Хайх

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Manizha

"Люстра"

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Manizha
Олон төрлийн хөгжмийн урсгалыг зоригтойгоор хольж чаддаг, хэнтэй ч адилгүй Manizha буюу Манижа Сангиныг бид энэ удаагийн "Хөгжмийн ертөнцөд шинэ нэр" буландаа онцолж байна

Таджикистанаас гаралтай, өдгөө 26 настай дуучин Manizha хамгийн анх 2013 онд Instagram олон нийтийн сүлжээнд 15 секунд үргэлжлэх видеонуудыг нийтэлснээр нэр алдарт хүрэх гараагаа эхэлсэн түүхтэй. Instagram бол зөвхөн селфи хийхэд зориулагдсан биш, харин бүхэл бүтэн уран бүтээлийн талбар болохыг харуулсан хамгийн тод жишээ бол Manizha юм. Үүнээс хойш хэдэн жилийн дараа тэрээр Instagram хуудастаа ойролцоогоор 250,000 дагагчтай болсон бөгөөд түүнийг одоо ОХУ-ын томоохон хэвлэлүүд шинэ үеийн дуучин хэмээн онцлох болжээ.

Этно поп, R'n'B, соул зэрэг олон төрлийн урсгалаар дуулдаг Manizha өнгөрсөн хоёрдугаар сард хамгийн анхны "Manuscript" нэртэй цомгоо гаргасан юм. Энэхүү цомог гарсан даруйдаа борлуулалтаараа Оросын iTunes-ын эхний байруудад 11 хоногийн турш жагсаж, түүний "Люстра" болон "Иногда" нэртэй видео клипүүд өвөрмөц концепцоороо олон хүнийг гайхшруулсан билээ.

Manizha үргэлж амьдаар дуулдгаас гадна, ямар нэг дуу бичлэгийн компанид харьяалагддаггүй гэдгээрээ хөгжмийн ертөнцийн тогтсон дүрмийг "эвдэж" чадсан юм. Түүнээс зөвхөн цэвэр уран бүтээл л төрдөг гэж хэлж болно. Ингээд дахин давтагдашгүй Manizha-гийн уран бүтээлүүдээс сонирхоцгооё.

 

Г.Тэмүүлэн

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх