Хайх

Чикагогоос Хельсинки хүртэл: 2018 оны хамгийн гол 12 хөгжмийн наадам

Чикагогоос Хельсинки хүртэл: 2018 оны хамгийн гол 12 хөгжмийн наадам

Зөвхөн Coachella ч биш

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуу хөгжимд дуртай хүмүүсийн хувьд хамгийн халуухан цаг үе ирээд байна. Хөгжмийн наадмын улирал албан ёсоор эхэлж, дэлхийн өнцөг бүрт фестивалиуд зохион байгуулагдаж, хөгжим сонирхогчид өөрийн дуртай уран бүтээлчийнхээ тоглолтыг 100-200 евро төлөн үзэх завшаан тохиож байна. Бид танд одоогоор тасалбарыг нь худалдан авч амжих хамгийн том хөгжмийн наадмуудыг сонгон танилцуулж байна. Тиймээс одоо хөгжмийн аяллаа төлөвлөх цаг ирлээ!

Primavera Sound

Хэзээ: Тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 3
Хаана: Барселона, Испани
Тасалбар: 200 еврогоос эхэлнэ

Хэрэв та хөгжмийн наадмын улирлыг эхлүүлсэн Coachella-гаас хоцорсон бол Primavera фестивалийг анхааралдаа аваарай. Энэхүү хөгжмийн наадам нь 2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн өнцөг бүрээс маш олон хүмүүс ирж оролцдог. Жишээ нь 2017 онд гэхэд л уг наадамд 200,000 хүн оролцсон гэсэн тооцоо бий. Ингэх нь ч аргагүй юм. Учир нь өнгөрсөн жилийн онцлох уран бүтээлчдээр Соланж Ноулз, The xx, Грэйс Жонс нар тодорч байсан билээ. Тэгвэл 2018 онд бидэнд бүр ч их аз таарах нь ээ. Учир нь энэ жил Барселонад Lorde, A$AP Rocky, Жейн Биркин, ба Бьорк өөрийн биеэр хүрэлцэн ирэх болно.

Чикагогоос Хельсинки хүртэл: 2018 оны хамгийн гол 12 хөгжмийн наадам (фото 1)

Sónar

Хэзээ: Зургаадугаар сарын 15-17
Хаана: Барселона, Испани
Тасалбар: 60 еврогоос эхэлнэ

Primavera хөгжмийн наадмаас хэдхэн долоо хоногийн дараа Монтжуик толгод дээр электрон хөгжмийн хамгийн гол үйл явдлуудын нэг болох Sónar хөгжмийн наадам 25 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Өнгөрсөн жил тус наадамд Justice, Nicolas Jaar, Нина Кравиц ба Бьорк нар хүрэлцэн ирж байсан юм. Энэ жил биднийг техно хөгжмийн анхдагчдын нэг Лоран Гарнье, Diplo, Bonobo, Bicep нарын тоглолт хүлээж байна. Түүнчлэн Radiohead хамтлагийн дуучин Том Йорк болон хөгжмийн ертөнцөд саяхан эргэн ирсэн Gorillaz хамтлаг тоглох болно.

 

Exit

Хэзээ: Долоодугаар сарын 12-15
Хаана: Нови-Сад, Серби
Тасалбар: 100 еврогоос эхэлнэ

Хүн бүрийн төдийлөн мэддэггүй уран бүтээлчид ирж тоглодог энэхүү хөгжмийн наадам нь цаг үргэлж нэг төрлийн хөгжим сонссоор залхсан хүмүүст сайхан сонголт болно. Exit хөгжмийн наадмын тайзнаа гарсан уран бүтээлчдээс магадгүй бидний хамгийн сайн мэдэх нь Fever Ray л байх. Тус хөгжмийн наадмын 2018 оны хөтөлбөрт The Knife, Боб Марлигийн хүү Зигги Марли, Их Британийн дуучин, DJ, Jax Jones болон Slaves хамтлаг багтаж байна.

 

Lollapalooza Paris

Хэзээ: Зургаадугаар сарын 21-22
Хаана: Парис, Франц
Тасалбар: 150 евро

Америкийн алдарт Lollapalooza хөгжмийн наадам Европт аль хэдийнэ өөрийн гэсэн хэд, хэдэн "салбар"-тай болоод амжжээ. Үүний нэг нь Парис хотноо зохион байгуулагддаг байгаа. Энэ жил хоёр хоног үргэлжлэх хөгжмийн наадамд Depeche Mode, The Killers, Gorillaz, Portugal. The Man, Kasabian хамтлагууд мөн дуучин Дуа Липа болон бусад уран бүтээлчид тоглохоор болсон байна.

 

Lollapalooza

Хэзээ: Наймдугаар сарын 2-5
Хаана: Чикаго, АНУ
Тасалбар: 120 ам.доллараас эхэлнэ

Өнгөрсөн жил Lollapalooza наадамд Lorde, Muse, The Killers, Chance The Rapper нар гол уран бүтээлчдээр сонгогдож байсан юм. Харин энэ жил Arctic Monkeys, Бруно Марс, The Weeknd ба Жек Уайт нар хөгжмийн наадмын гол баатруудаар тодроод байна.

 

Sziget

Хэзээ: Наймдугаар сарын 8-15
Хаана: Будапешт, Унгар
Тасалбар: 75 еврогоос эхэлнэ

Sziget бол хамгийн шилдэг уран бүтээлчидтэй хэрнээ боломжийн үнэтэй хөгжмийн наадмуудын нэг гэдгээрээ онцлогтой. Жишээ нь энэ жил Кендрик Ламар, Ноэль Галлахер, Arctic Monkeys, Cigarettes After Sex, La Femme, Clean Bandit болон бусад супер одуудын тоглолтыг үзэх боломжтой. 2018 онд уг наадам нь "Хайрын хувьсгал" (Love Revolution) гэх сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Тиймээс бид энэ удаад хөгжмийн наадамд ирснээр хиппи соёлыг мэдэрч, эрх чөлөөгөөр амьсгалах бололтой.

 

Way Out West

Хэзээ: Наймдугаар сарын 9-11
Хаана: Гетенбург, Швед
Тасалбар: 180 еврогоос эхэлнэ

Энэ жил Way Out West хөгжмийн наадамд Ликки Ли, Arctic Monkeys, Arcade Fire, Кендрик Ламар нар оролцоно гэдгээ мэдэгдсэн байгаа. Харин өнгөрсөн жил тус наадамд Лана Дель Рей, Фрэнк Оушен, Регина Спектор, The xx болон бусад алдартай уран бүтээлчид дуулж байсан юм. Энэхүү хөгжмийн наадам нь анх 2007 үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн хамгийн сайн зохион байгуулалттай фестивалиудын нэгд тооцогддог болжээ.

 

Flow

Хэзээ: Наймдугаар сарын 10-12
Хаана: Хельсинки, Финланд
Тасалбар: 100 еврогоос эхэлнэ

Flow хөгжмийн наадам нь хөгжмийн ертөнцийн супер одуудын тоглолтыг үзүүлээд зогсохгүй орчин үеийн уран бүтээлчдийн урласан хамгийн гайхалтай инсталляцуудыг олон нийтэд дэлгэдгээрээ алдартай. Өнгөрсөн жил энд Лана Дель Рей, Фрэнк Оушен, The xx, Нина Кравиц, Moderat, London Grammar болон бусад олон уран бүтээлчид хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилуулж байсан юм. Тэгвэл энэ жил домогт Патти Смит, St. Vincent, Bonobo, Ликки Ли, Arctic Monkeys ба Кендрик Ламар нар биднийг хүлээж байна.

Чикагогоос Хельсинки хүртэл: 2018 оны хамгийн гол 12 хөгжмийн наадам (фото 2)

Reading and Leeds

Хэзээ: Наймдугаар сарын 24-26
Хаана: Рединг ба Лидс, Англи
Тасалбар: Рединг ба Лидсийн тасалбар 200 фунт стерлингээс эхэлнэ. 

Энэ жил Их Британийн хамгийн гол хөгжмийн наадам болох Glastonbury завсарлаж байгаа. Ингээд ч зогсохгүй Шотландын алдарт T in the Park хөгжмийн наадам зохион байгуулагдахаа бүр мөсөн зогсоосон юм. Аз болж Их Британид өөр олон сонирхолтой хөгжмийн наадмууд зохиогддог байгаа. Жишээ нь Reading and Leeds хөгжмийн наадам. Үнэн хэрэгтээ энэхүү наадам нь нэгэн зэрэг хоёр өөр байршилд зохион байгуулагддаг тусдаа арга хэмжээ юм. Гэхдээ энэхүү хоёр наадам нь уран бүтээлчдээ ээлжлэн сольж дуулуулдаг тул нэг арга хэмжээнд тооцогддог аж. Энэ жил тус наадамд Кендрик Ламар, Sigrid, Skepta, Kings of Leon, Дуа Липа, Lil Pump ба бусад олон арван уран бүтээлч хүрэлцэн ирнэ.

Чикагогоос Хельсинки хүртэл: 2018 оны хамгийн гол 12 хөгжмийн наадам (фото 3)

Rock en Seine

Хэзээ: Наймдугаар сарын 24-26
Хаана: Парк Сен-Лу, Парис, Франц
Тасалбар: 59 еврогоос эхэлнэ

Reading and Leeds хөгжмийн наадамтай нэгэн зэрэг зохион байгуулагдах Rock en Seine хөгжмийн наадам нь энэ онд 16 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Энэ жил энд Post Malone, Thirty Seconds To Mars, Macklemore, Fauve болон бусад одууд дуулахаар төлөвлөгджээ. Харин өнгөрсөн жил The xx, Flume, PJ Harvey, Franz Ferdinand нар тайзнаа гарч үзэгчдийг байлдан дагуулж байсан юм. Дашрамд дурдахад Rock en Seine-д хүрэлцэн ирснээр дэлхий нийтэд төдийлөн танигдаагүй орон нутгийн уран бүтээлчдийн сонирхолтой бүтээлүүдийг сонсох боломжтой.

Чикагогоос Хельсинки хүртэл: 2018 оны хамгийн гол 12 хөгжмийн наадам (фото 4)

Lollapalooza Berlin

Хэзээ: Есдүгээр сарын 8-9
Хаана: Берлин, Герман
Тасалбар: 130 еврогоос эхэлнэ

Мөн л Америкийн хөгжмийн наадмын бас нэгэн Европ хувилбар. Германы нийслэл хотод зохиогддог энэхүү хөгжмийн наадамд энэ намар The Weeknd, Imagine Dragons, Kraftwerk 3D, Kygo, The National мөн бидний сайн мэдэх Армин Ван Бюрен нар хүрэлцэн ирж, тоглоно.

Чикагогоос Хельсинки хүртэл: 2018 оны хамгийн гол 12 хөгжмийн наадам (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх