Хайх

Грэммигийн эзэн Deep Forest хамтлагийн шинэ цомогт уртын дуу оржээ

Грэммигийн эзэн Deep Forest хамтлагийн шинэ цомогт уртын дуу оржээ

Cafune танилцуулж байна

Text: Buro.Mongolia


Cafune онлайн радио Их Британийн The Playground лебелтэй хамтарч, Грэммигийн шагналт Deep Forest хамтлагийн шинэ цомгийн ремиксүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр толилуулж байна

Та бүхэн Cafune онлайн радиог өмнө нь сонсож байсан уу? Cafune хөгжимд хайртай хүмүүст зориулж 2014 оноос эхлэн Youtube хуудсаараа дамжуулж  шинэ дуунууд хүргэж ирсэн юм. Шинэ, сонирхолтой дуу хөгжим санал болгоод зогсохгүй Cafune өөрсдийн хөгжилтэй, задгай, маазарсан бичвэрүүдээрээ олны анхаарлыг татдаг. Энэ удаад Cafune нэгэн өвөрмөц зүйл бэлджээ. Тэд Их Британийн The Playground лебелтэй хамтран францаас Грэммигийн шагнал хүртсэн хоёр хамтлагийн нэг болох Deep Forest-ын 2016 онд гаргасан EVO DEVO цомгийн ремиксүүдийг албан ёсоор монголд хүргэх эрхийг авчээ.

Этник электроник, амбиент, чиллаут чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Deep Forest хамтлаг 1995 онд "Boheme" цомгоороо Грэмми хүртэж байсан юм. Тэрхүү цомгийн  "Lament" дуунд Монгол ардын "Мандах нар" дууны хоолой  орсон байдаг. Тэгвэл Deep Forest шинэ цомгийнхоо "Sing with the Birds" дуунд дахин уртын дууны шуранхай оруулж, мөн энэ дуундаа "Remixes MMXVI” нэрийн дор электроник уран бүтээлч Fakear, Gaudi, Onuka, Katuchat, Pixelord, Sweatson Klank, Fytch зэрэг хүмүүсээр ремикс хийлгэж, 2017 оны хоёрдугаар сарын 03-нд албан ёсоор цацахаар болжээ.

 

Кафунэ радио тэдгээр "Sing With the Birds" дууны ремиксүүдээс өөрсдийн сонголтоор хоёр хувилбарыг нь монголд цацах эрхийг авсан байна. Тэд өнгөрсөн долоо хоногт Fakear Remix-ийг танилцуулсан бол одоо ирэх 2017 оны нэгдүгээр сард дараагийн Fytch миксийг нийтлэх юм байна.  Тэр болтол монгол уртын дуу, орчин үеийн франц электроник хөгжимтэй хэрхэн хосолсныг хамтдаа сонсоцгооё.

цааш үзэх