Хайх

Энэ өвөл юу сонсох вэ: Найман гол цомог

Энэ өвөл юу сонсох вэ: Найман гол цомог

The XX, Брайан Ино, The Rolling Stones болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Цас, мөс, Шинэ жилийн баяр гээд өвлийн улиралд олон гайхалтай зүйлс болдог. Тэгвэл хүйтний улиралд юу сонсож, ямар цомог бэлэглэж болохыг эндээс хараарай

The Rolling Stones - Blue & Lonesome

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 2

Энэ өвөл юу сонсох вэ: Найман гол цомог (фото 1)

Тэтгэвэртээ гарсан рок уран бүтээлч юу хийж болох вэ? Мэдээж ковер дуунуудтай цомог гаргана! Хэдхэн хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийх "Blue & Lonesome" цомог The Rolling Stones хамтлагийн хувьд яг ийм цомог болж байгаа юм. "Blue & Lonesome" нь тус хамтлагийн Их Британид гаргасан 23 дах, АНУ-д хийсэн 25 дах цомог болж байгаа бөгөөд дотроо Хаулин Вулф, Бадди Жонсон, Мемфис Слим болон бусад блюз уран бүтээлчдийн дуутай гарах юм. The Rolling Stones хамтлагийн гишүүн Кит Ричардс уг цомогт "Чикагогийн блюз маш их орно" гэж хэлсэн юм. Сонирхуулахад, Нью-Йорк хотын Industria студид The Rolling Stones хамтлагийн "Exhibitionism" үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 12-оос гуравдугаар сарын 12 хүртэл гарч байна. 

Жон Леженд - Darkness and Light

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 2

Энэ өвөл юу сонсох вэ: Найман гол цомог (фото 2)

Неосоул хөгжмийн гол төлөөлөгч Жон Леженд арванхоёрдугаар сарын эхээр "Darkness and Light" нэртэй өөрийн тав дах студийн цомгоо танилцуулах гэж байна. Жон Леженд болон түүний эхнэр Крисси Тейген нарын хайр дурлал дуучны уран бүтээлд маш их нөлөөлсөөр байгаа юм. Түүний өмнөх цомог "All of Me", "You & I" зэрэг хит дуунуудын тусламжтай асар их амжилтанд хүрсэн билээ. Тэгвэл тун удахгүй худалдаанд гарах шинэ цомогт нь багтсан "Love Me Now" дууны видео клипийг Жон Леженд өнгөрсөн сард танилцуулсан ба энэ видеонд түүний бяцхан охин ч оролцоод амжжээ. Мөн шинэ цомогт Жон Леженд Chance the Rapper болон Мигель нартай ч хамтарсан байна.

Пит Доэрти - Hamburg Demonstrations

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 2

Энэ өвөл юу сонсох вэ: Найман гол цомог (фото 3)

Танхай Пит Доэрти дахин нэг удаа бие даасан уран бүтээлээ хийлээ. "Hamburg Demonstrations" бол "Grace/Wastelands" (2009) цомгийн араас гаргаж буй түүний хоёр дах бие даасан цомог юм. Пит Доэрти "I Don't Love Anyone (But You're Not Just Anyone)" нэртэй шинэ цомгийнхоо гол синглийг цацсан байгаа. Хамбург хотод хагас жилийн турш хийсэн энэ цомогт өнгөрсөн жил Парис хотод болсон террорист халдлага болон дуучин Эми Уайнхауст зориулсан дуунууд багтжээ.

Нил Янг - Peace Trail

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 9

Энэ өвөл юу сонсох вэ: Найман гол цомог (фото 4)

Одоо 71 настай Нил Янг энэ өвөл "Peace Trail" гэдэг өөрийн 37 дах бие даасан шинэ цомгоо танилцуулах болно. Уг цомог нь түүний энэ жил гаргасан Earth цомгийн үргэлжлэл болох юм. Нил Янг яаж нэг жилд хоёр цомог гаргаж амжиж байгаа нь маш том оньсого болон үлдэж байна. Ерөнхийдөө энэ цомог нь акустик өнгө аястай ба нийгэмд чиглэсэн сэдвүүдийг хөндөнө гэж Нил Янг мэдэгдсэн байгаа. 

Брайан Ино - Reflection

Хэзээ: Нэгдүгээр сарын 1

Энэ өвөл юу сонсох вэ: Найман гол цомог (фото 5)

Шинэ онд Брайан Ино шүтэн бишрэгчдээ "Reflection" гэх шинэ цомгоороо баярлуулах нь ээ. Ambient хөгжмийн үүсгэгчдийн нэг Брайан Ино энэ удаад ч энэ жанраар туршилт хийжээ. Тэгэхдээ "Reflection" нь 54 минут үргэлжлэх бүтэн дуу учир бүрэн хэмжээний цомог гэж хэлэхэд хэцүү. Брайан Иногийн өнгөрсөн жил гаргасан "The Ship" цомгийг шүүмжлэгчид өндрөөр үнэлсэн байдаг. Харин "Reflection" цомгийг юу хүлээж байгааг цаг хугацаа харуулах болно.

The XX - I see you

Хэзээ: Нэгдүгээр сарын 13

Энэ өвөл юу сонсох вэ: Найман гол цомог (фото 6)

The XX хамтлагийн "I see you" бол хамгийн их хүлээлттэй байгаа цомог юм. Учир нь тус хамтлаг хамгийн сүүлд "Coexist" цомгийг гаргаснаас хойш таван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд The XX  хамтлаг нь олон тооны аялан тоглолтуудыг хийж, олны анхаарлыг татсаар байсан. Саяхан The XX хамтлаг нь шинэ цомгоо бичүүлж байх үедээ өөрсдийн сонсож байсан дуунуудынхаа жагсаалтыг дэлгэсэн билээ. Тэдний энэ плейлистэд The Velvet Underground, Sia, Нина Симон, Соланж зэрэг янз бүрийн уран бүтээлчдийн дуунууд багтсан байсан. Ямартаа ч тэдний танилцуулсан "On Hold" синглээс харахад биднийг маш сонирхолтой цомог хүлээж байгаа бололтой.

Bonobo - Migration

Хэзээ: Нэгдүгээр сарын 13

Энэ өвөл юу сонсох вэ: Найман гол цомог (фото 7)

Bonobo тийм ч түгээмэл биш даунтемпо ба трип хоп хөгжим хийдэг билээ. Тэрээр Ninja Tune гэдэг томоохон бие даасан дуу бичлэгийн компанитай хамтарч ажилладаг. Bonobo-гийн "Migration" нь түүний ес дэх бие даасан цомог болох юм. Саяхан тэр жүжигчин Жемма Артертоны тоглосон "Kerala" гэдэг дууны клипээ танилцуулсан байгаа. Электрон хөгжимд дуртай хүмүүст Bonobo-г сонсож үзэхийг санал болгъё.

Xiu Xiu - Forget

Хэзээ: Хоёрдугаар сарын 24

Энэ өвөл юу сонсох вэ: Найман гол цомог (фото 8)

Энэ жил Xiu Xiu хамтлаг Дэвид Линчийн "Twin Peaks" цувралын дуунуудыг ковер хийсэн "Plays the Music of Twin Peaks" цомгийг гаргасан юм. Тун удахгүй Xiu Xiu 10 дуунаас бүрдсэн цоо шинэ цомгоо танилцуулах гэж байна. Энэ цомогт орсон "Wondering" дууг одоо ч сонсож болно. Xiu Xiu нь электрон өнгө аястай экспериментал поп хамтлаг бөгөөд 15 жилийн хугацаанд 10 гаруй цомог гаргаад амжсан. Эдгээр цомгуудаас хамгийн алдартай нь 2010 онд гарсан "Dear God I Hate Myself" болон Joy Division хамтлагийн ковер болох "Ceremony" юм.

цааш үзэх