангид байхын нэр. Би солонгоны доод өнцгийн градус, түүний хэлбэрийг анхааралтай харах дуртай. Тэр надад зургандаа маш олон төрлийн элемент ашиглах сэдэл төрүүлдэг. 

Йо Нагао: Өөрийнхөөрөө бодох нь хамгийн онцгой зүйл (фото 4)

Та зургийнхаа зохиомжийг анх бүрэн болтол нь төсөөлж төлөвлөдөг үү, эсвэл зурах явцдаа чөлөөтөй хөгжүүлдэг үү?

Би бүтээл бүрээсээ өдөр тутмын амьдралын үйл явдал, хэв маягийг олж хардаг. Гүйцэтгэлийн хамгийн хүнд үе бол олон хар зургаас эвлүүлэг рүү шилжиж, ашигласан материалаараа дамжуулж өөрийн шинэ санааг бий болгох. 

Таны зүүд өнгөтэй юу. Магадгүй тийм юм шиг харагдаж байна?

Хүн насанд хүрээд зүүдлэх нь багасдаг. Би тогтмол бус, агшин тутам өөрчлөгддөг зүүдний ертөнц бүтээхийг хүсдэг. Хэдий тийм ч миний зүүд хангалттай өнгөгүй. Үнэнээ хэлэхэд тархиндаа буулгадаг дүр зургууд ч үүнтэй адил. Хэрэв чи зурагт дүрслэгдсэн цэвэр өнгийг харж чадваас яг түүнтэй ижил цэвэр мэдрэмжийг олж авч чадна. Зургийн өнгө бол хүч юм гэж би боддог.

Таны зургуудыг хөгжимтэй үзье гэвэл та ямар хөгжим нэрлэх вэ?

Тансаг дуугаралттай найрал хөгжмийн дэргэд байх үед сэтгэл догдлуулсан сайхан мэдрэмж төрдөг. Хэзээ нэгэн цагт би ямар нэгэн бүтээлдээ хөгжмийн аялгуунаас санаа авч хэн нэгнийг дүрслэнэ гэдэгтээ итгэлтэй байдаг.

Та романтик хүн үү?

Би романтик байдлын талаар боддоггүй. Би романтик залуу болохыг хүсдэг.

Та бага насныхаа тухай ярихгүй юу? Хүүхэд наснаасаа одоо хүртэл гээгээгүй зүйл танд байдаг уу?

Миний хүүхэд байхаас өдийг хүртэлх дуртай зүйлс төдийлөн өөрчлөгдөөгүй. Би зураг зурахаас гадна сагсан бөмбөг, тэшүүрээр гулгахад дуртай байсан. Бас маш олон тооны манга, аниме үзсэн. Амралтаараа загасчлах, цанаар гулгах, усанд сэлэх дуртай. Ирээдүйд би бүхэлдээ байгалиар хүрээлэгдсэн орчинд адуу, тахиа тэжээн амьдрахыг хүсдэг байлаа. Бас нэгэн онцгой зүйл гэвэл, цэцэрлэгт байхдаа л МTV хөгжмийн сувгаар Крафтверк, Майкл Жексон нарыг үзсэнээ тод санадаг. 

Та одоо аниме хэр их үздэг вэ?

Би чадах хэрээрээ бүх л кино, комиксоос үзэж, ном уншихыг хүсдэг байсан. Японд манга кафе хүртэл байдаг шүү дээ. Тэгэхдээ би саяхнаас үзэхээ багасгаж байгаа. 

Германд амьдрах, Японд амьдрах хэр ялгаатай вэ? Магадгүй өөр хаа нэг газар амьдрахыг хүсдэг үү?

Берлиний төвд амьдрал их сайхан. Энд бүх л зүйлс ногоон. Японд ямар ч ногоон хот байдаггүй нь харамсалтай юм шүү. Цаашдаа Нью-Йорк мэтийн том хотод амьдрахыг хүсч байгаа. Японд байхдаа би машин их унадаг байсан бол энд тийм шаардлага алга. Бүх зүйл сайхан байна. Харин өвөл нь их урт, зун нь богинохон юм. Гэсэн ч зун чадах чинээгээрээ цагийг гадаа өнгөрөөхгүй бол нарны ач тусыг хүртэж чадахгүй байдаг.

Япончууд үхлийн талаар манга, аниме, уран зураг, уран зохиолд маш их дүрсэлдэг, түүний талаар гүн ойлголттой хүмүүс шиг санагддаг. Хүн нас барсны дараа хаачих вэ?

Дахин мэндлэх талаар янз бүрийн зөв, буруу мэдээлэл байх шиг. Олон жилийн өмнө би энэ талаар ээжтэйгээ ярилцаж байсан санагдана. Тэр ярианаас надад үлдсэн итгэл үнэмшил бол хүн өнгөрсний дараа сүнс нь ахин төрж, амьдралын шинэ хэлбэрт ордог. Би сүнс болоод биеийн ялгааг таньж мэдсэн. Тиймээс хүний өнгөрсөн амьдралдаа хэн байсан нь тэр хүн дараа хэн нэгэн болоход нөлөөлж болно. Бас өнөөдрийн амьдрал нь тэр хүн өнгөрсөндөө ямар хүн байсныг нь илтгэж болно гэж боддог. 

Йо Нагао: Өөрийнхөөрөө бодох нь хамгийн онцгой зүйл (фото 5)

Йо Нагао: Өөрийнхөөрөө бодох нь хамгийн онцгой зүйл (фото 6)

Йо Нагао: Өөрийнхөөрөө бодох нь хамгийн онцгой зүйл (фото 7)

Йо Нагао: Өөрийнхөөрөө бодох нь хамгийн онцгой зүйл (фото 8)

Ж.Чинбат

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх