Хайх

Энэ намар юу сонсох вэ: Удахгүй нээлтээ хийх долоон шинэ цомог

Энэ намар юу сонсох вэ: Удахгүй нээлтээ хийх долоон шинэ цомог

Wu-Tang Clan, Тейлор Свифт, St. Vincent ба бусад уран бүтээлчдийн

Text: Г.Тэмүүлэн


Wu-Tang Clan, Тейлор Свифт болон бусад шилдэг уран бүтээлчдийн энэ намар нээлтээ хийх цоо шинэ цомгуудыг танилцуулж байна

Gucci Mane - "Mr. Davis"

Хэзээ: Есдүгээр сарын 15

Энэ намар юу сонсох вэ: Удахгүй нээлтээ хийх долоон шинэ цомог (фото 1)

Атлантагаас гаралтай рэппер Gucci Mane өнгөрсөн тавдугаар сард "Drop Top Wop" нэртэй микстейп гаргаад байсан бол, хэдхэн хоногийн дараа "Mr. Davis" гэх 11 дэх цомгоо танилцуулах гэж байна. Түүний энэхүү шинэ цомгоос Ники Минаж, The Weeknd, Migos болон бусад олон уран бүтээлчидтэй хамтарсан дуунуудыг сонсч болно.

The Killers - "Wonderful Wonderful"

Хэзээ: Есдүгээр сарын 22

Энэ намар юу сонсох вэ: Удахгүй нээлтээ хийх долоон шинэ цомог (фото 2)

Шүтэн бишрэгчидээ таван жил хүлээлгэсний эцэст The Killers альтернатив, инди рок хамтлаг шинэ цомгоо танилцуулахаар зэхэж байна. Тэд энэ зун "The Man", "Run for Cover" "Wonderful Wonderful" гэх гурван шинэ синглийг танилцуулаад байгаа юм. BBC телевизийн хөгжмийн тоймч Марк Саваж тэдний "Wonderful Wonderful" цомгийг,  "Sam's Town (2006) цомгоос хойш хийсэн хамгийн чухал цомог" гэж тодорхойлсон байгаа. Тиймээс тус хамтлагийн шүтэн бишрэгчид тэдний шинэ уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Майли Сайрус - "Younger Now"

Хэзээ: Есдүгээр сарын 29

Энэ намар юу сонсох вэ: Удахгүй нээлтээ хийх долоон шинэ цомог (фото 3)

Хамгийн сүүлд Майли Сайрус 2015 онд "Miley Cyrus & Her Dead Petz" нэртэй нэлээд өдөөн хатгасан уур амьсгалтай цомог гаргасныг та санаж байгаа биз ээ. Тэгвэл одоо тэр "галзуу" Майли Сайрусаас бараг юу ч үлдсэнгүй. Саяхан түүний шинэ цомогт багтсан "Malibu", "Younger Now" гэх хоёр синглийн видео клип цацагдаж дуучин бүсгүйн шинэ дүр төрхийг харуулсан юм. Харин та түүний кантри, поп хэв маягтай "Younger Now" цомгийг бүтнээр нь есдүгээр сарын 29-нд сонсох боломжтой.

St. Vincent - "MASSEDUCTION"

Хэзээ: Аравдугаар сарын 13

Энэ намар юу сонсох вэ: Удахгүй нээлтээ хийх долоон шинэ цомог (фото 4)

St. Vincent гэх нэрээрэ хөгжмийн ертөнцөд алдаршсан Энни Кларк 2014 онд Грэммигийн шагнал хүртсэн билээ. Дуучин бүсгүй ихэнх цагаа Нью-Йорк ба Лос-Анжелес хотуудад өнгөрөөдөг тул амьдралын хэв маягаасаа сэдэвлэн "New York", "Los-Ageless" гэх хоёр шинэ сингл гаргасан байгаа. Түүний энэхүү хоёр сингл "MASSEDUCTION" гэх тав дах цомогт нь орох юм.

Wu-Tang Clan - "Wu-Tang Clan: The Saga Continues"

Хэзээ: Аравдугаар сарын 13

Энэ намар юу сонсох вэ: Удахгүй нээлтээ хийх долоон шинэ цомог (фото 5)

Домогт хип хоп хамтлаг шинэ цомог гаргах гэж байгаа тухай тус хамтлагийн гишүүн RZA хамгийн анх олон нийтэд мэдэгдсэн юм. Тэд шинэ цомгийн анхны сингл болох "People Say" дууг Redman-тай хамтран бүтээсэн бөгөөд хэд хоногийн өмнө SoundCloud тавцангаар дамжуулж цацсан байгаа. Мөн тус хамтлагийн продюсер Mathematics "Wu-Tang Clan: The Saga Continues" цомог дээр бусад алдартай рэпперүүдтэй хамтарна гэдгээ мэдэгджээ.

Weezer - "Pacific Daydream"

Хэзээ: Аравдугаар сарын 27

Энэ намар юу сонсох вэ: Удахгүй нээлтээ хийх долоон шинэ цомог (фото 6)

Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг Америкийн алдарт Weezer хамтлагийн 11 дэх цомог тун удахгүй олон нийтийн хүртээл болох гэж байна. Тэд одоогоор тус цомгоосоо "Feels Like Summer" болон "Mexican Fender" гэх хоёр синглийг танилцуулаад амжжээ. Тус хамтлагийн мэдэгдсэнээр бол тэдний шинэ цомог өмнөх уран бүтээлүүдтэй харьцуулбал илүү гүн гүнзгий сэдвийг хөндөх гэнэ.

Тейлор Свифт - "Reputation"

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 10

Энэ намар юу сонсох вэ: Удахгүй нээлтээ хийх долоон шинэ цомог (фото 7)

Дуучин бүсгүй саяхан "Look What You Made Me Do" нэртэй шинэ клипээ танилцуулж, бидэнд цоо шинэ дүр төрхөө харуулаад авсан. Түүний энэхүү синглийг Spotify тавцанд цацагдсан даруйд нь (24 цагийн дотор) 8 сая гаруй удаа татан авч, дээд рекордыг тогтоосон байна. Түүнчлэн Тейлор "Reputation" цомогт орсон "...Ready for it?" гэх хоёр дах синглээ энэ долоо хоногийн эхээр танилцуулсан байгаа. "Reputation" нь түүний зургаа дах цомог болох бөгөөд хамгийн сүүлд Тейлор Свифт гурван жилийн өмнө "1989" нэртэй, маш их амжилт олсон цомгоо гаргаж байсан билээ.

цааш үзэх