Хайх

Анжелина Жоли эхийгээ дурсаж, хүүхэд өсгөх талаар ярилаа

“Түүнтэй дахин хамт байхын төлөө би юу ч золиослоход бэлэн байхсан”

Анжелина Жоли эхийгээ дурсаж, хүүхэд өсгөх талаар ярилаа

Оскарын шагнал хүртсэн жүжигчин, амжилттай найруулагч, сайн үйлсийн элч Анжелина Жоли мөн зургаан хүүхдийн эх гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэрээр энэ их ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ үлгэр дууриалал бүхий өсгөн хүмүүжүүлж, юуны түрүүнд сайн эх байж чаддаг гайхалтай бүсгүй юм.

Саяхан францын Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Анжелина Жоли 2007 онд хорт хавдрын улмаас таалал төгссөн эхийгээ дурсан ярилаа. Жолигийн хэлж буйгаар жүжигчний эх Маршелин Бертран түүний хүүхэд өсгөн хүмүүжүүлэх хэв маягт хүчтэй нөлөө үзүүлжээ.

"Тэр үнэхээр гайхалтай эмээ болох байсан. Тэр хүүхдүүдийн минь амьдралд их хэмжээний хувь нэмэр оруулах байсныг би сайн мэдэж байна. Харамсалтай нь хүүхдүүд минь түүнтэй хамт өсөх боломжийг алдсан. Түүнтэй дахин хамт байхын төлөө би юу ч золиослоход бэлэн байхсан. Тэр надад маш их дутагдаж байна. Би үргэлж түүнтэй бодол дотроо ярилцаж, надад юу гэж хэлэх байсан бол, хэрхэн намайг чиглүүлэх байсан бол гэж тунгаадаг" хэмээн Анжелина Жоли хуваалцжээ.

Анжелина Жоли эхийгээ дурсаж, хүүхэд өсгөх талаар ярилаа (фото 1)

Хүүхэд өсгөх талаар асуухад Жоли "Энэ бол хамгийн агуу бэлэг бөгөөд маш том хариуцлага юм. Энэ нь чи өөрийнхөө үзэл бодлын дагуу амьдрахын зэрэгцээ мөн хүүхдүүддээ сайн үлгэр дууриалал болохыг хэлнэ. Би хүүхдүүдээ өөр дээрээ жишээ үзүүлэн чиглүүлж, бусдыг хүндэтгэж, хариуцлагатай байхыг ойлгуулахыг оролддог. Мөн тэдний дэлхийг харах үзэл бодлыг аль болох өргөжүүлэхийг хичээдэг" гэж тайлбарласан байна.

"Гэхдээ хүүхэд өсгөх тал дээр миний сайн мэддэг цорын ганц зүйл бол тэднийг сонсох юм. Энэ нь магадгүй эцэг, эх бүрийн хийж чадах хамгийн чухал зүйл гэж би боддог. Хүүхдүүд хүнд хэцүү нөхцөл байдлаас маш амархан эргэн сэргэдэг. Гэхдээ л тэд хүүхдүүд шүү дээ. Бид тэдэнд амьдралын хатуу үнэнийг ойлгоход туслах хэрэгтэй ч, тэд яг л бидний адил энэ амьдралаас хамгаалалт бас хайр хүсдэг юм" хэмээн жүжигчин бүсгүй ярьжээ.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх