Хайх

The Radio Dept.: Бидний шинэ цомог ирэх аравдугаар сард гарна

The Radio Dept.: Бидний шинэ цомог ирэх аравдугаар сард гарна

Зургаан жилийн дараа!

Text: Г.Тэмүүлэн


Өнгөрсөн бямба гарагийн орой Шведийн The Radio Dept. хамтлаг Playtime наадмын тайзнаа шинэ цомгийнхоо дуунаас тоглож, үзэгчдэд том сюрприз барьсан юм. Бюро 24/7 тус хамтлагийн гишүүдийг тайзнаас буусны дараа уулзаж, товч ярилцлага авснаа та бүхэнд хүргэж байна

The Radio Dept. хамтлаг тайзнаа гарахад хүмүүсийн дотор үүссэн хүлээлт арилж, оронд нь тэдний аялгуулаг хөгжим хүн бүрийг эзэмдэн, нэг тийм мөрөөдлийн гэмээр уур амьсгалд аваачсан.  Тэд энэ удаа илүү хэмнэлтэй, хип хоп ч гэж хэлж болохоор айзамтай хөгжим бидэнд толилуулсан юм. Сүүлийн гурван жил тайзан дээр амьдаар тоглоогүй The Radio Dept.-ийг эх орондоо, шинэ цомгийнх нь дуунуудтай хамт сонссон хүн бүхэн баярласан биз ээ. Тэгэхдээ зарим нэгэн уран бүтээлчид "The Radio Dept.-д Playtime-ын тайз томдсон, тэд бол зөвхөн зоорины хамтлаг" гэж тодорхойлж байлаа. Мэдээж энэ нь зөвхөн цөөхөн хүний сэтгэгдэл.  Нийт үзэгчдийн хувьд бол тэд хамгийн гоё дуугаралттай, шилдэг тоглолтыг үзүүлсэн.  

The Radio Dept. хамгийн сүүлд 2010 онд "Clinging to a Scheme" нэртэй цомгоо гаргаснаас хойш зургаан жилийн дараа тэд сонсогч, фэнүүддээ шинэ цомгоо хүргэх гэж байна. Одоогоор цомгийн нэр тодорхой болоогүй ч тэд цомгоо 1970-аад оны, комунист Орос орныг дүрсэлсэн уран зургаар чимэглэнэ гэдгээ Йохан Дункансон бидэнд үзүүлсэн юм.   

Та бүхэнтэй уулзаж, бас дөнгөж сая тайзнаас шинэ дуунуудыг нь сонссондоо маш их баяртай байна. 

Уулзахад таатай байна. Энэ үнэхээр гайхалтай хөгжмийн наадам болж байна. Тийм ээ, бид сая гурав, дөрвөн шинэ дуу тоглосон.

Танай хамтлагийн шүтэн бишрэгчид шинэ цомгийг нь удаан хүлээсэн. Тэгэхээр шинэ цомог хэзээ гарах вэ?

Бид хэдхэн хоногийн өмнө л, Монголд ирэхийнхээ өмнөхөн шинэ цомгийнхоо ажлыг хийж дууссан байгаа. Одоо зөвхөн бичүүлэх ажил л үлдсэн.

Цоо шинэхэн цомог дотроо юу агуулж байгаа бол?

Энэ бол улс төрийн сэдэвтэй цомог болно. Швед улс арьс өнгөөр ялгаварлагчид болон фашистуудын түрэмгийлэлд өртсөн хэвээр байна. Тиймээс бид энэ тал дээр өөрсдийн дуу хоолойгоо хүргэх зорилгоор улс төрийн сэдэвтэй дуунууд гаргасан.

Шинэ цомгийн нээлт хэзээ вэ?

Аравдугаар сард нээлтээ хийнэ гэж төлөвлөж байна. Бид өмнө нь гаргах хүсэлтэй байгаа ч манай бичлэгийн компаниас аравдугаар сард гаргах байх.

The Radio Dept.: Бидний шинэ цомог ирэх аравдугаар сард гарна (фото 1)

Би The Radio Dept. хамтлагийн гишүүд хөгжмөөс хурдан уйддаг гэж уншсан юм байна. Та бүгдийн хувьд одоо бүр уйдчихсан хөгжмийн төрөл, урсгал гэж байгаа юу?

Хөгжим ер нь уйтгартай зүйл шүү дээ. Ямар ч хөгжмийн урсгалын 95 хувь нь уйтгартай зүйлсээс бүрддэг.

Тэгэхээр та бүгдэд яг ямар хөгжим сонирхолтой вэ?

Яг юу сонирхолтой вэ гэдгийг хэлэхэд хэцүү л дээ. Заримдаа яг юу нь сонирхолтой байхдаа биш, юу чамайг гайхшруулдаг вэ гэдэгт асуудал оршиж болох юм. Чи сонсохоосоо өмнө үүнийг хэлж чадахгүй.

Монголчууд Шведийн хөгжмөөс The Knife, Avicii, Fever Ray зэрэг олон уран бүтээлчдийг сонсох дуртай. Тэгэхээр зөвхөн Швед хөгжмийн онцлог гэсэн зүйл байдаг гэж та боддог уу?

Биднээс энэ асуултыг их олон асуудаг. Гэхдээ бид үнэндээ хариултыг нь мэдэхгүй. Бид хөгжим бүтээх үйл явцын дунд амьдардаг болохоор яг юу нь онцгой вэ гэдгийг хэлж чадахгүй. Гэхдээ 20, 30 жилийн өмнө Шведийн засгийн газраас хөгжмийн салбарт маш их хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал хүүхдүүдэд зориулсан хөгжмийн сургууль нээж, хамтлаг дуучдыг бэлтгэл хийх байраар хангаж өгсөн. Харин одоо тэр үеийн хүүхдүүд аль хэдийнэ олон улсад танигдсан дуу, хөгжим бүтээдэг болсон. Тиймээс энэ нь анхнаасаа л урлаг соёлд хөрөнгө оруулалт хийсэн улс төрийн оновчтой бодлогын үр дүн гэлтэй. Мөн электрон хөгжмийн хувьд интернет өндөр хөгжсөн нь маш том үүрэг гүйцэтгэсэн.

Таны бодлоор өнөөдрийн shoegaze, dream pop урсгалууд шинэчлэгдэн, хөгжиж байгаа юу?

Shoegaze хөгжих биш харин ч эсрэгээрээ хоцрогдсон тул их уйтгартай байгаа. Тэд маш хуучинсаг бөгөөд ердөөсөө хөгжихийг хүсдэггүй, зөвхөн өөрсдийн тодорхой нэг замаар л явахыг хүсдэг.

Ярилцсанд баярлалаа

The Radio Dept.: Бидний шинэ цомог ирэх аравдугаар сард гарна (фото 2)

 

цааш үзэх